Б.Энхмандах: Монголыг судалж ирсэн Финландын эрдэмтдийн өв, түүхийг бид шинээр харах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ, Финланд, Беларусь улсад хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцааг өргөжүүлэхээс гадна Монгол Улсын гадаад харилцааны шинэ боломжуудыг нээсэн үйл явдал болсон талаар судлаачид дүгнэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ, Финланд, Беларусь улсад хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцааг өргөжүүлэхээс гадна Монгол Улсын гадаад харилцааны шинэ боломжуудыг нээсэн үйл явдал болсон талаар судлаачид дүгнэж байна. Ялангуяа Финландтай тогтоосон түүхэн харилцаагаа гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, технологи, бизнесийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар олон чухал асуудал хөндөгдсөн юм. Финландын хөгжлийн загвараас Монгол Улс юу суралцаж болох, хоёр орны харилцааны түүхэнд ямар сонирхолтой баримтууд байдгийг тодруулахаар дипломатч Б.ЭНХМАНДАХ-тай ярилцлаа.
-Та Элчин сайд хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саяхны айлчлалд оролцоод явахад ямар сэтгэгдэл төрөв. Энэ удаагийн айлчлалын онцлогийг юу гэж дүгнэх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-д өндөр түвшний төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд эдийн засаг, боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээ зохион байгуулагдсан. Тухайлбал, монгол оюутнууд ХБНГУ-д суралцаж эхэлсний 100 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан томоохон арга хэмжээнүүд боллоо. Мөн Берлин хотноо “Чингис хаан ба монголчуудын ертөнц” нэртэй олон улсын тусгай үзэсгэлэн гаргаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэ бүхэн хоёр орны харилцаа улс төр, эдийн засгаар хязгаарлагдахгүй, боловсрол, шинжлэх ухаан, соёл зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарч байгааг харууллаа.
Финланд улсад хийсэн айлчлалын тухайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн айлчлал байснаараа онцлог. Өмнөх айлчлалаас хойш 16 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд харилцан айлчилж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Монгол Улс, Финланд улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2028 онд 65 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Ялангуяа боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь бодит үр дүнгийн нэг байлаа.
-Ерөнхийлөгчийн Финландад хийсэн айлчлалын онцлог, Монгол, Финландын харилцааны түүхээс онцолж ярих зүйл танд байгаа байх гэж бодож байна?
-Финланд улс Монголтой түүхэн ойр дотно харилцаатай байдгийн нэг үндэс нь монгол судлал юм. Умардын орнуудын аялагч, судлаачид XVII зуунаас XX зууны эхэн үе хүртэл Монголыг ихээхэн сонирхож, манай оронд ирж судалгаа хийж байжээ. Тэдний нэг нь нэрт монголч эрдэмтэн, дипломатч Густав Йон Рамстедт юм. Тэрбээр Монголд хоёр удаа ирж байсан хүн. Рамстедт анх хэл шинжлэлийн судлаачийн хувиар Монголыг сонирхсон байдаг. Финланд хэл буюу суоми хэл нь фин-угор хэлний бүлэгт багтдаг, Европын бусад хэлнээс бүтцийн хувьд нэлээд өвөрмөц хэл. Энэ хэлний гарал үүсэл, бусад хэлтэй холбоо хамаарлыг судлах явцдаа Монголд ирж, монгол хэл соёлтой танилцсан хэрэг. Тухайн үедээ монгол, түрэг хэлний холбоо хамаарлыг судалж, Алтайн хэлний судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ингэснээр Финландад Монгол судлалын үндэс суурь тавигдаж, энэ чиглэлийн судалгааны уламжлал бий болсон юм.
