Н.Буянбаатар: Бид хойноо баавгай, урдаа луутай ч хэдэн зуунаар өвлөгдөөд ирсэн ондооших өв соёлтой ард түмэн
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Буянбаатартай ярилцлаа.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Буянбаатартай ярилцлаа.
-Таны уран бүтээлийн эхний он жилүүд Үндэсний урлагийн их театртай холбоотой байж Монголын биет болон биет бус өвүүдийг таниулах, хэрэглэгдэхүүн болгон хэвшүүлэхэд анхаарч ирсэн. Театрын ажлаа өгснийхөө дараа ч энэ хандлага, үзэл санаа үргэлжилж сонгодог урлагийн соёлтой зах зээлд үндэсний язгуур урлаг болон монгол сонгодгуудаа танилцуулж сурталчлаад ирлээ. Том зах зээлийн соёлоос суралцаж, өнгөрсөн жилүүдэд бүтсэн урлагийг бүтээгдэхүүн болгон танилцуулахад ямар зүйлсийг ажиглаж, анзаарсан бэ?
-Хөгжим бүжгийн дунд сургуульд морин хуурч мэргэжлээр сурч эхэлснээс тооцвол би мэргэжлийн хөгжмийн урлагийн сургууль, байгууллагад сурч ажиллаад хагас зуун жил болж байна. Энэ хугацаанд соёлын өдөрлөг, урлагийн фестиваль, айлчлал, экспо гээд хувийн болон хувьсгалын, дотоод төдийгүй гадаадын олон удаагийн арга хэмжээнд оролцсон. Туршлага хуримтлуулж, гадаадын соёлт ертөнцтэй танилцаж, харьцуулах боломж олгосон эдгээр он жилүүдэд Монголын урлаг чанартай, өвөрмөц, сонирхолтой бүтээгдэхүүн мөн гэдгийг ойлгосон. Өөрийн онцлогтой урлагийн бүтээл, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах нь Монголын нэг ондоошил, бахархал гэж боддог. Гэхдээ би удирдаач хүн. Урлагийн менежментэд санаа тавих нь миний хийх ажил биш. Энэ ажлыг өөр хүн хийх ёстой. Харин миний хувьд “Монголын урлаг, урлагийн бүтээлүүд ийм байгаасай, ингэх юмсан” гэсэн санал бодлоо аль болох олон хүнд чадлаараа ойлгуулах гэж хичээсэн. Харамсалтай нь үндсэн ажилдаа түүртээд, тоглох гэж байгаа уран бүтээл, оркестрын хөг, байгууллагын дотоод ажилд анхаарал хандуулаад илүү ихийг чадаагүй. Гэхдээ л гадаад зах зээлтэй холбоотой ажлыг ямар нэгэн агентлаг, аль нэг байгууллага бодлогоор хийх ёстой гэсэн бодол сэтгэлийн мухарт дандаа уяатай явсан.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажилласан сүүлийн жилүүдэд гадаад харилцаанд анхаарч тодорхой ажил хийх гэж үзсэн. Тэдгээрийн зарим нь бүтэлтэй болсон. Бас бүтэлгүй болсон нь ч бий. Одоо бол Монголын урлагийн ажилтны холбооны Хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн, өөрийн үүсгэн байгуулсан Монголын их найрал хөгжмийг дэмжигчдийн холбооныхоо ажлыг хийж байна. Төсвийн байгууллагын ажилд уягдаж цаг нар гэхгүйгээр эртнээс бодож явсан ажлуудаа хэрэгжүүлье, эхлүүлээд бүтэлгүй болсон ажлынхаа ард гаръя гэсэн бодолтой болсон. Тиймээс өмнө нь хамтран ажиллахаар ярилцсан Австри улсын “Rieder Promotion” байгууллагатай хэрэгжүүлэхээр болсон ажлаа үргэлжлүүлж байгаа нь “Authentic Mongolia” тоглолт юм. Бид Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийг үндэсний язгуур урлагтай нь хамт гадаадын зах зээлд таниулан сурталчилъя гэж бодсон. Мэдээж энэ том салбарт бүтээгдэхүүн хэлбэрээр анхлан танилцуулж байгаа урлагаа эдийн засгийн эргэлтэд шууд оруулах боломжгүй. Тийм учраас энэ удаа бид томоохон театрт уран бүтээлчид тоглолтоо хэрхэн хийдэг тэр дүрэм журмын дагуу ажиллалаа. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн дүрмээр “Authentic Mongolia” тоглолтоо хийхийг хичээсэн. Ерөнхийдөө тоглолт хийх зарчим адилхан ч дэлхийн “А” зэрэглэлийн заалны үнэлгээ нь өөр. Тэнд тоглох зиндаанд тохируулж эрх авна гэдэг нь хариуцлагын асуудал. Тодорхой хугацааны өмнө танилцуулга, материалуудаа явуулж байж тоглолт хийх эсэх нь шийдэгддэг. Өөр нэг ялгаа нь зөвхөн солистууд эдгээр зааланд тоглодог учраас төдий чинээ шаардлага өндөр байдаг гэж ойлгож болно.
