Т.Батжаргал: Зоригт нисгэгч Д.Жамбаагийн гавьяаг монголчууд мартах учиргүй
Одоогоос 90 жилийн өмнө, 1936 оны хавар Монгол Улсын зүүн хязгаар тайван биш болж, Япон-Манжийн түрэмгийлэл идэвхжих үед Монголын нисэх хүчин эх орноо хамгаалах тушаал авч, байлдааны үүрэг гүйцэтгэж байсан. Энэ байлдаанд Нисэх бригадын Нэгдүгээр отрядын дарга, хурандаа Дэмбэрэлийн Жамбаа оролцон тулалдаж, дайсны олон тооны амьд хүч, техникийг агаараас бөмбөгдөн устгаж эх орныхоо хил хязгаарыг хамгаалахад онцгой гавьяа байгуулж байжээ. Гэвч тэрбээр удалгүй хэлмэгдэн, цаазаар авхуулсан байна. Түүний талаар судлаач, МУСГЗ Т.БАТЖАРГАЛТАЙ ярилцлаа.
Одоогоос 90 жилийн өмнө, 1936 оны хавар Монгол Улсын зүүн хязгаар тайван биш болж, Япон-Манжийн түрэмгийлэл идэвхжих үед Монголын нисэх хүчин эх орноо хамгаалах тушаал авч, байлдааны үүрэг гүйцэтгэж байсан. Энэ байлдаанд Нисэх бригадын Нэгдүгээр отрядын дарга, хурандаа Дэмбэрэлийн Жамбаа оролцон тулалдаж, дайсны олон тооны амьд хүч, техникийг агаараас бөмбөгдөн устгаж эх орныхоо хил хязгаарыг хамгаалахад онцгой гавьяа байгуулж байжээ. Гэвч тэрбээр удалгүй хэлмэгдэн, цаазаар авхуулсан байна. Түүний талаар судлаач, МУСГЗ Т.Батжаргалтай ярилцлаа.
-Та Монголын анхны нисгэгчдийн нэг Д.Жамбаагийн талаар нэлээд судалгаа хийсэн гэсэн. Нисгэгч Д.Жамбаагийн тухай, түүний нутаг ус, эрхэлж байсан ажил алба, зүүн хязгаарын байлдаанд оролцсон түүхээс хуваалцахгүй юу?
-Яг энэ өдрүүдэд 1936 оны хавар Зүүн хязгаарт Монголын арми, нисэх хүчнийхэн эх орноо хамгаалж, тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцэж байсны 90 жилийн ой тохиож байна. Манайд түүхэн үйл явдлыг тэмдэглэдэг олон жишиг байдаг боловч зарим онцгой үйл явдал мартагддаг болсон байна. Бидний өмнөх үеийнхэн эх орон, газар нутгаа харийн дайснаас хэрхэн хамгаалан байсан юм бэ гэдгийг залуу үедээ таниулж, ойлгуулж байх нь маш чухал. Ерэн жилийн өмнөх Зүүн хязгаарын тулгаралтад Монгол Ардын арми, нисэх хүчний олон зуун шилдэг залуус оролцож, агаараар, газраар байлдааны үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй. Тэдний нэг нь Монголын анхны нисгэгчдийн нэг Дэмбэрэлийн Жамбаа. Энэ хүн 1906 онд одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Хүүхэд ахуй цагтаа Асгатын хүрээнд шавилан сууж бурхны ном үзэж байгаад 1925 онд Ардын цэрэгт татагдсан байгаа юм. Цэрэгт ирээд байхад нь Улаанбаатар хотын Эвлэлийн үүр тэргүүний залуучуудыг шалгаруулж, сургуульд явуулахад Д.Жамбаа Нисэх хүчний ангид элсэн, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдан төмрийн дархан, моторчноор ажиллаж байгаад Р-1 онгоцны дагалдан нисгэгч болсон хүн.
-Монголын анхны нисгэгчдийн нэг гэхээр нисэх хүчний суурийг бий болголцож, агаарын замуудыг нээлцсэн хүмүүсийн төлөөлөл байх нь ээ?
-Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа хоёр 1930 оны тавдугаар сард Р-1 онгоцоор нисэж, 2000 гаруй км агаарын замыг туулж, Улаанбаатар-Өндөрхаан-Баянтүмэн–Тамсагбулаг-Улаанбаатар хүртэл агаарын анхны замыг нээсэн Монголын анхны нисгэгчид юм. Үүний дараа ЗХУ-ын маршал Воршивовын нэрэмжит Оренбург хотын Нисэхийн сургуульд Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа, Б.Батцэрэн нар хамт суралцаж, фронтын хөнгөн бөмбөгдөгч, дайрагч Р-5 онгоцны нисгэгч болсон байдаг. Орос хэлний мэдлэг сайн, нислэгийн ур чадвар илүү байсан учраас Д.Жамбааг Оренбургийн Нисэхийн сургууль түүнийг нэг жил багш нисгэгчээр ажиллуулж, энэ үедээ тэр сөнөөгч И-3 онгоцонд сургаж, Монголын сөнөөгч онгоцны анхны нисгэгч болж ирсэн байдаг. Үүнээс гадна манай улс 1931 онд ЗХУ-аас худалдан авсан онгоцоо галт тэргээр Улаан-Үүд хүртэл тээвэрлэн авчирч, тэнд сургагч Жигалин, моторчин Ш.Монгоо, О.Жигжидсүрэн. Т.Лувсанбалдан, Т.Шагдар, Рагчаа нар онгоцоо угсарч, бэлдсэний дараа Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа, Б.Батцэрэн нар агаарт шалгаж, Улан-Үүдээс Улаанбаатар руу нисэж ирсэн түүх бий. Энэ гавьяа, зүтгэлийг төр засаг үнэлж Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа нарыг “Байлдааны гавьяаны улаан туг”-ын одонгоор шагнасан байдаг. Яг сургуулиа төгсөөд ирсэн 1933 онд манай зүүн хязгаарын байдал маш түгшүүртэй байж таарсан.

-Ерэн жилийн өмнөх зүүн хязгаарын байдал ямар байсан, хилийн мөргөлдөөнд нисэх хүчин ямар байдлаар оролцсон. Манай нисгэгчид хэрхэн байлдсан бэ гэдгийг түүхэн талаас нь товчхон ярьж өгнө үү?
-Түүх үзвэл, 1932 оны хоёрдугаар сард Япон улс Зүүн хойд Хятад, Манжуурыг эзлэн авч тоглоомын Манж-Го улсыг байгуулсан тухай мэдээлэл хангалттай олдоно. Нэг ёсондоо манай улс Японтой шууд хиллэх болсон гэсэн үг. 1934 оны дунд үеэс эхлэн Япон, Манжийн тал БНМАУ-ын дорнод хил хязгаараар цэргийн хүчээр өдөөн хатгалга хийж, энэ нь улам даамжирсаар манай хилийн харуулууд руу хэдэн зуун цэргийн хүчээр довтлох болсон тул БНМАУ Батлан хамгаалах хүчнээ бэхжүүлж, Дорнод хязгаарын цэргийн ангиудын хүчийг нэмэх арга хэмжээ авсныг түүхийн ямар ч баримт ном, товхимлоос үзэж болно. Товчхон баримт өгүүлэхэд, 1936 оны хоёрдугаар сарын 12-нд Япон, манжийн цэргүүд 25 машинтай 500 цэрэг, таван их буу, 40 гаруй пулемёт, хоёр нисэх онгоц, хоёр хөнгөн танкны хүчээр манай улсын хилд тулж ирсэн. Энэ хүчийг “Булан дэрсний” харуулын цэргүүд тосон байлдсан ч хүчин мөхөстсөн тул Монгол Ардын хувьсгалт цэргийн командлал Тамсагбулагийн Хуягтын суманг нисгэгч Д.Дэмбэрэл, хянагч Г.Дорж нарын жолоодсон Р-5 онгоцны хамт илгээж, дайсны хүчинд цохилт өгч, их хэмжээний хохирол үзүүлж, ухраасан байгаа юм. Үүнээс хойш удалгүй 1936 оны гуравдугаар сарын 29-нд Япон-Манжийн тал дахиад найман машинтай 200 гаруй цэргийн хүчээр Адагдулааны хилийн харуул уруу довтолсон тул Бүх цэргийн жанжин Г.Дэмид тушаал өгч, Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нарын жолоодсон Р-5 онгоцыг Тамсагбулагаас нисгэж, тулаанд оруулсан. Тэдний онгоц тус бүр арван кг жинтэй 20 ширхэг бөмбөг, пулемётын 2400 сум дайж байлдаанд орж, газраар хуягт машинтай цэргүүд тулалдсан. Нисгэгч Д.Жамбаа, Д.Дэмбэрэл хоёр дайсны хүчний дээрээс анхны бөмбөгөө 1000 метрийн өндрөөс хаяж, бөмбөг нь дуусмагц шумбан дайрч, пулемётоор галлаж, дайсны талд хохирол учруулж байх үед Д.Жамбаагийн онгоцны радиатор дайсны суманд оногдож, мотор нь татгалзсан тул Тамсагбулагаас баруун хойш аргагүйдсэн буулт хийсэн гэдэг.
