МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Трампын нам яагаад ялагдав, Ардчилсан на...

Трампын нам яагаад ялагдав, Ардчилсан намынхан юу төлөвлөж байна вэ

АНУ-ын улс төрд хүчний харьцаа эрс өөрчлөгдлөө. Хоёр жилийн өмнө Дональд Трампыг Цагаан ордонд эргүүлэн авчирч, Конгрессын хоёр танхимд олонх болсон Бүгд найрамдах нам энэ удаа сонгогчдын хатуу шийтгэлтэй нүүр тулав. Арваннэгдүгээр сарын 3-нд болсон завсрын сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулж, Вашингтоны улс төрийн эрх мэдлийн тэнцвэрийг өөрчиллөө.

Үнэн
Админ

АНУ-ын улс төрд хүчний харьцаа эрс өөрчлөгдлөө. Хоёр жилийн өмнө Дональд Трампыг Цагаан ордонд эргүүлэн авчирч, Конгрессын хоёр танхимд олонх болсон Бүгд найрамдах нам энэ удаа сонгогчдын хатуу шийтгэлтэй нүүр тулав. Арваннэгдүгээр сарын 3-нд болсон завсрын сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулж, Вашингтоны улс төрийн эрх мэдлийн тэнцвэрийг өөрчиллөө. Гэхдээ Ардчилсан намынхан зөвхөн Конгрессыг хяналтдаа авахыг зорьж байгаа юм биш. Тэд Трампын засаг захиргааны үйл ажиллагааг шалган, эдийн засгийн бодлогыг нь өөрчилж, улмаар 2028 онд Цагаан ордныг эргүүлэн авах улс төрийн томоохон стратегиа хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Америкийн сонгогчид Дональд Трампад хоёр жилийн өмнө дахин итгэл хүлээлгэсэн. Тэрбээр инфляцыг бууруулж, эдийн засгийг сэргээж, Америкийн үйлдвэрлэлийг хамгаалж, хууль бус цагаачлалыг хязгаарлан, улс орноо гадаадын дайнд татан оролцуулахгүй гэж амласан юм. Трампын хувьд энэ нь зөвхөн сонгуулийн уриа биш, өөрийгөө Америкийг хямралаас гаргах цорын ганц удирдагч хэмээн харуулах улс төрийн стратегийнх нь гол хэсэг байлаа.


Гэвч засгийн эрхэнд гарснаас хойш хоёр жилийн дараа америкчуудын хүлээлт, бодит амьдралын хоорондох зөрүү улам тодорчээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр хэвээр, өрхийн зардал нэмэгдэж, импортын тарифын бодлого бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд дарамт учруулж, Ирантай хийж буй дайн эрчим хүчний үнийг өсгөсөн нь Трампын засаглалд итгэх итгэлийг сулруулсан байна. Сонгуулийн дүн энэ өөрчлөлтийг тодорхой харуулав. Бүгд найрамдах намын уламжлалт түшиц газар гэгддэг Техас, Канзас, Өмнөд Каролина зэрэг мужид Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулсан нь Америкийн улс төрийн газрын зурагт гарсан томоохон өөрчлөлт болов. Техаст Ардчилсан нам олон арван жилийн дараа Сенатын суудал авч, Канзас муж Их хямралын үеэс хойш анх удаа Ардчилсан намын сенаторыг сонгосон байна. Трампын дэмжсэн нэр дэвшигчид ч зарим мужид ялагдал хүлээлээ. Энэ бол зөвхөн Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн ялагдал байсангүй. Трампын улс төрийн нөлөө, түүний бодлогыг сонгогчид хэрхэн үнэлж байгааг харуулсан санал хураалт байв. Бүгд найрамдах намын ялагдлын гол шалтгааныг эдийн засгаас хайх хэрэгтэй. Америкийн сонгогчдын хувьд хөрөнгийн зах зээлийн өсөлт, томоохон компаниудын ашиг, макро эдийн засгийн үзүүлэлтээс илүүтэй өөрсдийн өдөр тутмын амьдрал чухал байдаг. Хүнс, орон сууц, шатахуун, эрүүл мэндийн үйлчилгээний зардал нэмэгдэж байвал эдийн засаг сайн байна гэсэн эрх баригчдын тайлбар иргэдийн итгэлийг төрүүлэхэд хангалтгүй. Трамп 2024 онд инфляц, амьжиргааны өртгийн өсөлтөд бухимдсан сонгогчдын дэмжлэгээр ялалт байгуулсан. Харин 2026 онд тэрхүү бухимдал өөрийнх нь эсрэг эргэжээ. Америкийн үйлдвэрлэлийг хамгаалах зорилготой импортын тарифын бодлого зарим барааны үнийг нэмэгдүүлж, бизнесийн зардлыг өсгөсөн бол Ирантай хийж буй дайн газрын тос, шатахууны зах зээлд шинэ дарамт учруулсан байна.