-Тоглолтын тасалбар борлуулагдах болов уу гэсэн айдас танд байсан уу?
-Эрсдэлтэй гэдгийг би мэдэж байсан. Яагаад гэвэл, театруудын заалны суудлын тоо хязгаартай. Тэнд дэлхийн урлагийн шидээврүүдийг үзэх гэж хүмүүс зорьж очдог, эртнээс тасалбараа захиалдаг. Ийм нөхцөлд төлбөр, гарах зардал ямар байх нь ойлгомжтой. Үүнээс олох орлого мөн тодорхой. Товчхондоо, тоглолтод зарцуулсан зардлынхаа тав хуваасны нэгийг олно гэдгээ бид мэдэж байсан. Юу нь чухал вэ гэхээр улс орныхоо олон зуун жилийн түүхтэй монгол хөгжмийн өвөрмөц өв соёлыг дэлхийн үзэгчдэд үзүүлье гэж зорьсон. Бид өнгөрсөн зууны 50-аад оноос мэргэжлийн хөгжмийн тухай ярьж эхэлсэн. Хөгжлийн хувьд 100 жил ч хүрээгүй гэсэн үг. Гэхдээ бид өнөөдөр дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөл нийлүүлээд алхаж байна, үүнийгээ тэдэнд харуулъя, бахархъя гэж бодсон юм.
Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой. Бид хойноо баавгай, урдаа луутай. Гэхдээ монгол хэлээрээ ярьдаг. Хэдэн зуунаар өвлөгдөөд ирсэн өв уламжлалтай ард түмэн. Ийм суурин дээр дэлхийн хөгжмийн боловсролоос тусгаж Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжим хөгжиж байна. Өнөөдөр бидэнд морин хуурт зориулсан концерт, сопрано хоолойд зориулсан романс, дуурийн ари бас үндэсний хэмжээний бүжгэн жүжгүүд, симфони оркестр байна. Энэ бүгдийг харуулах бидний зорилго болохоос ашиг олох тийм ч чухал биш. Юм болгоныг мөнгө талаас нь харж эдийн засгийн үүднээс хандаж болохгүй. Ач холбогдол, агуулга, өнөөдөр биш ирээдүйд ирэх үр шимийг нь харах ёстой гэж энэ ажлыг эхлүүлсэн.
-Уран бүтээлчдийн хийсэн бичлэгээс үзэгчид сэтгэл хангалуун байгаа нь харагдсан. Харин энэ ажлыг эхлүүлсэн та үр дүнгээ ямар болсон гэж хэлэх вэ?
-Бид зорьсон зорилго, үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Гэхдээ нэг гүйцэтгээд болдог юм биш, үүнийг давтамжтай хийх ёстой. Бүх зүйл ийм л зарчмаар явдаг. Өнөөдөр кока колаг хүн бүр мэддэг ч гэсэн орой болгон дэлгэцээр сурталчилгаа нь гарч байна. Яг үүн шиг менежмент маркетингийг бид явуулах ёстой. Хэд хэдэн удаа давтаж байж сая Монгол ямар хөгжмийн урлагтай, гайхамшигтай өв соёлтой юм бэ гэдгийг мэдрүүлнэ. Үр дүнд нь хүмүүс энэ улсын урлагийг сонгон үзэх ёстой юм байна гэж ойлгоно. Европчууд хүн болж төрснийх Шекспирийн зохиолуудыг уншсан байх ёстой гэдэг. Бас П.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэхийг соёлын нэг хэлбэр гэж үздэг. Өөрөөр хэлбэл, энд хүн болж төрснийх оюуны талхаа идэх ёстой гэдгийг ухамсрын түвшинд хүлээн авч байгаа хэрэг. Тэгж байж оюун санааны хувьд эрүүл байх ёстой юм байна гэдэг бодол тогтчихдог. Тэгэхээр бид ч гэсэн Монголын урлагийн ийм бүтээгдэхүүн гараад ирсэн. Үүнийг зайлшгүй үзэх ёстой гэдэг зорилго руу л явах ёстой.
