Дональд Трампын "ҮНЭН" сошиал платформ хэрхэн хөгжиж байна вэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үүсгэн байгуулсан Truth Social буюу “Үнэн” нийгмийн сүлжээ дэлхийн улс төр, мэдээллийн орон зайд өвөрмөц байр суурь эзлэх болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үүсгэн байгуулсан Truth Social буюу “Үнэн” нийгмийн сүлжээ дэлхийн улс төр, мэдээллийн орон зайд өвөрмөц байр суурь эзлэх болжээ. Анх технологийн томоохон компаниудын хяналтаас ангид, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар байгуулах зорилгоор бий болсон уг платформ өдгөө телевизийн стриминг, санхүүгийн үйлчилгээ, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаагаа тэлж байна. Гэвч улс төрийн нөлөө нь өсөж буйтай зэрэгцэн хэрэглэгчдийн идэвх буурч, санхүүгийн алдагдал нэмэгдсэн нь тус платформын ирээдүйн талаар сонирхолтой асуултуудыг бий болгожээ.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Конгрессын ордонд болсон үймээний дараа Дональд Трампын Twitter, Facebook зэрэг нийгмийн сүлжээний хаягийг хязгаарласан нь түүнийг өөрийн мэдээллийн платформыг байгуулахад хүргэсэн гол үйл явдлуудын нэг байв. Тэрбээр технологийн томоохон компаниуд олон нийтийн мэдээллийн урсгалд хэт их нөлөөтэй болж, улс төрийн үзэл бодолд ялгавартай хандаж байна хэмээн шүүмжилж, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах бие даасан талбар бий болгохоо зарласан юм. Ийнхүү 2022 оны хоёрдугаар сард Truth Social олон нийтэд нээлттэй болж, АНУ-ын нийгмийн сүлжээний зах зээлд шинэ өрсөлдөгч гарч ирэв. Гэхдээ Facebook, Instagram, X зэрэг платформоос ялгаатай нь Truth Social анхнаасаа улс төрийн тодорхой үзэл баримтлал, Трампын дэмжигчдийн хүрээлэлд тулгуурлан хөгжсөнөөрөө онцлогтой. 2024 онд уг платформыг эзэмшигч Trump Media & Technology Group компани хөрөнгийн биржид бүртгэлтэй болсноор бизнесийн хөгжлийн шинэ шатанд гарсан.
Ингэснээр Трампын улс төрийн нэр хүнд, олон нийтийн анхаарлыг татах чадвар нь хөрөнгийн зах зээлтэй шууд холбогдож, Truth Social зөвхөн мэдээллийн хэрэгсэл бус хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан компани болж хувирсан юм. Өнөөдөр Truth Social-ийн хамгийн том давуу тал нь хэрэглэгчдийн тоондоо бус түүгээр дамжин түгж буй мэдээллийн улс төрийн ач холбогдолд оршиж байна.
Дональд Трамп гадаад бодлого, олон улсын харилцаа, худалдааны тариф, эдийн засаг, дайны асуудлаарх байр сууриа Truth Social-д тогтмол нийтэлдэг. Зарим тохиолдолд түүний мэдэгдэл Цагаан ордны албан ёсны мэдээлэл, хэвлэлийн бага хурлаас өмнө энэ платформд гардаг учраас дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид уг сүлжээг анхааралтай ажигладаг болжээ. Трампын нэгэн мэдэгдэл олон улсын харилцааны хэлэлцүүлгийн сэдэв болж, худалдааны бодлоготой холбоотой байр суурь нь санхүүгийн зах зээлийн хүлээлтэд нөлөөлөх боломжтой. Ийм нөхцөлд Truth Social нь ердийн нэг нийгмийн сүлжээнээс илүүтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурийг дэлхий нийтэд шууд хүргэдэг мэдээллийн суваг болж байна.
Энэ бол орчин үеийн улс төрийн харилцаанд гарч буй анхаарал татах өөрчлөлт юм. Өмнө нь Төрийн тэргүүний мэдэгдэл хэвлэл мэдээллийн байгууллага, телевизийн эфир, албан ёсны мэдээллийн сувгаар дамжин олон нийтэд хүрдэг байсан бол Трамп өөрийн үүсгэн байгуулсан платформоор дамжуулан дэлхийн мэдээллийн урсгалд шууд оролцож байна. Үүний зэрэгцээ Төрийн тэргүүний албан ёсны байр суурь, хувийн үзэл бодол, арилжааны компанийн ашиг сонирхлын заагийн талаар шинэ маргаан үүсэж байгаа юм.
