МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Ө.Золбаяр: Эв нэгдэл, хариуцлагын асуудл...

Ө.Золбаяр: Эв нэгдэл, хариуцлагын асуудлыг анхан шатны гишүүд нээлттэй шүүмжилж буй нь эрүүл үзэгдэл

МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийг орон даяар өрнүүлж буйтай холбогдуулан МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяртай ярилцлаа.

Үнэн
Админ

МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийг орон даяар өрнүүлж буйтай холбогдуулан МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяртай ярилцлаа. 

-МАН одоогоор хэчнээн бүсэд Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулав. Энэхүү зөвлөгөөний гол зорилго, ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ? 

-МАН-ын удирдах ажилтнуудын бүсийн зөвлөгөөнийг 2026 оны есдүгээр сарын 19-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос эхлүүлсэн. Тэнд Хангайн бүсэд хамаарах аймгуудын намын хорооны анхан шатны удирдах түвшний ажилтнууд оролцож, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдээс цаг үеийн мэдээллийг авч, тухайн бүсэд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх гарц, шийдлийг хамтдаа хэлэлцсэн. Одоогоор Хангай, Төв, Хойд, Баруун бүсийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулаад байна. Энэ удаад Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Сайншанд хотод хийхээр бэлтгэл ажлыг хангаж дууслаа. Сум, баг, хорооны намын ажилтнууд маань иргэдтэйгээ хамгийн ойр байдаг, хамгийн олон асуулт, гомдол сонсдог хүмүүс. Тэдэнтэй намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд нар, УИХ-ын гишүүд нүүр тулж суугаад хийсэн ажлаа хэлж, асуултад нь шууд хариулж байгаа  юм.  Зуны “Ардын нам-Ард түмэндээ” аяны үеэр бид анхан шатны гишүүддээ очиж саналыг нь сонссон. Бүсийн зөвлөгөөн бол тэр саналыг удирдлагуудтайгаа нүүр тулж ярьдаг талбар. “Гишүүн төвтэй Е-4 стратеги” гэдэг үг ийм ажлаар л бодит болдог. Мөн зөвлөгөөний үеэр зөвхөн намын ажил, бодлого шийдвэрийг ярих бус өргөн агуулгаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгааг тодотгох нь зүйтэй. Тодруулбал, бүсийн зөвлөгөөний үеэр намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын хороодоос салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, тухайн бүсэд боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, бүс нутгийн хөгжил, технологи ба инновац, эрүүл мэнд ба эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг олон чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлын ахиц, эсвэл дутуу дулимаг зүйл юу байгааг сум, баг, хорооны удирдах ажилтнууд мэдээллээ солилцох байдлаар асуудлаа ил тод нээлттэй ярилцаж байна. Салбар хэлэлцүүлгээс гаргасан орон нутгийн төлөөлөгчдийн санал, шийдлийг нэгтгэн намын удирдлагуудад тухайн үед нь танилцуулж, дараагийн бодлого шийдвэрт нөлөөлөхүйц ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Ингээд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлон нам болон Засгийн газрын цаашдын бодлого, хөтөлбөрт тусгах нь гол зорилго гэж хэлж болно. 

-“Ардын нам-Ард түмэндээ” аян болон эдгээр бүсийн зөвлөгөөний үеэр намын хэчнээн гишүүнээс ямар санал ирүүлсэн талаарх мэдээллийг та бидэнтэй хуваалцана уу?

 -Тоо чухал, гэхдээ тоо болгоны цаана хүн бий. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 1 хүртэлх аяны хүрээнд  17 аймгийн 247 сум, найман тосгонд очиж, 22 мянга гаруй гишүүнтэй уулзлаа, 653 санал сонссон. Шүлхийн улмаас Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт хойшилсон нь харамсалтай. Мөн бид дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 13-ныг хүртэл нийслэлийн есөн дүүргийн намын хорооны удирдах ажилтнуудтай уулзсан. Хуваарьт  813 хүнээс 605 нь ирж, 129 санал хэлж, 195 хүн асуулгад хариулсан байна. Бүсийн зөвлөгөөнд одоогоор 1.638 хүн оролцлоо. Салбар хэлэлцүүлгээс 376 асуулт, санал гарч, нэгдсэн хуралдаан дээр 30 гишүүн үг хэлсэн. Зөвлөгөөний үеэр 11 аймгийн 189 гишүүн санал асуулгад хариулсан. Цаг гаргаж ирж, санаагаа нээлттэй хэлсэн гишүүн бүхэндээ талархаж байна.