Reuters агентлагийн мэдээлснээр амьжиргааны өртгийн өсөлт, Ираны дайнд дургүйцсэн сонгогчдын хандлага, төрийн удирдлагын үйл ажиллагаанд хуримтлагдсан бухимдал Ардчилсан намын ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Ираны дайн Трампын хувьд эдийн засгийн төдийгүй улс төрийн томоохон алдаа болж хувирсан байна. Тэрбээр Америкийг шаардлагагүй дайнд оролцуулахгүй, гадаад дахь цэргийн ажиллагаанд зарцуулдаг хөрөнгийг дотоодын хөгжилд чиглүүлнэ гэж амлаж байсан. Гэвч түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Ирантай дайн эхэлсэн нь энэ амлалтад итгэсэн сонгогчдын урмыг хугалжээ.Дайны улмаас шатахууны үнэ өссөн нь иргэдийн амьдралд шууд нөлөөлсөн. Түүнчлэн цэргийн ажиллагааны зардал, Америкийн олон улсын үүрэг оролцоо, дайныг үргэлжлүүлэх шаардлагын талаар нийгэмд маргаан өрнөсөн байна. Трамп өөрөө ч Ираны дайн Бүгд найрамдах намын сонгуулийн ялагдалд нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн бол Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс уг дайныг намынхаа ялагдлын гол шалтгаан гэж тодорхойлжээ. Гэхдээ Трампын намын ялагдлыг зөвхөн эдийн засаг, дайнаар тайлбарлах боломжгүй. Түүний улс төрийн арга барил, Бүгд найрамдах нам дотор бий болсон хэт нөлөөлөл ч сонгуулийн үр дүнд нөлөөлсөн байна.


Сүүлийн арван жилийн турш Бүгд найрамдах намын улс төрийн бодлого, нэр дэвшигчдийн сонголт, олон нийттэй харилцах стратеги Трампын хувийн нэр хүндэд ихээхэн түшиглэж ирсэн. Түүний дэмжлэг намын дотоод сонгуульд ялалт байгуулах чухал хүчин зүйл болж, MAGA хөдөлгөөн Бүгд найрамдах намын улс төрийн гол хөдөлгөгч хүч болсон юм. Харин 2026 оны сонгуулиар энэ стратегийн сул тал ил гарлаа. Трампын үнэнч дэмжигчдийн хүрээнд нэр хүндтэй байх нь нийт сонгогчдын дэмжлэгийг авах баталгаа биш гэдгийг хэд хэдэн мужийн үр дүн харуулав. Ялангуяа бие даасан, төвийн үзэл баримтлалтай сонгогчид болон амьжиргааны асуудалд анхаардаг иргэдийн дэмжлэг Ардчилсан намын талд шилжсэн нь Бүгд найрамдах намд хүндээр тусжээ. Сонгуулийн дараа Трампын өөрийнх нь дэмжигчдийн дунд ч эргэлзээ үүсэж эхэлсэн байна. 
Reuters агентлагийн арваннэг­дүгээр сарын 8-ны сурвалжилгад MAGA хөдөлгөөний зарим идэвхтэн Трамп намдаа ялалт авчирдаг гол хүчин зүйл хэвээр байгаа эсэхэд эргэлзэж эхэлснийг онцолжээ. Гэхдээ хөдөлгөөний нөгөө хэсэг нь ялагдлын дараа бодлогоо зөөлрүүлэх бус, цагаачлал болон үндсэрхэг үзлийн асуудлаар улам хатуу байр суурь баримтлахыг шаардаж байна. Ийнхүү Бүгд найрамдах намын өмнө хоёр өөр зам гарч ирэв. Нэг нь Трампын улс төрийн арга барилыг хэвээр хадгалж, үнэнч дэмжигчдээ улам идэвхжүүлэх. Нөгөө нь бие даасан болон төвийн сонгогчдын итгэлийг эргүүлэн авахын тулд бодлого, нэр дэвшигчдийн сонголт, олон нийттэй харилцах арга барилаа өөрчлөх явдал юм.

