У.Хүрэлсүх төр, ард түмний итгэлцлийг сэргээхийн төлөө шийдвэр гаргав
Албан тушаалтайгаа үхэн хатан зууралддаг дарга нар байдаг. Эрх ямба, тамга тэмдэгтээ амь тэмцэн шахуу хоргодох ийм дарга нарын тухай тамгаа аваад зугтсан, өрөөгөө цоожлоод явчихсан, жил дамнан шүүхээр явдаг гээд инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү олон яриа бий. Харин ажил, албан тушаалыг авсан шигээ өгч чаддаг улстөрчид харьцангуй цөөн. Тийм цөөн улс төрчийн нэг бол яах аргагүй Ухнаагийн Хүрэлсүх.
Албан тушаалтайгаа үхэн хатан зууралддаг дарга нар байдаг. Эрх ямба, тамга тэмдэгтээ амь тэмцэн шахуу хоргодох ийм дарга нарын тухай тамгаа аваад зугтсан, өрөөгөө цоожлоод явчихсан, жил дамнан шүүхээр явдаг гээд инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү олон яриа бий. Харин ажил, албан тушаалыг авсан шигээ өгч чаддаг улстөрчид харьцангуй цөөн. Тийм цөөн улс төрчийн нэг бол яах аргагүй Ухнаагийн Хүрэлсүх. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргасан нь Монголын улс төрийн амьдралд анхаарал татсан үйл явдал боллоо. Тэрбээр арваннэгдүгээр сарын 17-нд хийсэн мэдэгдэлдээ энэхүү шийдвэрийнхээ шалтгааныг тайлбарлаж, улмаар арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ төрийн нэр хүнд, шударга ёс, хууль дээдлэх зарчим, төрд итгэх ард түмний итгэлийн асуудлыг онцлон хөндсөн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь буюу 92.3 хувь нь түүнийг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг дэмжсэнээр Монгол Улсын түүхэнд Төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө албан тушаалаа хүлээлгэн өгсөн анхны тохиолдол болов. Түүний хоёр удаагийн мэдэгдлийн агуулгыг нэгтгэн авч үзвэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэрээ зөвхөн өөрийн нэр төрийг хамгаалах асуудал бус төрийн институцийн нэр хүнд, улс төрийн хариуцлага, төр ба иргэдийн хоорондын итгэлцэлтэй холбон тайлбарласан нь анхаарал татаж байна.
Улс төрийн аливаа маргаан, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтантай холбоотой ноцтой мэдээлэл олон нийтийн дунд тархах үед үнэн мөнийг тогтоох асуудал нэн тэргүүнд тавигддаг. Ийм нөхцөлд төрийн эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын хараат бус байдал, иргэдийн шударга ёсны талаарх ойлголт хоорондоо салшгүй холбогддог. У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийг ч энэ хүрээнд авч үзэх шаардлагатай.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 17-ны мэдэгдэлдээ “Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй байна” хэмээн онцолсон. Энэ бол түүний мэдэгдлийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрүүдийн нэг юм. Учир нь хууль дээдлэх зарчим гэдэг нь зөвхөн жирийн иргэдэд хамаарах шаардлага биш. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, сайд дарга гээд төрийн эрх мэдэл хэрэгжүүлж буй хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх ёстой гэсэн Үндсэн хуулийн суурь ойлголт билээ.
У.Хүрэлсүх өөртэй нь холбоотойгоор тарсан мэдээллийг үндэслэлгүй гүтгэлэг хэмээн няцааж, нэр төрөө хуулийн байгууллагаар сэргээлгэхээ мэдэгдсэн. Тэрбээр “Төрийн тэргүүн үүрэгт ажлаа өгөөд үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа” хэмээн хэлсэн юм.
Энэ байр суурь нь Монголын улс төрд удаан хугацаанд маргаан дагуулж ирсэн нэгэн чухал асуудлыг дахин сөхөж байна. Тэр нь төрийн өндөр албан тушаалтан өөртэй нь холбоотой асуудлыг шалгуулахдаа эрх мэдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зохистой юу, эсвэл албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагын шалгалтад иргэний хувиар оролцох нь зүйтэй юу гэсэн асуудал юм.
Албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрэг биш. Үүний нэгэн адил өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэх нь хууль ёсны шалгалтыг орлохгүй. Харин үнэн мөнийг хараат бус байгууллагаар тогтоолгох нөхцөл бүрдэх нь төрийн хариуцлага, шударга ёсны талаарх олон нийтийн итгэлд чухал ач холбогдолтой.Арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ У.Хүрэлсүх шийдвэрийнхээ улс төрийн болон ёс суртахууны үндэслэлийг илүү тодорхой тайлбарласан юм.
Тэрбээр “Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, Монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг” хэмээн мэдэгдсэн.
Мөн худал мэдээлэл, гүтгэлэг даамжирвал төрд итгэх иргэдийн итгэл суларч, Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Эндээс түүний шийдвэрийн хоёр дахь гол агуулга тодорч байна. Тэр нь Төрийн тэргүүний албан тушаал болон тухайн албыг хашиж буй хувь хүний нэр төрийг хооронд нь ялгаж авч үзэх асуудал юм.
Ардчилсан тогтолцоонд төрийн институц нь түүнийг удирдаж буй хувь хүнээс урт настай, тогтвортой байх учиртай. Төрийн тэргүүн солигдож болно. Улс төрийн удирдлага өөрчлөгдөж болно. Харин төрийн үйл ажиллагааны залгамж чанар, Үндсэн хуулийн хэрэгжилт, иргэдийн төрдөө итгэх итгэл хэвээр хадгалагдах ёстой.
У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэрээ Монгол төрийн нэр хүндийг хамгаалах, улс төрийн маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх алхам хэмээн тайлбарласан нь чухам ийм агуулгатай ажээ. Гэхдээ төрийн нэр хүндийг хамгаалах гэдэг нь төрийн өндөр албан тушаалтныг шүүмжлэлээс ангид байлгах гэсэн үг биш. Харин шүүмжлэл, хардлага, гомдол, буруутгал бүрийг баримтад тулгуурлан, хууль ёсны журмаар шалгаж шийдвэрлэхийг хэлнэ. Төрийн нэр хүндийг хамгаалах хамгийн бат бөх үндэс нь иргэдийн асуултад хариулж чаддаг, хуулийн өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоо юм.
У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 19-ний үгэндээ “Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй” хэмээн онцолсон нь энэ асуудлын хоёр талыг зэрэг хөндсөн хэрэг байлаа.
Нэг талаас хэн нэгнийг улс төрийн зорилгоор үндэслэлгүй буруутгах, нотлогдоогүй мэдээллээр яллах нь шударга ёсны зарчимд харшилна. Нөгөө талаас эрх мэдэл, албан тушаал, улс төрийн нөлөөгөөр хууль ёсны хариуцлагаас зайлсхийх боломж олгож болохгүй. Энэ хоёр зарчмыг нэгэн зэрэг хэрэгжүүлж чадсан цагт л шударга ёс бодитоор оршино.
Түүний мэдэгдлүүдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар мөн тодорхой дурдсан байв. Тухайлбал, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, стратегийн ач холбогдолтой үйлдвэр, орд газруудыг төрийн мэдэлд авах чиглэлээр ажилласнаа онцолсон юм.
У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр”, Монголросцветмет, Багануур, Бор-Өндөр, Салхитын орд болон байгалийн баялагтай холбоотой бусад асуудлыг дурдаж, эдгээр чиглэлд хэрэгжүүлсэн шийдвэрүүдийг Баялгийн сангийн үндэс суурьтай холбон тайлбарласан байлаа. Эдгээр бодлого, шийдвэрийн үр дүн, эдийн засагт үзүүлсэн нөлөө, хууль эрх зүйн үндэслэл нь тус бүрдээ үнэлэлт дүгнэлт шаардсан маш том сэдвүүд. Гэхдээ түүний мэдэгдлийн хүрээнд авч үзвэл төрийн тэргүүнээр болон өмнөх албан тушаалуудад ажилласан хугацааныхаа үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлаж, өөрийн байр суурийг илэрхийлэхийг зорьжээ.
Төрийн албан тушаалтны хийсэн ажил, гаргасан шийдвэрийн талаар иргэд өөр өөр үнэлэлт дүгнэлттэй байж болно. Энэ бол ардчилсан нийгмийн хэвийн үзэгдэл. Харин тухайн хүний үйл ажиллагааг үнэлэх, түүнийг буруутгаж буй зүйлийн үнэн мөнийг тогтоох асуудал нь баримт, хууль, хариуцлагын зарчимд үндэслэх учиртай.
