МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Л.Түдэвийн хэмээхүй Ертөнц

Л.Түдэвийн хэмээхүй Ертөнц

Л.Түдэвийн хэмээхүй ертөнцийн ялгарах онц­лог нь хөг аялгуу агаад суд­лан шинжлэхүйн, ухуулан таниу­лахуйн, ухааруулан ойлгуулахуйн, урьдчилан сануулахуйн,  урин дуудахуйн, түгээн дэлгэрүүлэхүйн, анхаа­руулан сануулахуйн, бүр ертөнцийн тэр ч атугай давчдан бачуурахуйн хөг аялгуу ч сонсогддог юм билээ.

Үнэн
Админ

Л.Түдэвийн хэмээхүй ертөнцийн ялгарах онц­лог нь хөг аялгуу агаад суд­лан шинжлэхүйн, ухуулан таниу­лахуйн, ухааруулан ойлгуулахуйн, урьдчилан сануулахуйн,  урин дуудахуйн, түгээн дэлгэрүүлэхүйн, анхаа­руулан сануулахуйн, бүр ертөнцийн тэр ч атугай давчдан бачуурахуйн хөг аялгуу ч сонсогддог юм билээ.

Монгол төрхтний дэлхийд тархсан тархалт монгол хэл бол нострат параязык болох, хүмүүнлэгийн хэмээхүй ухаан Монголоос үүсэлтэй, хүнийг чулуугаар дүрслэх үзэгдэл монгол гаралтай болох тухай судалгаанууд нь Л.Түдэвтний ертөнцийн хөг аялгууны судлан шинжлэхүйн төрлүүд ажгуу.

“Наран жинст хорвоод буман

                                шав орхиж

Навчин залаат замиланг ханын

                     шийрээр тамгалж

Хангал морьтой өвгөд

                              дээдэс минь

Хагас орчлонг тулгын чулуугаар тэмдэглэжээ” хэмээн бичсэн Түдэвтэн хүн төрөлхтний ам бүлийн монгол­жуу төрхтөн шар арьстнууд Америк тив, Гренландын хойг, 60 гаруй мянган жилийн өмнө Австрали тивд хүрэлцэн очсон тухай судалж “...Хорвоод орхисон буман шав”-аар мөшгөн “хөлд орж” дэлхийд тархсан тархалтын  анхны ерөнхий тоймыг гаргажээ. “Аливаа үндэстэн ястныг таних гол онцлог нь арьсны өнгө, хэл яриа аж. “Хэлд орж үг хэлдэг хөлд орж газар гишгэдэг” гэж ардын мэргэн үг хүн болох хоёр гол увдисыг тодорхойлжээ...” Л.Түдэвтний судалгаа энэ л суурь дээр үндэслэгдэв.

Л.Түдэвтэн “Хүний хүчирхгийн гол нууц нь хэл...” хэмээн дүгнэж цэгнэн “Хэлтэйн ачаар үндэстэн ястан өөр бусдаас ялгагдаж, гурван өнгө арьстан 30 түм ястан хоорондоо ойлголцдог”, “Хэл ийнхүү хүн ардыг тодорхойлогч, хүн төрөлхтнийг сэхээрүүлэгч өөрөөс нь гарсан, өөрт нь заяасан өөрийг нь мөнхжүүлэх өөрийг нь баяжуулах увдис, өрөөлтэй ойлголцох зэвсэг...”, “Монгол хэл бол монголчуудын төрөлхийн увдис, үндсэн өмч, өвгөдийнх нь өв, ирээдүйнх нь элч буухиа...”, “Монгол хэл олон хэл, олон ястны, олон омгийнхны өвөрмөц аялгатай хэлнүүдийн өвөг нострат паразык юм” гэсэн дүгнэлтийг олон хэлэнд агуулагдан хадгалагдсаар байгаа монгол үгний тоо болон бусад судалгаанд үндэслэн анх гаргав.

