Дэлхийн хамгийн том шүрэн колонийг Номхон далайгаас илрүүлэв
Номхон далайн Соломоны арлуудын ойролцоох далайн ёроолоос дэлхийд бүртгэгдсэн хамгийн том шүрэн колонийг судлаачид илрүүлжээ.
Номхон далайн Соломоны арлуудын ойролцоох далайн ёроолоос дэлхийд бүртгэгдсэн хамгийн том шүрэн колонийг судлаачид илрүүлжээ. "National Geographic" нийгэмлэгийн "Pristine Seas" экспедицийн баг 2024 онд судалгаа хийх үеэрээ уг аварга шүрэн колонийг олсон байна.
Шүрэн колони нь ойролцоогоор 34 метр урт, 32 метр өргөн, таван метр өндөр бөгөөд нас нь 300 орчим жил гэж тооцоолжээ. Энэ нь дэлхийн хамгийн том амьтан болох цэнхэр халимны дундаж уртаас ч илүү хэмжээтэй гэсэн үг юм.
Эхэндээ судлаачид далайн ёроолд байгаа аварга биетийг живсэн хөлөг онгоц эсвэл хад чулуу гэж андуурчээ. Харин ойроос судлахад олон зуун сая жижиг шүрэн амьтнаас бүрдсэн нэгэн том колони болох нь тогтоогдсон байна.
Шүрэн колони нь далайн экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд олон төрлийн загас, далайн амьтдын амьдрах орчныг бүрдүүлдэг. Судлаачид уг нээлт далайн гүнд хүн төрөлхтний хараахан судалж амжаагүй олон сонирхолтой зүйл байгааг харуулж буйг онцолжээ. Мөн далайн усны дулаарал, бохирдол, хэт их загас агнуураас шүрэн хаднуудыг хамгаалах шаардлагатайг сануулсан байна.