“УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XX бага хурлын эмхэтгэл
“Дэлхийн усны өдөр”-ийг “Water and gender” буюу “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 51 жилийн ой, усны шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсний 61 жилийн ой, Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 66 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн XX бага хуралд оролцсон бүтээлүүдийг эмхэтгэн нийтэлсэн нь нэн ач холбогдолтой гарын авлага болжээ. БОУАӨЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн, Байгаль орчны Гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер И.Батцэцэг тус арга хэмжээний логог санаачлан, зохиосон юм. Жил бүр их дээд сургуулиудаар буухиалдаг “Ус-Хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээний бага хурлыг 2027 онд зохион байгуулах ажлыг ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн салбар хүлээн авсан тухай санаачлагч И.Батцэцэг дурдлаа.
“Дэлхийн усны өдөр”-ийг “Water and gender” буюу “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 51 жилийн ой, усны шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсний 61 жилийн ой, Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 66 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн XX бага хуралд оролцсон бүтээлүүдийг эмхэтгэн нийтэлсэн нь нэн ач холбогдолтой гарын авлага болжээ. БОУАӨЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн, Байгаль орчны Гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер И.Батцэцэг тус арга хэмжээний логог санаачлан, зохиосон юм. Жил бүр их дээд сургуулиудаар буухиалдаг “Ус-Хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээний бага хурлыг 2027 онд зохион байгуулах ажлыг ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн салбар хүлээн авсан тухай санаачлагч И.Батцэцэг дурдлаа.
Хурлын ерөнхий зохион байгуулагчаар ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэлийн тэнхим, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Мянганы сорилтын сан ажиллав.
Хурлын нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Усны газрын дарга З.Батбаяр, Монголын Мянганы сорилтын сангийн төслийн захирал Б.Батсүх, ХААИС-ийн ректор Б.Баасансүх нар хүрэлцэн ирж оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн бол ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан цахимаар мэндчилгээ ирүүллээ.
Эрдэм шинжилгээний хуралд ХААИС, АШУҮИС, МУИС, ШУТИС, ҮБХИС зэрэг сургуулийн 47 оюутны 26 судалгааны ажил ирснээс аман илтгэлийн 10, ханын илтгэлийн таван бүтээлийг шалгаруулан хэлэлцүүлэв.
Ивээн тэтгэсэн "Монполимет", "Мэйжор дриллинг", Юнеско, "Дунар-Од" ХХК -дыг талархлаа.
Уснаас эхэлсэн замнал
“УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ОЮУТНЫ ГУРАВДУГААР БАГА ХУРЛЫН ТУХАЙ ДУРСАМЖ

Ш.Мандах
/ХАА-н ухааны магистр, Байгаль орчны үнэлгээний шинжээч, газар зохион байгуулалтын инженер “Эко үнэлгээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
“Ус хэмнэцгээе” сэдэвт их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний III бага хуралд “Туул голын усны чанарт нөлөөлөгч хүчин зүйлс” сэдэвт илтгэл хэлэлцүүлж тэргүүн байр эзэлсэн нь амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан өдрүүдийн нэг байлаа. Тухай үед би төгсөх IV курсийн оюутан байв. Түүнчлэн тухайн 2008 онд "Нийслэлийн шилдэг залуу" алтан медалиар шагнуулсан нь “Зөв зүйл дээр ажиллаж байна” гэсэн итгэлийг улам бататгасан.
Энэхүү шагнал нь сэтгэлд жигүүр ургуулж судлаач болох замыг нээсэн итгэл, ирээдүй хайрласан шагнал байв.
Урам зоригтойгоор сургуулиа төгсөж 2008 оны зургадугаар сарын 15-нд өөрийн төрөлх сургуульдаа магистрт усны чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж мэргэшиж 24 настайдаа гурван жилийн судалгааны үр дүнгээр 2011 онд ХАА-н ухааны магистр зэрэгтэй болсон. Судалгааны нэр “Туул голын усны чанарын өөрчлөлт” нэртэй байлаа.