Truth Social-ийн хөгжлийг зөвхөн улс төрийн мэдээллийн хүрээнд авч үзвэл өрөөсгөл болно. Учир нь, платформыг эзэмшигч Trump Media & Technology Group компани үйл ажиллагаагаа төрөлжүүлж, мэдээлэл, технологи, санхүүгийн үйлчилгээг нэгтгэсэн бизнесийн бүтэц байгуулахаар ажиллаж байна.
Тухайлбал, Truth+ нэртэй видео стриминг үйлчилгээг хөгжүүлж, телевизийн шууд нэвтрүүлэг, кино, мэдээлэл, үзвэрийн контентыг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ. Энэ нь уламжлалт телевиз, интернэтэд суурилсан видео үйлчилгээний зах зээлд өөрийн хэрэглэгчдийг бий болгох оролдлого юм.Үүний зэрэгцээ Truth.Fi нэртэй санхүүгийн үйлчилгээний чиглэлийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, дижитал хөрөнгө болон санхүүгийн технологийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Ийнхүү анх нийгмийн сүлжээ хэлбэрээр байгуулагдсан компани хэрэглэгчдийнхээ мэдээлэл авах, контент үзэх, санхүүгийн бүтээгдэхүүн ашиглах хэрэгцээг нэг экосистемд нэгтгэхийг зорьжээ.
2026 онд танилцуулсан Truth API үйлчилгээ нь энэ бодлогын бас нэг илрэл юм. Уг үйлчилгээ нь Truth Social-д нийтлэгдсэн мэдээллийг санхүүгийн байгууллага, мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчид шуурхай хүлээн авах боломж олгох зориулалттай. Ялангуяа Дональд Трампын мэдэгдлийг бусдаас түрүүлж хүлээн авах сонирхолтой байгууллагуудад чиглэсэн төлбөртэй үйлчилгээ гэдгээрээ онцлог. Reuters агентлагийн мэдээлснээр тус үйлчилгээний сарын төлбөрийг 100 мянган ам.доллар хүртэл тогтоох боломжийг хэлэлцэж байсан бөгөөд 2026 оны наймдугаар сарын байдлаар арав гаруй байгууллагатай гэрээ байгуулсан байна. Үүнээс Truth Social-ийн бизнесийн загварт гарч буй нэгэн чухал өөрчлөлт харагдана. Нийгмийн сүлжээний компаниуд ихэвчлэн хэрэглэгчдийн анхаарал, зар сурталчилгааны орлогоор өрсөлддөг бол Truth Social мэдээллийн шуурхай байдал, түүнийг түрүүлж хүлээн авах боломжийг арилжааны бүтээгдэхүүн болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн мэдээллийн нөлөөг санхүүгийн үнэ цэн болгон хувиргах шинэ чиглэл туршиж байгаа хэрэг юм. Гэвч Truth Social-ийн бодит өсөлтийг хэмжихэд улс төрийн нөлөө, шинэ үйлчилгээний тооноос гадна хэрэглэгчдийн идэвх, компанийн орлого, ашигт ажиллагааг харгалзан үзэх шаардлагатай. 2026 оны аравдугаар сарын 14-нд The Washington Post сонин Similarweb компанийн судалгаанд үндэслэн Truth Social-ийн хэрэглэгчдийн идэвх буурч байгааг мэдээлжээ. Тухайлбал, 2025 оны зургадугаар сард өдөрт дунджаар 420 мянга орчим хэрэглэгчтэй байсан бол 2026 оны есдүгээр сард энэ үзүүлэлт 260 мянга орчим болж буурсан байна.
Мөн тухайн оны есдүгээр сараар дууссан нэг жилийн хугацаанд платформын хандалт 30 гаруй хувиар багасжээ. Эдгээр нь хөндлөнгийн судалгааны байгууллагын хэмжилт, тооцоолол бөгөөд Truth Social-ийн нийт бүртгэлтэй хэрэглэгчдийн тоог илэрхийлэхгүй. Компанийн зүгээс платформын контент олон нийтийн анхаарлыг татсан, нөлөө бүхий хэвээр байгааг онцолж, дээрх мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Санхүүгийн үзүүлэлт ч мөн адил анхаарал татаж байна. Trump Media & Technology Group компанийн 2026 оны хоёрдугаар улирлын орлого 1.7 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 89 хувиар өссөн боловч 238.1 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажиллажээ.Гэхдээ уг алдагдлын дийлэнх нь криптовалют болон санхүүгийн хөрөнгийн үнэлгээний өөрчлөлтөөс үүдэлтэй, мөнгөн бус нягтлан бодох бүртгэлийн алдагдал байсныг ялгаж ойлгох хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, энэ нь Truth Social нийгмийн сүлжээний өдөр тутмын үйл ажиллагаанаас шууд алдсан мөнгө гэсэн үг биш юм. Компанийн нийт хөрөнгө 2026 оны зургадугаар сарын эцэст хоёр тэрбум ам.доллар орчим байсан нь шинэ төсөл, хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх боломжтойг харуулж байгаа ч тогтвортой ашигтай бизнесийн загвар бүрдсэнийг нотлохгүй.