-Ийм гүн утгыг агуулсан тоглолт хийх боломж манайд байгаа гэдгийг мэдрээд ирсэн болохоор дараагийн алхмаа тодорхой болгоод ирсэн гэж бодож байна?
-Ийм хэмжээний тоглолт хийхийн тулд хоёр жилийн өмнөөс ярьдаг. Харин бид олон улсын туршлагатай байгууллагатай хамтарсан учраас тоглолтоо хурдан хугацаанд амжилттай хийж чадлаа. Түүнээс биш яг ном журмаар нь явъя гэвэл 2028 оны тоглолтыг одооноос ярина гэсэн үг. Үүнийг энгийнээр ойлговол яг хичээлийн шинэ жил шиг. Азтай, хурдтай шийдэгдвэл дараагийн тоглолтдоо нэг жилийн дараа оролцоно гэж ойлгох хэрэгтэй.
Ер нь яагаад Европ, тэр дундаа Австрийг сонгосон бэ гэхээр олон зуунаараа томоохон хэлбэрийн сонгодог бүтээл, төгөлдөр хуурд зориулсан бүтээлүүдийг хүлээн авч сурсан. Сонсогчдод нь хөгжим сонсох соёл тогтсон байдаг. Тиймээс тэнд зах зээл, хэрэглэгч байна. Бас Монголын онцлогтой урлагийн бүтээгдэхүүн гаргах боломж бүрэн дүүрэн байна гэж харсан.
-Европын бусад улс оронд тоглолт хийх талаар бие даан судалж байгаа юу?
-“Тоглолт хиймээр байна” гээд дураараа давхиад байж болохгүй. Европт заавал мэргэжлийн агентлагтай хамтарч ажилладаг. Яагаад гэвэл, тэд тэндээ бүртгэлтэй. Аль хэдийнэ үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай. Тогтсон үйл ажиллагаатай учраас татвараа төлдөг юм байна. Гэхдээ бүх зүйл дүрэм журамтай, түүнийг нь дагасан үнэ хөлстэй. Өнгөрсөн удаад Брамсын зааланд болсон тоглолтын үеэр үг хэлэх боломж олгохыг би менежерээсээ хүссэн юм. Улмаар хоёрхон минут үг хэлэхэд 400 евро төлнө гэсэн учраас би больсон.
Вена хотын гол зааланд тоглолт болоход хөтөлбөрийг суудал дээр нь байрлуулах юм уу, үүдэнд нь хүн тараадаг. Гэтэл Брамсын заал өөр, үзэгч тоглолтын хөтөлбөртэй танилцахын тулд 80 цент төлөх шаардлагатай. Энэ бол журам. Та үнэхээр юм үзэх гэж байгаа бол мөнгө төл гэсэн үг. Дээр нь тасалбарын үнийг тэд тогтоож байна. Нэг онцлууштай зүйл нь тэндхийн 2-3 эгнээ 10 еврогийн үнэтэй. Бага орлоготой иргэд, залуучуудад зориулсан суудлууд бөгөөд бодлогоор урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа бодит ажил юм. Энэ мэт Австрийн тоглолтоос маш их юм сурлаа. Ахиад ч сурмаар юм олон байна. Зүйрлэвэл бакалаврын түвшин төгссөн мэт санагдлаа.
-Австрийн тоглолтод Монголын мэргэжлийн урлагийн гурван цагийн төлөөллөөс оролцуулсан. Одооноос яригдаж байгаа тоглолтод ямар уран бүтээлчдийг оролцуулах бодолтой байна вэ?