Д.Дэмбэрэлийн онгоц дайралтаа үргэлжлүүлж, сум галт хэрэглэлээ дуустал хоёр цаг гаруй байлдсан байдаг. Адагдулааны харуул руу довтолсон харийнхны түрэмгийлэл гурав, дөрвөн өдөр үргэлжилсэн болохыг манай цэрэг, армийн түүхүүд бүртгэж авсан нь бий. Энэ дөрөв хоногийн байлдаанд дайсны 100 гаруй хүч алагдсан гэдэг ч тагнуулын мэдээгээр дөрөвдүгээр сарын 1, 2-нд Япон, Манжийн тал таван машинд байлдааны үеэр амиа алдсан цэргийн цогцос, гурван машинд шархдагсад ачиж, манай хилийн цаана байх Асар сүмээс Хайлаар хот уруу зөөсөн гэдэг юм. Тэр өдрүүдэд дайсны 40 ачааны машин, хоёр танк жагсаалаас гарч, нэг нисэх онгоц гэмтсэн мэдээ бий.
-Байлдаанд баатарлаг тулалдсан нисгэгчдээ хэрхэн шагнаж урамшуулсан байдаг юм бол?
-Манай улсын хил хязгаарт 1936 оны гуравдугаар сарын 29, 30, 31, дөрөвдүгээр сарын 1-нд халдан довтолсон Япон, Манжийн түрэмгийлэгчдийг бут цохиж ухраахад эрэлхэг зориг гарган байлдаж, гарамгай гавьяа байгуулсан учраас БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөл Нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэнг “Эрхэм нисгэгч” цолоор, Д.Дэмбэрэлийг БНМАУ-ын “Агаарын зоригт баатар” цолоор, Нисэх хүчний сургагч Е.А.Судецийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг.
-1937 онд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт нисэх хүчинд хүндээр тусаж, олон хүн хэлмэгдсэн гэдэг. Тэдний дунд нисгэгч Д.Жамбаа ч багтсан. Энэ хүний хэлмэгдэх шалтгаан юу байсан юм бол?
-Нисгэгч Д.Жамбааг Дотоод явдлын яам “Японы тагнуул, хувьсгалын эсэргүү Гэндэн, Дэмид нарын бүлгийн гишүүн” гэж үзээд, 1937 оны наймдугаар сарын 10-ны өдрийн үүрээр 04 цагт гэрээс нь баривчилж, хилс хэрэг тулгасан байдаг. Хэлмэгдүүлэлтэд энэ хүн ганцаар өртөөгүй. Монголын нийгмийг бүхэлд нь хамарсан. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монгол Ардын хувьсгалт цэрэг, Нисэх хүчинд идэвхтэй явагдсан байдаг юм. Монголын Нисэх хүчнээс 47 хүн баригдаж, 71 хүн янз бүрийн шалтгаанаар халагдсан түүх бий. Эдгээр хүмүүсийн дотор Монголын анхны нисгэгч Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, Нисэх бригадын анхны комиссар Д.Бадамхатан (маршал Г.Дэмидийн хамаатан), Улаан тугийн одонт нисгэгч Р.Самдан, нисэхийн анхны техникчдийн нэг Л.Дамдин, анхны хянагчдын нэг П.Цэдэв зэрэг алдар цуутай олон хүн, удирдах болон дунд тушаалын дарга нар өртсөн. ЗХУ-д болон дотооддоо хугацаа зарж, өндөр үнээр бэлтгэсэн, дайн байлдааны туршлага маш сайн суусан олон арван нисгэгч, техникч, албан хаагчид хэлмэгдсэн. Д.Жамбаа нисгэгч хоригдсоноосоо хойш хатуу байцаалтад орж, хөрөнгөө хураалгаж, цаазаар авах ялаар шийтгүүлж, ялыг нь 1937 оны аравдугаар сарын 25-нд гүйцэтгэжээ. Хожим 1991 оны гуравдугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн Цэргийн коллеги 108 тоот тогтоол гаргаж, нисгэгч Д.Жамбааг цагаатгасан.
