Н.Учрал: Монгол Улс түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ
Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан” гэдгээ ч дуулгасан юм. Ийнхүү Н.Учралын Засгийн газар бүрдсэн даруйдаа хэмнэлтийн горимд бүрэн шилжиж буйгаа зарласан. Ингэхдээ төсвийн тодотгол хүлээлгүйгээр өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ гэдгээ ч зарлалаа.
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал танхимаа бүрдүүлэн, сайд нараа батламжилснаар үүрэгт ажилдаа орлоо. Түүний Засгийн газар 19 яам, 16 сайд, зургаан дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болж байна. Засгийн газарт МАН-аас 16 сайд, ХҮН намаас хоёр, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдсон бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарыг Ч.Номин, Гадаад харилцааны салбарыг Б.Батцэцэг удирдан ажиллах бол 12 дэд сайдын орон тоог цомхотголоо.
Н.Учралын танхимын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдов. “Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар” хэмээн Ерөнхий сайд тодотгоод Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг сайд нарт хатуу шаардахаа онцлов. Мөн ёс зүйн болон ажлын хариуцлага шаардаж ажиллахаа илэрхийлж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг ажиллах ёстойг анхааруулсан юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж буйгаа онцлон тэмдэглэсэн. Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн. Тэрбээр “Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна.
Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ” хэмээн тодотгоод Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо хоёр үндэслэлийг харгалзан тооцсоноо хэлсэн юм. “Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө.
Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна. Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй” хэмээгээд судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байгаа бөгөөд үүнийг бөглөх шаардлагагүй.
Учир нь, энэ нь 26 яамыг татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно. Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв гэж үзсэнээ ч хэлсэн. Ерөнхий сайд Н.Учралын хувьд Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт, ёс зүйн хариуцлага нэхэж ажиллахаа илэрхийлээд зогсохгүй “Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина.
Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан” гэдгээ ч дуулгасан юм. Ийнхүү Н.Учралын Засгийн газар бүрдсэн даруйдаа хэмнэлтийн горимд бүрэн шилжиж буйгаа зарласан. Ингэхдээ төсвийн тодотгол хүлээлгүйгээр өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ гэдгээ ч зарлалаа.
Н.Учралын Засгийн газрын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр, Шадар сайдаар Т.Доржханд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдаар Н.Номтойбаяр, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Сангийн сайдаар З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням, Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Ц.Сандаг-Очир, Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир, Зам, тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ж.Алдаржавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ч.Номин, Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа, Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугар нар ажиллана. Харин Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Сангийн дэд сайдаар Б.Хулан, ХЗДХ-ийн дэд Д.Мөнх-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамир нар үргэлжлүүлэн ажиллахаар болов.
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөлөв
Төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ. Төрийн албаны 3000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ. Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Засгийн газрын тус тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо.
Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав. Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргалаа.
Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна. Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт нэг сая.тн-с багагүй хүчин чадал бүхий Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байхаар тооцоолжээ. “Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно. Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байр бий болгох аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна” гэдгийг салбарын сайд мэдээллээ.
Дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй зээлээр олгож эхлэв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүнсний ногооны хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд нэг тэрбум төгрөгөөр дөрвөн төрлийн хүнсний ногооны үр худалдан авч, хөнгөлөлттэй зээлээр олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад хүнсний ногооны тариалалт 1500 га-аар, ургац 20 мянган тонноор тус тус нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хаврын тариалалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож байгаа юм. 2026 онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг үе шаттайгаар хангаж эхэлсэн байна. Түүнчлэн хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахууны литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэх зохицуулалт хийж, эхний ээлжийн нийлүүлэлтийг эхлээд байна.
М.ӨНӨРЖАРГАЛ