Үүний зэрэгцээ Trump Media & Technology Group өндөр технологи, эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа тэлэхээр ажиллаж байна. Тус компани цөмийн хайлуулах эрчим хүчний технологи хөгжүүлэгч TAE Technologies компанитай нэгдэх боломжийг судалж, 2026 оны есдүгээр сарын 30-нд холбогдох бүртгэлийн баримт бичгээ хүргүүлжээ. Энэ нь нийгмийн сүлжээний бизнесээс эхэлсэн компани цаашид технологийн олон салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг илтгэж байна. Гэхдээ төлөвлөсөн хэлцэл бүрэн хэрэгжсэн гэсэн үг биш юм. Truth Social-ийн өнөөгийн хөгжлийг ажиглахад улс төрийн нөлөө болон бизнесийн амжилт заавал ижил хурдаар өсдөггүй нь тодорхой харагдана. Дональд Трампын нэг мэдэгдэл дэлхийн томоохон хэвлэлүүдийн тэргүүлэх мэдээ болж болох ч энэ нь платформын хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, компанийн орлого өснө гэсэн баталгаа биш.
Тиймээс Truth Social-ийн цаашдын хөгжил хоёр үндсэн хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, Дональд Трампын хувийн нэр хүнд, улс төрийн идэвхээс үл хамааран тогтвортой хэрэглэгчдийн хүрээлэл бүрдүүлж чадах эсэх. Хоёрдугаарт, улс төрийн мэдээллийн нөлөөгөө ашигтай, урт хугацаанд тогтвортой ажиллах бизнес болгон хувиргаж чадах эсэх юм.
Энэ платформын түүхээс XXI зууны улс төр, хэвлэл мэдээллийн харилцаанд гарч буй нэгэн шинэ үзэгдлийг харж болно. Өмнө нь улстөрчид олон нийтэд хүрэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудын сувгийг ашигладаг байсан бол одоо өөрийн гэсэн мэдээллийн дэд бүтэцтэй болж, олон нийтийн хэлэлцүүлгийн агуулга, мэдээлэл түгээх хурд, хүрэх аудиторт шууд нөлөөлөх боломжтой болжээ. Truth Social-ийн хувьд энэ өөрчлөлт бүр ч тод илэрч байна. Учир нь, платформыг үүсгэн байгуулагч нь АНУ-ын Ерөнхийлөгч бөгөөд түүний нийтлэл дэлхийн улс төр, эдийн засгийн мэдээллийн урсгалын нэг хэсэг болжээ.Гэхдээ улс төрийн нөлөөтэй байна гэдэг нь технологийн зах зээлд амжилттай өрсөлдөж байна гэсэн үг биш. Truth Social-ийн өмнө хэрэглэгчдээ хадгалах, орлогоо нэмэгдүүлэх, үйлчилгээгээ төрөлжүүлэх, Трампын хувийн нөлөөнөөс хамаарал багатай бизнесийн бүтэц бий болгох зэрэг бодит сорилтууд тулгарсан хэвээр байна. Эцсийн дүндээ Truth Social-ийн хөгжлийн хамгийн сонирхолтой тал нь хэдэн сая хэрэглэгчтэй болохдоо бус улс төрийн эрх мэдэл, мэдээллийн нөлөө, технологийн бизнес гурав нэг платформ дээр хэрхэн огтлолцож байгаад оршино. Дональд Трампын “Үнэн” платформ энэ утгаараа зөвхөн нэг нийгмийн сүлжээний түүх биш, улстөрчид мэдээллийн хэрэгслээс хамаарах бус өөрсдөө мэдээллийн платформ эзэмшдэг болж буй шинэ цаг үеийн нэгэн жишээ юм.
М.Гал
"Монголын үнэн" сонин