Л.Түдэвтэн “Хүмүүний хамгийн том албан тушаал нь хүн байх” хэмээн тунхаглаж “Хүмүүнлэг хэмээхүй тодорхойлолт гарахаас өмнө бидний өвөг дээдэс “хүн” гэдэг үгээр өөрийгөө нэрлэж Хүн улс хэмээх хүчирхэг төрт улсыг байгуулж Төв Азийн зулайг эзэгнэнхэн сууж байв. Хүн гэдэг үг дэлхийн 100 гаруй улсын хэлэнд үлдэж хэрэглэгдсээр байгаа. Хүн гэдэг үгнээс ургуулан хүмүүнлэг, хүмүүжил гэдэг гүн ухаан, ёс суртахууны ойлголт бий болж улмаар өрнөдийн соёл иргэншилд ч “гуманизм” /хуманизм/, хуманитет /юманите/ “хүн төрөлтөн” гэсэн нэр томьёо тогтсон болох, Гуманист хэмээхүй нь өрнөдийн, хүмүүнлэг хэмээхүй нь Монгол ойлголтын европжсон нэр болой. Франц улсад “Юманите” гэдэг сонин гардаг. Хүмүүн хүмүүнлэгийн ухаан Монголоос гаралтай нь бахадмаар” хэмээжихүй. 

Та бидний өвөг дээдэс хүмүүнлэгийн ухааны хамгийн чухал нээлтүүд хүнийг хөдөлгөгч хүч, оршихуйд хүн хэмээхүйн гүйцэтгэх үүрэг болон бусад гайхамшигт нээлтийг хийж чадсан болохыг үүнийг бичигч би бээр улам ч бахархалтайгаар дурдан тэмдэглэе.

Л.Түдэвтэн буган, хүн чулуун хөшөөнүүдийг аймаг тус бүрээр бүртгэн цэгцэлж, хоёр ном бичиж “Хамгийн амь бөхтэй, найдвартай, баларшгүй мөр зөвхөн чулуунд л үлддэг хүнийг чулуугаар дүрслэх бүхэл бүтэн үзэл санаа Монгол гаралтай...” гэсэн үзлийг дэвшүүлэв.

Л.Түдэвтний эдгээр судалгааг цааш үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр суурь судалгаагүйгээр Монгол судлалыг ул үндэстэй гаргах боломжгүй. Учир нь, монгол судлалын гол гараа чухам энд л агуулагдан байх ажгуу.

Ийнхүү Л.Түдэвийн  хэмээхүй ертөнцийн ард түмнээ бурхан хэмээсэн. Ард түмнээ багтаасан эх орноо диваажин хэмээсэн сод болон гоцлох онцлогууд нь ухуулан таниулахуйн Л.Түдэвийн  хэмээхүй ертөнцийн өвөрмөц онцлог болох хоёр туйлын дурсахуйн цалам нь ухааруулан ойлгуулахуйн, мөрөөдөхүйн цалам нь урьдчилан сануулахуйн Л.Түдэвийн  хэмээхүй ертөнцийн гэрээс захиас нь урин дуудахуйн төрлүүд болой.

Л.Түдэвтэн зэвсэг хураах асуудлаас эхлэн дэлхий дахины чухал асуудлуудыг хэлэлцдэг Олон улсын парламентын бүлгэмийн сүрлэг хурлууд, Олон улсын сэтгүүлчдийн болон Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гүйцэтгэх хорооны дээд хэмжээний хурал чуулганууд, хүн төрөлхтний угсаа залгамжлах үүрэг хүлээсэн залуу үеийнхний “Үндэстэн олны хүүхдүүд үүрд нэг санаагаар амьдарна” хэмээн дуулцгаах залуучууд оюутны их наадмууд, тухайн цаг үеийн дэлхийн нэр хүндтэй эрхмүүдтэй уулзан учирч Монголын дуу хоолой болж олон улс оронд зочлохдоо, тухайн орны хөгжил дэвшил, урлаг соёлын ялгарах онцлог, Монгол эх оронтойгоо холбогдох холбоо хэлхээ зэргийг багтаан туйлын сайхнаар бичсэн богцоо  уншигч түмэндээ дэлгэхүй нь Л.Түдэвийн  хэмээхүй ертөнцийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхийн  хэлбэр болой. Тухайлбал,