-Тоглолтын анхны бүрэлдэхүүнд Монгол Улсын мэргэжлийн урлагийн улсын зэрэглэлийн байгууллагын төлөөллөөс түлхүү хамруулахыг зорьсон. Мөн энд ажиллаж байгаа тэргүүлэх зэрэглэлийн уран бүтээлчдийг оролцуулахыг бодсон. Удаах нь дээрх байгууллагуудад харьяалагддаггүй мөртлөө мэргэжлийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваа чөлөөт уран бүтээлчид. Дээр нь Монгол Улсын мэргэжлийн хөгжмийн сургууль болох консерватори, түүний дэргэдэх Хөгжим бүжгийн дунд сургуулийн төлөөллөөс багтсан. Бас нийслэлээрээ овоглосон ганц театр болох “Улаанбаатар”-аас уран бүтээлч оролцууллаа. Тэдгээрээс төгөлдөр хуурч А.Түшигтийг оруулж байгаа нь Монголын ирээдүйг харуулахыг хүссэн юм. Хэн ч хараад манай уран бүтээлчдийг өөлж чадахгүй байх. Яагаад гэвэл би муу ч, сайн ч урлагт хагас зуун жил амьдраад байна шүү дээ.
Дараагийн удаад сонголтыг хэрэглэгч хийнэ. Гэхдээ юу байна, манайд бүтээгдэхүүн байна. Хэдэн зууны түүхтэй нь ч байна, энэ зууных нь ч бий. Бид эдийн засгийн хувьд буурай гэдэгт нь багтаж магадгүй ч урлагаараа бол хэнбугайг нь ч цаашаа гэнэ шүү.
Бид довтлох ёстой. Заримдаа хамгаалах ёстой. Гол нь импортын урлагт дарлуулж болохгүй. Америк улс л гэж байна. Америк хүн гэж байхгүй. Харин Америкийн иргэн гэж бий. Тийм учраас америкаар ярьдаггүй, англи хэлээр ярьдаг. Бид дэлхийн түүхэнд Монгол хэмээх эзэнт гүрэнтэй байсан. Бас монгол эх хэлээрээ ярьж байна. Энэ бидний бахархал. Үүнийг авч үлдэхийн тулд зөөлөн хүчний бодлогоор хэл, соёл, урлагаараа хамгаалалт хийх ёстой. Гайхуулмаар байна шүү дээ. Монгол соёл урлагаараа бахархмаар байна.
Дээр нь эх оронч үзэл гэж яриад байна. Талбай дээр жагсаж, сошиалд сэвээд эх оронч болчихдоггүй. Ярих нэг өөр, хийх нэг өөр. Эцсийн эцэст үр дүн чухал. Зорилго тавих ёстой, зорилттой байх ёстой. Төлөвлөх ёстой, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлж байгаадаа хяналт тавих ёстой. Тэгээд үр дүн чухал.
-Ярилцлагын дийлэнхэд урлагийн тухай хөвөрч хувь уран бүтээлчид хандсан асуулт хойшилмоор төгсөх гэж байна. Тиймээс олон таван үг нуршилгүй уран бүтээлчийн хувьд сэтгэл дүүрэн явж чадаж байгаа эсэхийг тодруулъя?
-Би удирдаач гэхээсээ илүү оркестрын хөгжимчин, морин хуурч. Тухайн цагт сонгон суралцаад үндэсний найрал хөгжмийн удирдаач болсон. Удирдаачаар хойно сурах боломж байсан ч аав маань намайг явуулаагүй юм. Гэхдээ би ерөөсөө харамсдаггүй. Би алга дарам ганцхан дипломдоо маш их хайртай, миний хамгийн үнэтэй зүйл. Тэр бол 1985 онд надад Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөхөд өгсөн диплом. Түүн дээр оркестрын хөгжимчин, хөгжмийн сургуулийн багш, үндэсний найрал хөгжмийн удирдаач гэж байдаг. Би өнгөрсөн хугацаанд гурвуулангаар нь ажилласан.
Би зүтгэсэн, хүн мөрөөдөлтэй байх ёстой. Тэр зорилго, мөрөөдлийнхөө хаана нь ч хүрээгүй байна. Энэ ганцхан надаас шалтгаалахгүй. Гэхдээ өнгөрсөн 40 жил мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллах гэж үзсэн. Сайн байсан уу, муу байсан уу гэдгийг үзэгчид, мэргэжлийнхэн л дүн тавих байх. Би өөрийгөө Монголын урлагт гийгүүлсэн гавьяатай гэж хэлэхгүй. Ганц бардам хэлж чадах зүйл нь би гай болоогүй. 40 жил их зүйл сурлаа. “Сур, сур, бас дахин сур” гэсэн гээд хүмүүс муу хэлээд байдаг. В.И.Ленин гуай зөв л юм хэлсэн юм билээ. Одоо ч гэсэн суралцсаар л явж байна шүү дээ.
Б.Сэлэнгэ
Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.