МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Инновац шингээсэн адууны тосноос  эхлэлт...

Инновац шингээсэн адууны тосноос  эхлэлтэй “Шим” брэнд

Энэ удаагийн   “Монгол брэнд” буландаа өв соёлоо түгээн хөгжүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч “Шим Эрдэнэ брэнд”-ийг онцлон оролцуулж байна. Нийслэлийн зүүн зүгт орших Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр дэх “Эмийн ургамал”-ын орчимд “Шим Эрдэнэ брэнд” ХХК үйлдвэрлэлээ явуулж байна. Үүсэн байгуулагдаад долоон жил болж байгаа ч адууны тосны бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн эртний танил хэрэглээ мэт 21 аймаг, 200 гаруй эмийн сангаар борлуулагдан дэлгэрчээ.

Үнэн
Админ

Монгол адуу нь бэлчээрийн 70 гаруй төрлийн ургамлыг биедээ шингээсэн, -40 хэмд амьдрах чадвартай. Тиймээс ч монголчууд эртнээс хүйтэн, сэрүүний улиралд адууны тосыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж, ханиад, томуунаас урьдчилан  сэргийлж ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр адууны тосоор эмчилгээний зориулалттай гоо  сайхны 40 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч бол  “Шим Эрдэнэ брэнд” ХХК.  Энэ удаагийн   “Монгол брэнд” буландаа өв соёлоо түгээн хөгжүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч “Шим Эрдэнэ брэнд”-ийг онцлон оролцуулж байна. Нийслэлийн зүүн зүгт орших Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр дэх “Эмийн ургамал”-ын орчимд “Шим Эрдэнэ брэнд” ХХК үйлдвэрлэлээ явуулж байна. Үүсэн байгуулагдаад долоон жил болж байгаа ч адууны тосны бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн эртний танил хэрэглээ мэт 21 аймаг, 200 гаруй эмийн сангаар борлуулагдан дэлгэрчээ.

 

“Цалинтай ээж”-ээс хөрөнгө оруулалтаа татсан  “Шим” брэнд

“Шим Эрдэнэ брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Нандин-Эрдэнэ долоон жилийн өмнө хүүхдээ төрүүлээд асарч байхдаа “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгөөрөө  “Шим” брэндээ эхлүүлж байжээ. Монголд төдийгүй дэлхий даяар коронавирусийн халдвар тархсан тухайн үед адууны тосон эмчил­гээний бүтээгдэхүүн хийж эхэлсэн байна.

Түүний өвөө Лхагваа Булган аймгийн Сайхан сумандаа нэрт маарамба, эмч хүн байсан бол аав Мөнхсайхан нь  зуны улиралд хүүхдүүдээ байгальд эмийн ургамал түүлгэдэг, адууны тосоор хандлан, хүүхдүүдээ тосолдог байжээ. Тиймээс удмын, гэр бүлийн орчин түүнийг  “Шим” брэндээ эхлүүлэхэд хамгийн ихээр нөлөөлсөн биз.  “Шим Эрдэнэ брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Нандин-Эрдэнэ “Миний том хүүхэд ханиад томуу их тусдаг байлаа. Эмнэлэгт үзүүлээд ч ханиад нь бүрэн эдгэрч өгөхгүй байсан. Тиймээс аавынхаа зааснаар адууны тос түрхэж эдгээсэн. Түүнээс хойш ойр тойрны хүмүүстээ хэлж, туршиж байлаа.

Ингээд үйлдвэрлэл эрхлэхээр ааваараа тэтгэврийн зээлийг авахуулаад  40 ам.метр байрны түрээсээ төлөөд, үйл ажиллагаагаа явуулсан.  Тэгээд үйлдвэрлэсэн тос, давсаа үүргэвчиндээ хийгээд худалдаалахаар  аав зүүн, би баруун тийшээ явдаг байлаа. Нярайгаас эхлээд бүх насныхан хэрэглэж болох Монголын үнэ цэнтэй өв соёлыг  үргэлжлүүлж байна” хэмээн ярьж байна.

“Нэрээ өгөх санаа яаж төрсөн бэ “ гэсэн асуултад тэрбээр “Бид нэрээ өгөх гэж хоёр сар шахам бодсон. Ингээд бүх зүйлийн охь, шим гэдэг утгаар нь “Шим” гэдэг нэрийг оноож байлаа” гэв.