Өдгөө 18 дахь жилдээ байгаль орчны үнэлгээний салбарт тасралтгүй ажиллахдаа эрч хүч дүүрэн байх үндэс суурийг бидний судалгааны ажил бат суулгаж өгсөн гэж боддог.
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг хуралд идэвхтэй сонсогчоор оролцож сэтгэл догдлон хүлээдэг болж, цэнхэр алт усаа хэмнэх, дахин ашиглах хууль эрх зүйн болоод техник технологийн дэвшлийг судалдаг, үнэлгээний тайланд тусгаж, төсөл хэрэгжүүлэгч нарт зөвлөж байна.
2026 онд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ жил бидний бүтээж буй дурдатгал номд талархлын үгээ үлдээж байгаадаа туйлын баяртай байна.
Амьдралын эх булаг болсон “Цэвэр цэнгэг усыг хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэх” нь бид бүгдийн туйлын зорилго гэж үздэг билээ.
Мэндчилгээ

ШАХБАЗ ХАН
/ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор /
Эрхэм хүндэт найз нараа, эрхэм хүндэт хамтран зүтгэгч нараа, энэ чиглэлд ажиллаж буй залуучууд аа, энэ жилийн "Дэлхийн усны өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын нэрийн өмнөөс бүх оролцогч болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст халуун баярыг хүргэн гүн талархлыг илэрхийлье.
Та бүхний тууштай хичээл зүтгэлээр бид жил бүр ийнхүү цугларч, авьяаслаг залууст шинэлэг санаагаа хуваалцах боломжийг олгодог билээ.
Энэ жилийн "Дэлхийн усны өдөр" нь биднийг ус болон жендэртэй холбоотой орхигдсон асуудлуудыг илүү гүн гүнзгий эргэцүүлж, түүнд илүү анхаарал хандуулахыг уриалж байгаа юм. Усны асуудлуудыг дэлхий даяар хэлэлцэж буй энэ үед эмэгтэйчүүд, охид ус цуглуулах ажлыг зохицуулахад ихээхэн ачаалал үүрдэг ч усны засаглал болон техникийн манлайлалд тэдний оролцоо хязгаарлагдмал хэвээр байна. Хүн бүрийн усны аюулгүй байдлыг хангахын тулд бид энэ тэгш бус байдлыг зорилготойгоор шийдвэрлэх хэрэгтэй байна.
Монгол Улсын цэнгэг усны нийт хэрэглээний 80 хувийг газар доорх ус эзэлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нэмэлт олон сорилттой тулгарч байна. Эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд хүн бүрийн, ялангуяа эмэгтэйчүүд болон залуусын дуу хоолойг сонсож, зохих шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан би дараах гурван зарчмыг онцлохыг хүсэж байна. Үүнд:
-Нэгдүгээрт, тэгш хамруулалт. Ялангуяа эмэгтэйчүүдийн мэдлэг, мэргэжил, манлайллыг усны засаглалын бүх түвшинд нэгтгэх;
-Хоёрдугаарт, жендэрийн мэдрэмжтэй шинжлэх ухаан-нийгмийн бүлгүүдэд ажиглагдаж буй ялгаатай байдлыг судалгаагаар харуулах;
-Гуравдугаарт, тэгш боломж-охид, залуу эмэгтэйчүүд усны шинжлэх ухаан, инженерчлэл, бодлогын салбарт суралцаж, ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг юм.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Монголын Мянганы сорилтын сан, Дэлхийн усны түншлэл, ХААИС болон бусад их, дээд сургууль, түнш байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн залуу судлаачдыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнийг дэлхий даяарх охид, эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Мөн өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцож, илтгэл тавьж буй оюутан бүрд, та бүхний санаачилсан ажилд баяр хүргэе. Таны шинэлэг санаа, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь өнөөдөр болон ирэх жилүүдэд та бүхнийг дэмжих бидний хүчин чармайлтын гол шалтгаан нь байх болно.
Монгол Улсын усны аюулгүй байдлыг хангах, хэнийг ч орхигдуулахгүй гэсэн амлалттай НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг, ялангуяа Тогтвортой хөгжлийн зургадугаар зорилго, эмэгтэйчүүд, охидын эрхийг хангах Тогтвортой хөгжлийн тавдугаар зорилго, тогтвортой хотуудыг бий болгох Тогтвортой хөгжлийн 11 дүгээр зорилго зэргийг хангах үйлсэд та бүхний инновац, бүтээлч санаа санаачилга чухал үүрэг гүйцэтгэх юм. Та бүхэнд маш их баярлалаа.
Мэндчилгээ

С.ЧУЛУУНХУЯГ
/Монголын усны академи
доктор, профессор/
Ус хэмээх ховор, нандин, үл тайлагдам гэж хэлж болох бодисын нөлөөгөөр манай дэлхийн өнгө нь нарны аймгийн найман гаргийн дундаас ялгаран, цэнхэртэн харагдах нь гайхалтай. Дэлхийн гадаргуугийн 70 орчим хувийг ус эзлэх боловч тэр их усны ердөө л тун бага 2.5 хувь нь л цэвэр, цэнгэг байдаг. Харин энэ 2.5 хувийн мөн л 70 гаруй хувь нь мөсөн бүрхүүл болон мөсөн голд, 25 гаруй хувь нь газрын доор агуулагддаг бол үлдэж байгаа тун бага хувийг өнөөдөр найман тэрбум орчим хүн ашиглаж, унд ахуйдаа хэрэглэж байгаа тул цэвэр, цэнгэг ус харагдаж байгаа шигээ тийм элбэг биш, ховор эрдэнэ билээ.
Манай өвөг, дээдэс усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн бөгөөд магадгүй усны бүтэц, өөрөөр хэлбэл нэг атом хүчилтөрөгч, хоёр атом устөрөгчийн чандмана холбоосыг тандан тайлж, байгаль дээрх усны химийн томьёог илэрхийлсэн, дэлхий дээр анхны улс ч байж болно. Иймээс төгс найман гишүүнт ус хэмээн нандигнаж, хайрлаж, усны эх ундарга, булаг шанд, гол мөрний усыг хамгаалж, зохистой ашиглаж, танин мэдэж ирсэн сайхан уламжлал, ёс заншил, өв соёл бий. Үүнийг бид цааш нь уламжлах, хөгжүүлэх үүднээс их, дээд сургуулийн оюутны дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахыг зорьж ирсэн билээ.
Олон улс орнуудын адил жил бүрийн хавар “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ усны салбарт үе үеийн оюунлаг, чадвартай, сэтгэлтэй судлаач оюутан залуусыг дэмжих, тэдний нэгдмэл оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” эрдэм шинжилгээний бага олимп буюу хурлыг зохион байгуулахад оролцож байсан нь саяхан мэт боловч өдгөө 20 жил улиран одсон байна. "Дэлхийн усны өдөр"-ийн хүрээнд 2005 оноос эхлэн тасралтгүй олон үйл ажиллагааг санаачилан хийж ирсэн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын зөвлөлийн гишүүн, Байгаль орчны Гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, профессор И.Батцэцэгт нийт усны салбарын хамт олон болон хуралд оролцогчдын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Дээрх хугацаанд усны салбарын өмнө тулгамдаж буй асуудал, техник, технологийн тодорхой шийдэл, нийгэм эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг тодорхойлж, өөрсдийн судалгааны ажлаа эхэлж байсан хэдэн зуун залуусаас өнөөдөр олон улсын түвшинд танигдсан судлаач, эрдэмтэн, инженер техникийн ажилтан төрөн гарсныг харахад энэ хурал анхны тавьж байсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлж байгаад баяртай байна.
Жил бүрийн хэлэлцүүлэгдэж байгаа илтгэлийн агуулга, ач холбогдол, судалгааны аргазүй, сэдвийн хүрээ улам өргөжиж байгаа нь “УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” эрдэм шинжилгээний бага хурал нь өөрөө хөгжиж буйн илэрхийлэл юм. Ингээд итгэл даах оюутан, залуу судлаач та бүхэндээ амжилт хүсье. Урсах ус маань арвин, уух ус маань тунгалаг, ариун байхыг ерөөе. Усыг хэрэглэгч, ашиглагч та бүхэндээ "Дэлхийн усны өдөр"-ийн мэндийг хүргэе.
Ус бол тэгш хүртээл

Б.АЮУРЗАНА
/Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн
ахлах багш, доктор, дэд профессор,
Монгол Улсын Зөвлөх инженер/
Миний бие 2010 оны “Ус-хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээний хуралд “Хур тунадас нэмэгдүүлэх боломжийн судалгаа” нэртэй илтгэлийг хэлэлцүүлж дэд байрт орж байсан үе саяхан мэт санагдаж байна. Тус судалгаагаар гадаргын усны хуримтлалыг бий болгосноор усны ууршилтыг нэмэгдүүлж бичил уур амьсгалыг зөөллөх, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг Тайширын усан цахилгаан станцын жишээн дээр судалж байсан. Уг эрдэм шинжилгээний хуралд орсон маань судлаач болох урмыг өгч ус хэмээх гайхамшигт бодис, түүнд зориулах инженерчлэлийн талаар өргөн дэлгэрэнгүй судлах эхлэл болсон юм.
ШУТИС-ийн III курсийн сурах хүсэл нь хэтийдсэн оюутан анх "Ус-хөгжлийн түлхүүр" нэртэй эрдэм шинжилгээний хуралд Н.Насанбаяр багшийн удирдлагын дор орохоор болж судалгаагаа хийж байх үед энэ хурлын нэр маш гүн гүнзгий бодлыг бий болгож билээ. Ус яагаад хөгжлийн түлхүүр юм бол гэсэн асуултын хариултын заримыг нь тухайн хурлын үеэрх илтгэлүүдийг сонсож байхдаа ойлгосон. Мөн тухайн үед усны талаар олж авсан өөрийн ойлголтоо та бүхэнд хуваалцахыг хүслээ.
Ус байгаль дээр орших амин чухал эрдэнэ бөгөөд хэнийг ч ялгадаггүй, ижил тэгш хүртээл болж, бүх орон зайд эргэлдэн байдаг гайхамшигт бодис юм.
Усгүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх. Үүнтэй адил усгүйгээр хөгжлийг төсөөлөхөд бэрх. Ус хэнд ч гомддоггүй, хэнээс ч юу ч нэхдэггүй, байгаа бүхнээрээ хүн, амьтан, хөрст дэлхий, ургамал, мод, агаар мандал, үйлдвэр үйлчилгээ гээд бүгдэд хүрч хүртээл болж байдаг ийм л бодис.
Усны чиглэлийн инженерүүд, мэргэжилтнүүд яг л устайгаа адил хаана ус хэрэгтэй байна тэр бүхэнд хүрч ажиллахыг хичээдэг. Тэд усны ижил тэгш хүртээл болж олон бүхнийг ундаалах үүргийг нь биелүүлэх сайн хамтрагчид, бас сайн хамгаалагчид болж ажилладаг юм байна. Тухайн үед би усны сайн хамтрагч, сайн хамгаалагч, сайн судлаач, сайн инженер болохыг мөрөөдсөн.
Ус хөгжлийн түлхүүр эрдэм шинжилгээний хурал олон залуучуудад олон боломжийг нээж өгсөн.
Ус хөгжлийн түлхүүр эрдэм шинжилгээний хуралтай холбоотой бас нэг дурсамж бол "НydroAsia 2014" арга хэмжээ байсан юм. "Ус-хөгжлийн түлхүүр" эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцдог багш оюутнуудын хамт "HydroAsia 2014" – олон улсын найм дахь удаагийн арга хэмжээнд оролцож олон улсын оюутнуудтай туршлага судалж байв. Тэр үед Монгол оюутнуудын түвшнийг олон улсын оюутнуудын түвшинтэй харьцуулах боломж анх олдож, бид үргэлж шинийг ирэлхийлж, илүү сайн суралцах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож билээ. Энэ бүгдийг хийж оюутан бидэнд боломжийг олгосон усны салбарын боловсон хүчнийг чадваржуулах, тэднийг үргэлж дэмжин ажиллаж ирсэн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын зөвлөлийн гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, профессор И.Батцэцэг багш тандаа нийт усны салбарын эрдэмтэн, судлаач, багш нар болон оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.