Засгийн газар ард түмэнд хүртээх баялгийн өгөөжийг тогтмол нэмэгдүүлнэ
Монгол Улсын баялгийн үр өгөөжийг хэдхэн компани, аж ахуйн нэгж бус 3.5 сая иргэн тэгш хүртдэг, шударга зарчим үйлчлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн Н.Учрал үзэж байна. Тийм ч учраас Хуримтлалын сангийн үр өгөөжийг тогтмол нэмэгдүүлж, стратегийн орд бүрийн өгөөжийг шингээдэг байх үүднээс бие даасан хуулийг батлан гаргах шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ тухайд “Стратегийн ордуудын үр өгөөж багадаа 60 хувь байх ёстой. Тэрхүү хувьд юу, юу байхыг жагсааж бичээд хуульчилж өгье.
Монгол Улсын баялгийн үр өгөөжийг хэдхэн компани, аж ахуйн нэгж бус 3.5 сая иргэн тэгш хүртдэг, шударга зарчим үйлчлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн Н.Учрал үзэж байна. Тийм ч учраас Хуримтлалын сангийн үр өгөөжийг тогтмол нэмэгдүүлж, стратегийн орд бүрийн өгөөжийг шингээдэг байх үүднээс бие даасан хуулийг батлан гаргах шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ тухайд “Стратегийн ордуудын үр өгөөж багадаа 60 хувь байх ёстой. Тэрхүү хувьд юу, юу байхыг жагсааж бичээд хуульчилж өгье.
Төрийн эзэмшлийн хувь хэмжээг өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах талаар бүгдтэй нь хэлэлцээ хийвэл олон жил болох учраас эрх зүйн орчноор тогтооё. АМНАТ-аар орлуулаад явчихсан байсан бол хуримтлал гурав дахин өсөх байсан. Баялгийн сангаа ард түмэн хүртэх эрхтэй. Үүнийг шийдэхдээ худлаа попорч болохгүй” хэмээн тодотголоо. Энэ ч үүднээс тэрбээр Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан байдаг. Энэ хугацаанд хэлэлцээний бэлтгэлийг хангах, үе шаттай уулзалт, хэлэлцээ хийж, хуулийн дөрвөн этгээд болох “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт” ХХК зарчмын түвшинд тохиролцоонд хүрсэн байдаг юм. Гэвч зарим хуулийн этгээдийн идэвхгүй оролцоо, хэлэлцээний явц дахь тэгш бус байдал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох эсхүл тусгай АМНАТ-аар орлуулах хувилбаруудыг хөндлөнгийн шинжээчдээр хянуулах шаардлага, өгөөжийн бүтэц болон тооцооллын аргачлалын тодорхойгүй байдал, зарим ордын шинэчилсэн ТЭЗҮ-г батлуулах зэрэг асуудлаас шалтгаалан хэлэлцээ удааширч, хугацаа алдаж байгаа учраас Н.Учралын Засгийн газар ийнхүү бие даасан хууль батлах санаачилга гаргалаа. Ингэснээр стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хувийн хэвшилд хүндрэлгүйгээр тогтоох, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зарчмыг хангуулж, шаардлагатай бол өгөөж тохируулах төлбөрийг хэрэглэх. Төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой тодорхой, тогтвортой байдлыг хангаж ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Ийнхүү Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай хуулийн төслийг яаралтай горимоор боловсруулахаар боллоо.
Иргэн бүрийн хуримтлалын дансан дахь үлдэгдэл энэ оны сүүлчээр 500 мянган төгрөгт хүрнэ
Манай улс 2024 оны дөрөвдүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан байдаг. Ингэснээр байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртээх, хуримтлал үүсгэх зорилгоор стратегийн ордуудын орлогыг төвлөрүүлж эхэлсэн юм. Тэгвэл ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонгийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар хууль батлагдсанаас хойш 2024 он гэхэд 495.6, 2025 онд 507.1, 2026 онд 448.7 тэрбум төгрөг тус тус энэ санд төвлөрчээ. Ингэснээр нийтдээ 1.4 их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлээд байгаа аж. Энэхүүү санд төвлөрсөн хөрөнгө иргэдийн хуримтлалын нэрийн дансанд адил тэнцүү хэмжээгээр хуваарилагдаж очих юм. 2025 оны эцсийн байдлаар нэг хүнд 306 мянган төгрөгийн хуримтлал үүссэн байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд 500 мянган төгрөгт хүрэх тооцоолол гарчээ.