Тэр уламжлал өнөөдөр ч үргэлжилж байна. 1970-аад онд Монголд бэлтгэгдсэн Харри Халэн, Лаури Харвилахти нар монгол судлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг Финланд болон Европын бусад оронтой холбох үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тэдэнд “Алтан гадас” одон, “Найрамдал” медаль хүртээсэн нь учиртай. Энэ бол Монголыг олон жил судалж, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг юм. Эдгээр эрдэмтэн монгол судлалын чиглэлээр өнөөдөр ч идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Лаури Харвилахти 2025 онд “Монголын нууц товчоо”-г финланд хэлээр орчуулан хэвлүүлсэн. Мөн АНУ-ын нэрт антропологич, монголч эрдэмтэн Жак Уэтерфордын Монголын эзэнт гүрэн, Чингис хааны дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө болон Чингис хааны удмын хатад, гүнжүүдийн улс төрийн үүрэг, нөлөөг харуулсан бүтээлүүдийг финланд хэлнээ орчуулан гаргасан. Тэдгээрийн хамгийн сүүлд хэвлэгдсэн “Монголын хатдын нууц товчоо” ном Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө уншигчдын хүртээл болсон. Энэ бүхнийг харахад Монгол, Финландын харилцаа дипломат харилцаа тогтоосон 1963 оноос эхтэй биш юм. Үүнээс ч өмнө эрдэмтэн судлаачдын сонирхол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, монгол судлалын уламжлалаар холбогдож иржээ. Энэ бол хоёр орны харилцааны онцгой нэгэн хөрс суурь гэж боддог.
-Монголыг Финланд улс сонирхон судалж ирсэн түүхтэй юм байна. Харин өнөөдөр Финландын зүгээс Монголтой харилцах, хамтран ажиллах сонирхол хэрхэн өргөжиж байна вэ?
-Бид Финландын туршлагаас суралцахын зэрэгцээ Финландынхан ч Монголыг сүүлийн жилүүдэд улам их сонирхож байна. Ер нь баруун Европын орнуудаас Монголыг XVIII зуунаас эхлэн аялагч, судлаачдаа илгээж, танин мэдэх, судлахыг зорьж ирсэн түүхтэй. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээс хоёр жилийн дараа буюу 1963 онд Финланд дипломат харилцаа тогтоосон барууны анхны орнуудын нэг болсон. Энэ түүхэн уламжлал өнөөдөр ч хоёр орны харилцаанд чухал байр суурь эзэлж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалыг Монгол, Финландын харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал гэж үзэж байгаа. 2028 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ ойг угтан Финландад “Чингис хаан ба монголчуудын ертөнц” нэртэй олон улсын тусгай үзэсгэлэн гаргах асуудлыг ч Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөндөж, ярилцаж эхэлсэн. Энэ нь Финландын ард түмэнд Монголын түүх, соёл, өв уламжлалыг илүү өргөн хүрээнд таниулах сайхан боломж болно.
-ХБНГУ, Финланд улс, Беларусь улсад хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал дундаас монголчуудын сонирхлыг багагүй татсан нь Финландад хийсэн айлчлал байсан. Айлчлалын үеэр XX зууны Финландын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн Карл Густав Эмиль Маннергеймын хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон. Маннергейм Монголд ирж байсан гэдэг бил үү?
-Маннергейм бол Финландын маш алдартай маршал, хожим нь тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, финландчуудын хүндэтгэн дээдэлдэг үндэсний баатар юм. Тэр Оросын эзэн хааны армид алба хааж байсан хүн. Хожим Дэлхийн II дайны үед ЗХУ-ын эсрэг Германтай хамтран тулалдаж байсан ч дайны дараа Финланд, Зөвлөлт Холбоот Улсын харилцааг хэвийн болгоход ихээхэн хүчин чармайлт гаргасан. Ер нь Финландын тусгаар тогтнолыг ямар ч нөхцөлд авч үлдэхийн төлөө амьдралаа зориулсан, намтар түүх нь их сонирхолтой хүн л дээ.