-Цагаатгах шийдвэр олон янзын нотлох баримтад тулгуурлаж гарсан байх. Тэр баримтуудыг та судалж үзсэн үү?
-Тэр бол БНМАУ-ын баатар нисгэгч Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл нартай хамт Монгол Улсын анхны нисгэгч болж, нисэх онгоц жолоодож, улс орондоо агаарын зам тавьж, олон шавь нар бэлдэж, эх орноо хамгаалах үйлсэд оролцож баатарлаг тулалдаан хийж явсан нисгэгч. Яах аргагүй чин зоригт, эх оронч нисгэгч байсан нь түүх архивын баримт, холбогдох байгууллагуудын дарга нарын тодорхойлолт, шийдвэр, шагнал урамшуулал зэрэг олон баримтаар нотлогддог. Гэвч харамсалтай нь 1937 онд Нисэх хүчнээс хамгийн түрүү баривчлагдан хоригдож, Японы тагнуул, хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүн гэх зохиомол хэргээр яллагдсан.
Нэг сонин баримт бас бий. 1965 онд Нисэх хүчний 40 жилийн ойд БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар, Улаан армийн нисэх хүчний маршал В.А.Судец Монгол Улсад айлчлахад манай төр засгийн удирдлагууд болон Батлан хамгаалах салбар, нисэх хүчнийхэн өндөр хэмжээнд хүлээн авсан байдаг. Маршал В.А.Судец бол 1936 онд Япон, Манжийн өдөөн хатгалаг, 1939 онд Халхын голын дайн, 1947 онд манай Баруун хязгаарын тулгаралтад оролцож, агаарын довтолгоо хийж, монгол нисгэгч, техникчдийг бэлдэж явсан Монголын нисэх хүчний сургагч байсан хүн. Түүнийг Монголд уригдаж ирсэн жил тэмдэглэсэн нисэх хүчний 40 жилийн ойн баяраар Монгол Улс анхны нисгэгч, Ч.Шагдарсүрэнд БНМАУ-ын Баатар цол олгож, нэхэн шагнасан байдаг. Үүнээс гурван жилийн өмнө 1962 онд Д.Дэмбэрэлийг цагаатгаж, БНМАУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан байдаг юм.
Маршал В.А.Судец Ю.Цэдэнбал даргатай уулзахдаа “Нисэх хүчний анхны нисгэгч Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа нар бол Улсын баатар цолны болзлоо аль эрт хангасан хүмүүс. Баатар цолыг нь нэхэн олгох талаар судалж үзнэ үү” гэсэн хүсэлт тавьсан гэдэг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл энэ хүсэлтийг үндэслээд Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа хоёрын төрсөн нутаг, аймгууд руу тодорхойлолт ирүүлэх албан тоот явуултал, Булганы Могод сумынхан Ч.Шагдарсүрэн баатрын тодорхойлолтыг өгсөн. Хөвсгөлийн Тосонцэнгэл сумынхан “Д.Жамбаа гэдэг хүний хамаатан садан гэх хүн энд байхгүй. Түүнийг мэдэх хүн байхгүй” гэж хариу өгсөн байгаа юм. Тэгээд Д.Жамбаа нисгэгчийн гавьяа бүдгэрсэн.