“Үнэнхүү зохилдохоос (найрам­дахаас) сайн юун ахуй” (Өлзийт хаанаас Францын сайхан Филипп хаанд 1305 оны зун илгээсэн бичгээс), “...Напеолон Миссирийг байлдан дагуулах үедээ олсон том олз эртний Миссирийн бичигт чулуун хөшөөг байрлуулсан Конкордын буюу зохилдохуйн талбай”, Иф-ийн цайз, Монте Кристо гүний өргөө,  Францын яруу найраг шиг сэтгэл бадраам, Францын дуу хөгжим шиг зүрх булгилуулам, Францын урлаг шиг нүд баясгаж урам сэргээмээр... хэмээн Францын коммунист намын IX их хуралд оролцох үедээ болон бусад олон орноор аялсан тухай бичсэн нь уншигч тухайн орныг өөрийн нүдээр үзэж ирснээс ч илүүтэй мэдлэг мэдээллийг түгээдэг нь гайхамшигтай агаад нарийн мэдрэмж нь бүр ч биширмээр байдаг.

Л.Түдэвтэн Куба орны тухай тун ч сайхан бичсэн байдагсан. Кубын арлыг 1492 онд Кристофер Колумб анх нээж “Миний үзсэн газар орны хамгийн үзэсгэлэнтэй нь...” хэмээжээ. “...Их Антилын арлууд, тэдгээрийн хамгийн том дээр эрх чөлөөний гайхамшигт од Куба оршдог. Кубын гавьяа бол урьд өмнө бусдынхаа зүрхэлж гишгээгүй замаар эрслэн алхсанд оршино. Латин Америкийн 200 сая ард түмнээс долоон сая нь эрслэн босож эрх чөлөөгөө олов. Дайснууд Кубаас биш тус улсын нөлөөнөөс айж байна.” Өдгөө үед энэ орны хувь заяа бас л эгзэгтэй нэг сүртэй гэгчийн дохио анивчин  байнам.

Энэ сайхан оронд манай хүү Базарын Амарсайхан Гаванын анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүү минь оюутнууд нь сургууль дотроо шууд дадлагаа хийдэг шүдний дөчин хэдэн шинэ машинууд эгнүүлэн тавьсан эмнэлэгтэй Нүүр ам судлалын их сургуулийг улсаас огтхон ч зардал гаргалгүй байгуулж мөрөөдлөө биелүүлсэн хүн. Би Куба оронд хайртай.

“Сант-яго хот үзэсгэлэн төгөлдөр газар юм. Ялангуяа хуайс мод энд сайхан ургажээ. Хаа газар явахад хуайс мод надад энэ мэт сайхан сэтгэгдэл төрүүлж байсангүй. Эндхийн хуайс мод энхрий нимгэн өд мэт гоёмсог навчис далайн зөөлөн хонгор салхинд дэвүүр мэт сэрчигнэн хийсэж байхыг харах шиг таатай юм ховор билээ. Миний нутагт энэ хөөрхөн бор шувуунууд байдагсан. Тэд цэцэг навч алагласан уудам хээр газар охиу сайхан огторгуйд өндөр биш хөөрч гараад уран хөөрхөн далавчаа сэрвэгнүүлэн чичрүүлж нэгэн газар тогтнон ямар нэгэн үзэсгэлэнт хархүү рүү янаглан ширтэх залуу бүсгүйн эрвээхэй нүд мэлмэрч байх шиг харагддаг сан. Хуайс мод түүнийг санагдуулах юм. Эндхийн хуайс мод асар том бөгөөд үзэсгэлэнтэйн хувьд гайхалтай. Бас арж буржийн нударга буюу кактус гэгч босоо хүнээс өндөр ургасан тэр ургамлыг харахад төрсөн нутгийн минь үнэгэн хорхой санаанд орно. Ямар нэг төрхгүй үнэгэн хорой гозойгоод зогсчихсон эргэн тойрноо сониучлан харж байх шиг санагдана” 7-р боть (х.121) 