Харин Ардчилсан намынхан сонгуулийн ялалтаа хэрхэн ашиглах вэ?

Тэдний хамгийн эхний зорилго нь Трампын засаг захиргаанд Конгрессын хяналтыг тогтоох явдал. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимд олонх байсан учраас Ерөнхийлөгчийн бодлогыг хууль тогтоох байгууллагаас хязгаарлах боломж харьцангуй бага байв. Харин 2027 оны нэгдүгээр сараас нөхцөл байдал өөрчлөгдөнө. Ардчилсан намынхан Конгрессын хороодын эрх мэдлийг ашиглан Трампын засаг захиргааны шийдвэр, төсвийн зарцуулалт, төрийн байгууллагын үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн гэр бүл болон ойрын хүрээллийн бизнесийн хэлцлүүдийг шалгахаар бэлтгэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороог удирдах төлөвтэй байгаа Роберт Гарсиа, Сенатын Санхүүгийн хороог тэргүүлэхээр хүлээгдэж буй Рон Уайден нар сонгуулийн дараахан өргөн хүрээний шалгалт явуулах байр сууриа илэрхийлжээ. Тэдний анхааралд Ерөнхийлөгчийн гэр бүлийн бизнесийн хэлцлүүд, төрийн бодлого болон хувийн ашиг сонирхлын боломжит зөрчил, томоохон компаниудтай байгуулсан гэрээ, хэлцлүүд багтаж байна. 


Түүнчлэн технологийн тэрбум­тан Илон Маск, Цагаан ордны Тамгын газрын шинэ дарга Стивен Миллер нар Конгрессын шалгалтын анхаарлын төвд орж болзошгүй байна. Ардчилсан намын зарим хууль тогтоогч Маскийн төрийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлтөд оролцсон байдал, Миллерийн цагаачлалын хатуу бодлогыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг шалгах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Гэхдээ шалгалт явуулахаар төлөвлөж байгаа нь эдгээр хүмүүс хууль зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үг биш. Цагаан ордон Ардчилсан намынхны шүүмжлэлийг няцааж, Конгрессын хяналт шалгалтыг улс төрийн өшөө авалтын хэрэгсэл болгож болзошгүйг анхааруулжээ.Ардчилсан намынхны хувьд энэ асуудал улс төрийн давуу тал ч болж болно, эргээд өөрсдийнх нь эсрэг эргэх эрсдэл ч бий. Хэрэв тэд Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны, бодитой хяналт тавьж чадвал сонгогчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Харин зөвхөн улс төрийн өрсөлдөгчөө мөрдөн шалгах ажилд бүх анхаарлаа хандуулбал амьжиргааны өртгийг бууруулна гэсэн сонгуулийн гол амлалтаа орхигдуулсан мэт харагдана.Тиймээс Ардчилсан намын удирдлага хяналт шалгалтын зэрэгцээ эдийн засгийн асуудлыг тэргүүнд тавихаар төлөвлөж байна. Тэдний эхний 100 хоногийн хөтөлбөрт амьжиргааны өртгийг бууруулах, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг сайжруулах, Бүгд найрамдах намын үед танасан нийгмийн зарим хөтөлбөрийн санхүүжилтийг сэргээх асуудлууд багтаж байгаа аж. Мөн орон сууцны үнэ, хүүхэд асрах үйлчилгээ, эрчим хүчний зардал, импортын тарифын бодлогыг өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байна.

