А.Анхзаяа: Хүүхэд залуусын хөгжлийн онцлогт тохирсон сургалтаар бодит өөрчлөлтийг бий болгож байна
Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ганган загвар гоо зүйн сургалтын төв”-ийн захирал, “Miss Mongolia” тэмцээний шилдэг оролцогч, “Эра модель” агентлагийн “New Face” улсын уралдааны шилдэг загвар өмсөгчийн шагналт, Монголын хүүхдийн байгууллагын нэгдсэн холбооны “Лидэр” алтан медальт, Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Шилдэг эмэгтэй” одонт, мөн Алдарт эхийн II одонт А.Анхзаяатай ярилцлаа. Тэрбээр өмнийн говийнхоо өсвөр үе, хүүхэд, залуусын хөгжилд хувь нэмэр оруулж, биеэ зөв авч явах соёл, эерэг харилцаа хандлага, өөрийгөө илэрхийлэх чадвар, эрүүл зөв хооллолт, зөв алхаа гишгээ болон тайзны соёлын чиглэлээр сургалт зохион байгуулж, нийгэмдээ гэрэл гэгээ түгээж яваа юм.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ганган загвар гоо зүйн сургалтын төв”-ийн захирал, “Miss Mongolia” тэмцээний шилдэг оролцогч, “Эра модель” агентлагийн “New Face” улсын уралдааны шилдэг загвар өмсөгчийн шагналт, Монголын хүүхдийн байгууллагын нэгдсэн холбооны “Лидэр” алтан медальт, Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Шилдэг эмэгтэй” одонт, мөн Алдарт эхийн II одонт А.Анхзаяатай ярилцлаа. Тэрбээр өмнийн говийнхоо өсвөр үе, хүүхэд, залуусын хөгжилд хувь нэмэр оруулж, биеэ зөв авч явах соёл, эерэг харилцаа хандлага, өөрийгөө илэрхийлэх чадвар, эрүүл зөв хооллолт, зөв алхаа гишгээ болон тайзны соёлын чиглэлээр сургалт зохион байгуулж, нийгэмдээ гэрэл гэгээ түгээж яваа юм.
-Өмнөговийн Ханбогд сумын өсвөр үе, охид залуус сүүлийн жилүүдэд хувцас загварын тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцож, амжилт гаргах болсон нь танай агентлагтай холбоотой юм байна. “Ганган загвар гоо зүйн сургалтын төв” хэзээ байгуулагдав. Ямар зорилгоор үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай агентлаг байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээний зургаа, улсын хэмжээний мөн зургаа, олон улсын есөн тэмцээнд суралцагчдаа маш амжилттай оролцууллаа. Оролцсон тэмцээн, уралдаан бүрээс тэргүүн болон дэд байр, “Гран при” шагналыг хүртэж, суралцагч хүүхдүүд маань урам авч, амжилтаа бататгахаар улам хичээн суралцаж байна.

-Өмнөговь аймаг энэ чиглэлээр тэмцээн уралдаан хэр зохион байгуулдаг вэ?
-Манай аймаг болон Ханбогд сум маань хүүхэд залуусаа хөгжүүлэхэд санаа тавьж, дэмжиж байдаг. Боловсролын байгууллагууд, багш нар ч сурагчдаа тэмцээн, уралдаанд оролцоход нь дэмжиж тусалж ирсэн. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Говь гоёл” загвар зохион бүтээгчдийн тэмцээнд манай 18 модель охин амжилттай оролцлоо. Шилдэг үндэсний хувцас, шилдэг гоёлын даашинзны төрөлд тэргүүн байр эзэлсэн. Мөн “Үнсгэлжин” тэмцээнд манай агентлаг загвар өмсөгчдөө оролцуулсан. Бүх тэмцээнд манай суралцагчид загвар өмсөгч, моделиор оролцдог. Говийн бүсийн аймгуудын дунд болсон “Уран шаглаа” загвар зохион бүтээгчдийн уралдаанд манай хүүхдүүд амжилттай оролцсон.
-Танай агентлагийн зүгээс хөдөө орон нутагт охидод чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг нь онцлог санагдсан?
- Ер нь манай агентлагийн үйл ажиллагааны гол чиглэл нь насанд хүрэгчид болон охид хөвгүүдийн алхаа гишгээ, бие галбир засах, биеэ зөв авч явах соёл, харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар, эрүүл зөв хооллолт болон зөв хүн болж төлөвшихөд нь чиглэсэн сургалтуудыг хичээлдээ тусган явуулдаг. Мөн бид сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Ханбогд сумандаа “Гэрэлтсэн охид” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 охиныг нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй сургаж, тус бүрийг нь 100 хувь эерэг өөрчлөлттэйгөөр амжилттай төгсгөсөн. Мөн сумынхаа 100 жилийн ойн наадмын арга хэмжээнд амжилттай оролцсон.