-Дээрх асуулт, саналын тоо болон сэдэв, агуулгын хүрээнд та өнөөдөр ямар дүгнэлт хийх вэ?

-Нэг зүйл тодорхой гарлаа. Гишүүд маань намын бодлогыг бус намын дотоод харилцааг голлон шүүмжилж байна. Дөрвөн замаар, нийлбэр дүнгээр бараг 25 мянган хүн сонсоход эв нэгдэл, ёс зүй, хариуцлага, анхан шатны үүрээ дэмжих, УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо эргэж холбогдох гэсэн дөрвөн сэдэв хамгийн их яригдсан. Дараа нь амьжиргаа, малчдын асуудал, ажлын байрны асуудал хөндөгдөн гарч ирсэн. Намын гишүүдийн хувьд “Дараагийн сонгуульд бид иргэддээ юу гэж хэлэх вэ” гэж асууж байна. Энэ асуултад зөв, итгэл төгс хариулахын тулд л энэ бүх уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд бидний хэрэгжүүлсэн бодлого, гаргасан шийдвэр хөрсөн дээрээ хэр хэрэгжив, алдаа хаана байна гэдгийг тодорхойлж цаг алдалгүй засаж, сайжруулах ёстой юм. 

-Нэгэнт нээлттэй хэлсэн санал хүсэлт, шүүмжлэлүүдийг та  илүү тодруулж болох  уу?

-Мэдээж эрх баригч намын хувьд Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрөөр дамжуулан хийж хэрэгжүүлж, олонд хүрч байгаа ажил цөөнгүй бий. Ганц жишээ дурдахад, МАН-ын дарга Н.Учралын тэргүүлж буй Засгийн газраас  50 мгВатт нарны цахилгаан станцыг Булган аймагт барих шийдвэр гаргасанд талархалтай байгаагаа Хойд бүсийн зөвлөгөөний үеэр гишүүд хэлж байлаа. Мөн Багш, эмч нарын цалин мэдэгдэхүйц нэмэгдсэнд талархсан гишүүн ч байсан. Намын удирдлагууд бодит мэдээлэл өгч, нээлттэй ярилцсан нь итгэлийг сэргээж байна гэж олон гишүүн үнэлсэн. Ийм уулзалтыг тогтмол хийгээч гэдэг хүсэлтийг ч гаргасан.

