Эртний Ромын 2000 жилийн настай бетон өөрийгөө нөхөн сэргээх чадвартай байжээ
Эртний Ромын барилга байгууламжууд хоёр мянга орчим жилийн турш хадгалагдан үлдсэн нууцыг эрдэмтэд тайлбарлахад нэг алхам ойртжээ.
Эртний Ромын барилга байгууламжууд хоёр мянга орчим жилийн турш хадгалагдан үлдсэн нууцыг эрдэмтэд тайлбарлахад нэг алхам ойртжээ.
Судлаачид эртний Ромын бетоны найрлага, үйлдвэрлэх аргыг шинжилсний үр дүнд түүний дотор үүссэн жижиг ан цав тодорхой нөхцөлд өөрөө бөглөрөх боломжтойг тогтоосон байна.
Ромчууд бетон үйлдвэрлэхдээ шохой, галт уулын үнс болон бусад эрдэс материалыг ашигладаг байжээ. Ялангуяа шохойг өндөр температур үүсгэх аргаар холих нь бетоны дотор кальциар баялаг жижиг хэсгүүд бий болоход нөлөөлдөг байсан аж. Бетонд ан цав үүсэж, ус нэвтрэх үед эдгээр хэсгээс кальци ялгарч, кальцийн карбонат үүсгэн ан цавыг бөглөх боломжтой гэж судлаачид тайлбарлажээ. 2025 онд Помпей хотын эртний барилгын талбайгаас олдсон материалд хийсэн судалгаа энэхүү аргыг ромчууд хэрэглэж байсныг батлах нэмэлт нотолгоо болсон байна.
Энэ нээлт нь орчин үеийн барилгын материалын ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний зардлыг бууруулах шинэ технологи боловсруулахад ач холбогдолтой юм.