МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › Төрийн эрх мэдэлтэй сөргөлдсөн технологи...

Төрийн эрх мэдэлтэй сөргөлдсөн технологийн тэрбумтан

Үнэн
Админ

Оросын эрх баригчдын шаардлагыг эсэргүүцэж, өөрийн байгуулсан компаниасаа шахагдан гарсан залуу арван жилийн дараа Францын нисэх буудалд баривчлагдана гэж төсөөлөөгүй биз ээ. Тэр эх орноо орхисон ч үзэл санаанаасаа ухраагүй. Харин түүний бүтээсэн Telegram дэлхийн тэрбум гаруй хүний харилцааны хэрэгсэл болж, улс төр, дайн, тагнуул, гэмт хэрэг, хувь хүний эрх чөлөөний тухай олон улсын маргааны төвд оржээ. Түүнийг Павел Дуров гэдэг.
2024 оны наймдугаар сарын 24-ний орой Парисын ойролцоох Ле-Бурже нисэх буудалд хувийн онгоц газардлаа. Онгоцноос буусан зорчигчдын нэг нь хар хувцас өмсөх дуртай, олны өмнө төдийлөн гардаггүй, технологийн ертөнцийн хамгийн нууцлаг тэрбумтнуудын нэг Павел Дуров байв. Гэвч түүнийг энэ удаа бизнесийн түншүүд нь бус, Францын хууль сахиулах байгууллагын ажилтнууд угтжээ. Дуровыг газар дээр нь баривчилсан тухай мэдээ хэдхэн цагийн дотор дэлхий даяар тархав.
Тухайн үед 39 настай байсан энэ эр дэлхийн хамгийн алдартай мессежийн платформуудын нэг Telegram-ийг үүсгэн байгуулсан хүн. Түүний компани олон зуун сая хэрэглэгчтэй, өөрөө тэрбумтнуудын эгнээнд багтсан байлаа. Гэвч Францын мөрдөн шалгах байгууллагын хувьд Дуров амжилттай бизнес эрхлэгч төдий биш, харин платформ дээр нь үйлдэгдэж болзошгүй гэмт хэргүүдтэй холбоотой хариуцлагыг нь шалгах шаардлагатай хүн байв.
Баривчилгаа олон улсын хэмжээнд хурц маргаан дэгдээлээ. Нэг хэсэг нь үүнийг цахим эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзсэн бол нөгөө хэсэг нь тэрбум хэрэглэгчтэй платформын эзэн хууль бус үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх ёстой хэмээн тайлбарлав. Харин энэ бүхний төвд байсан Дуровын амьдрал өөрөө бараг киноны зохиол шиг түүхтэй.
Павел Валерьевич Дуров 1984 оны аравдугаар сарын 10-нд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград буюу өнөөгийн Санкт-Петербург хотод төржээ. Түүний аав Валерий Дуров сонгодог хэл судлалын профессор, ах Николай нь математикийн онцгой авьяастай нэгэн байв. Гэр бүл нь хэсэг хугацаанд Италийн Турин хотод амьдарсан бөгөөд Павел бага наснаасаа өөр өөр соёл, хэлний орчинд өсжээ. Хүүхэд байхаасаа компьютер сонирхож, программчлалд татагдсан тэрбээр хожим Санкт-Петербургийн улсын их сургуульд хэл судлалын чиглэлээр суралцсан юм.

 

Технологийн салбарын олон тэрбумтнаас ялгаатай нь Дуров компьютерын инженерийн мэргэжлээр боловсрол эзэмшээгүй. Гэхдээ программ хангамжийн боломжийг ойлгох, хүмүүсийн хэрэгцээг мэдрэх, шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх авьяастай байлаа.


