Монгол Улсын Засгийн газар хэрхэн ажиллах вэ
Монгол Улсын 35 дахь Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилснээр ажилдаа орлоо. Энэ удаагийн Засгийн газар 19 яам, 16 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болж, сайд нар тамгаа гардан авснаар үүрэгт ажилдаа ороод буй. “Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэх улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосон” гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал тодотгосон. Тэгвэл түүний танхимын сайд нар хэрхэн ажиллах вэ, ямар бодлого, зарчим баримтлан ажиллах вэ. Энэ тухайд Засгийн газрын зарим сайдын байр суурийг хүргэж байна.
Монгол Улсын 35 дахь Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилснээр ажилдаа орлоо. Энэ удаагийн Засгийн газар 19 яам, 16 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болж, сайд нар тамгаа гардан авснаар үүрэгт ажилдаа ороод буй. “Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэх улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосон” гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал тодотгосон. Тэгвэл түүний танхимын сайд нар хэрхэн ажиллах вэ, ямар бодлого, зарчим баримтлан ажиллах вэ. Энэ тухайд Засгийн газрын зарим сайдын байр суурийг хүргэж байна.
Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт нэн тэргүүнд зургаан асуудлыг шийдвэрлэнэ
/Боловсролын сайд/
-Миний хувьд өмнө нь энэ салбарт сайдаар ажиллах хугацаандаа Боловсролын багц хуулийг батлуулсан. Гэтэл өнөөдөр хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Эргээд бодоход батлуулсан хуулиа ард иргэддээ, хэрэгжүүлэх ёстой цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад бүрэн дүүрэн ойлгуулаагүй юм байна гэдэг дүгнэлт хийж байна. Тийм ч учраас боловсролын салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зургаан асуудал байна. Хамгийн эхэнд багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор дэгдсэн асуудлыг цэгцлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хувьсах зардлын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх ёстой. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлж байж хот, хөдөөгийн төдийгүй төрийн, хувийн сургуулийн ялгаа арилна. Гэрт ойрхон бол хамгийн сайн сургууль гэдэг бодлого үүгээр дамжин хэрэгжих юм. Энэ шинэчлэлийг сүүлийн хоёр жилд орхигдуулсан байна. Гуравдугаарт, багш бэлдэх гурван тулгуурт тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Сүүлийн хоёр жилд мөн л хэрэгжсэнгүй. Хамгийн шилдэг хүүхдүүд багш болдог тогтолцоо Монгол Улсад хэрэгтэй байна шүү дээ. Дөрөвдүгээрт, гурван ээлжийн сургуулийг халах шаардлагатай. Намайг өмнө нь Боловсролын сайдын ажил авахад 60 гаруй сургууль гурван ээлжийнх байсныг тав болгож бууруулсан. Гэтэл эдгээр сургууль өнөөдөр ч гурван ээлжийнх хэвээр байна. Тиймээс энэ намар Хотын даргатайгаа хамтарч, энэ асуудлыг шийднэ. Хотхоны бага сургууль байгуулах ажлыг өмнө нь эхлүүлсэн, цаашид энэ ажлаа мөн эрчимжүүлнэ. Тавдугаарт, дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх ажил хүлээгдэж байна. Их, дээд сургуулиудад эрэмбэ зарласан ч мөн л хэрэгжсэнгүй. 196 их сургуультай байсныг 60 болгож байв. Гэтэл үүнээс хойш их, дээд сургуулийн тоо нэмэгдсэн байна. Тийм учраас цаашид яг их сургууль, коллежийн тогтолцоо руу шилжүүлэх зайлшгүй ажил байна. Боловсролын салбарт сургуулийн менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлж, хуурамч дүнгийн тогтолцоогүй, хамтын удирдлагатай байх ёстой, цахим шилжилт гэсэн зургаан шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж чадвал ерөнхийдөө цэгцэрнэ.
З.Мэндсайхан: Төсвийн зарцуулалтыг нээлттэй, ил тод байлгах зарчим барьж ажиллана
/Сангийн сайд/
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй үед сайдаар томилогдлоо. Ойрх Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр дэлхий нийтэд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Энэ хүнд давааг давахад ачаа үүрч ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан. Миний хувьд СЭЗИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, салбарын сайд зэрэг төрийн өндөр хариуцлагатай албан тушаалуудыг хашиж ирсэн. Ойрын үед шатах, тослох материалын үнэ өсөх бодит эрсдэл, хүндрэл биднийг хүлээж байгаа. Б.Жавхлан Сангийн сайдаар сайн ажилласан. Ковидын хүнд үеийг давж гарсан. Өмнөх сайдын бодлогыг, Засгийн газрын бодлогыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна. Мэдээж татвар төлөгчдийн орлогоор бүрддэг төсвийн зарцуулалт нээлттэй ил тод, хариуцлагатай байх ёстой. Энэ зарчимыг баримталж ажиллана. Төсвийн сахилга бат, татварын шинэчлэл, өрийн удирдлагыг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллана. Шаардлагатай бол гашуун шийдвэрийг ч гаргахыг ч үгүйсгэхгүй. Татварын дарамт, хүнд суртлыг чөлөөлөхийн зэрэгцээ татварыг жигд төлдөг тэгш систем үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэрийг анхны хуралдаанаараа гаргасан. Энэ ажил одоогийн байдлаар 90 орчим хувьтай үргэлжилж байна. Арилжааны 12 банкан дээр энэ үйл ажиллагаа ид өрнөж байна.
