Эмгэнэл
НАНЗАДЫН ГАНБАЯР (1953–2026)
НАНЗАДЫН ГАНБАЯР
(1953–2026)
Монгол Улсын төр, нийгэм, хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшил, хууль ёсыг бэхжүүлэх, төрийн тогтолцоог төлөвшүүлэх үйл хэрэгт мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Монгол Улсын гавьяат хуульч Нанзадын Ганбаяр таалал төгсөж, Монгол Ардын Намын журмын нөхөд бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Н.Ганбаяр нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. 1961–1971 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1971–1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, мөн тус хотын Улс төрийн оройн их сургуулийг улс төрч мэргэжлээр тус тус суралцан төгсжээ.
Тэрээр 1976–1978 онд БНМАУ-ын Дээд шүүхэд зааварлагч, тусгай тасгийн дарга, Шүүхийн практик судлах хэлтсийн даргаар ажиллаж, 1978–1984 онд Дээд шүүхийн гишүүн, 1984–1987 онд Улаанбаатар хотын Шүүхийн дарга бөгөөд Ерөнхий арбитрч, 1987–1990 онд Монгол Ардын Намын Төв хороонд ахлах зааварлагчаар ажиллаж байв. Улмаар 1990–1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 1992–1993 онд Соёлын тэргүүн дэд сайд, 1993–1999 онд Монгол Улсын Ерөнхий прокурор, 1999 онд Хууль зүйн сайдын зөвлөх, 2000–2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2013–2020 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, 2015–2018 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр тус тус ажиллажээ.
Мөн1990–1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллахдаа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцаж, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх, эрх зүйт төрийн үндэс суурийг бэхжүүлэх түүхэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан төрийн зүтгэлтнүүдийн нэг байлаа.
Н.Ганбаяр Монгол Ардын Намын Төв хороонд ажиллаж байсан үеэсээ эхлэн нам, төрийн байгууллагын үйл ажиллагаа, улс орны нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хууль ёсны зарчмыг төлөвшүүлэх үйл хэрэгт өөрийн мэдлэг, туршлага, хөдөлмөр зүтгэлээ зориулсан юм.
Тэрээр намын болон төрийн албанд ажилласан арвин туршлагаа улс орны хөгжил дэвшил, төрийн байгууллын тогтвортой байдал, хууль зүйн салбарын хөгжилд зориулж, олон үеийн төрийн албан хаагч, хуульчдад мэдлэг, туршлагаа өвлүүлэн үлдээсэн эрхэм хүн байлаа.
Түүний төр, нийгэм, хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат хуульч цол, Сүхбаатарын одон, төрийн болон салбарын бусад одон, медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, Монгол Ардын Намын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор тус тус шагнаж байжээ.
Монгол Ардын Намын гишүүд, нам, төрийн байгууллагад олон жил хүчин зүтгэж, эх орныхоо хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Нанзадын Ганбаярын гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, түүний амьдралын замнал, ажил үйлс, бүтээсэн гавьяаг үеийн үед санан дурсах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ахан дүүс, хамтран зүтгэгчдэд нь Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, намын хамт олны нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