2006 онд дөнгөж 22 настай Павел ах Николай болон хамтрагчдынхаа оролцоотойгоор VKontakte буюу VK нийгмийн сүлжээг байгуулжээ. Тухайн үед Америкт Facebook эрчимтэй хөгжиж байсан бол Орос хэлээр ярьдаг орнуудад өөрийн гэсэн томоохон нийгмийн сүлжээ бий болох орон зай байв. Дуров үүнийг олж харсан юм.
VK богино хугацаанд Оросын залуусын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, хэрэглэгчдийн тоо нь хэдэн арван саяд хүрлээ. Хүмүүс найз нөхөдтэйгөө харилцаж, зураг, бичлэг хуваалцаж, хөгжим сонсож, үзэл бодлоо илэрхийлэх шинэ орон зайтай болов. Харин Дуров Оросын технологийн салбарын хамгийн амжилттай залуу бизнес эрхлэгчдийн нэгээр тодорчээ. Гэвч түүний амжилт өсөхийн хэрээр төрийн эрх мэдэлтэй зөрчилдөх шалтгаан ч нэмэгдэв. Нийгмийн сүлжээ зөвхөн хүмүүсийн харилцааны хэрэгсэл байхаа больж, улс төрийн үзэл бодол, эсэргүүцлийн хөдөлгөөн, олон нийтийн зохион байгуулалтын хүчирхэг талбар болон хувирч байлаа.
2011 онд Орост парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөх үед VK сүлжээг сөрөг хүчнийхэн идэвхтэй ашиглаж байв. Дуровын тайлбарласнаар, Оросын аюулгүй байдлын байгууллага зарим сөрөг хүчний бүлэг, цахим хуудсыг хаахыг шаардсан ч тэр биелүүлэхээс татгалзжээ. Төрийн байгууллагын шаардлагыг эсэргүүцсэн энэ шийдвэр түүний амьдралд эргэлт авчирсан юм.
2014 онд Украины Евромайданы хөдөлгөөн, Орос-Украины харилцааны хурцадмал байдалтай зэрэгцэн VK-ийн удирдлага болон эрх баригчдын зөрчил улам гүнзгийрэв. Дуровын мэдэгдсэнээр, Оросын аюулгүй байдлын байгууллага Украины эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой хэрэглэгчдийн мэдээллийг авахыг шаарджээ. Мөн сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйтай холбоотой цахим хуудсыг хязгаарлах асуудал тавьсан байна.

Тэр дахин татгалзав

Гэвч энэ удаа үр дагавар нь илүү хүнд туслаа. Компанийн хувьцаа эзэмшил, удирдлагын бүтэц өөрчлөгдөж, 2014 оны дөрөвдүгээр сард Дуров VK-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа алдав. Өөрийн гараар босгосон, Оросын хамгийн том нийгмийн сүлжээ болсон компаниасаа ийнхүү явсан нь түүний хувьд бизнесийн төдийгүй амьдралын томоохон эргэлт байлаа.