Санхүүч мэргэжилтэй М.Нандин-Эрдэнэ технологичоор мэргэжлээ сольж, суралцан, үргэлжлүүлээд Япон улсад адууны тос боловсруулдаг үйлдвэрт дадлага хийсэн байна. Улмаар  “Шим” адууны тосоо Япон улсад шинжилгээ хийлгэж, баталгаажуулжээ.   “Шим” адууны тос нь  нэмэлт химийн бодисгүй, 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн.   Арьсанд нэвчих чадвар маш өндөр, арьсны гүнд хурдан шингэж, чийгшлийг удаан барьдаг, хүүхдийн арьсанд тохиромжтой. Мөн улайлт, тууралт, хуурайшилттай арьсыг тайвшруулж, хамгаална, шарх, хагарлыг хурдан эдгээдэг. Түүнчлэн арьсыг чөлөөт радикалаас хамгаалж, хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгана гээд эмчилгээний болон гоо сайхны ач холбогдол өндөр, эрэлт  ихтэй бүтээгдэхүүн юм.

 

Л.Мөнхсайхан: Аав маань  адууны тосоор бариа хийж, эмийн ургамал ямар ач холбогдолтойг зааж байлаа

Түүний аав Л.Мөнх­сайхан Эрдэнэт хотод илгээлтээр очиж, “Эр­дэнэт үйлдвэр”-т ажил­лан, бүтээн бай­гуулалцаж явсан нэ­гэн өдгөө охиныхоо ажилд туслан, зөв­лөхөөр нь ажиллаж бай­на. “Миний аав эмч Лхагвааг Булганыхан андахгүй.  Таван настайгаасаа маарамбад шавилж, 1938 онд Архангай аймагт Хүн эмнэлгийн бага сургууль байгуулахад хүний бага эмчээр суралцан төгссөн байдаг. Улсад нийтдээ 46 жил хоёр сар ажилласан гэж өөрөө хэлдэг байлаа. Би ааваасаа л адууны тосоор бариа хийх, эмийн ургамал ямар ач холбогдолтойг сурсан. Социализмын үед уламжлалт анагаах ухаан хориотой байсан үе л дээ. Гэхдээ бидэнд өөрийн эрдмээсээ хэлж, зааж байсан” хэмээн хүүрнэн сууна.

“Та “Шим” брэндийн байнгын хэрэглэгч биз” хэмээн асуухад “Эрдэнэтэд байхад миний хөл, баруун гарын тохой хавдаад, явж чадахгүй байлаа. Гэтэл хүүхдүүд “Нандиа ийм тос үйлдвэрлэсэн, та түрхээрэй” гээд авчирч өгдөг юм байна. Би түрхээд л байлаа, тэгсэн хаван буугаад, бүрэн эдгэрсэн. Би дугуй унадаг байсан юм. Одоо эргээд дугуйгаа унаад явдаг боллоо. Биеийн өвчин орсон хэсэг дээр  түрхэнэ. Манайхан уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх хэрэгтэй. Адууны тосны бүтээгдэхүүн чанартай гэдгийг би өөр дээрээ ч туршиж, хэрэглэж ирлээ. Манай ах, дүү, хамаатан садангууд ч сайн чанарын тос байна гэж яриад авч байна.

Нэг хэсэг миний цээж бөглөрчих гээд унтаж чаддаггүй байлаа. Тэгээд адууны тос түрхээд цээж онгойсон доо. Би бол багадаа ямар ч ханиадгүй өссөн нь аавын минь ач. Дараагаар нь хүүхдүүддээ багад нь түрхэж өгдөг байлаа.  Эмийн ургамалтай адууны тосыг намар, өвөл сэрүүний улиралд хэрэглэвэл ханиад томуу тусахгүй. Харин хүүхдүүд маань өнөөдөр үйлдвэрлэл болгоод өргөжүүлээд, өв соёлоо хөгжүүлээд явж байгаад баяртай байна” хэмээн сэтгэл өндөр ярьж байна.

 

Шимтэй бүхнийг “Шим” брэндээс...

Гурван давхар амины орон сууцны нэгдүгээр давхарт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цогцоор явагдана. БНХАУ-ын сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тос боловсруулах төхөөрөмж өдөрт 600 литрээс нэг тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван шат дамжлагаар явагдана. Эхний ээлжинд тосоо шүүнэ. Дараагаар нь тосоо гурван удаа угаана. Хамгийн сүүлд адууны тосны үнэрийг 90 хувь шүүнэ. 180 градуст тосны бактераа усгаж, маш сайн цэвэршүүлнэ. Ингээд цэвэршүүлсэн тосоо химийн ямар ч орц, найрлагагүйгээр эмийн ургамлаар хандалж  саван,  үе мөчний тос, давс гээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд шилжүүлнэ.

