МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Эдийн засгийн эрх чөлөөний төлөө

Эдийн засгийн эрх чөлөөний төлөө

Ерөнхий Сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг бизнесийн салбарынхан, жижиг дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, малчид, залуучууд зэрэг нийгмийн олон төлөөлөл ихэд олзуурхан хүлээж авсан. Хамгийн гол нь хэрэгжиж гэмээнэ л үр дүн гарна. Иймээс ч “Чөлөөлье” санаачилга бодит ажил хэрэг болж хэрэгжих нь хамгийн чухал байгаа.

Үнэн
Админ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Ер нь аливаа төрийн өндөр албан тушаалтны хамгийн эхний шийдвэр хэрхэн гарах вэ гэдэг хамгийн чухал байдаг. Үгнээс илүү үйлдэл бодитой, үнэн байдаг учраас тэр биз ээ. Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого нь ердийн нэг уриа лоозон уу эсвэл үнэхээр хийж хэрэгжүүлэхийг хүссэн чинхүү зорилготой төлөвлөгөө юү гэдгийг анхны шийдвэрүүд нь харуулах учраас олон нийт ихэд сонирхож байв. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал дөрөвдүгээр сарын 7-нд  Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын газрын удирдлагуудтай уулзаж, Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг даалгавар өглөө. Энэ үеэрээ Ерөнхий Сайд Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг биш нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллана. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Энэ бол иргэд, аж ахуйн нэгждээ итгэж буй хэрэг. Энэ итгэлийг аж ахуйн нэгжүүд маань зүтгэлээр хариулах ёстой гэв.

Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран төлөвлөгөө гаргаж, эргэн төлөх боломжийг нь олгож ажиллахыг анхааруулсан юм. Мөн Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх шаардлагатай. Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг идэвхэжнэ гээд татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-аас чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулаад Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Улмаар дөрөвдүгээр сарын 8-нд болж хуралдсан Засгийн газрын хуралдаанаар эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцлав.Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө, төрийн бай­гууллагад байгаа 3000 сул орон тоонд  хүн нөхөж томилохгүйгээр царцаалаа. Болдог л юм байна.

Ерөнхий Сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг бизнесийн салбарынхан, жижиг дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, малчид, залуучууд зэрэг нийгмийн олон төлөөлөл ихэд олзуурхан хүлээж авсан. Хамгийн гол нь хэрэгжиж гэмээнэ л үр дүн гарна. Иймээс ч “Чөлөөлье” санаачилга бодит ажил хэрэг болж хэрэгжих нь хамгийн чухал байгаа. 

Монголд өнөөдөр бизнес эрхлэхийн тулд олон саадтай тулгарсан хэвээр байна. Төрийн байгууллагуудаас олгодог олон төрлийн зөвшөөрөл, лиценз нь зах зээлд нэвтрэх босгыг өндөрсгөж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгааг хүн бүхэн мэднэ. Нөгөөтэйгүүр төрийн оролцоо эдийн засагт хэт давамгайлж,жилээс жилд багасах бус улам ихсэх болсон нь яах аргагүй аюулын дохио.

Зөвшөөрөл олгох, тендер шалгаруулах, төрийн үйлчилгээ үзүүлэх явцад авлига их байдаг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, иргэдийн итгэл алдагдахад хүргэсээр  байна. Үүнээс гарах зам нэн тодорхой. Ерөөс аугаа бүхэн маш энгийн байдаг.Иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг нь өгье, төрөөс шалтгаалсан аливаа шахалт, дарамт, хүнд суртлыг устгая. Ингэж чадвал монголчууд амьдралаа өөрсдөө хэнээс ч дутахгүй аваад явж чадна. Иймээс ч иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгохын төлөөх нөр их тэмцэл Ерөнхий сайд Н.Учрал, түүний удирдсан Засгийн газрын гишүүдийг хүлээж байна.

М.ГАЛ-АРИВ

Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.

#Засгийн газар
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.