Удалгүй тэр Оросыг орхижээ

Хүн өөрийн байгуулсан компаниасаа явж болно. Харин бүтээсэн зүйлээсээ илүү том мөрөөдөлтэй бол бүхнийг дахин эхлүүлж чаддаг. Павел Дуровын дараагийн алхам үүнийг харуулсан юм. Тэр 2013 онд буюу VK-ээс явахаасаа өмнө ах Николайтайгаа хамтран Telegram нэртэй шинэ мессежийн үйлчилгээг бүтээж эхэлсэн байв. Анхны зорилго нь хүмүүсийг хурдан, найдвартай, хувийн мэдээллийн хамгаалалттай харилцах боломжтой болгох явдал байлаа. Харин Оросын эрх баригчидтай тулгарсан туршлага нь энэ төслийг хөгжүүлэх үзэл санаанд хүчтэй нөлөөлжээ.
Telegram эхэндээ WhatsApp зэрэг үйлчилгээнүүдтэй өрсөлдөж байсан ч удалгүй өөрийн онцлогийг бий болгосон. Олон тооны гишүүнтэй групп, мэдээллийн суваг, автомат бот, файл дамжуулах өргөн боломж, олон төхөөрөмжөөс зэрэг ашиглах зэрэг нь хэрэглэгчдийн сонирхлыг татав. Улстөрчид, сэтгүүлчид, бизнес эрхлэгчид, олон нийтийн хөдөлгөөнүүд хүртэл Telegram-ийг ашиглаж эхэллээ. Дуров Telegram-ийг төрийн хяналтаас аль болох ангид, хэрэглэгчдийн эрх чөлөөг хамгаалсан платформ байлгахыг эрмэлздэг. Гэхдээ Telegram-ийн бүх харилцаа ижил түвшний нууцлалтай биш. Төгсгөлөөс төгсгөл хүртэлх шифрлэлт нь тусгайлан идэвхжүүлдэг Secret Chat үйлчилгээнд хамаардаг бөгөөд ердийн чат, группийн харилцаанд ийм хамгаалалт автоматаар үйлчилдэггүй. Энэ ялгаа нь платформын аюулгүй байдлын тухай маргаанд чухал байр суурь эзэлдэг.
2018 онд Оросын эрх баригчид Telegram-ийг хориглох оролдлого хийв. Аюулгүй байдлын байгууллага хэрэглэгчдийн харилцааны мэдээлэлд нэвтрэх боломж шаардсан ч компани татгалзсан юм. Улмаар Telegram-ийн ажиллагааг зогсоохын тулд олон тооны IP хаягийг блоклосон боловч энэ нь бусад цахим үйлчилгээнд хүртэл хүндрэл учруулж, хүссэн үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь 2020 онд Оросын тал хориглох оролдлогоо зогсоожээ.
Энэ үйл явдал Дуровын нэр хүндийг олон улсад өсгөсөн юм. Түүнийг “Цахим эрх чөлөөг хамгаалагч” хэмээн үзэх хүмүүс олширлоо. Гэхдээ түүний баримталдаг зарчим дараагийн жилүүдэд хавьгүй төвөгтэй сорилттой тулгарах байв. 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээр Telegram-ийн үүрэг эрс өөрчлөгдлөө. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський иргэддээ хандах мэдэгдлээ Telegram сувгаар түгээж, Украины төрийн байгууллагууд дайны нөхцөл байдлын талаар мэдээлж байв. Нөгөө талд Оросын цэргийн блогчид, төрийн байгууллагууд, дайныг дэмжигчид мөн энэ платформыг өргөн ашиглажээ. Ингэснээр Telegram дайтаж буй хоёр талын мэдээлэл, суртал ухуулга, дүрс бичлэг, албан ёсны мэдэгдэл зэрэгцэн тархдаг онцгой орчин болов. Дэлхийн аль ч өнцөгт байгаа хүн дайны тухай мэдээллийг хэдхэн секундийн дотор хүлээн авах боломжтой болсон ч тэдгээр мэдээллийн үнэн зөвийг ялгахад улам хүндрэлтэй болжээ.

