Сэтгэл зүйчид бол сайн хүмүүс
Серёжагийн орон дотор гэнэт л нэг өдөр эмэгтэй хүн бий болжээ. Мань хүн эхэндээ өөрийгөө тайвшруулж, аяндаа асуудал цэгцэрнэ, эмэгтэй хүн шимэгдээд алга болно гэж бодож байв. Гэтэл алга болсонгүй. Тэр ч байтугай улам тархаж эхэллээ. Өрөөгөөр тарж, гал тогоо, угаалгын өрөөг ч эзлэн дүүргэв. Жижиг өрөөгөө тамхиар утаад ч нэмэр алга, ялгаагүй эзлээд ороод ирлээ гэнэ. Гудамжнаас олж ирсэн эзэнгүй муур, нохой ч уг эмэгтэйг зайлуулж чадсангүй. Серёжагийн бие улам дордсоор. Ажлаа тарж ирээд муурын ялгадас цэвэрлэж, нохой салхилуулах ажил нэмэгджээ.
Серёжа эцэгтээ ярихаар шийдэв. Эр хүн шиг нүүр тулан ярилцсанд эцэг нь хэрэг явдал тун онцгүй байгааг онцлоод, энэ бол зүгээр нэг хүүхэн биш, харин эхнэр гэж хэллээ. Арай эртхэн аргалж болох байсан, одоо бол энгийн аргаар тэмцээд дийлэхгүй гэв.
Эхнэрийг гэрээс арилгах хүсэлтэд нь Халдварт өвчин судлалын төв, СӨХ татгалзсан хариу өгчээ. Аргаа барсан Серёжа ганц бие эрчүүдийн тусгай сэтгүүлээс эхнэрийг оймсоор утаж зайлуулдаг арга олж уншлаа. Тэгээд гэртээ хаа сайгүй оймс тарааж шидсэн ч эхнэр утагдсангүй ээ. Харин ч бүр нөгөө оймснуудын хамтаар хамаг бохир хувцас, ер нь мань эрийн ижил дасал болсон бүх хир буртаг алга болов. Ингээд урьд нь охид хүүхнүүдэд ихэд дуртай байсан Серёжа харшилтай болж, бүсгүй хүн харц шидэх тоолонд нүүр нь хавдан, уруул ам нь хагарч, хацар шанаагаар тууралт өгч эхэллээ. Бүсгүйчүүд Серёжаг эмэгтэйтэй гэж мэдмэгц зайлсхийх болж, халдвартай хэмээн аль болох хол явахыг хичээцгээнэ. Хэн л нүүр амаа үзэшгүй муухай болгож, үс гэзгээ туг тугаар унахыг харъя гэх вэ дээ.
Найзууд нь архиар эмчлэхийг зөвлөв. Вася эхнэрийг яг ийм аргаар зайлуулсан гэлцэнэ. Гэвч өмнө нь Серёжагийн толгой зөвхөн өглөөдөө өвддөг байсан бол одоо хоёр хундага хоослох алдад бие нь чилээрхэх болсон байна. Эхний хундагыг татаад улмаар шартах хүртэл аз жаргалтай 7-12 цаг болдог байсан тэр сайхан үе улирч, одоо энэ хугацаа хэтэрхий ахар болжээ.
Серёжа эхнэрийг тун ч хорлонтой эмгэг гэж ойлгов. Хамгийн хэрэгтэй зүйлийг нь оргүй устгах аж. Өөртөө уусгаад л шингээчихнэ. Эхний ээлжид илүү залаа мөнгө төгрөг устав. Дараа нь найзууд, тэгээд Цаг хугацаа уусан алга болжээ.
Серёжа шөнөжин унтсангүй. Өвдөлт, хурц зэвсэг, цуснаас айдаг тул тусгай хувцастай хүмүүс ичгүүр сонжуургүй элдэв хачин асуулт тавих вий гэхээс тавгүйтнэ. Гэвч шийдлээ. Унтаж буй эхнэр өөд дөхөж очоод, удаан харж зогсохдоо дагжтал чичирч байв. Тэгээд гэрээсээ гүйн гарч, эмнэлэг рүү харайж очлоо. Эмчийн өрөөнд нэлээд удаан түгдчив.
- Эмч ээ, би нөгөө... Та эр хүн юм чинь намайг... Энэ их ичгэвтэр... Үгүй ээ, би чадахгүй нь! Сувилагчаа өрөөнөөс гаргаад өгөөч.
Эмч яаж ч загнаад, сувилагч яаж ч ятгаад манай хүнийг барсангүй. Сувилагч гарлаа. Серёжа бүх үнэнээ өчив. Эмчийн царай барайгаад иржээ. Тэгээд эмч:
- Үнэнийг хэлэхэд, би ч бас ийм ужгирсан эмгэгтэй. Эхлээд би эмэгтэй хүнтэй болсноо мэдсэн. Арилчих байлгүй гэж бодож явтал улам идэвхэжсээр эхнэр болж хувирсан. Тэгээд улам хүндэрсэн дээ... - гэлээ.
Эмч тэр хоёр тэврэлдэж, 15 минут хэртэй уйлалджээ. Эцэст нь эмч түүнд эрүүл амьдралын хэв маяг, ажил дээрээ илүү их цагийг өнгөрөөх жор бичиж өгөв.
Серёжа ч биеийн тамираар хичээллэж, албан тушаал ахиж эхэллээ. Эхэндээ тун давгүй байсан ч удалгүй эхнэр нь үржиж гарав. Иймд улам их ажиллах хэрэгтэй болжээ.
Нэгэн удаа зурагт үзэж суутал эхнэрийн асуудлаар ажилладаг сэтгэл зүйчийг харуулсанд маргааш нь Серёжа гүйж очоод, эхнэртэй гэж үнэнээ хэлэв. Гэтэл сэтгэл зүйч энэ асуудал тийм ч муу зүйл биш, үнэндээ бол та өөрөө эхнэртэй биш, харин эхнэр чинь л нөхөртэй шүү гэдгийг онцоллоо гэнэ.
Маргааш өглөө нь Серёжа сэрээд, хорвоо ертөнцөд баяр хөөр сацруулан, нүүр дүүрэн инээмсэглэж хэвтээд бодсон нь: “Ингээд зовог!”. Сэтгэл зүйчид гэдэг чинь ийм л сайн хүмүүс байх нь ээ.
Зохиогч:
Георгий Игнатов