Нийгмийн хариуцлагын хүрээнд аутизмтай хоёр хүүхдийг үнэ төлбөргүй сургаж, нэг айлын 2–3 хүүхэд хамрагдвал нэг хүүхдийг нь 30 хувийн хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй суралцуулдаг бодлого хэрэгжүүлдэг. Мөн багшийгаа зорьж ирсэн сурагчдын төрсөн өдрөөр нь нэг сарын үнэгүй сургалтын эрх бэлэглэдэг уламжлалтай. Хүүхдүүд болон эцэг эхчүүд маш их баярладаг.
Тэмцээн, уралдаанд оролцохоор явж байгаа хүүхдүүдээ бид 100 хувь хариуцан ажилладаг. Үүнд хүүхдүүдийн үс засалт, нүүр будалт, тайзны бэлтгэлээс гадна аюулгүй байдал, замын зохион байгуулалт, нийт оролцооны бүхий л үйл явцад онцгой анхаарал хандуулдаг. Хүүхдүүдийг тав тухтай, аюулгүй орчинд тэмцээнд оролцуулах нь бидний хамгийн чухал зарчим юм.

-Багш нарын тухайд?
-Хичээлүүдээ би өөрөө зааж байгаа. Миний хувьд 15 настайгаас “Эра модель” агентлагийн Д.Эрдэнэтуяа багшийнхаа удирдлагад загвар өмсөгч, моделиор суралцаж, бас ажиллаж эхэлсэн. “Miss Mongolia” тэмцээн, “Эра модель” агентлагаас зохион байгуулдаг улсын уралдаанд амжилттай оролцож, шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. Харилцаа хандлага, тайзны алхаа, бусад олон хичээлийг багшаасаа сурсан. Хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалтад хамрагдаж, өөрийгөө үргэлж хөгжүүлж ирсэн. Миний үндсэн мэргэжил бизнесийн удирдлагаар төгсөөд мэргэжлээрээ таван жил ажилласан. Сүүлийн жилүүдэд агентлагаа удирдахын зэрэгцээ багшилж байна. Манай агентлагт үндсэн хичээлүүдээс гадна бүжгийн хичээлийг заавал байх ёстой гэж үздэг. Тиймээс балет, бүжгийн хичээлүүдийг мэргэжлийн багш нар зааж байна.
-Сургалтын үр нөлөө, ач холбогдол олон зүйлээр илэрч байгаа байх?
-Хувь хүний хөгжил, төлөвшлийн талаас авч үзэхэд манай сургалтын үр дүн маш сайн гарч байна. Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш сургалтад хамрагдсан хүүхдүүдийн алхаа гишгээ, биеэ авч явах соёл, харилцаа хандлага болон өөртөө итгэх итгэл мэдэгдэхүйц сайжирсан. Хүүхэд, залуус маань биеэ зөв авч явж, хувцаслалт, хувийн ариун цэвэр, алхаа гишгээ зэрэгтээ илүү анхаарч сурч байна. Эдгээр дадлыг багаас нь зөв төлөвшүүлснээр цаашид хот суурин газар болон гадаадын их, дээд сургуульд суралцах үед ч хаана ч биеэ зөв авч явж чаддаг, өөртөө итгэлтэй хувь хүн болон төлөвшинө гэж бид үздэг.Мөн бага наснаас нь буруу дадал, хэвшлээс сэргийлж чадсанаар нуруу бөгтийх, буруу гишгэлтээс үүдэлтэй булчингийн тэнцвэр алдагдах зэрэг асуудлуудыг эрт үед нь засах боломжтой. Сүүлийн үед гар утасны хэт хэрэглээ, дэлгэцийн хамаарлаас шалтгаалан хүүхдүүдийн нуруу бөгтийх, хүзүү гилжийх зэрэг асуудал нэмэгдэж байгаа тул бид энэ эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар тусгайлан анхаарч ажиллаж байна.Манайд ирсэн хүүхдүүдийг 100 хувь гэж үзхэд 90 хувь нь буруу гишгэлттэй , хүзүү тонгойж бөгтийсөн ирдэг. Тууштай сургалтандаа хамрагдсан хүүхдүүд бүгд өв тэгш биетэй зөв дадалтай болсон. Энэ бүх хичээлийг бид бүх насныханд, ялангуяа хүүхэд залуусын хөгжлийн онцлогт тохируулан сургалт болгон явуулж байна.
-Хичээл болгон тус бүрдээ онцлогтой, чиглэсэн зорилготой байх нь ээ?