Нэгэн цагт найз нөхөд хоорондоо мессеж солилцох зориулалттай байсан технологи ийнхүү олон улсын мөргөлдөөний мэдээллийн гол сувгуудын нэг болон хувирсан юм. Харин энэ амжилтын цаана илүү том асуудал нуугдаж байлаа. Хэрэв платформыг гэмт хэрэгтнүүд ашиглавал хэн хариуцлага хүлээх вэ? Хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах нэрээр хууль бус үйл ажиллагааг үл тоомсорлож болох уу? Эсвэл төрийн байгууллагад хэт их мэдээлэл өгөх нь иргэдийн эрх чөлөөг хязгаарлах уу? Эдгээр асуулт 2024 оны наймдугаар сард Дуровыг Францад баривчилснаар дэлхийн хэмжээний маргаан болон өргөжив.
Францын мөрдөн шалгах байгууллагууд Telegram-ийг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материал түгээх, хар тамхины худалдаа, залилан болон бусад зохион байгуулалттай гэмт хэрэгт ашигласан байж болзошгүй асуудлыг шалгаж байлаа. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын хууль ёсны шаардлагын дагуу хамтран ажилласан эсэхийг нягталж байсан юм. Дуровыг хэд хоног саатуулсны дараа таван сая еврогийн батлан даалттайгаар суллаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлжээ. Энэ нь түүний гэм бурууг шүүхээр тогтоосон хэрэг биш байв. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг ажиллагаа улс төрийн шийдвэр бус, шүүх эрх мэдлийн хүрээнд явагдаж байгааг мэдэгдсэн юм. Дуровын хувьд энэ бол амьдралынх нь нэгэн том зөрчил байлаа. Тэр Оросын эрх баригчдын шаардлагыг эсэргүүцэж эх орноо орхисон. Харин арван жилийн дараа Европын ардчилсан улсын хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгалтын төвд оржээ. 
Гэхдээ Орос, Францын байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл, нөхцөл байдлыг адилтган үзэх боломжгүй. Орос дахь маргаан нь улс төрийн сөрөг хүчний мэдээлэл, төрийн хяналтын асуудалтай холбоотой байсан бол Францын мөрдөн шалгалт нь платформ дээр үйлдэгдсэн байж болзошгүй гэмт хэрэг болон компанийн хуулийн үүргийг голлон хөндсөн юм.
Франц дахь баривчилгааны дараа Telegram бодлогодоо тодорхой өөрчлөлт оруулсан. Хууль ёсны шаардлага хүлээн авсан тохиолдолд холбогдох хэрэглэгчийн IP хаяг, утасны дугаарыг эрх бүхий байгууллагад өгөх боломжтойг үйлчилгээний нөхцөлдөө тусгажээ. Энэ нь Дуровын хамгаалж ирсэн зарчим бодит амьдралын хууль, хариуцлагын шаардлагатай хэрхэн зөрчилдөж байгааг харуулсан хэрэг байв.
2025 онд Францын эрх баригчид түүний гадаадад зорчих хязгаарлалтыг цуцалсан ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн. Харин 2026 онд Оросын аюулгүй байдлын байгууллагаас түүнд терроризмтой холбоотой шинэ буруутгал тавьсан тухай мэдээлэл гарсан нь Дуровын эргэн тойрон дахь маргааныг дахин хурцатгав. Эдгээр буруутгал нь шүүхээр гэм бурууг нь эцэслэн тогтоосон гэсэн үг биш юм. Түүний амьдралын нөгөө тал ч олны анхаарлыг татдаг. Павел Дуров бараг үргэлж хар хувцас өмсдөг, олны өмнө ховор гардаг, өөрийгөө сахилга баттай амьдралын хэв маяг баримталдаг хүн гэж тодорхойлдог. Тэр архи, тамхи, кофе хэрэглэхээс татгалздаг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг тухайгаа ярьж байв. Мөн тансаг хэрэглээ, эд хөрөнгө хуримтлуулахыг амьдралынхаа гол зорилго болгодоггүй хэмээн мэдэгдсэн удаатай. 2024 онд тэр үрийн шингэний донорын оролцооны үр дүнд олон оронд 100 гаруй хүүхдийн биологийн эцэг болсон тухайгаа олон нийтэд мэдээлжээ. Энэ нь дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж, түүний хувийн амьдралын тухай олон асуулт дагуулсан юм. Гэхдээ Дуровын хамгийн том бүтээл бол хувийн амьдралынх нь содон түүх биш, харин Telegram хэвээр байна. 2025 онд тус платформ сар бүрийн нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчийн босгыг давснаа зарласан.

Хорь гаруйхан настайдаа Оросын залууст зориулсан нийгмийн сүлжээ байгуулж байсан залуу ийнхүү дэлхийн тэрбум гаруй хүний харилцаанд нөлөөлөх хэмжээний технологийн бизнесийг босгож чаджээ.

Түүний амжилтыг зөвхөн мөнгөөр хэмжихэд хангалтгүй. Telegram бол мэдээлэл түгээх, олон нийтийг зохион байгуулах, улс төрийн байр суурь илэрхийлэх, бизнес эрхлэх, зарим тохиолдолд дайны нөхцөлд харилцаа холбоогоо хадгалах хэрэгсэл болсон. Үүний зэрэгцээ хууль бус үйл ажиллагаа, худал мэдээлэл, цахим залилан зэрэг асуудалтай тэмцэх шаардлага ч платформын өмнө тулгарсаар байна. Эндээс орчин үеийн ертөнцийн нэгэн том зөрчил харагддаг. Өмнө нь төр засаг мэдээллийн урсгалыг хянах гол хүч байсан бол өнөөдөр хувийн технологийн компаниуд тэрбум хүний харилцааны дүрмийг тогтоох хэмжээнд хүрчээ. Тэд ямар мэдээллийг хязгаарлах, ямар хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх, хууль сахиулах байгууллагатай ямар хэмжээнд хамтран ажиллах зэрэг шийдвэрээрээ нийгэмд асар их нөлөө үзүүлдэг болсон.
Павел Дуров энэ шинэ эрх мэдлийн хамгийн сонирхолтой төлөөлөгчдийн нэг юм. Түүнийг дэмжигчид хувь хүний эрх чөлөө, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалахын төлөө төрийн дарамтыг сөрсөн зоригтой бизнес эрхлэгч хэмээн үздэг. Харин шүүмжлэгчид түүний удирддаг платформ хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр илүү их хариуцлага хүлээх ёстой гэж шаарддаг. Энэ хоёр байр суурийн аль нэгийг туйлшруулан зөвтгөхөд амаргүй. Учир нь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн харилцаагаа хамгаалуулах нь хүний үндсэн эрх. Гэхдээ тэр эрх чөлөөг ашиглан бусдын амь нас, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхолд халдахыг зөвшөөрч болохгүй.

Павел Дуровын түүх чухам энэ зааг дээр өрнөж байна

Тэр өөрийн байгуулсан анхны компаниасаа явсан ч дахин шинэ бизнес босгосон. Эх орноо орхисон ч дэлхийн хэмжээний нөлөө бүхий хүн болж чадсан. Төрийн эрх мэдэлтэй сөргөлдөж ирсэн ч эцэст нь өөрийн бүтээсэн платформын эрх мэдэл, хариуцлагын тухай асуултаас зайлсхийх боломжгүй болсон юм.
Дуровын амьдрал бидэнд нэгэн сонирхолтой зүйлийг харуулдаг. XXI зуунд эрх мэдэл зөвхөн төрийн ордон, парламент, засгийн газрын танхимд төвлөрөхөө больжээ. Заримдаа дэлхийн сая сая хүний харилцааг холбосон программын цаана сууж буй ганц хүн ч улс орнуудын засгийн газартай эн зэрэгцэх хэмжээний нөлөөтэй болж чаддаг байна. Гэвч ийм хүчтэй болсон хүнээс нийгэм илүү их хариуцлага шаардах нь гарцаагүй.
Павел Дуров эрх чөлөөг хамгаалахыг амьдралынхаа гол үзэл санаа болгосон. Харин түүний амьдралын хамгийн том сорилт нь эрх чөлөөг олж авахдаа бус, тэр эрх чөлөө бусдын эрх, аюулгүй байдалтай мөргөлдөх үед хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэгт оршиж байна. Энэ асуултын хариу одоогоор тодорхойгүй. Тиймээс Павел Дуровын түүх дуусаагүй, харин ч технологи ба төрийн эрх мэдлийн харилцааг шинээр тодорхойлох дараагийн бүлэг рүүгээ орж байна.


М.АЛТАННАР

"МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.