Харин шүүмжийг нуух хэрэггүй. Гишүүд маань шулуун хэлсэн.  Нэгт, эв нэгдэл, хариуцлагын асуудал. УИХ-ын гишүүд, дээд шатны удирдлагуудын хоорондын үл ойлголцол, олон нийтэд ил гарсан маргааныг анхан шатны гишүүд иргэд, сонгогчдод тайлбарлах аргагүй, хамгийн хэцүү байгаа гэж. Нам анхан шатандаа эв нэгдэлтэй байдаг. Харин дээд шатны зөрчил намын нэр хүндийг унагаж, итгэл сулруулж байгаа. Тиймээс хууль, дүрэм зөрчсөн, намын бодлого, шийдвэрийг сөрсөн, гэмт хэрэгт холбогдсон гэж яригдаж буй хүмүүст хариуцлага тооцох ёстой бол тооцоод нэг талдаа гарах ёстой гэж олон гишүүн шаардсан. Үүнийг бид зүй ёсны шаардлага гэж хүлээн авч байна. Хоёрт, эргэх холбоо, ёс зүй. Сонгогдсон бол мартдаггүй байх буюу анхан шатны гишүүдийн дэмжлэгээр сонгогдсон УИХ-ын гишүүд тойрог болон намын үүр, хэсгийн хороодын ахлагч нартай эргэх холбоотой ажилладаг байх ёстой гэсэн үг. Мөн олон нийтийн сүлжээнд гарч буй гишүүд, өндөр албан тушаалтнууд биеэ зөв авч явахыг ч сануулсан. Учир нь сонгогчид нүүр тулж ажилаж байгаа хэсгийн хорооны ахлагч нараас л “Танай намын тэр ийм байна” гэж ам асуудаг. Тиймээс тэднийг мэдээлэлтэй, хэлэх үгтэй байлгахын тулд эргэх холбоотой, ёс зүйтэй байхыг шаардаж байна. Гуравт, анхан шатны үүр, баг, хороо. Сонгууль болох бүрд нэр дэвшигчийнхээ өмнөөс  айл бүрийн хаалга тогшиж явдаг хэсгийн хороодын ахлагч нар, үүрийн дарга нарын зүгээс урамшуулал, намын үүргийн санхүүгийн дэмжлэгийн талаар хөндсөн.  Дөрөвт, бүсчилсэн хөгжил. Бүсчилсэн хөгжлийн бодлого иргэдийн амьдралд яг юуг өөрчилсөн бэ гэдгийг тодорхой харуулахыг гишүүд хүссэн. Бүс бүрд ахиц гарсан ч тэгш биш алслагдсан сумдын иргэд өөрчлөлтийг хараахан мэдэрч чадаагүйг нуух хэрэггүй. Тавд, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт. Манай хэрэгжилт хүлээсэн хэмжээнд хүрээгүй байгаа. Гишүүд маань үүнийг бидэнтэй адил мэдэрч байна. Хийсэн ажлын мэдээлэл сум хүртэл ойлгомжтой хүрдэггүй гэсэн шүүмж ч гарсан.

-Бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүнгийн тухайд та юу хэлэх вэ?

-Намын гишүүдийн зүгээс энэ талаар асууж байгаа нь учиртай. Би тэдэнтэй адил шулуухан хариулъя. Хөдөөгийн хөгжил гэдэг олон жилээр тогтсон зүйл. Хоёр жилийн дотор хүн хөдөөнөөс хот руу чиглэх урсгал зогссон гэвэл худлаа ярьсан болно. Тэр урсгал өнөөдөр ч үргэлжилж байна. Гэхдээ өмнөхөөс ялгарах зүйл бий. Өмнө нь “Бүс нутгийн хөгжил” гэдэг нь илтгэл, баримт бичгийн үг л байсан. Одоо тэр үг УИХ-ын сонгууль, хууль, төсөв гурвын аль алинд нь тусаж, бодит хэлбэртэй болсон. Томоохон төслийг аль аймаг, хэр их шахсанаар нь бус хэд хэдэн аймагт хамт ашигтай байхаар нь төлөвлөх болсон. Төсвийн мөнгийг орон нутагт хуваарилах журам ч аажмаар өөрчлөгдөж байна. Иргэдэд юу хүрч байна вэ гэдгийг би энгийн гурван асуултаар шалгадаг. Ажлын байр нэмэгдсэн үү, гэр бүлийн орлого нэмэгдсэн үү, эмнэлэг, сургууль, зам, цахилгаан гэх мэт үйлчилгээ гэрт нь ойртсон уу. Эхний хоёр жилд бүс бүрд ахиц гарсан. Харин ахиц хаа сайгүй адил биш. Алслагдсан аймгуудад иргэд өөрчлөлтийг хараахан мэдэрч чадаагүй байна. Бид тэр шүүмжтэй санал нэг байна. 

-Намын гишүүдийн зүгээс зам, эрчим хүч, боомтын асуудлыг нэлээд хөндсөн байсан. Бүсүүдийн уялдаа холбоог та хэрхэн харж байна вэ?

-Үнэхээр тийм. Өнөөдрийг хүртэл эрчим хүч, зам, усны нөөц, бэлчээр, боловсруулах үйлдвэр аймгийн хил хязгаарын асуудал бүрэн шийдэгддэггүй. Тийм учраас бид аймаг тус бүрийн асуудлыг тусад нь биш бүсийн хэмжээнд нэгтгэж сонсож байна. Бүс бүрийн зөвлөгөөн өөр өөр онцлогтой ч нэг зураг болж холбогдоно. Төв ба Хойд бүсэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гурван төв, тэднийг холбосон зам, төмөр зам, эрчим хүчний шугам, Алтанбулагийн боомт хүртэлх коридор бол улсын эдийн засгийн гол судас. Тэнд “Төвлөрлийг хэрхэн зөв удирдах вэ” гэдэг асуулт гол байна. Нийслэлийн ачааллыг дагуул хотууд хуваалцах асуудал энэ бүстэй холбоотой.

Баруун бүсэд “Алслагдсан” гэдэг үгийг “Хилийн” гэдэг үгээр сольж, ОХУ, БНХАУ, Казахстантай хиллэх боомтын боломжийг ярих нь чухал.

 Говийн бүсэд уул уурхайн орлого орон нутагт хэр үлдэж байна, боомт, тээврийн дэд бүтэц хэрхэн ажиллаж байна гэдэг нь гол. Зүүн бүсэд хил орчмын худалдаа, ашиглагдаагүй боломж онцгой. Эдгээр бүс тусдаа арал биш. Гишүүдийн хүссэн зам, эрчим хүчний ажил ихэнхдээ нэг аймгийн биш хэд хэдэн аймгийг холбосон, бүсийн хэмжээний шинжтэй. Тийм ажлыг бүсийн эдийн засгийн логикоор шийдэх нь бүсчилсэн хөгжлийн бодлогын гол санаа.

-Намын анхан шатанд ажиллаж буй гишүүд өөр ямар асуудлыг хөндөж байна вэ?

-Та бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг зүйлээс асуудал эхэлж байна. Жишээ нь шатахууны хомсдолоос үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөж байгаагаас иргэдийн амьдралд дарамт учруулж байна. Засгийн газраас тэтгэвэр,  төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэх шийдвэр цагаа олсон зөв шийдвэр. Цаашид  инфляцыг сөрсөн бодлого үр дүнтэй хэрэгжүүлбэл эдгээр нэмэгдэл бодит дэмжлэг болж байгааг онцолсон. Мөн орон нутагт ажлын байр хомс, залуус сумандаа амьдарч ажиллах нөхцөл дутмаг, хөдөөд залуу малчдыг дэмжих бодлого хэрэгтэй гээд шийдэл хүлээсэн асуудлууд байсаар байна. Орон нутгийн хөгжлийн сан, төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй төлөвлөж зарцуулах, орон нутгийн авто зам, эрчим хүчний хомсдол, цахилгаан тасардаг асуудлыг ч хөндөж байна. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд анхаарч аймаг бүрд хүнсний лаборатори байгуулах, орон нутагт боловсруулах үйлдвэртэй болох талаар хөндлөө.Түүнчлэн улсын хэмжээнд нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт удаашралтай байгааг шүүмжилсэн. Мөн батлагдсан хуулиудын хэрэгжилтийг ч асууж байна. 
Тухайлбал, Малчны нийгмийн даатгалыг нөхөн тооцох хууль, нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх хууль хэрэгжихгүй байгааг шат шатандаа анхаарах шаардлагатай. Төрийн хэмнэлтийн хууль доод шатанд хэрэгждэг ч дээд шатанд хэрэгждэггүй гэдэг асуудал ч байна. Нийгэмд үүсээд буй зарим сөрөг зүйлээс болж залуучууд намд орж ажиллахаас халгадаг болсон, жендэрийн асуудалд анхаарахгүй бол бэлтгэгдээгүй хүмүүстэй өрсөлддөг, ялагддаг тохиолдол байгааг намын зарим гишүүн анхааруулж байлаа.