“Шим Эрдэнэ брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Нандин-Эрдэнэ “Бид БНХАУ-ын тос үйлдвэрлэх  тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг судалж, авсан. Энэ төхөөрөмж маань сайн чанарын,  олон жилийн баталгаатай. Тос боловсруулах төхөөрөмж хийгээр ажилладаг. Шингэн саван 2.5, таван литрээр савлагддаг. Хонины сүүлэн тос, эмийн ургамлаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Шинэ саван өдөрт нэг тонн, адууны тос 600 литрээс нэг тонн савлагдана.Бидэнд бүтээгдэхүүний нөөц байна. Бид бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэхдээ түлхүү анхаарч ажиллаж байна.

Бид хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, химийн найрлагатай гаднын бүтээгдэхүүнээс илүү эх орныхоо малын шимт тосоор хийсэн, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээсэй гэж хүсэж байна. Дэлхийн нийт байгалийн эко хэрэглээд илүүд үзэж байгаа чиг хандлага хэрэгцээ ихсэж байна.Монгол малын тос нь хүний арьсны бүтэцтэй төстэй тэжээллэг тосны хүчлээр баялаг  тул арьсыг гүн чийгшүүлж, хамгаалж, нөхөн сэргээх чадвартай”  гэдгийг онцолж байлаа.

Экспортод гаргадаг адууны махны үйлдвэрүүдтэй хамтарч ажиллан, адууны өөх, тосоо нийлүүлдэг байна. Мөн малчид адууны тос, өөх зэргээ нийлүүлж, бүтээгдэхүүнээр солилцож авдаг ажээ.  Үйлдвэрийн технологич П.Анхцэцэг “Адууны чөмгөөр үе мөчний тос хийнэ, хонины сүүлээр бяцхан хүүхдүүддээ зориулсан биеийн тос хийнэ. Адууны тосоор хатуу болон савангаа үйлдвэрлэнэ. Хүн ардын эрүүл мэндэд чиглэсэн үйлдвэрлэлд явуулдаг. Би энэ үйлдвэрт ажилд орсондоо баяртай байдаг” хэмээн ярьж байлаа.  Цагаан, шар, ягаан, ногоон, цэнхэр гээд өнгө өнгийн бамбарууш шиг хэлбэртэй бөмбөлгүүд үйлдвэрлэгдэж, гялгар уутанд савлагдаж харагдана. “Би өдөрт 700-800 бөмбөлөг хийдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд зориулж манай бөмбөлгийг олноор авдаг” гэж технологич  Д.Цэрэндулам ярилаа.

“Шим Эрдэнэ брэнд” ХХК нийт 10 гаруй ажилтантай. Ажилтнууд үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд тус тусын ажил үүргээ гүйцэтгээд тун завгүй.

Зөвхөн “Шим”-д үйлдвэрлэдэг шингэн савангаар аяга, тавгаа ч угааж болох эко бүтээгдэхүүн аж. “Шим”-ийнхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гадна сав, баглаа боодол дээрээ ч эрүүл, эко зарчим баримталж байна. Шингэн савангийн будааны үрийн хальсаар хийсэн эко савлагаа нь бүтээгдэхүүний тосны шинж чанарт өөрчлөлт оруулахгүй байдгаараа онцлогтой.  Түүнчлэн “Шим”-ийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг нь үс уналтын эсрэг халгайтай цацлага. Энэ цацлагыг түрхснээр үс уналтаас бүрэн сэргийлж чаддаг байна.  Монгол хүүхдээ, монгол орчинд нь эко бүтээгдэхүүн хэрэглүүлж, эрүүл чийрэг өсгөх нь “Шим Эрдэнэ брэнд” ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Нандин-Эрдэнийн зорилго. Тиймээс ч үйлдвэрлэлээс эхлээд бүтээгдэхүүн, сав баглаа боодол дээрээ ч хамгийн түрүүн эрүүл ахуйг чанд баримталж байна. М.Нандин-Эрдэнэ үйлдвэрлэлээ  өргөжүүлж, бэхжүүлэхийн зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, хоёр ажилтандаа авто машины урьдчилгаа, нэг ажилтандаа хашаа авч өгөн, хамтдаа өсөн дэвжих зорилго өвөрлөжээ.

Эрүүл, чанартай бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн үйлдвэрлэж, өв соёлоо хөгжүүлж байгаа “Шим Эрдэнэ брэнд” ХХК-ийн хамт олон ийн  шимтэй бүхнийг үйлдвэрлэж байна.

Н.Энхбат

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ 

Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.