-Тухайлбал, тайзны алхааны хичээлээр бид зөв алхаж сурах, нурууны бөгтөр болон буруу гишгэлтийг засах, мөн охидыг өсгийтэй гутал дээр өөртөө итгэлтэй, цэх зөв алхаж сурахад чиглүүлдэг. Эрүүл зөв хооллолтын хичээлийн хүрээнд хүүхдүүдийг өдөр тутмын амьдралдаа зөв сонголт хийж сурахад анхаардаг. Жишээлбэл, дэлгүүр орсон үедээ өөрт хэрэгтэй, эрүүл мэндэд ээлтэй хүнсийг таньж сонгох, ус зөв уух дадалтай болох, мөн газтай ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн, чипс, бэлэн гоймон зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнснээс татгалзах талаар мэдлэг олгодог. Ингэснээр шим тэжээлтэй, зохистой хооллолтын дадал хэвшил суулгахад чиглэдэг. Гоо сайхны хичээлээр өсвөр насныханд арьс арчилгааны зөв дадал суулгах, нүүрээ зөв будаж сурах, мөн химийн найрлага багатай, байгалийн гаралтай, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн сонгох мэдлэг олгодог. Бага насны хүүхдүүдийн хувьд нүүрээ зөв арчлах, шүдээ зөв угаах дадалд сургана. Үүнд зөвхөн шүдээ угаах бус, хэлний өнгөр цэвэрлэх, шүдний оо болон сойзыг зөв сонгох, гарын ариун цэврийг сахих, оройн арьс арчилгааг тогтмол хийх зэрэг өдөр тутмын зөв дадлууд багтдаг.
Эрүүл зөв хооллолт болон гоо зүйн хичээлийн үр дүн бодитоор сайн гарч байна. Бага насны хүүхдүүд чихэр, хийжүүлсэн ундаанаас татгалзаж, өсвөр насныхан чипс болон бэлэн гоймонгийн хэрэглээгээ багасгасан.Үүний үр дүнд өмнө нь илэрдэг байсан нүүрний батга, харшлын гаралтай тууралт зэрэг асуудал багасах хандлагатай болсон. Мөн хоолондоо байнга амтлагч, цуу хэрэглэх дадлаасаа татгалзаж, илүү эрүүл сонголт хийдэг болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Харилцааны хичээлээр хүүхдүүд өөрийгөө зөв илэрхийлэх, хаана ч өөртөө итгэлтэй байх, бусадтай зөв боловсон харилцах, олон нийтийн газар биеэ зөв авч явах соёлд суралцдаг.
-Орчин үеийн эцэг эхчүүд, хүүхдүүдэд хандаж та юу хэлэх бол?
-Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ багаас нь анзаарч, илүү их анхаарч байгаасай гэж хүсэж байна. Хүүхэд хичээлээ хийхдээ хэрхэн сууж байна, хооллохдоо ямар байрлалтай сууж байна, унтахдаа ямар байрлалтай унтаж байна, утас үзэхдээ ямар байрлалтай байна тонгойж байна уу цэх байна уу ,цүнхээ нэг мөрөндөө үүрч байна уу эсвэл хоёр мөрөндөө тэгш үүрч байна уу гэдгийг анхаарах нь маш чухал. Мөн эцэг эхээс хол байх үедээ юу идэж, ууж байгааг нь ч анзаарах хэрэгтэй. Утасны хэрэглээг эрс багасгах хэрэгтэй шүү.Хүүхдүүддээ хандаж хэлэхэд, өөртөө хайртай байгаарай. Өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхын төлөө хичээж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлээрэй. Хүн том болоод хамгийн ихээр үнэлдэг зүйл бол өөртөө хариуцлагатай, өөртөө арчаатай, өөртөө сэтгэл хангалуун байх явдал байдаг. Үүний үндэс нь зөв хүн болж төлөвших тул багаасаа өөрийгөө зөв хөгжүүлэх нь маш чухал. Мөн гар утаснаас хэт хамааралтай байлгүй, зөв найз нөхдөө сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сурч мэдэхэд байнга анхаарч байхыг зөвлөж байна. “Ганган загвар гоо зүйн сургалтын төв” нь зөвхөн гоо зүй бус, хүүхэд залуусын бие бялдар, сэтгэл зүй, харилцаа, дадал хэвшлийг цогцоор нь хөгжүүлж, орон нутагт бодит эерэг өөрчлөлт авчирсаар байна.
2024 онд:
- Монголын хүүхдийн байгууллагын нэгдсэн холбооны "Лидэр" алтан медаль
- ”Best of me” улсын уралдаанаас шилдэг багш цом, өргөмжлөл
- БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдсан олон улсын урлаг загварын наадмаас "Шилдэг багш" цом, өргөмжлөл
- "Шилдэг агентлаг" өргөмжлөл
2025 онд:
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ” одон
- БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдсан Дундад Монголын хамтарсан олон улсын загварын тэмцээний "Шилдэг байгууллага" жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжигч шилдэг байгууллага, цом
- БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдсан “Бүс ба Зам” олон улсын загварын тэмцээний “Шилдэг агентлаг” цом, өргөмжлөл
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №012/24687/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.