-Таны хувьд Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнд оролцоно. Энэ хоёр бүс ямар онцлогтой болон тулгамддаг асуудал, түүний гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт газар тариалан, мал аж ахуй, түүхэн аялал жуулчлал, хил дамнасан худалдааны боломж их. Гэхдээ хүн ам цөөн, дэд бүтэц сул. Бэлчээрийн даац, байгаль орчин, цөлжилтийг анхаарч бүтээмжээ нэмэх хэрэгтэй. Говийн бүсийн Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймагт уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, экспортын дэд бүтэц гол боломж болно. Баялаг байгаа ч түүнийг нутгийн иргэдийн тогтвортой орлого, ажлын байр, амьдралын баталгаа болгох нь чухал. Говьд усны хомсдол хамгийн хүнд асуудал. Энэ чиглэлээр би хувь хүнийхээ хувьд олон жил ажиллаж ирсэн. Гэхдээ зөвхөн говь, зүүн бүс гэж онцолж үзэх нь өрөөсгөл. Дээрх аймаг бүрд л тугамдаж буй асуудал бий. Тэр бүгдийг шийдвэрлэх гарц шийдлийг дараагийн бодлого, шийдвэрт тусгах чиглэлд бүхий л төвшинд анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Бүсийн зөвлөгөөнөөс гарсан санал, дүгнэлтийг хэн, хэзээ, хаана, хэрхэн боловсруулах вэ. Гол нь үр дүн хүсээд байна шүү дээ?

-Гишүүдийн хүсэл энгийн, хэлсэн үг минь хаа нэгтээ алга болохгүй, бодлого шийдвэрт тусаж, үр дүн гараасай гэж. Тиймээс зөвлөгөөн дээр амаар хэлсэн, бичгээр өгсөн, салбар хэлэлцүүлэгт хөндсөн бүх саналыг Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар нэг дор нэгтгэж байна. Үүнийг намын удирдлагуудад танилцуулна. Цаашид гишүүдийн дэвшүүлсэн санал, салбар хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт хүргэж, шийдвэр гаргах түвшний бодлого, хөтөлбөрт тусгаж ажиллана. Гишүүдийн хөндсөн зам, эрчим хүч, малчдын хууль, ажлын байр, залуучуудын асуудал ихэнхдээ УИХ, Засгийн газрын түвшинд шийдэгддэг. Тиймээс эдгээрийг цаасан дээр үлдээхгүй, шийдвэр гаргах хүмүүст нь хүргэнэ. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх ажлыг ч барьж ажиллана. Хэрэгжилт хүлээсэн хэмжээнд хүрээгүй байгааг бид нуухгүй, харин түргэсгэхийн төлөө ажиллана. Хийсэн ажлаа гишүүддээ буцаагаад хэлнэ. Дараагийн уулзалт, зөвлөгөөн дээр “Таны санал ингэж шийдэгдлээ, энэ санал ийм шалтгаанаар хойшилж байна” гэж хариу өгнө. Санал өгсөн хүн бүр өөрийнх нь санал юу болсныг мэдэж байх ёстой. Гишүүд маань үг биш бодит өөрчлөлт хүлээж байна. Эв нэгдэл, хариуцлага, ёс зүй, иргэдийн амьдрал, бүс нутгийн хөгжил гээд гишүүдийн хүсээд байгаа зүйлс дээр харагдахуйц үр дүн гаргах нь энэ зөвлөгөөнүүдийн жинхэнэ утга учир.

-Бүсийн зөвлөгөөнд намын дэргэдэх ТББ-ууд ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ?  

-Эмэгтэйчүүд, залуучууд гээд намын дэргэдэх байгууллагууд бүсийн зөвлөгөөн бүрд идэвхтэй оролцож байна. Салбар хэлэлцүүлэг дээр гишүүд, дэмжигчдийнхээ бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, бүтээлч хандлагыг дэмжиж байна. Мөн “Монголын үнэн” сонины тусгай дугаарт тухайн бүсийн зөвлөгөөний хамрах хүрээ, хэлэлцэх асуудлыг хэвлэж, гишүүддээ тарааж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

"МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.