Ертөнцийн сайхан бүхнээс нүдээрээ үзэж ухаанаараа ойлгосон эрхэмсэг, бас ч ихэмсэг Л.Түдэвтэн бээр далайн зөөлөн хонгор салхинд дэвүүр мэт сэрчигнэн хийсэх эгэлхэн хуайс модны навчийг харан ертөнцийн таашаалыг хүртэн байгаа нь Л.Түдэвтэн хэмээхүй бодгалын төрөлх чанарын илрэл, тэрхэн зуур “Диваажин” хэмээх эх орноо дурсахуйг бор шувуу, үнэгэн хорхой төдийхөнд багтаан илэрхийлж буй нь түүний авьяас чадварыг гэрчлэх амой.

Л.Түдэвтэн улс орны хөгжил, нийгмийн амьдралд туйлын чухал ач холбогдолтой олон санааг дэвшүүлснээс зөвхөн ганцханыг онцгойлон сануулъя.

Монгол хүний танигдаж байдаг гол шинж нь монгол хэл юм. “Өсөхөөс сурсан монгол хэлээрээ Монгол үндэстэн гэдэг үнэмлэхээ болгосон. Монгол хэл бол монголчуудын үндэсний баялаг, үндэсний бахархал, үндэсний угшил, шинж тэмдэг нь юм”. Хэл бол тээгчээсээ салдаггүй аманд нь цээжинд нь орогнож явдаг үзэгдлийн хувьд тээгчийнхээ онцгой өв хөрөнгө юм.

Л.Түдэвтэн “Гэвч үндэстэн мөхдөг шиг хэл бас мөхдөг буюу “эзнээ алддаг”.  Үндэстэн өөр үндэстэнд уусдаг шиг хэл бас өөр хэлэнд уусан эрлийзждэг бичигдээгүй хууль байдаг. Заяамал хэлээ хуучинсаг гээд олдмол хэлээр гайхуулдаг залуус бас улстөрчид хэлний түрэмгийлэл хийхэд тэргүүн зэрэгт жагсдаг.

XXI зуунд гаарахын гамшиг дэгдэж тэр тусмаа бага балчир насныхныг эх хэлнээс нь өнчрүүлэх аюул нүүрлээд их хурдтайгаар эрчилсээр байгааг ийнхүү хатуу анхааруулжээ. Монгол хүний таних тэмдэг, үндсэн өмч, өв хөрөнгө монгол хэлээ сахин хамгаалах төр засаг түмэн олны үүрэг хариуцлага, сэрэхүй мөнхөд сонор соргог байхын сануулгыг санагалзан байж давтъя. Энэ нь Л.Түдэвтний ертөнцийн хөг аялгууны анхааруулан сануулахуйн төрөл юм.

Л.Түдэвтний амьдралын сүүлчийн жилүүдэд тохиолдсон нийгмийн огцом эргэлт болон хаосын давлагаа, бүхий л ухамсарт амьдралаа монгол эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулан яваа түүнийг ч нэрвэв. Бухимдан давчдахдаа “Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя” хэмээн дуугарахад хүргэж сүүлдээ бүр ч даль жигүүрээ хумхин дуугаа хураах болсныг үгүйсгэх аргагүй.

Л.Түдэвийн хэмээхүй ертөнцийн гэрээс захиас “Цаг хугацаа гэгч энэ хорвоо дээр тогтсон үнэн бөгөөд үнэмлэхүй дээд хууль юм. Нэгэнт байгаль эхээс тодорхой цаг хугацааг эзэгнэнхэн төрсөн бол тэрхүү үл үзэгдэх мөртлөө бүхнийг чадагч, бэлэн мөртлөө бэрх хүлэг морийг юун дээр уралдуулж, хаана бэлчээж, хаана тарлах билээ.

