ХЗБХ: СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.11.18/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 12.00 цагт 60.7 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 4 асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.11.18/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 12.00 цагт 60.7 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, Н.Алтанхуяг, О.Номинчимэг, Д.Батлут, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, С.Цэнгүүн, Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Б.Пүрэвдорж, Э.Батшугар, Ж.Баярмаа, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, Д.Ганбат нар оролцов.

Эхний асуудал нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн нэгтгэсэн төслүүдийн талаар гаргасан Хууль зүйн зөвлөмж байв.
Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Үндсэн хуулийг тайлбарлах эрх зөвхөн Цэцэд байгаа. Цаашид бид хууль тогтоомжоо боловсронгуй болгож, зөвлөмж гаргахаар бол хууль санаачлах эрхтэй, Хууль зүйн байнгын хорооны гишүүдээсээ оролцуулж бэлдээд өргөн барьж байх хэрэгтэй. Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчиж байна гэж УИХ олонхоороо үзсэн бол хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх ёстой. Харин олонх хүч түрээд Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна гэж үзвэл олон улсын жишгийн дагуу тодорхой тооны УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах боломжийг хууль тогтоомжоо боловсронгуй болгох замаар шийдвэрлэх нь зохистой гэж Цэцийн дүгнэлтэд тодорхой бичсэн байгаа гэв.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар ажлын 3 хоногийн завсарлага авлаа.

Хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос ирүүлсэн хууль бус алт олборлолт, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой асуудлын талаар ХЗДХ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, 2021-2026 онд хууль бус алт олборлолтын улмаас экологи, эдийн засагт нийт 10.8 тэрбум хохирол учирснаас 5.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Энэ хугацаанд 1856 хэрэг мөрдөн шалгаж, 668 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн тодорхой хэргийг хэрэгсэхгүй болгохоор, хэрэг бүртгэлийн хэргийн 31.8 хувийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн. Он гарснаас хойш 18 аймгийн 149 сумын нутаг дэвсгэрт хууль бус алт олборлолттой холбоотой 46 удаагийн хяналт шалгалт хийж, 21 үйлдэл, 60 орчим зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1671 гэмт хэрэгт 1506 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ оны эхний 10 сард 455 гэмт хэрэгт 240 хүн татагдсан байна. Улсын хэмжээнд 2026 оны эхний 10 сарын байдлаар мансуурах зөрчил 245 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар буурсан үзүүлэлт хэмээн асуулгын хариуг танилцуулсан.

Асуулгын хариутай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа өгөх үедээ гэмт хэргийн шинжтэй асуудлуудын талаар мэдэгдэл хийдэг. Үүний улмаас иргэдийн төрд итгэх итгэл алдарч байна. Сүүлийн хоёр жилд ХЗДХЯ-нд 6 сайд солигдлоо. Өмнөх сайд нарын мэдэгдэлд дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон уу. Мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон тохиолдлыг илрүүлж тогтоосон уу гэдгийг тодруулж асуусан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Засгийн газраас хар тамхитай тэмцэхэд анхаарч байгаа. Миний бие сайд байхдаа Хар тамхитай тэмцэх алба болгож зохион байгуулалтад оруулсан, 8.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж, алба хаагчдыг чадавхижуулах чиглэлээр олон арга хэмжээ авсан. Гэтэл хар тамхины тест хоёр ширхэг байсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий алба тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн эсэхийг тодрууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, хуулийн байгууллагуудад дотоод хяналт шалгалтыг хийхэд албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн, хууль бус алт олборлолт, мансууруулах бодистой холбоотой асуудал тогтоогдоогүй гээд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд "хариуцлага алдсан, албан тушаалын шаардлага хангахгүй" гэдэг үндэслэлээр хоёр газрын 6 дэд даргыг ажлаас чөлөөлсөн гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт хийсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, ийм үйлдэл тогтоогдоогүй. Жил бүрийн 6-7 дугаар сарын үед олон нийтийг хамарсан арга хэмжээ их болдог учраас хар тамхины тестийн нөөцийг бүрдүүлдэг. Өмнө нь нөөцийн асуудлаар ХЗДХЯ-нд нэг удаа хандсан. Улсын хэмжээнд хар тамхины хоёр тест байсан гэдэг асуудал ташаа мэдээлэл гэсэн хариулт өглөө.

Түүнчлэн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Д.Одсэр, манай байгууллагад ХЗДХЯ-наас дотоод хяналт шалгалт хийсэн. Мансууруулах бодисын тестийн хувьд он гарснаас хойш 300-г хэрэглэсэн, одоо 200 гаруй нөөцтэй байна гэв.
Үүний дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлсэн бөгөөд чуулганд дахин асуулга тавина гэдгээ илэрхийллээ.
Ингээд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос ирүүлсэн хууль бус алт олборлолт, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой асуудлын талаар ХЗДХ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.

Үргэлжлүүлэн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр ахалж, гишүүнээр Б.Баярбаатар, Дав.Цогтбаатар, Г.Уянгахишиг, М.Нарантуяа-Нара нар ажиллана.
Дөрөв дэх асуудал нь, Ерөнхий хяналтын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл байв.
Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл нарын 67 гишүүнээс Улсын Их Хурлын даргад ирүүлсэн хүсэлтийн дагуу “2022 оны 06 дугаар 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөө” сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа. Сонсголын зарыг нийтэд мэдээлж, бэлтгэл ажлыг хангах, хууль, журмын дагуу зохион байгуулахыг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.