Ч.Номин: Цахим хөгжлийн салбарын төсвийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана
/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд/
-Миний хувьд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар таван жил орчмын хугацаанд ажилласан. Тухайн үед шинэ салбар хүлээж аваад хөл дээр нь босгож байсан, төрийн захиргааны байгууллагад ажилласан туршлагатай. Нөгөө талдаа хувийн хэвшилд ажиллаж, олон хүн удирдаж байсан туршлага ч бий. Ер нь сайд хийнэ гэдэг аж ахуйн ажил байдаг. Товчхондоо, хүний, санхүүгийн гээд нөөцийг удирдах шаардлагатай болдог. Цахим хөгжил бол мөн л шинэ салбар. Дэлхий дахинаа маш хурдтай хөгжиж буй салбар шүү дээ. Цахим хөгжлийн салбарыг Ерөнхий сайд өмнө нь өөрөө ахалж байсан учраас 2025-2030 он хүртэлх замын зураглал буюу стратеги бодлого нь маш сайн гарсан юм билээ. Тиймээс өмнөх сайд нарын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж ажиллана. Цахим хөгжлийг бид цаашид үндсэн дэд бүтэц гэж бодож авч үзэх ёстой. Ажилтайгаа танилцаад үзэхэд цахимын салбараас маш их хэмнэлт хийдэг юм байна. Гэтэл өнөөдрийн нийгэмд бид интернэтээ ашиглаж чадахгүй болчихвол юу болох билээ гэдгийг бодож үзэж хэрэгтэй. Энэ ч утгаараа цахим хөгжлийн салбарт харилцаа холбоо бол иргэдийн үндсэн хэрэгцээ болсон. Тиймээс хэмнэх боломжтой зардал гэж харж болохгүй. Харин ч бид цаашид эдийн засгаа тэлэх, олон улстай хөл нийлүүлж алхах суурь гэдэг утгаараа илүү тэлж, хурдтай нэмэгдүүлэх ёстой салбар гэж харж байгаа. Сайдын хийх ёстой хамгийн чухал ажил бол салбартаа шаардлагатай төсвийг тусгуулах явдал. Тиймээс цахим хөгжлийн салбарын төсвийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллана. Төсвийн хувьд энэ салбар орхигдсон байна гэж харсан. Цаашид шинэ залуу үе маань өндөр хурдны интернэт, хиймэл оюун ухаанаас авахуулаад хэрэглэгчийн статусаас үйлдвэрлэгчийн түвшинд хүрэх ёстой шүү дээ. Үүний тулд Монгол Улсын цахим дэд бүтэц сайжрах ёстой гэж харж байгаа.
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбар хүн төвтэй байх ёстой
/Эрүүл мэндийн сайд/
-Эрүүл мэндийн салбар бодлогын хувьд эмнэлэг төвтэй биш хүн төвтэй байх ёстой. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай авч байх нь хамгийн чухал. Манай улс нэг хүнд ногдох орны тоогоор дэлхийд 10-т эрэмбэлэгддэг буюу маш өндөр үзүүлэлттэй гэсэн үг. Гэсэн атлаа өвөл болохоор ор нь хүрэлцэхгүй, хүүхдүүдээ коридорт гаргачихдаг. Энэ бол менежментийн л асуудал. Тиймээс энэ бүхнийг сууриар нь харна. Түүнчлэн салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудлыг мөн эргэж харах шаардлагатай. Мөн эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой үүссэн асуудалд шийдэлд хэрэгтэй. Миний хувьд санхүүч, эдийн засаг хүчний хувьд энэ бүх асуудлыг углуургаар нь харж анализ хийж ажиллана. Хаанаа, юу нь болохгүй байгааг олж тогтоосноор эрүүл мэндийн салбарын тогтолцоог илүү хүртээмжтэй болгохын төлөө ажиллана. Үүний тулд энэ салбарын хамгийн чадварлаг, туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллана. Мөн салбарын бодлогыг тодорхойлохдоо УИХ-д байгаа эмч гишүүдтэйгээ хамтран ажиллана гэж бодож байна. Ерөөсөө эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж буй нэг төгрөг болгон монгол хүний эрүүл мэндийн төлөө байх ёстой гэж үзэж байна. Цаашид эрүүл мэндийн салбарыг илүү ил тод, нээлттэй болгоно. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд хурдан, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллах болно. Ямар ч байсан эрүүл мэндийн салбарыг цогцоор нь харна, болохгүй байгааг нь засахын төлөө ажиллана.
С.Амарсайхан: Хуулийн салбарт бодлого ярьж, нээлттэй ажиллана
/Хууль зүй, дотоод хэргийн сайд/
-Би Хууль зүйн сайдын хувьд хууль хэрэгжүүлж ажиллахыг шаардана, ийм л зарчим баримтална. Хөндлөнгийн нөлөө, элдэв шахалт дарамт үзүүлэхгүй, хэрэг зохиож ярихгүй. Бодлогоо, хуулиа ярьж нээлттэй ажиллана. Хууль зөрчсөн, хулгай хийсэн, авлига, хээл хахуультай холбогдсон бол хэнбугайтай ч тэмцэх ёстой. Энэ бол Засгийн газрын үүрэг. Гэхдээ үүнийг хуулийн дагуу чиг үүрэг нь олгогдсон байгууллагууд бие даасан байдлаар, хэнээ ч хараат бусаар хийх ёстой. Энэ тухайд хатуу шаардлага тавьж ажиллана. Мөн урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх ёстой. Бид аливаа гэмт хэргийг гарсных нь дараа шуугиж, хэрүүл тэмцэл хийдэг биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ёстой. Аливаа гэмт хэрэг гарахгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудтай холбоотой цахим гэмт хэрэг, хар тамхи, донтолтын асуудал зайлшгүй анхаарах асуудал болчихлоо. Энэ бүхэнд төвлөрч, гол анхаарлаа хандуулж ажиллана. Хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, хууль хэрэгжүүлэх бүх шатанд стандарт тогтоох, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэнэ. Хэрэг илрүүлэлт, мөрдөн байцаах үйл ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр, ШШЕГ-ын үйл ажиллагаа хэнээс ч хараат бусаар ил тод, нээлттэй явах, шилэн байх, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хангах, хууль хэрэгжүүлэх шаардлагыг тавьж ажиллана. Нэгдүгээрт, ХЗДХЯ харьяа байгууллагуудынхаа хараат бус, бие даасан байдлыг хангаж, уялдуулж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт, гадаад талд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед дотоод аюулгүй байдал төдийгүй хил хамгаалах, хилийн цэргийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Хууль бидэнд хангалттай бий. Гагцхүү хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа дээр анализ хийж, хууль гууль болчихоод байгааг цэгцлэхийн төлөө ажиллана.
Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт бодлогын, зарчмын, хандлагын өөрчлөлт хийх цаг болсон
/Эрчим хүчний сайд/
-Эрчим хүчний салбарт бодлогын, зарчмын, хандлагын өөрчлөлт хийх цаг болсон. Энэ салбараа хаячихаад тэндээс тасалдалгүй тог цахилгаан, хангалттай хүчин чадал хүлээх нь буруу шүү дээ. Тиймээс энэ тухайд бодлогын өөрчлөлт хийнэ. Иргэдийн дундаж орлогоос авахуулаад түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ жил ирэх бүр өссөөр өдийг хүрсэн. Гэтэл дулаан цахилгааны өртөг бараг хэвэндээ байсаар өнөөдрийг хүрлээ шүү дээ. Ийм байхад хүнд байдалд орохоос аргагүй. Шинэ эх үүсвэр, үр ашиг байхгүй, энэ салбарыг алдагдалтай байлгаад байхаар чадлын, цахилгааны, эрчим хүчний дутагдалд орчихоод байгаа юм. Цахилгаан дулааны үнийг нэмэх нь нэг талын л асуудал. Харин үүнийг зохистой түвшинд аваачиж, үр ашгийг нь сайжруулж, өртгийг нь бууруулах нь Эрчим хүчний яамны болон одоогийн Засгийн газрын бодлого байх болно. Эрчим хүчийг үйлдвэрлэж буй өртгөөс нь бага үнээр олон жилийн турш борлуулж байна шүү дээ. Үнийг хэт доогуур барих бодлого байгаа юм бол эргээд өртгийг нөхөх бодлого ч мөн зэрэгцэн оршиж байх ёстой юм. Үгүй бол үнийг тохируулах бодлого ч мөн байх учиртай. Энэ бол өртөгт нь ойртуулах тухай л ойлголт юм. Өртөг зардлыг нь бууруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх ажил чухлаар тавигдаж байна. Нөгөө талаас өртөгт нь ойртуулах буюу үнийн зохицуулалт хийх шаардлага үүссэн нь үнэн. Гэхдээ энэ бүхнийг ганц далайлтаар шийдэхгүй нь ч үнэн.
Х.Мандал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.