Нефтийн хямрал улс орнуудын бэлэн байдлыг харууллаа
АНУ Ираны цөмийн байгууламжуудад өнгөрсөн оны зургадугаар сарын 22-нд цохилт өгөх үеэр Ираны эрх баригчид дэлхийн нефтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг “Ормузын хоолойг хаана” хэмээн мэдэгдэж байв.
АНУ Ираны цөмийн байгууламжуудад өнгөрсөн оны зургадугаар сарын 22-нд цохилт өгөх үеэр Ираны эрх баригчид дэлхийн нефтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг “Ормузын хоолойг хаана” хэмээн мэдэгдэж байв. Энэ нь хоосон үг биш байж таарч, сар гаруй хугацааны турш үргэлжилж байгаа АНУ, Израилын дайралтын эхэн үеэс Иран төлөвлөгөө хэрэгжүүлж, дэлхийн газрын тос, байгалийн хийн хангамжид томоохон тасалдал үүсгэж, зах зээлийг донсолгов. АНУ, Израил, Иран зэрэг нефтийн хүчирхэг тоглогч орнуудын дунд үүссэн зөрчил Ойрх Дорнод, бүс нутгийн хэмжээнээс хальж, нефтийн үнийг өдөөж, дэлхийн эдийн засгийг инфляцын дарамтад оруулж байна. Шинжээчид энэ удаагийн хямрал 1970-аад оны дэлхийн нефтийн хямралтай дүйцэх хэмжээний хохирол дагуулж мэднэ. “COVID-19” цар тахлын үеийн хэмжээний доргио үүсгэж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Олон жил цурманд байсан Ойрх Дорнодын хурцадмал зөрчил тэсэрч, цэргийн ажиллагаа, улс төрийн өрсөлдөөн болон тэлсэн. АНУ, Израил, Иран, Саудын Араб зэрэг нефтийн зах зээлийн гол тоглогчид ашиг сонирхолдоо бат зогсож, харилцан буулт хийхгүй байгаа нь хямралыг улам хурцалж байна. Үүссэн хямрал улс орнуудад харилцан адилгүй нөлөө үзүүлж байгаа бол хамгийн хүнд хэцүүг Ази, Европын орнууд үүрч эхэлжээ. Ази, Европын орнуудын нефтийн импорт Персийн булангаас гарч, Ормузын хоолойгоор дамждаг нь бүс нутгийн орнууд хямралд бэлдэж, бүсээ чангалах хэмжээний дохио өглөө. Хямрал гүнзгийрсээр байгаа ч дэлхийн улс орнууд нэгдэж, нэгдсэн байр суурь илэрхийлэхээс зайлсхийж, эсрэгээрээ өөр өөрсдийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалсан хариу үйлдэл үзүүлэх болов. Зарим нь нийлүүлэлтээ хамгаалж, нөөцөө ашиглаж байхад нөгөө хэсэг нь хэрэглээгээ хязгаарлаж, харин зарим нь иргэдээ хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэллээ.
Япон стратегийн нөөц рүүгээ орж, татаас олгох бодлого барьж байна
Япон улс газрын тосны экспортынхоо арван хувийг Иранаас авдаг. Фукушима Дайчигийн АЦС-ын ослын дараа цөмийн ихэнх реакторуудаа зогсоож, "хар алт"-ны эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн тул Япон импортоос бүрэн татгалзах боломжгүйд хүрчээ. Сүүлийн таван жилд Ираны газрын тосны импорт 40 хувь буурсан байна. Тус улсад гуравдугаар сарын хоёр дахь арав хоногийн сүүл гэхэд бензиний жижиглэнгийн үнэ литр тутамд 190.8 иенд хүрчээ. Энэ нь 1990 онтой харьцуулахад хамгийн их өсөлт юм байна. Засгийн газар нь нефтийн үнийг 170 иенд барихын тулд стратегийн нефтийн нөөцөө гаргаж, ААН-үүддээ татаас олгох бодлого барьж эхэлжээ. Персийн буланд удаан үргэлжилж мэдэх хямралаас болгоомжилж буй тус улсын албаны хүмүүс цөмийн цахилгаан станцуудаа дахин ашиглаж, эрчим хүчний хямралыг даван туулах асуудлыг ч хөндөх болжээ.
БНСУ стратегийн нөөцөөс 22.46 сая баррель газрын тос гаргана
Өмнөд Солонгосын эрх баригчид АНУ болон Израилын Иранд хийсэн дайралтын дараа үндэсний нөөцийн аюулгүй байдлын дөрвөн шатлалт системээ хоёрдугаар түвшинд хүртэл нэмэгдүүлжээ. Мөн Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнуудын хооронд байгуулсан гэрээний дагуу стратегийн нөөцөөс дөрөвдүгээр сард 22.46 сая баррель газрын тос гаргахаар болж, шатахууны үнийн хязгаарыг тогтоолоо. Түлшний үнэ дээр шинэ хязгаарлалт хэрэгжүүлэхийн хамт нефтийн бүтээгдэхүүний шударга бус бизнесийн үйл ажиллагаанд хатуу хяналт тавихаар болжээ. БНСУ одоогоор Персийн булангийн орнуудтай шууд дипломат хэлэлцээ хийж, тээврийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг эрмэлзэж буй аж.
Энэтхэг Иранаас нефть худалдаж авлаа
Персийн буланд дайн эхэлж, ялангуяа Ормузын хоолой хаагдахад чамгүй хохирол амссан улсын нэг нь Энэтхэг. Тээвэр логистик, боомтын дэд бүтцийн хүндрэлээс болж дөрөвдүгээр сард ОХУ-ын нийлүүлэлтийг алдаж, импорт нь буурах төлөвтэй байсан тус улс нефть импортын гарцаа олжээ. Хэдийгээр Ойрх Дорнодоос нийлүүлэлт тасалдсан ч Энэтхэг дөрөвдүгээр сарын 5-нд Иранаас өмнөхөөсөө илүү газрын тос худалдаж авч, боловсруулах үйлдвэрүүдийнхээ түүхий нефтийн хангамжийг нэмж чадсан байна.
Тегераны эрчим хүчний хамгийн том түнш БНХАУ
Хятад Ираны нефтийн экспортын том төлөөлөгч бөгөөд импортын хэмжээгээрээ Европын холбооны дараа гуравт бичигддэг байна. Ираны газрын тосны экспортын ойролцоогоор 14 хувь БНХАУ руу илгээгддэг аж. АНУ-ын хориг арга хэмжээнээс эмээж бусад орон ухарч байгаа ч Бээжин Тегераны хамгийн том эрчим хүчний түнш хэвээр байна.
Сингапур болгоомжилж байна
Азийн хамгийн том санхүүгийн төв болох Сингапурын эрх баригчид эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл рүү шилжих, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах, гэр орноо тодорхой температураас доош хөргөхгүй байхыг иргэд болон бизнес эрхлэгчдэдээ уриалжээ. Ойрх Дорнодын мөргөлдөөнийг даган үүссэн нефтийн хомсдолын эсрэг Сингапур болгоомжтой хандаж байна. “Үүссэн нөхцөл байдал нь эхлэл төдий зүйл. Хамгийн муу үр дүн удахгүй үүснэ” хэмээн болгоомжилж буй тус улс эрчим хүчний өөр эх үүсвэр судалж, Австрали, Шинэ Зеланд зэрэг оронтой хамтран эрчим хүч, хүнс, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тогтвортой нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Пакистанд ШТС-уудад хэдэн км урт дараалал үүсэв
Пакистан улс ажлын долоо хоногийг богиносгож, эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлаж эхэлжээ. Зарим салбарын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, сургуулиудыг хоёр долоо хоногийн турш хааж, оффисын ажилтнуудыг интернэтээр алсаас ажиллахыг зөвлөжээ. Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр тус улсын нөхцөл байдал хурдацтай доройтсон. Хотуудын амьдрал бараг зогсонги байдалд орж, хаа сайгүй агааржуулагчийн хязгаарлалт тавигдаж, температур 40 хэмээс дээш өссөн байна. Шөнийн дотор дизель түлшний үнэ өсөж, ШТС-уудад хэдэн км урт дараалал үүсжээ. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул төрийн албан хаагчдад гадаадад хийх айлчлалаа түр зогсоож, 25 хэмээс дээш температуртай агааржуулагчтай өрөөнд ажиллах, костюм, зангиагаа тайлж, алсын зайнаас ажиллах горимд шилжихийг үүрэг болгожээ.
Австрали шатахууны хууль бус өсөлтөд хариуцлага тооцох хуультай болно
Австрали улс иргэдээ хамгаалах эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, шатахууны үнийн өсөлтийн дарамтыг багасгахын тулд түлшний татварыг бууруулжээ. Алслагдсан бүс нутгийн иргэд сандарч эхэлсний улмаас олон зуун ШТС түлшний хомсдолд орсон байна. Засгийн газар нь шатахууны үнийн хөөрөгдөлд ногдуулах шийтгэлийг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төслийг парламентад өргөн барьжээ.
Шинэ Зеланд иргэддээ мөнгөн дэмжлэг олгож байна
Шинэ Зеланд улс хямралын үед иргэдээ хамгаалах бодлого хэрэгжүүлж, мөнгөн дэмжлэг олгож, инфляцын нөлөөг зөөлрүүлэх бодлого барьж эхэлжээ. Дөрөвдүгээр сараас эхлэн бага орлоготой гэр бүлүүдэд түр зуурын санхүүгийн дэмжлэг үзүүлж эхлэх юм байна. Тус улсын Сангийн сайд Никола Уиллис "Эдгээр гэр бүлүүд дэлхийн шатахууны үнийн цочролд онцгой өртөнө. Тиймээс цаг алдалгүй тусламж үзүүлж байна" хэмээн мэдэгджээ.
Европын холбоо
Газрын тос, байгалийн хийнээс шалтгаалсан эрчим хүчний нөөцийнхөө 50 хувийг, тийрэлтэт түлшнийхээ 40 гаруй хувийг Персийн булангаас зөөдөг Европын холбооны улсуудад Ойрх Дорнодын мөргөлдөөн толгойны өвчин болж байна. Оросын байгалийн хийн нөөцөөс холдсоны дараах эрчим хүчний хямралаас өндийж чадаагүй Европ дахин шинэ эрчим хүчний цочролтой нүүр тулсан учраас бүсийн орнууд цөмийн эрчим хүчний сонирхлоо сэргээж эхэлжээ. Албаныхан нөхцөл байдал улам дордож болзошгүйг анхааруулж буй бол Европын комисс иргэдээ гэрээсээ ажиллаж, бага аялахыг уриалжээ.
Парист саяхан болсон Европын Цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтын үеэр Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “1990 онд цөмийн цахилгаан станцууд Европын цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг үйлдвэрлэж байсан бол одоо 15 хувь хүртэл буурлаа. Энэ нь Европыг чулуужсан түлшний импортоос бүрэн хамааралтай болгож, дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад сул талтай харагдуулж байна. Европ цөмийн эрчим хүчнээс татгалзсан нь стратегийн алдаа байсан” хэмээн мэдэгджээ. Европын комисс өртөг хямд, практик байдал зэргийг тооцон жижиг модульчилсан реактор хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь цөмийн эрчим хүчний хямд эх үүсвэр болохоос гадна олноор үйлдвэрлэх боломжтой аж. Үүнээс гадна АНУ, Япон улс ч ийм реакторыг хөгжүүлэх төслийн талаар бодож эхэлжээ.
2011 онд Японд болсон Фукушимагийн цөмийн гамшгийн дараа Герман цөмийн эрчим хүчнээс татгалзсан. Үр дүнд нь Германы эдийн засгийн хамгийн чухал салбар автомашин, химийн үйлдвэр, байгалийн хийн хангамжаас ихээхэн хамааралтай болжээ. Итали улс цөмийн цахилгаан станц барихыг хориглосон хууль тогтоомжоо цуцлахаар бэлдэж буй бол олон жилийн турш цөмийн эрчим хүчинд хөрөнгө оруулахаас татгалзаж ирсэн Бельги улс асуудлыг эргэн харна гэсэн байр суурь баримталж байна.
Мөн газар хөдлөлтийн эрсдэлээс болж цөмийн цахилгаан станцад болгоомжтой хандаж ирсэн Грек улс орчин үеийн цөмийн реакторуудыг хөгжүүлэх талаар олон нийтийн хэлэлцүүлэг эхлүүлжээ. Түүнчлэн Шведийн Засгийн газар цөмийн технологийг орхих 40 жилийн өмнөх шийдвэрээ цуцалсан бол Их Британийн Сангийн сайд Рэйчел Рийвз цөмийн төслүүдийг дэмжих зохицуулалтыг хялбарчилж буйгаа зарлаж, Шотланд ч цөмийн эрчим хүчний дэмжлэг нэмэгдэж эхэлжээ.
Стратегийн газрын тосны нөөц ихтэй улс орнууд
Хятад: Бээжин Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн биш боловч дэлхийн хамгийн том стратегийн газрын тосны нөөцтэй. Тус улс цэвэршүүлсэн газрын тосны дотоодын зах зээлд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор 2004 онд улсын стратегийн газрын тосны нөөцийн баазын хөтөлбөрийг эхлүүлж байжээ. Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн 2007 оны мэдээнд дурдсанаар, эдгээр баазууд нь 30 хоногийн импорттой тэнцэх буюу ойролцоогоор арван сая тонн стратегийн газрын тосны нөөцийг хадгалах зориулалттай аж. Хятад улс түүхий нефтийн нөөцийнхөө талаар албан ёсоор мэдээлэл өгдөггүй ч 2025 онд эрчим хүчний аналитикийн “Vortexa” компанийн мэдээлснээр "Хятадын хуурай газрын түүхий нефтийн нөөц нь газар доорх агуулахыг оруулахгүйгээр 1.13 тэрбум баррельд хүрсэн” гэж мэдээлж байжээ.
АНУ: Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнуудаас АНУ хамгийн том стратегийн газрын тосны нөөцтэй. Нөөцөд 415 сая баррель газрын тос байдаг. Захиран зарцуулах эрхийг Эрчим хүчний яам нь хариуцдаг байна. Ойрх Дорнодод 1973 онд эхэлсэн нефтийн хямралын дараа 1975 онд Арабын орнууд газрын тосны хориг хэрэгжүүлж, бензиний үнийг огцом өсгөсөн бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засагт муугаар нөлөөлж эхэлмэгц тус улс Онцгой байдлын нефтийн нөөц бүрдүүлж эхэлжээ. АНУ-ын Засгийн газар Олон улсын эрчим хүчний агентлагтай уялдаа холбоотой ажиллаж, энэ онд онцгой байдлын нефтийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргахаа баталгаажуулсан. Мөн саяхан Ерөнхийлөгч Д.Трампын 45.2 сая баррель түүхий нефтийг газрын тосны компаниудад зээлдүүлснээ зарлаад байна.
Япон: 1973 онд Ойрх Дорнодод үүссэн дэлхийн газрын тосны хямралын дараа буюу 1978 онд Япон улс үндэсний газрын тосны нөөцийн систем байгуулж, ирээдүйд тулгарч мэдэх эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлж эхэлжээ. Тус улс өнөөдөр дэлхийн хамгийн том стратегийн газрын тосны нөөцтэй орнуудын нэгд тооцогддог. Японы “Nikkei Asia” хэвлэл 2025 оны эцэст тус улс 470 сая баррель онцгой байдлын нөөцтэй. Энэ нь дотоодын 254 хоногийн хэрэглээг хангана. Үүний 146 хоногийн нөөц нь Засгийн газрын өмч, 101 хоногийн нөөц нь хувийн хэвшлийн өмч. Үлдсэн нь газрын тос импортолдог орнуудтай хамтран хадгалдаг нөөц гэж мэдээлж байжээ.
Их Британи: Их Британийн Эрчим хүчний аюулгүй байдлын яамны мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын 26-ны байдлаар тус улс 38 сая баррель түүхий нефть, 30 сая баррель боловсруулсан бүтээгдэхүүн бүхий стратегийн нөөц эзэмшиж байна. Энэ нь тус улсын 90 орчим хоногийн нөөц аж. Тус улс 1970-аад оны Ойрх Дорнодын газрын тосны хямралын дараа буюу 1974 онд Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орны үүргээ биелүүлэхийн тулд нөөц бүрдүүлж эхэлжээ.
ОХУ: Тус улс нефтийн салбартаа стратегийн хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Европын зах зээлээс татгалзаж, Азийн орнууд руу экспортын чиглэлээ өөрчилсөн бол БНХАУ, Энэтхэг улс зэрэг орнууд Оросын нефтийг их хэмжээгээр худалдан авч, экспортын урсгалыг тогтвортой хадгалж байна. ОХУ нь нефть экспортлогч том гүрний хувьд дэлхий нийтийг хамарсан энэ удаагийн нефтийн хямралын шууд хохирогч болохгүй. Гэсэн хэдий ч бүрэн ашиг хүртэж амжихгүй. Дундын буюу “хязгаарлагдмал ашиг хүртэгч” байр сууринд байна гэж ажиглагчид үзэж байна. Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй нефтийн хямрал, дэлхийн зах зээлд үнэ өсөж буй үйл явц ОХУ-д ашигтай нөхцөл бүрдүүлж эхэлжээ. Тиймээс хөндлөнгийн ажиглагчид Персийн буланд өрнөж буй мөргөлдөөний дараа АНУ ОХУ-ын нефтийн хоригийг цуцалсан нь тус улс экспортоо бүрэн хүчин чадлаар нэмэгдүүлж, Европын зах зээлд дахин нэвтрэх боломж гарч ирж магадгүй. ОХУ-ын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр огцом өсөж буй нефтийн үнийн хөөрөгдлийг тодорхой хэмжээнд барьж, нийлүүлэлтийг тэлэх боломжтой хэмээн харж байгаа аж.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.