У.Хүрэлсүхийн шийдвэрээс үүдэн Монголын улс төрд цаашид ямар жишиг тогтох вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийнхээ төгсгөлд “Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай” хэмээн мэдэгдсэн. Мөн энэхүү шийдвэр нь Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Улс төрийн хариуцлагын жишиг гэдэг нь ганц хүний шийдвэрээр бүрэн тогтчихдог зүйл биш. Харин тухайн үйл явдлын дараа төрийн бусад албан тушаалтнууд ижил нөхцөл байдалд хэрхэн хандах, хууль хяналтын байгууллагууд асуудлыг хэрхэн шийдвэрлэх, улс төрийн намууд өөрсдийн гишүүдэд ямар шаардлага тавих зэргээс шалтгаална.
У.Хүрэлсүхийн шийдвэрийг тойрсон шүүмжлэл ч бас байлаа. Зарим нь түүнийг улс төрд эргэн ирэхийн тулд албан тушаалаа өгсөн байж болзошгүй хэмээн хардаж байна. Улс төрийн шийдвэрийн цаад зорилгыг асууж, эргэлзэх нь мэдээж олон нийтийн эрх. Гэхдээ энд нэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Хэрэв У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй, бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллахаар шийдсэн бол түүнийг шүүмжилж буй хүмүүс ямар байр суурь илэрхийлэх байсан бол.
Нэгэнт албан тушаалаа өгч, үнэн мөнийг тогтоолгох шийдвэр гаргасан түүний цаашдын улс төрийн зорилгыг иргэд таамаглаж, хардаж бололгүй л яахав. Гэхдээ ирээдүйд У.Хүрэлсүх улс төрд эргэн ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй. Харин өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн нь бодит факт юм.
У.Хүрэлсүхийн улс төрийн замналыг сайн мэдэх хэн бүхэн түүнийг хэлсэн үгэндээ хүрдэг, шийдвэр гаргахдаа эрсдэл үүрэхээс зайлсхийдэггүй, нэг үгээр хэлбэл “мужик” зан чанартай улстөрч гэж тодорхойлох нь бий. Энэ удаагийн шийдвэр ч үүнийг нотлов.
Монголын нийгэмд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хардлага, авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудал олон жилийн турш маргаан дагуулж ирсэн. Ийм нөхцөлд төрд итгэх итгэлийг сэргээхэд улс төрийн мэдэгдэл, амлалт дангаараа хангалтгүй. Төр, ард түмний итгэлцэл гэдэг нь иргэд төрийн удирдагчдаа ямар ч эргэлзээгүйгээр дагахыг хэлдэггүй. Харин төрийн байгууллагууд хуулийн дагуу ажиллаж, эрх мэдэлтэн бүр адил зарчмаар хариуцлага хүлээж, иргэд үнэнийг мэдэх боломжтой байхыг хэлнэ.
Энэ утгаараа У.Хүрэлсүхийн Монгол төрийн тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр нь төрийн хариуцлага, улс төрийн ёс зүй, хууль дээдлэх зарчмын талаар нийгмээрээ хэлэлцэх маш чухал үйл явдал болж байна. Эрх мэдлээ хэн нэгэн хадгалж үлдэхээс илүү эх орны нэр хүнд амин чухал. Иргэд ч Төрийн тэргүүнээ хууль зөрчсөн эсэхийг, хуулийн өмнө Монгол хүн бүрд яг эрх тэгш эрхтэй эсэхээ мэдэх эрхтэй. Албан тушаалтанд нэг янзаар, ард иргэдэд өөр байдлаар хууль үйлчлээд эхэлбэл төр, иргэн үл ойлголцож эхэлдэг. Ийм ч учраас У.Хүрэлсүх яг үнэндээ өөрийнхөө нэр төрийг сэргээх гэхээсээ илүү эх орныхоо нэр төрийг сэргээхийн төлөө, хамгийн гол нь төр, ард түмний итгэлцлийг сэргээхийн төлөө шийдвэр гаргажээ.
М.Гал-Арив
"Монголын ҮНЭН" сонин