Д.Сайндүү: Монгол-Хятадын юанийн төлбөр тооцооны дэд бүтцийг байгуулж, эко системийг бүрдүүлнэ
“Sain transfer” ББСБ-ийн гүйцэтгэх захирал Г.Сайндүүтэй ярилцлаа.
“Sain transfer” ББСБ-ийн гүйцэтгэх захирал Г.Сайндүүтэй ярилцлаа.
-БНХАУ руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээ явуулаад хэдэн жил болж байна вэ. Урд хөрштэй бизнесийн төдийгүй иргэд хоорондын харилцаа улам бүр өргөжиж байна. Мөнгөн гуйвуулгын баталгаат газраар үйлчлүүлдэг иргэдийн тоо цөөнгүй болов уу?
-Манайх олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ эрхлээд арваад жил болж байна. Сүүлийн үед мэдээллийн технологи өдөр ирэх бүр хөгжиж, энэ хэрээр сөрөг үзэгдэл ч их гарч байна. Тиймээс ч салбарын байгууллагууд хууль, эрх зүйн зохицуулалтаа чангатгаж, хуулийн байгууллагууд “ятгах тусам нягтал” гэж иргэд, аж ахуйн нэгжид сэрэмжлүүлж байгаа. Тиймээс бид комплаенсийн үйл ажиллагааг эрхэлж, хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд тодорхой хэмжээний арга хэмжээг хэрэгжүүллээ.
-Яагаад зөвхөн БНХАУ руу юанийн гүйлгээг сонгон хийж байна вэ?
-Манайх СЗХ-ноос зээл, валют арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга гээд гурван төрлийн үйлчилгээ явуулах эрх авсан. Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйлга дээрээ төвлөрч ажилладаг.
Яагаад гэвэл манай улсын экспортын 90 хувь нь Хятад руу, импортын барааны 40-50 хувь нь мөн Хятадаас орж ирж байна. Тиймээс Хятадын төлбөр, тооцооны асуудалд бид няхуур хандах ёстой. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид Хятадын гурван төлбөрийн системтэй гэрээ хийснээр хамтарч ажиллаж байна.
-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд харилцан адил үйлчлэх үү?
-Манай байгууллага түүхий эдийн, сав баглаа боодлын зэрэг өндөр дүнтэй мөнгөн гүйлгээ хийх эрхийг авсан. Энэ гарцыг нээж чадсан нь бидний бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас ялгарах давуу тал юм. Манайхаас топ-100 аж ахуйн нэгжүүд үйлчилгээ авдаг. Манайх төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Иргэд ч манайхаар үйлчлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган харилцагчид үйлчилгээ үзүүллээ. Иргэддээ зориулсан тусгай үйлчилгээ ч мөн бий.
Хятадын талын хүлээн авагчдын компанийн болон хувь хүний данс руу, дээр нь Alipay данс руу мөнгө шилжүүлнэ. Мөн Хонконг дахь компанийн данс руу албан ёсоор төлбөр хийнэ. Хамгийн гол нь Хятадын албан ёсны эрх авсан байгууллага бөгөөд 2-3 цагийн дотор төлбөр тооцооны үйлчилгээгээ үзүүлэх программ хөгжүүлсэн.
Манай иргэд валютын гүйлгээ хийхдээ өөрийнхөө бичиг баримтыг ч, хүлээн авагч талынхаа мэдээллийг ч өгөхөөс татгалздаг. Гэтэл ингэснээр өөрсдөө эрсдэлд орж, мөнгөө алдах тохиолдол гардаг. Баталгаатай газраар үйлчлүүлсэн тохиолдолд итгэлтэй байж болно шүү дээ.
-ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д манай улс өртсөн нь үүнтэй холбоотой юу?
-Тийм ээ, манайх ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д өртсөн. Ингээд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийг хэрэгжүүлсний үндсэн дээр эргээд хэвийн горимд шилжиж байлаа шүү дээ. Түүнээс хойш зөвлөмжийг олон улсын шаардлагын дагуу хэрэгжүүлдэг болсон. Гэхдээ 2027, 2028 онд ФАТФ дахин хэрэгжилтээ шалгах байх. “Саарал жагсаалт”-д орох үед гадаад төлбөр, тооцооны асуудал маш хүнд байдал орж байсан. Гэтэл өнөөдөр лангуу ажиллуулдаг Должин гуайд ч энэ бүхэн хамааралтай болсон цаг. Иргэд маань “Надад хамааралгүй” гэж бодож болохгүй.
Үйл ажиллагаагаа эхлүүлж байх үед бидэнд хүндрэлтэй асуудлууд байсан. Бүх зүйлийг олон улсын стандартын дагуу явуулах шаардлагатай болно. Гэтэл иргэд маань мэдээллээ өгөхгүй цааргална, хүлээн авах хүнийхээ мэдээллийг худлаа бөглөнө. Энэ мэт асуудал их гардаг байлаа. Харин “Саарал жагсаалт”-аас гарч, ковидын үеийг давсны дараагаар цахимжсанаар манайхны санхүүгийн мэдлэг дээшилсэн.
“Саарал жагсаалт”-аас хойш бэлэн мөнгөний гүйлгээ эрс багассан. Бэлэн мөнгөний гүйлгээ багассанаар эдийн засагт эерэг хандлага гарсан байдаг.
