Итгэл даах хүч
С.Бямбацогт бол төрийн эрх барих дээд байгууллагад тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тулхтай түшээ.
“Хүний хийж сурсан ажил, олж авсан чадвар хэзээ ч элэгдэж үгүй болдоггүй”. Энэ бол Монгол Улсын парламентын 15 дахь дарга С.Бямбацогтын амьдралдаа баримталдаг философи. “Эхлэхдээ төгсгөлөө харах ёстой” гэдэг бол түүний ажилдаа баримталдаг зарчим. Түүнийг УИХ-ын даргаар ажиллах хугацаагаа хэрхэн өнгөрүүлж, ямар өв үлдээхийг өнөөдөр хэлэхэд эрт ч “Ажлыг хийж үзүүлэх басхүү зүтгэх хүч” гэж харах нь бодит байдалтай илүү нийцнэ. Учир нь, С.Бямбацогт бол төрийн эрх барих дээд байгууллагад тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тулхтай түшээ.
Спикерийн тамга хүлээн авч ажилдаа орсон даруйдаа С.Бямбацогт “Олон монголчуудынхаа адил эгэл боргил амьдралд өсөж, хагацал зовлонд хат сууж, хайр энэрэлд хүмүүжин бойжиж хүн болсон эгэл нэгэн” хэмээн өөрийгөө илүү ч үгүй, дутуу ч үгүй тодорхойллоо. Насанд хүрээгүй зургаан дүүгээ хүний зэрэгт хүргэх амлалт, үүргийг тэнгэр болсон аавынхаа өмнө хүлээсэн 18-тай хүү 34 жилийн дараа анхны 126 гишүүнтэй парламентын даргаар сонгогдож, төрийг төвхнүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх том үүргийг улсынхаа өмнө хүлээлээ. Тэр зургаан дүүгээ дээд боловсролтой болгож, аавдаа амласан амлалтаа биелүүлсэн. Түүнээс хойш хэнд, юу амлаж, хэрхэн биелүүлэв.
Эх орны баруун хязгаар, Ховд нутгийн зон олныг сүүлийн 18 жил төрд төлөөлсөн нь түүнийг улстөрчийнхөө хувьд сонгогчдынхоо өмнө амласнаа биелүүлсэн эсэхийг бэлхнээ илтгэнэ. Хамгийн сүүлд буюу 2024 оны сонгуульд улсын хэмжээнд хамгийн өндөр санал авч сонгогдсоноор С.Бямбацогт намынхаа өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, МАН-ын УИХ дахь суудлын тоог нэр төртэйгөөр нэмсэн.
Тэр 2008 оноос эхлэн Ховд аймгийн 60 орчим мянган сонгогчийг төрд төлөөлж ажилласан бол УИХ-ын 2024 оны сонгуулийг томсгосон тойрог, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахад баруун бүсийн Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн 79.826 сонгогчийн санал авсан нь улсын хэмжээн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байдаг.
“Хөгжлийн замын хөтөч” байх амлалтаа биелүүлэв. С.Бямбацогтыг УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хүртэл Ховд аймаг хөгжлөөс хол хоцорсон байсан нь үнэн. Ганц жишээ татахад, 1990-2010 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд тус аймагт нэг ч км зам тавиагүй байдаг. Тиймээс тэрбээр УИХ-ын гишүүн болсноос хойш орон нутгаа хөгжилд хөтлөх зам харгуйтай болгох ажилд ханцуй шамлан зүтгэсний хүчинд өнөөдөр Ховд улсын хэмжээний хамгийн олон км хатуу хучилттай авто замтай аймаг болж чаджээ. Товчхондоо, Ховд аймгийн Дуутаас бусад бүх сум засмал замтай болсон. Аймгаас сум, сумаас сум руу холбогдсон 1300 гаруй км хатуу хучилттай авто замыг бариулахад Ховдынхныг төрд төлөөлөн ажилласан С.Бямбацогтын хичээл зүтгэл ихээхэн байсан нь лавтай. Хичээл зүтгэлийг хэмжих аргагүй ч нутаг орондоо хийж хэрэгжүүлсэн, бүтээн байгуулсан бүхнийх нь үр шим түүнд ийнхүү олон удаа төр түшилцэх итгэл хүлээлгэсэн байж таарна.