Маннергейм өөрийн цаг үед Монголыг сонирхон судалж явсан нь бүр ч сонин. Санкт-Петербургийн Николаевын морин цэргийн сургуулийг төгсөж, Оросын эзэн хааны армид алба хааж байхдаа Жанжин штабын даалгавраар цэрэг, стратегийн тагнуулын мэдээлэл цуглуулах, угсаатны зүйн судалгаа хийх зорилгоор 1906–1908 онд Хятад, Төв Азиар мориор 14 мянга гаруй километр аялсан байдаг. Энэ аяллынхаа үеэр Монголын баруун нутгаар дайран өнгөрсөн. Тухайн үед яагаад Монголыг сонирхож, ямар зорилгоор судалгаа хийж байсан юм бол. Монголыг хэрхэн харж, ямар мэдээлэл цуглуулж байсан бэ гэдгийг бид ч бас сонирхон судлах хэрэгтэй. Өөрсдийнхөө түүхийг илүү гүнзгий судалъя гэвэл тэдгээр аялагч, судлаачдын үлдээсэн тэмдэглэл, газрын зураг, гэрэл зураг, бусад баримт материалтай танилцах шаардлагатай. Энэ бол Монголыг судалж ирсэн Финландын эрдэмтдийн өв, түүхийг шинээр харах боломж юм. Ийм өв зөвхөн Финландад ч биш, Умардын бусад оронд ч бий. Тухайлбал, Төв Ази, Төвөд, Монголын газар зүй, түүх, археологийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн алдарт аялагч, газар зүйч, зураач, зохиолч Свен Андерс Хедин байна. Түүний болон бусад судлаачийн үлдээсэн Монголтой холбоотой материал маш их. Тиймээс цаашид эдгээр аялагч, судлаачийн өвийг олж илрүүлэх, судалгааны эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэхээр ярилцаж байгаа.
-Финландад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалаас монголчууд юу хүлээж болох вэ. Тэр дундаа Финландын хөгжлийн онцлог, Умардын орнуудын хөгжлийн загвараас бидэнд авч хэрэгжүүлэх ямар туршлага байна вэ?
-Умардын орнуудын хөгжлийн загвар бол дундчуудын нийгмийг амжилттай байгуулсан хамгийн сайн жишээнүүдийн нэг. Швед, Дани, Норвеги, Финланд, Исланд зэрэг улс энэ загвараар хөгжиж ирсэн. Бид тэдний загварыг тэр чигээр нь хуулбарлах биш, харин Монголын нөхцөлд аль туршлага нь илүү тохирох вэ гэдгийг судалж, өөриймшүүлэх хэрэгтэй. Финландаас суралцах хамгийн чухал салбар бол боловсрол. Дундчуудын нийгмийн гол онцлог нь иргэд нь тэгш боломжтой, чанартай боловсрол эзэмшсэн байх явдал.
Боловсролын хүртээмж, чанарын ялгаа багасах тусам нийгмийн баян, ядуугийн зааг ч багасна. Финландын боловсролын тогтолцооны нэг гол давуу тал нь хүүхэд бүрд бага наснаас нь эхлэн тэгш боломж олгодогт оршино.
Эцэг эх нь малчин уу, ажилчин уу, чинээлэг айлын хүүхэд үү гэдгээс үл хамааран бүх хүүхэд ижил нөхцөлд чанартай боловсрол эзэмших ёстой. Үүнийг төр хариуцаж, бодлогоороо баталгаажуулдаг. Финланд энэ зарчмыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж чадсан улс. Манайд элит боловсрол, Кембрижийн хөтөлбөр гэх мэтээр ярьж, хувийн хэвшлийнхэн өөр өөрийн чиглэлээр чанартай боловсрол олгохоор зорьж байна. Энэ бол байж болох зүйл. Харин төрийн үндсэн үүрэг нь цөөн хэсэгт бус, нийт иргэддээ чанартай боловсролыг хүртээмжтэй олгох явдал. Тиймээс бид Финландын боловсролын бодлогын цаад мөн чанарыг ойлгож, түүнийг хэрхэн хэрэгжүүлж чадсаныг нь судлах хэрэгтэй. Энэ чиглэлийн хамтын ажиллагааг манай тал ч сонирхож байгаа юм билээ.
Миний бодлоор хамгийн чухал нь боловсролын салбарын бодлогын тогтвортой байдал. Монгол Улсын боловсролын салбар сүүлийн 35 жилд салбарын сайдаар томилогдсон хүн бүрийн үзэмж, өөрийнх нь баримталж буй бодлогоос хамаарч өөрчлөгдөж ирлээ. Уг нь боловсрол бол хамгийн тогтвортой, залгамж чанартай байх ёстой салбар. Сургалтын хөтөлбөр, агуулга, тогтолцоог сайд солигдох бүрд өөрчилж болохгүй. Харин урт хугацаанд тууштай хэрэгжүүлэх төрийн бодлого хэрэгтэй. Финландын нэг давуу тал бол боловсролын тогтолцоондоо ийм тогтвортой байдлыг хадгалж чадсанд байгаа юм. Бидний суралцах ёстой гол туршлага ч энэ.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр нэлээд олон санамж бичигт гарын үсэг зурсан. Тэдгээрээс аль чиглэлийн хамтын ажиллагааг нэн түрүүнд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна вэ?
-Финландын туршлагаас бидэнд суралцах зүйл их бий. Би 2013 онд “Финландын нийгмийн 100 шинэчлэл” гэдэг номыг монгол хэлнээ орчуулж хэвлүүлж байсан юм. Финландынхан хүн төрөлхтний хөгжилд оруулсан өөрсдийнхөө шинэлэг санаа, бүтээл, өөрчлөлтүүдийг нэгтгэн 100 шинэчлэлийн тухай ном гаргаж, дэлхийн 30 гаруй хэлээр орчуулан түгээсэн байдаг. Миний орчуулсан номын хэвлэлт дууссан, одоо дахин хэвлэх шаардлага ч гарч байна. Тэр номд Финландын нийгэм, төрийн байгуулал, боловсрол, ахуй амьдралд нэвтэрсэн олон шинэ санаа, өөрчлөлтийн тухай өгүүлдэг. Тухайлбал, нэг танхимтай парламент, нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо, саун, караоке, гар утас гээд бидний өдөр тутам мэддэг олон зүйлийг Финландын шинэчлэл, бүтээлтэй холбон тайлбарласан байдаг. Боловсролын салбарт дээд боловсролыг үнэ төлбөргүй олгох, бүх нийтийг бичиг үсэгт сургах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого нь онцгой ач холбогдолтой. Энэ номыг хэн ч уншсан өөрийн нийгэм, салбарт хэрэгжүүлж болох санаа олж авахуйц, нэг ёсны гарын авлага гэж хэлж болно. Тэдгээр 100 шинэчлэлийн дотор боловсролын салбарын өөрчлөлтүүд ч чухал байр суурь эзэлдэг. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр боловсролын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгсөн нь зөв алхам болсон гэж бодож байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, яам, төрийн байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцсон. Тэд Финландын туршлагыг нүдээр үзэж, бодитой танилцсан учраас цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаанд илүү анхаарч, тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол, Финландын бизнесийн уулзалт болж өнгөрсөн. Энэ уулзалт ямар түвшинд болж өнгөрсөн гэж та дүгнэж байна вэ. Цаашид манай бизнес эрхлэгчид, төр засгийнхан хоёр орны хамтын ажиллагаанд юуг анхаарч, ямар салбарт түлхүү ач холбогдол өгөх хэрэгтэй бол?
-Швед, Дани, Норвеги, Финланд, Исланд зэрэг Умардын орон бүр өөр өөрийн хөгжлийн давуу тал, онцлогтой. Тухайлбал, Швед уул уурхай, уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр өндөр хөгжилтэй. Гүний уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Атлас Копко”, “Эпирок” зэрэг дэлхийд танигдсан компани тэнд бий. “Атлас Копко”-гийн өрмийн машинууд манай “Оюу толгой” уурхайд ч ажиллаж байна.
Харин зэсийн гүн боловсруулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч “Оутокумпу” компани Финландынх. Энэ чиглэлээр манай бизнесийнхэн сонирхож, хамтран ажиллах боломжтой. Тэдний технологи, үйлдвэрлэлийн туршлага өндөр түвшинд хүрсэн. Үүнээс гадна хөдөө аж ахуйн технологи, ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэлээр Финланд улс алдартай. Тиймээс бид Финландтай худалдаа, бараа бүтээгдэхүүний солилцоогоор хязгаарлахгүй, технологи, үйлдвэрлэлийн туршлага, мэдлэг нэвтрүүлэхэд анхаарвал зүгээр. Манай эдийн засагт бодит үр өгөөж өгөх салбаруудыг тодорхойлж, бизнесийн уулзалтаар яригдсан боломжуудыг бодит төсөл, хамтын ажиллагаа болгох нь чухал.
Д.Жаргалан
"Монголын үнэн" сонин