 
Энэ нь Ардчилсан намын хувьд улс төрийн чухал сонголт юм. Учир нь, тэд Трампын эсрэг байр сууриа илэрхийлснээр сонгуульд ялсан ч цаашид зөвхөн түүнийг шүүмжлээд сонгогчдын дэмжлэгийг хадгалж чадахгүй. Иргэдийн өдөр тутмын амьдралд бодитой өөрчлөлт авчрах шаардлагатай.

Нөгөө талаар Ардчилсан намынхан Сенатад олонх болсноор Трампын томилгооны бодлогод нөлөөлөх шинэ боломжтой болж байна. Холбооны шүүхийн шүүгчид, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон Дээд шүүхийн шүүгчийн томилгоог Сенат баталдаг. Иймээс Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигчдийг зөвшөөрөх эсэх асуудал хоёр намын дараагийн томоохон зөрчил болж магадгүй. Сенатын Ардчилсан намын удирдагч Чак Шумер Трампын санал болгосон хэт барууны үзэл баримтлалтай шүүгчдийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Ардчилсан намынхан зөвхөн хууль тогтоох бус, Америкийн шүүх засаглалын цаашдын чиг хандлагад нөлөөлөхийг зорьж байгааг харуулж байна. 
Гэхдээ Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх боллоо гээд Трампын бүх бодлогыг шууд өөрчлөх боломжгүй. Ерөнхийлөгч Конгрессоос баталсан хуульд хориг тавих эрхтэй. Тэрхүү хоригийг хүчингүй болгохын тулд Сенат болон Төлөөлөгчдийн танхимд тус бүр гуравны хоёрын дэмжлэг шаардлагатай. Иймээс 2027 оноос Америкийн улс төрд хоёр өөр хүчний хоорондын сөргөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна. Нэг талд бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд бодлогоо хэрэгжүүлэхийг эрмэлзсэн Трамп, нөгөө талд түүний эрх мэдлийг хязгаарлаж, бодлогыг нь өөрчлөхийг зорьсон Ардчилсан намын Конгресс байх юм.


Трампын зүгээс сонгуулийн ялагдлын дараа бодлогоо зөөлрүүлэх шинж төдийлөн ажиглагдахгүй байна. Тэрбээр сонгуулийн үр дүнг Америкийн хувьд ухралт хэмээн тодорхойлж, цагаачлалын хатуу бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн Стивен Миллерийг Цагаан ордны Тамгын газрын даргаар томилжээ. Үүнийг ажиглагчид Ардчилсан намын хяналтад орох Конгресстой зөвшилцөхөөс илүүтэй улс төрийн тэмцлээ үргэлжлүүлэх дохио гэж үзэж байна. Харин Ардчилсан намын хувьд дараагийн том зорилт нь 2028 оны Ерөнхийлөгчийн сонгууль юм.
Трамп АНУ-ын Үндсэн хуулийн дагуу гурав дахь удаагаа Ерөн­хийлөгчөөр сонгогдох боломжгүй. Тиймээс Бүгд найрамдах нам түүний дараах удирдагчаа тодруулах шаардлагатай болно. Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс болон намын бусад нөлөө бүхий улстөрчдийн хувьд энэ нь улс төрийн шинэ өрсөлдөөний эхлэл болж байна.
Ардчилсан намынхан харин 2026 оны ялалтаа 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь болгохыг зорьж байна. Тэд Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд хяналт тавьж, эдийн засгийн бодлогыг нь шүүмжлэхийн зэрэгцээ өөрсдийгөө улс орныг удирдах чадвартай улс төрийн хүчин гэдгийг сонгогчдод харуулах шаардлагатай. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Ардчилсан намын ялалт нь америкчууд тус намын бүх бодлогыг дэмжиж эхэлсэн гэсэн үг биш. Сонгогчдын нэг хэсэг Трампын бодлогод сэтгэл дундуур байсныхаа улмаас Ардчилсан намд санал өгсөн. Тиймээс энэ удаагийн ялалт Ардчилсан намд боломж олгосон төдийгүй өндөр хариуцлага үүрүүлж байна. Хэрэв тэд амьжиргааны өртгийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн үйл ажиллагаанд бодит хяналт тавих зэрэг амлалтаа хэрэгжүүлж чадвал 2028 онд Цагаан ордныг эргүүлэн авах боломж нь нэмэгдэнэ. Харин Трамптай хийх улс төрийн сөргөлдөөнд хэт автаж, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүн гаргаж чадахгүй бол хоёр жилийн дараа өөрсдөө сонгогчдын шүүмжлэлтэй нүүр тулж мэднэ.