Төрөлх нутгаа хөгжилд түүчээлэх амлалтдаа хүрэв. Шинэхэн спикерийн хувьд хувийн хэвшлээс төрд орж ирсэн нэгэн. Дунд сургуулийн сурагч байхаас тоосго цохиж, ээждээ дэм болж амьдралаа босголцож явсан хүү Монгол Улсын 100 жилийн түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэрийг төрөлх нутагтаа босгосон амжилт С.Бямбацогтынх. Энэ бол түүний өсөж төрсөн нутагтаа иргэний ёсоор оруулсан үнэт хувь нэмэр. Түүний босгосон энэ үйлдвэрийг дагаж шинээр 350 ажлын байр бий болсон байдаг. Сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө “Зүтгээ Сандаг” хоч автлаа зүтгэж явсан аавынхаа их үйлсийг түүчээлэн үргэлжлүүлсэн гавьяат ажил гарцаагүй мөн.
УИХ, Засгийн газрын өмнө хүлээсэн үүрэг, амлалтдаа хүрэв. С.Бямбацогт УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа 50 орчим хуулийг санаачлан батлуулж, төрийн түшээгийн үүрэг, амлалтдаа хүрсэн улстөрч. Улмаар төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх өдөртэй болгож, төрийн бодлого тогтвортой, тууштай, уялдаа холбоотой, урт настай, гарц шийдэлтэй байх туг бодлогыг санаачлан батлуулаад зогсохгүй “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хамтын санаачилгын дүнд 100 мянган орон сууц барих, 21 аймгийг авто замаар холбох ажилд тэргүүлэн зүтгэсэн нэгэн.
Харин Засгийн газрын гишүүний хувиар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа хил, цагдаа, хууль шүүхийн эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд реформын шинжтэй 23 хуулийг санаачилж батлуулсан төдийгүй гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог хуультай болгосон бол Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаанд гацаанд байсан төслүүдийг хөдөлгөж ганцхан байсан төмөр замын гарцыг тав болгон нэмэгдүүлэх эхлэлийг тавьж, “Улаанбаатар төмөр зам”-ын 167 тэрбум төгрөгийн их өрийг бүрэн шийдвэрлэж, агаарын тээврийг либералчилж, орон нутгийн найман чиглэлд олон жил тасарсан нислэгийг сэргээж, дэлхийн 46 улсын 157 цэг рүү нислэг үйлдэх боломжтой болгон тийзийг хоёр дахин хямдруулж, холын Америк руу шууд нисэх үүдийг нээн, Монгол Улс түүхэндээ анх удаа 107 сая тн ачаа тээвэрлэн, зам тээврийн салбар 73 хувийн өсөлт үзүүлэх нөхцөл суурийг бүрдүүлсэн Засгийн газрын сайд. Түүнчлэн Монголын улс төрийн ууган хүчин МАН-ыг цөөнх байх үед УИХ дахь бүлгээ удирдаж дараалсан ялалт байгуулах суурийг тавилцсаны зэрэгцээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх баригчдын нэгээр ажилласан арвин туршлагатай улстөрч.
Өөртөө өгсөн амлалтаа ингэж биелүүлэв. С.Бямбацогтыг гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин гэдгийг олон хүн мэдэх ч зрительгүй хэмээн тодорхойлдог уулын спортын хоббитой, 2006 оноос хойш 4000 метрээс дээш өндөртэй олон ч ууланд оргилдсон, өөрөө өөрийгөө ялан дийлэгч гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй.
Түүний хувьд улс төр дэх карьерынх нь шинэ шат ийнхүү эхэлж байна. Туулсан зам мөр, өнгөрүүлсэн цаг хугацаа бүрд амласан амлалтдаа хүрч ирсэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын хувиар “Хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах. Ард түмнийхээ итгэлийг дааж, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүрэг, үүрсэн ачаандаа эзэн болох” хамгийн том амлалтынхаа өмнө ирээд байна.
Х.МАНДАЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.