-Харамсалтай байна, Д.Жамбаа гуайн хамаатан садан гэж хүн үнэхээр байдаггүй юм уу?
-Байлгүй яах вэ. Үндэсний архивын газарт нисгэгч Д.Жамбаатай холбоотой баримт бий. Монгол Улсын хүн амын 1918 оны бүртгэлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, хуучнаар Хантайшир уулын аймгийн Наранжаргалант хошууны 1202 дахь өрхийн бүртгэлд “Өрхийн тэргүүн Дэмбэрэл эр, 50 настай хар, малын ажилтай, ам бүл зургаа. Түүний хүү Д.Жамбаа эр, лам, хурлын ажилтай, тангад номтой” гэсэн бүртгэл байж байдаг. Тэгэхээр 1964 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумыг удирдаж байсан хүмүүс Дэмбэрэлийн Жамбаагийн тодорхойлолтод дэндүү хөнгөн хуумгай хандсан байгаа юм. “Манай суманд Дэмбэрэлийн Жамбаа гэдэг хүний ах дүүс, анд нөхөд алга. Түүнийг таних хүн байхгүй байна” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Үнэн хэрэгтээ зоригт нисгэгч Д.Жамбаагийн гэргий Соль гэж эмэгтэй байсан. Нисэх хүчний маршал В.А.Судец 1965 онд Улаанбаатарт ирэхдээ Солийг хайж олж уулзсан байдаг. Д.Жамбаагийн гэргий Соль нь 1970 онд “Газ-69” машинтай Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төмөрбулаг сумаар явж, Д.Жамбаагийн ах дүүсийг олж цуглуулж, уулзалдаж, ирж, очдог байсныг Солийн отгон хүү археологич Одон, Жамбаа агсны ойрын садан төрөл Өлзийбат нар ч ярьдаг юм.
Судалгаа хийсэн хүний хувьд хэлэхэд, би энэ хүний хавтаст хэрэгтэй маш сайн танилцсан. Маш их дарамт шахалт дор байцаалт явагдаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байдаг. Тиймээс Нисэх хүчний анхдагчдын нэг Д.Жамбааг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах ёстой юм байна гэсэн бодолтой явдаг. Сүүлийн арав гаруй жил энэ асуудлыг хөөцөлдөж явна. Энэ хугацаанд Зам тээвэр, хөгжлийн яам, ИНЕГ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, ЗГХЭГ дэмжиж, Хөвсгөл аймгийн Засаг дарга, ИТХ, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга, ИТХ нь дэмжин тодорхойлолт хийж өглөө. Хөвсгөл аймгийн 16 сумын арав гаруй мянган иргэд гарын үсэг зурж, Д.Жамбаад Монгол Улсын баатар цол нэхэн олгуулах хүсэлтийг холбогдох газарт нь илгээж, уламжилсан. Тэр бол дан ганц эх орноо хамгаалах дайн тулаанд үүрэг гүйцэтгэж, цэргийн зориулалттай нислэг хийж яваагүй. Эмнэлгийн тусламж үзүүлэх, шуудан зөөх, тээврийн албан хэрэгцээний нислэг хийж, иргэний агаарын тээврийн үүрэг ч гүйцэтгэж байсан. 1936 онд Цэргийн яамны дэргэд Тээврийн отряд байгуулагдах цаг үеийг Монгол Улсад Иргэний агаарын тээвэр тавигдах эхлэл болж өгсөн гэж үздэг юм. Энэ отрядын анхны даргаар Д.Жамбаа томилогдож, тус отряд Р-5, К-5, ЯК-6, ГАН-3 зэрэг онгоц ашиглаж эхэлсэн байдаг. Д.Жамбаа бол агаарын эрэлхэг тулаан хийж, олон арван залуусын мөрөөдлийг асааж явсан хүн. Тиймээс Монголын төр эх орноо батлан хамгаалж, харийн дайсантай халз тулалдсан явсан зоригт нисгэгч Д.Жамбаагийн гавьяаг Монголын төр, монголчууд мартах учиргүй гэж бодож явдаг.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонин