Д.Уламбаяр: Шинэ, залуу Ерөнхий сайд эрч хүчтэй ажиллах шийдвэр төгс байна
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар МАН-ын дарга Н.Учрал томилогдож, Засгийн газрынхаа бодлого зорилтыг танилцуулснаар ажилдаа ороод байна. “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлж ажиллахаа зарлаж, эхнээсээ үр дүн гарч эхэллээ. Судлаач хүний хувьд та Ерөнхий сайдын байр суурь, дэвшүүлж буй бодлого зорилтыг хэрхэн хүлээн авч, дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдож, УИХ-ын чуулганы индрээс өөрийнхөө байр суурийг илэрхийлснээр ажилдаа ороод байна. Дөрвөн гол сигментийн хүрээнд үйл ажиллагаагаа төвлөрүүлж ажиллахаа зарлалаа. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн бодлогоо Ерөнхий сайдын хувиар үргэлжлүүлнэ гэдгээ дахин нотоллоо.
Нэгдүгээрт, эдийн засгийг чөлөөлөхөө илэрхийлсэн. Эдийн засагт асар олон гох дэгээ байна. Ялангуяа зээлийн хүү манай улсад асар өндөр. Ерөөсөө бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь бидэнд асар чухал байгаа юм. Энэ тухайд хувийн хэвшлийнхэнд орон зай гаргаж өгч байгаа нь маш сайн. Ерөнхий сайдын эхний шийдвэр татварын өртэй 12,100 компани, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 3,800 компанийн дансыг нээлээ. Энэ нь Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг тогтворжино, идэвхэжнэ гэдгийг харуулсан алхам боллоо.
Цаашлаад гадаадын, тэр дундаа Европ, Америкийн өрсөлдөх чадвартай банкны салбарыг Монгол Улсад байгуулах нь дотоодын арилжааны банкуудын хүүг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ нь бизнесийг урагшлуулах чухал гарц гэж харж байна. Манай улсын эдийн засгийн 50-аас илүү хувийг төрийн өмчийн эдийн засаг эзэлдэг. Тиймээс бидэнд зах зээлийн эдийн засгийн харилцааг тууштай хэрэгжүүлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, эрх зүйн орчныг сайжруулж, татварын дарамтыг бууруулах нь чухлаар тавигдаж байна.
Эдийн засгийг дотор нь чөлөөт буюу өөрөө өөрийгөө авч явдаг болон төрийн зохицуулалттай гэж хоёр ангилдаг. 1980-аад онд зах зээлийн эдийн засгийн сонгодог механизм буюу өөрөө өөрийгөө авч явдаг байлаа. 1990-ээд оны сүүлчээс даяаршлын болон дижиталчлалын үйл явц, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үйл явц нь эдийн засагт төрийн зохицуулалт маш чухал гэдгийг харуулсан л даа. Гэхдээ энэ нь төр өөрөө бизнес хийнэ гэсэн үг биш. Зах зээлийн эдийн засгийн механизмын эрх зүйн орчныг төгс төгөлдөр болгоно л гэсэн үг. Тиймээс үүнийг эмх цэгцэнд нь оруулж, илбэн товхинуулах нь эдийн засгийг чөлөөлөх үйл явцын хамгийн чухал хэсэг гэж Н.Учрал Ерөнхий сайд тодорхойлсон нь маш чухал.
Ард түмний аж амьдралыг хэлбэрэлтгүй дээшлүүлэхэд хамгийн гол цөм нь эдийн засаг, бизнесийн орчныг эрс өөрчлөх явдал шүү дээ. Бизнесийн орчныг сайжруулснаар ажлын байрыг нэмэгдүүлж, баталгаатай орлоготой болгоно. Цаашлаад татвар, даатгал гээд олон асуудлыг шийдвэрлэх нь чухал байгаа юм.
Шинэ Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хэд хэдэн зүйлийг онцоллоо. Нэгдүгээрт, түлш шатахууны асар том аюул нүүрлэж байгааг тодотгосон. Үүнийг бид зохицуулж үнэхээр чадахгүй. Энэ бол дэлхий дахиныг хамарч буй том асуудал. Тийм ч учраас бид энэ тухайд маш том хэмнэлтийн бодлого явуулах ёстой. Дээр нь түүхий эдийн үнэ ханшийн асар том савлагаа, асар том аюулын харанга дэлдэж байна. Дэлхийн зах зээл дээр алт, мөнгөний ханшийн уналт болж байна. Гэтэл манай экспортын нэг чухал хэсэг нь хагас боловсруулсан болон боловсруулаагүй алт байдаг.
Цаашдаа нүүрс, коксын экспортод дунд хугацаандаа томоохон сорилт үүсгэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ тухайд бид сайтар анхаарах шаардлагатай. Энэ бүгдэд буюу эдийн засгийг урагшлуулахад хамгийн том саад тотгор нь дотоод дахь улстөржилт болчихлоо шүү дээ. Талцал, хуваагдал, туйлшралаа зогсоож, улс үндэснийхээ эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих нь хамгийн чухал гэдэг үзэл санааг дэвшүүлж буй нь эдийн засгийг чөлөөлөх бодлогын салшгүй хэсэг.
Н.Учрал “Засгийн газар, Ерөнхий сайд ид шид, гайхамшиг бүтээхгүй. Бид үнэнтэй нүүр тулах ёстой” гэдгээ ил тод хэллээ. Ингэснээр 14 мега төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн болон гадаад зах зээл, геополитикийн нөхцөл байдал бидэнд боломж олгохгүй нь ойрын төлөв байдлаас харагдаж байна.
Товчхондоо, 14 мега төслийг эрэмбэлэх шаардлага үүсэж байна. Тийм учраас давын өмнө эдийн засгийг чөлөөлөх бодлогын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Энэ бол зайлшгүй чухал ажил. 2028 он гэхэд энэ үйлдвэрийг барьж байгуулах шаардлагатай. Ойрын 3-5 жилдээ түлш шатахууны аюулгүй байдлаа 50 хувиар хангах асуудал нэн чухлаар тавигдаж байна. Үүнд гол хүч, анхаарлаа төвлөрүүлэх нь чухал байгаа юм.
Нөгөө талаар гангийн болон зэс боловсруулах үйлдвэртэй болох шаардлагатай. Экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрийн суурь үндсийг солонгоруулахад Н.Учралын Засгийн газар гол анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлж байгаад талархалтай байгаа. Юунд төвлөрч ажиллахаа зөв тодорхойлжээ гэж харж байна. Нөгөө талаас Гашуун сухайт-Ганц мод, Шивээхүрэн-Ханги мандалын хил холболтыг хийж, экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс учраас нэн чухал. Цаашлаад ураны төсөл зэрэгт анхаарлаа хандуулна гэж байгаа нь чухал юм. Дараагийнх нь хууль дүрмийн чөлөөлөлт. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчноо сайжруулахын зэрэгцээ төрийн нүсэр аппаратуудыг эмхэлж цэгцлэх асуудлыг хөндөхөө илэрхийллээ.
-Төрийн нүсэр бүтцийг задлах тухайд эхний үр дүн нь дэд сайд нарын тоог цөөлсөн явдал боллоо. Гэхдээ үндсэн чиглэлийн зургаан яамыг дэд сайдтай ажиллуулахаар шийдвэрлэсэн тухайд та юу хэлэх вэ?
-Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа ч тодотгон хэлж байсан. Ерөнхий чиглэлийн яамдаа дэд сайдтай байлгахаа зарласан, түүнийхээ дагуу шийдвэр гаргалаа гэж ойлгож байна. Шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ ч цоо шинэ байлгах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Бүх сайдыг өөрчлөх боломжгүйтэй би хувьдаа санал нийлж байгаа. Бүх сайдыг шинээр томиллоо гэхэд ажлаа тэгээс эхэлж таарна шүү дээ. Тийм учраас өмнөх танхимын сайд нарын ажлын үр дүнг харгалзсан нь оновчтой шийдэл байлаа.
Түүнчлэн Ерөнхий сайд “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд ногоон хөгжлийг дэмжиж, энэ чиглэлд төвлөрч ажиллахаа илэрхийлсэн. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөн тэсвэрлэх эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал.
Манай улсад сэргээгдэх эрчим хүчний асар их боломж бий. Жилийн 365 хоногийн 285 өдөр нь нар,салхитай байдаг буюу нөөцтэй. Харамсалтай нь бид энэ потенциалыг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Харин Н.Учралын Засгийн газар энэ нөөц бололцоог ашиглана гэж байгаа нь сайн хэрэг. Энэ тухайд Чингэлтэй дүүргийнхэн ч үлгэр жишээчээр ажиллаж, нарны панелаар айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж эхэлсэн сайхан жишээ байна. Үүнийг цаашид өргөжүүлэх ажлыг Засгийн газар цаашид бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлсэн нь маш чухал. Энэ талаар аль 2004 онд ярьж байсан ч харамсалтай нь ажил хэрэг болж чадаагүй. Харин хөдөөгийн иргэд маань аль хэдийнэ нарны панел ашиглаад хэрэглээндээ нэвтрүүлээд эхэлчихсэн шүү дээ. Энэ бол хамгийн үр дүнтэй шийдэл бөгөөд хүлэмжийн хийн давхар ислийг ялгаруулахгүй хамгийн өртөг багатай шийдэл. Ерөөсөө Улаанбаатар хотын утааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв шийдэл нь нарны хавтанг ашиглах явдал юм.
Н.Учралын Засгийн газар энэ чиглэлд эргэлт хийнэ гэдгээ илэрхийлсэн нь сайшаалтай. Цаашид Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах нь хамгийн чухал байна. Олон улсын хамгийн том төсөл болох Оюутолгой төсөл эрчим хүчээ БНХАУ-аас авч байна шүү дээ. Угтаа бид Тавантолгойн цахилгаан станцаа аль хэдийнэ ашиглалтад оруулчих ёстой байлаа шүү дээ. Тийм ч учраас бид эрчим хүчин дээр үнэхээр хувьсгал хийх цаг болсон. Нар, салхины эрчим хүчээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь маш чухал байна. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд авлигын чөлөөлөлт хийнэ гэж зарлалаа. Улс орны хөгжлийн хамгийн том садаа чөдөр нь авлига, албан тушаалын гэмт хэрэг болчихлоо шүү дээ.
Монгол Улс авлигын индексээр 10 байраар ухарсныг тодотгосон. Тиймээс ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн зөв шийдэл нь бүх салбарыг дижиталчлах явдал. Хиймэл оюун ухаанд шилжүүлж, хүний оролцоог багасгаж байж л албан тушаалтнууд идэж уухаа болино. Шударга ёс, хариуцлага, Үндсэн хуулиа дээдлэх явдал ялангуяа улстөрчдөд, тэр дундаа өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүст хамгийн их хамаатай асуудал болчихлоо шүү дээ. Өндөр ёс зүйтэй байх нь хамгийн чухал байна. Ерөнхий сайд ийм багц бодлого хэрэгжүүлэхээ зарлалаа. Одоогийн Засгийн газар маш хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулахаар болж байна. Дэлхий нийтийг хамарч буй эрчим хүчний хямралт нөхцөл байдлыг бид тойрч гарах ямар ч боломжгүй. Тийм учраас энэ үед эдийн засгийг хэрхэн, зөв менежментээр удирдах вэ гэдэгт ганцхан хариулт өгч байгаа нь хариуцлага. Энэ бол Ерөнхий сайдын хувьд маш товч тодорхой байр суурь гэж харж байна. Шинэ Ерөнхий сайд залуу хүн, маш эрч хүчтэй ажиллах шийдвэр төгс байна гэдгээ илэрхийлээд ажилдаа ханцуй шамлан орлоо гэж харж байна.
-“Чөлөөлье” санаачилгын гол үзэл санаа нь ард иргэд, аж ахуйн нэгждээ эрх чөлөө олгоё гэж байгаа. Энэ бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээд эхлэхээр эффект нь хэрхэн тусах бол. Үр дүнг та хувьдаа хэрхэн харж байна вэ?
-Бизнест төдийгүй улстөрд ч маш их хориг тээг байна. Тиймээс юун түрүүнд бид энэ гинжин хэлхээг эвдэх шаардлагатай. Ингэж эрх чөлөөг эдэлсэн цагт улс орон хөгжих учиртай. Ардчилал, зах зээлийн түүхэн хөгжил ч ингэж л явж ирсэн түүхтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ Засгийн газар гол фокусаа тааруулах нь гэж харж байна. Энэ бол яах аргагүй олон нийтийн хүсэн хүлээж байсан өнцөг. “Чөлөөлье” гэдэг бол маш гүн гүнзгий философи. Миний хувьд ойрын нэг жилийн хугацаанд бодит үр дүнгүүд эхнээсээ гарна гэж харж байгаа. Татварын хуулиуд дээр, ялангуяа бизнесийн орчныг сайжруулна гэдгээ Ерөхий сайд өөрөө чухалчлан тэмдэглэсэн. Энэ үгэндээ ч хүрч эхэллээ.
Цаашдаа зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудын өрсөлдөх чадварыг сайржуулах үндсэн дээр бизнесийн орчныг өөрчлөх шаардлагатай байна. Төр бүхнийг хийх гэдэг байр сууриасаа татгалзах ёстой юм. Энэ олон төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох нь зүйтэй. Төрийн өмчит компаниудыг хувьчилна гэхээр хэдхэн хүн хувааж авах нь гэж ойлгоод байдаг. Энэ бол ташаа ойлголт. Иргэд хувьцаа эзэмшигч болно л гэсэн үг. Энэ бол дэлхий нийтийн үндсэн гол чиг хандлага. Тийм учраас олон хувьцаа эзэмшигчтэй, энэ төрлийн хяналттай байсан цагт төрийн монополыг эвдэнэ гэсэн үг шүү дээ. Үүний хамгийн тод жишээ нь ковидын өмнө нөлөө бүхий таван банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгосон. Ингэж байж төрийн данхар бүтцийг задална. Энэ бол нэг чухал гарц. Нөгөө талдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх явдал маш чухал. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орсон. Үлдсэн хугацаанд дэвшүүлсэн бодлогоо хэрэгжүүлж чадвал ард иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд үр дүн гаргаж үзүүлэх бүрэн боломжтой. Засгийн газар өөрөө “Чөлөөлье” санаачилгынхаа үр дүнг гаргахын тулд идэвхтэй ажиллах шаардлагатай.
Өнгөрсөн хугацаанд маш их улстөржлөө. Одоо ажил хийж харуулах хэрэгтэй. Ажил хийхэд 2.4 жил хангалттай. Үр дүн гаргах бүрэн боломжтой хугацаа. Гэхдээ дэлхий нийтийн геополитик, дэлхийн зах зээлийн өөрчлөлт, өмнөд хөршийн эдийн засгийн удаашрал гээд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд бий. БНХАУ 15 дугаар таван жилийн төлөвлөгөөгөөр эдийн засгийн өсөлтөө таван хувьд барина гэж зарласан нь манай улсын хувьд маш сайхан боломж. Тийм учраас бид үүнтэй зохицож, экспортын, эцсийн болоод хагас боловсруулсан бүтээгдэхүүнийхээ бодлогыг хэрэгжүүлж чадал үр дүн үзэх хангалттай хугацаа байна. Эдийн засгийн чөлөөлөлтийн бодлогын хувьд ерөөсөө л хамгийн чухал нь хүртээмжтэй эдийн засгийн өсөлт.
Эдийн засаг тоон дүнгээр хэчнээн өслөө ч эргээд иргэддээ хүртээмжгүй бол ямар ч үр дүнгүй. Үүний тод жишээ нь 2011 онд Монголын эдийн засаг дэлхийд байхгүй өндөр түвшинд буюу 17.8 хувиар өссөн. Гэтэл тухайн үеийн 2.2 сая хүнд төдийлөн хүртээмжгүй өсөлт байсан нь нууц биш. Сая он гараад цалин, тэтгэврийг нэмсэн ч зэрэгцээд дизель түлшний үнэ 300 орчим төгрөгөөр нэмэгдэх жишээний. Гэтэл нэмэх болсон шалтгаан нь төр засгаас буюу биднээс үл хамааралтай. Энэ нь цаашлаад үнэ ханшид, ялангуяа өргөн хэрэглээнд дам нөлөөлж таарна. Энэ нь эргээд эдийн засгийн хүртээмжтэй байдалд үнэхээр том сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс хаана хаанаа бүсээ чангалах л шаардлага үүсэж байна. Дэлхий дахинаа тулгарч буй энэ том сорилттой бид дасан зохицох үндсэн дээр эдийн засгаа авч гарах асуудал л байгаа юм. Зах зээлийн, өнөөгийн даяаршлын үед бүх зүйлийг төр засаг хариуцна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, хуучин цагт үндэсний аюулгүй байдлыг төр засаг хариуцаж байсан. Өнөө цагт үндэсний аюулгүй байдалд хувь иргэн, хувийн хэвшлийнхэн томоохон үүрэг хариуцлага хүлээж байна. Хамтын хүчин чармайлт хэрэгтэй болсон цаг. Түүнээс өөрөө юу ч хийхгүй дээш харж суучихаад төр надад юу ч өгсөнгүй гээд байж болохгүй.
-Дэлхий нийтийн амаргүй цаг үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар илэрхийлсэн байр суурь, нийгэмд өгсөн мессэж гадна талд хэрхэн ойлгогдсон бол. Та олон улс судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Н.Учрал УИХ-ын дарга байхдаа ОХУ-ын Төрийн думын урилгаар тус улсад айлчилсан. Тус айлчлалаар хоёр талын иж бүрэн стратегийг гүнзгийрүүлэхэд ОХУ тууштай байна гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүний дараа буюу мөн УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Коммунист намын урилгаар БНХАУ-д айлчиллаа. Тус айлчлалаар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга тэргүүтэй өндөр дээд албаныхан хүлээн авч уулзсан. Энэ үеэр БНХАУ нь Монгол Улстай Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг тууштай хөгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсын гадаад бодлогын хамгийн тэргүүлэх чиглэл бол хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцахад оршдог. Үүний араас гуравдагч хөршийн бодлого орж ирнэ. Н.Учралын хувьд эдгээр айлчлалаас ердөө хэдхэн сарын дараа УИХ-ын даргаас Ерөнхий сайд боллоо шүү дээ. Тиймээс шинэ Ерөнхий сайд Н.Учралын хувьд хоёр хөрштэйгөө хамтын ажиллагааг маш амжилттай хөгжүүлэх юм байна гэдэг ойлголтыг манай хоёр хөрш авсан, харж байгаа нь тодорхой. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс үзэхэд “Монгол Улс хамгийн залуу Ерөнхий сайдтай боллоо” гэдэг мессэж их гарч байна. Мэдээж энэ бол давуу тал гэж ойлгож болно. Улмаар шинэ залуу Ерөнхий сайд “Чөлөөлье” гэдэг санаачилгыг дэвшүүлэн зарлаж байгаа нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх байр сууриндаа тууштай зогсож байгааг дахин нотлон харуулж байгаа юм. Энэ бол дэлхий дахинд маш том мессэжийг өгсөн гэж ойлгож болно. Тийм учраас Монголын Засгийн газар маш эрчимтэй ажиллах шийдвэр төгс байгаа юм байна гэдэг ойлголтыг дэлхий дахинд өгч чадсан гэж харж болно.
М.Өнөржаргал
Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.