Америкийн улс төрийн түүхэнд завсрын сонгуулиар эрх баригч нам ялагдах нь ховор үзэгдэл биш. Гэхдээ 2026 оны сонгуулийн онцлог нь Трампын улс төрийн нөлөө хүчтэй хэвээр байгаа үед Бүгд найрамдах нам уламжлалт түшиц газрууддаа хүртэл томоохон ялагдал хүлээсэнд оршино.

Энэ нь Трампын улс төрийн эрин үе дууссан гэсэн үг биш. Харин түүний нэр хүнд, улс төрийн арга барил, бодлого Бүгд найрамдах намд ялалт авчрах баталгаа байхаа больсныг харуулсан анхааруулга юм. Трамп хоёр жилийн өмнө Америкийг өөрчилнө гэж амлаж ялсан. Харин энэ удаа сонгогчид тэрхүү өөрчлөлтийн үр дүнг нэхэж, түүний намд хатуу үнэлгээ өглөө. Эдийн засгийн дарамт, Ираны дайн, эрх мэдлийн төвлөрөл, улс төрийн байнгын сөргөлдөөн нь Бүгд найрамдах намын ялагдлын гол хүчин зүйлс болов.Ардчилсан намынхан одоо энэ ялагдлыг улс төрийн давуу тал болгон ашиглахыг зорьж байна. Тэд Трампын засаг захиргааг шалгаж, түүний бодлогод хяналт тавьж, эдийн засгийн шинэчлэл хийхийн зэрэгцээ дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэнэ. Гэхдээ Вашингтоны эрх мэдлийн шинэ хуваарилалт Америкийн асуудлуудыг автоматаар шийдвэрлэхгүй. Харин ч хоёр намын сөргөлдөөнөөс шалтгаалан төсөв, хууль тогтоомж, гадаад бодлогын чухал шийдвэрүүд гацаанд орох эрсдэл бий.
Эцсийн дүндээ 2026 оны сонгууль нэг намын ялалт, нөгөө намын ялагдлаас илүү утга агуулгатай юм. Америкийн сонгогчид Ерөн­хий­лөгчид өгсөн эрх мэдлээ хяз­гаарлаж, түүний бодлогод хя­налт тавих боломжийг сөрөг хүчинд олголоо. Харин Ардчилсан намынхан энэ боломжийг Трамптай тооцоо бодоход ашиглах уу, эсвэл иргэдийн амьдралыг сайжруулах бодит өөрчлөлтөд чиглүүлэх үү гэдгээс дараагийн хоёр жилийн Америкийн улс төрийн хувь заяа ихээхэн шалтгаална.
Трампын нам сонгогчдын итгэлийг алдсанаараа ялагдсан. Харин Ардчилсан нам тэрхүү итгэлийг одоо бодит ажлаар хариулах ёстой.

 

М.Гал
"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.