Бүхний эцэг нь цаг хугацаа бүхний эх нь газар юм. Газраас өөр тулгуур хүнд байхгүй. Газар дээр төрж газар дээр гишгэнэ. Хүний тулах зам ердөө л энэ. Газар хүн төрөлхтний өлгий нь,  мээм нь, авс нь ч мөн газрынхаа шимийг хүртэж хүний амьдрал өнгөрнө. Газарт оочсон хүн газраа түшиж босюу гэж монголчууд ярьдаг.

Цаг хугацаа үнэмлэхүй дээд засаглал байдаг шиг газар бол үнэмлэхүй дээд тэжээгч юм. Газар гэдэгт эх орон түүний тусгаар тогтнол, хүн ардын гурван цагийн амьдрал, эрүүл мэнд, эд баялаг, эрх чөлөө багтсан байдаг. Газраа дээдлэх газраа хайрлах газраа асрах газраа анхдагч бөгөөд эцэслэгч гэдэг бодол сэтгэлгээтэйгээр шинэ зуунд орох учиртай. Цаг хожсон нь бүхнийг хожно. Цагийг морь шигээ эзэгнэхийн тулд овсгоотой, авхаалжтай, шаламгай, идэвхтэй, шаргуу, уйгагүй, хөдөлмөрч зан чанарыг яг л одооноос олж авч чадвал тэр хүн өөртөө заяасан цагийнхаа хаан нь болж чадна. Манай орны газар шороо түүн дээр цогцолсон бүхэн бүгдээрээ өөр хэнийх ч биш гагцхүү залуус та нарынх! Өөр өмчлөгч түүнд байхгүй. Тиймээс цагаа лут эзэгнээд газраа бат тулаад ирээдүйнхээ хоймор өөд дээш дээшээ ёс төртэй морилогтун! Залуусаа! 7-р боть х.260

Л.Түдэвтэн цаг хугацаа гэгч “Бүхнийг засаглагч аргамаг хүлэг”-ийг онцгойлох онцлог оюунаараа онилон, өвөрмөц онцлог  цалмаараа бугуйлдан, сод онцлог “Бурхан” хэмээхүй ард түмнийхээ төлөө, “Хүн төрөлхтнийг байлдан дагуулах хамгийн сонгомол арга сайн ном” 40 ботидоо “бэлчээрлүүлэн”, ГОЦ онцлог “Диваажин” хэмээх эх орондоо нутагшуулан, цахилан хурдлах төвөргөөнийг нь Л.Түдэвийн хэмээхүй ертөнцийн ялгарах онцлог хөг аялгуу болгон, аргамаг хүлгийнхээ эзэн нь болж бүхний эх газар нутгийнхаа хойч үеийн залууст цулбуурыг нь атгуулахаар зэхсэн ажгуу.

Л.Түдэвтэн бээр аргалын утаа боргилсон малчны гэрт төрж монгол амьдралаас тодрон гарсан ард гаралтан “варддаж, форддож” (Хар-, Стэн-, Окс-) яваагүй ч үндэсний, монгол үндэстний нэгэн цаг үеийн соён гэгээрүүлэх үйлсийн “Капитан”, “Ахемсийн Монгол”-ыг бүтээх аугаа их үйлст оюуны  хандив оруулагчийн нэгэн билээ.

Л.Түдэвийн  хэмээхүй ертөнцөөр зэрвэсхэн аялав. Гагцхүү Түдэвтнээс л гарах оюун ухаан, Түдэвтнээс л ундрах сэтгэлгээ, Түдэвтний л эзэмдсэн хэлээр амьссан Л.Түдэвийн  хэмээхүй ертөнц тодров оо.

Уншсан, ойлгосон, сонирхсон, мэдсэн, мэдэрсэн, судалсан, эргэцүүлснээ та бүхэндээ тайлагнахыг хичээлээ.

Кэмбриджийн дэргэдэх Олон улсын намтар судлалын төвийн XXI зууны гарамгай оюунлаг-2000-ын нэгэн,  АШУҮИС-ийн Хүндэт профессор С.Даваахүү бээр тэрлэв.

Эх сурвалж: Монголын үнэн сонин 

#Урлаг #соёл
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.