Бид олон улсаас эх үүсвэр татах, олон улсад бонд хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татахад хүү нь буурна гэсэн наад захын санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ ч үүднээс бид иргэдийн санхүүгийн мэдлэгийг таниулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
-Эдийн засгаас гадна иргэдийн хэрэглээн дээр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа цахимжсанаар иргэдэд ч эерэг нөлөөтэй. Хүмүүс банкан дээр очиж үйлчлүүлэх нь эрс цөөрч, бүх гүйлгээ дансаар явагддаг болсон. Дансаар явагдсан гүйлгээ бол “Буух эзэн, буцах мөртэй” байдаг. Бэлэн мөнгө гүйлгээнд орох, гарах нь эрсдэлтэй.
-Олон улсын стандартад нийцсэн хууль, эрх зүйн орчин хэр сайжирсан гэж үзэж байна вэ?
-Комплаенсын тухай хууль 2007 онд батлагдсан. Гэвч яаж хэрэгжүүлэх гарын авлага ч байхгүй буюу хэрэгжилт тааруу байлаа. Харин “Саарал жагсаалт”-д орсноос хойш энэ хуулийн хэрэгжилт эрс сайжирсан. Банкууд комплаенсы маш сайн хэрэгжүүлж байгаа. Дээр нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин батлахаар УИХ-д оруулсан байна лээ. Энэ бол олон улсын стандарт, жишигт нийцсэн зөв тал руугаа л явж байгаагийн шинж.
-Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хэчнээн хэрэглэгчдэд хүргээд байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэнийг залиулах, мөнгө угаах, эрсдэхээс сэргийлж ажиллав?
-Бид хэрэглэгчээ “органик”-аар нь хамгаалдаг. Манай хэрэглэгчид wechat-аар аливаа бараа бүтээгдэхүүний хямдыг сонгодог. Ингэхдээ ямар ч бичиг баримт, утасны дугааргүй гүйлгээ хийх гэж ирдэг. Гэтэл БНХАУ-ын талын төлбөрийн систем нь харилцагчийн иргэний үнэмлэхийн дугаар авна, компани бол гэрчилгээ бүртгэнэ. Хэрвээ тухайн хүнд Хятад талын харилцагч мэдээллээ өгсөн бол шилжүүлэг хийж байгаа хүн өөрийгөө эрсдэлээс хамгаалсан гэсэн үг.
-Манайхан “Тэмү” зэрэг хятадын онлайн худалдаа руу бөөнөөрөө шилжүүлэг хийж, бараа татдаг. Онлайн худалдаанууд хэр найдвартай вэ?
-Ямар апп-аас худалдан авалт хийж байгаагаа сайн шалгах хэрэгтэй. “Тэмү”, “Taobao” зэрэг албан ёсны эрхтэй компаниуд цаанаа эзэнтэй, бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд маш өндөр хяналтаар орж байгаа. Жишээ нь, “Taobao” гэхэд маш олон хяналттай, бараа авсан хүн онлайн дээр сэтгэгдэл бичлээ гэхэд цаанаасаа устгах эрх байдаггүй. Дээр нь худалдан авалт хийхдээ маш сайн шалгах, бичиг баримтуудаа ч маш сайн шаардаж авдаг байх хэрэгтэй юм. Манайхаар гүйлгээ хийхэд бичиг баримтын шаардлага хангана. Энэ нь эргээд өөрийгөө эрсдэлээс хамгаалж байгаа юм.
-Цаашид иргэддээ чиглэсэн ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байна вэ?
-Манайхан Хөх хот руу аялал болон эрүүл мэндийн чиглэлээр их зорчдог. Тиймээс бид саяхан Хөх хотод суугаа Ерөнхий консулын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашдаа бид Хөх хотын 10 том эмнэлэгтэй төлбөр тооцооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг зурахаар төлөвлөж байна. Мөн Хөх хотын сургуулиудтай төлбөр тооцооны чиглэлээр хамтран ажиллах зорилт тавиад ажиллаж байна.
-Манайд банкууд эрсдэлээс хамгаалах программ хөгжүүлэлт сайтай байдаг. Танайх энэ тал дээр хэр ажиллаж байна вэ?
-Манайх аппликейшн, Wechat дээр бүтээгдэхүүнээ гаргасан. Бид нэг төлбөрийн системээр стратегийн түншлэлийн санамж бичиг зураад ажиллаж байна. Хэрэглэгч өөрөө материалаа оруулж бөглөнө. Уг барааг хиймэл оюун ухаанаар мэдээллийг нь шалгаад арилжааны банкууд руу оруулдаг системийг ажиллуулна гэсэн үг.
-Цаашид төлбөр тооцооны чиглэлээ өргөжүүлэх ямар зорилт тавьж байна вэ?
-Монгол-Хятадын юанийн төлбөр тооцооны дэд бүтцийг байгуулах, эко системийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Манай үйл ажиллагааг Монголбанк, СЗХ, Монголын банкууд дэмжиж ажилладаг. Манай монголчууд тулж ажиллахыг илүүд үздэг. Тиймээс бид Wechat дээр бүх харилцагчдаа нэгтгэхийг зорьж байна.
Пэйж: Sain transfer
Сайт: sainbbsb.mn
Хаяг: Монгол Улс. Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. 2-р хороо. Найман шарга, Мөнгөт шарга төв 205 тоот
Утас: 8090-8090
Н.Энхбат
Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.