Ямартаа ч Засгийн газар өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшдэг зарим аж ахуйн нэгжтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирч, орд ашиглалтын үр өгөөжийн 60 хувьтай тэнцэх ашгийг ард түмэн хүртэх зарчмыг урьдчилсан байдлаар тохиролцоод байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний ажлын явцын талаар Засгийн газар ийнхүү тусгайлан хэлэлцсэн юм. Энэ тухайд ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Цолмон “УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудыг тодорхойлж өгсөн байдаг. Үүнд нийтдээ 16 ордыг хамааруулсан байдаг. Үүнээс долоон ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдсон бол бусад наймд нь төрийн эзэмшил тогтоогдоогүй буюу хувийн хэвшил тусгай зөвшөөрлийг нь эзэмшээд үйл ажиллагаа явуулж байдаг. Ингээд нийтдээ 25 аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийх үндсэн шаардлага үүссэн. Үүнээс 11 аж ахуйн нэгж нь одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй буюу зогсонги байгаа бол 14 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байдалтай байна. Ажлын хэсгийн зүгээс энэхүү хэлэлцээнд бэлтгэж, тухайн аж ахуйн нэгжүүдээс санхүү, татварын тайлан болон бусад шаардлагатай мэдээ материалыг татан авснаар шинжлэн судалж байна.
Үүний үндсэн дээр төрд ногдох өгөөжийн тооцооллыг хийх, шаардлагатай санхүүгийн загварыг боловсруулснаар аж ахуйн нэгжүүдтэйгээ хэлэлцээ уулзалтыг тухай бүр зохион байгуулаад явсан. Үүний үр дүнд дөрвөн аж ахуйн нэгжтэй урьдчилсан байдлаар зарчмын хоёр асуудлаар харилцан тохиролцоод байна. Нэгдүгээрт, тухайн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбай дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг урьдчилсан байдлаар тохирлоо. Хоёрдугаарт, орд ашиглалтын үр өгөөжийн 60 хувьтай тэнцэх өгөөжийг ард түмэн хүртэнэ гэдэг зарчимд санал нэгдэж, тохиролцлоо” хэмээн мэдээлж байна. Харин бусад аж ахуйн нэгжийн хувьд энэхүү хэлэлцээнд идэвхгүй буюу оролцоо сул багаа аж. Өөрөөр хэлбэл, шаардсан тайлан, материал, судалгааг ирүүлэхгүй байх зэргээр эс үйлдэхүй гаргаж байгааг албаныхан мэдээлж байгаа юм.
Энэ нь эргээд Засгийн газрын зүгээс өгөөжийг тооцох, санхүүгийн загвар боловсруулахад хүндрэл учруулж байгаа аж. Нөгөөтэйгүүр өгөөжийн бүтцийг тооцоолох хуульчилсан аргачлал байхгүй байгаа нь ордууд дээр хийх тооцоолол харилцан адилгүй гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ТЭЗҮ шинэчлэн батлагдаагүй өгөөж болон санхүүгийн тооцоолол хийхэд шаардлагатай мэдээллүүд нь бүрдээгүй учраас энэхүү аж ахуйн нэгжүүд дээр хийх хэлэлцээ бүрэн хийгдэж чадахгүй буюу удаашралтай, цаг хугацаа алдсан нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдэд хүртээх өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх, мөн хөрөнгө оруулагчдад тодорхой, ойлгомжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс бие даасан хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд өглөө. “Хуримтлалын сан бол газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо амьдарч буй иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор байгуулагдсан сан. Цаашид стратегийн ордууд дахь хэлэлцээрээ амжилттай хийгээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод түүнийгээ тусгай АМНАТ-аараа орлуулах хувилбарыг сонгоод явбал Хуримтлалын сан тэр хэмжээгээр өсөн нэмэгдэх, улмаар иргэн бүрд оногдох мөнгөний хэмжээ улам бүр өсөх боломж бүрдэнэ” хэмээн Засгийн газар үзэж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.