Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг хүнд суртлаас чөлөөлнө
Н.Учрал Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод ганцхан сарын нүүр үзэж байгаа ч гадна, дотнынхонд хэлэх үг, хийсэн ажилтай сууна. Тодруулбал, тэрбээр дотоодын хувийн хэвшлийнхэн болон гаднын хөрөнгө оруулагчидтай уулзаж, Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш гаргасан санаачилга, хийсэн ажил, гарсан үр дүнг хуваалцлаа. Түүнчлэн тэрбээр “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хийх ажлын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Н.Учрал Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод ганцхан сарын нүүр үзэж байгаа ч гадна, дотнынхонд хэлэх үг, хийсэн ажилтай сууна. Тодруулбал, тэрбээр дотоодын хувийн хэвшлийнхэн болон гаднын хөрөнгө оруулагчидтай уулзаж, Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш гаргасан санаачилга, хийсэн ажил, гарсан үр дүнг хуваалцлаа. Түүнчлэн тэрбээр “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хийх ажлын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Түүний мэдээллээс дурдвал боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авдаг боллоо. Битүүмжлэгдсэн байсан 12.153 татвар төлөгчийн дансыг нээж, 1936 татвар төлөгч 62.6 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ. Үсчин, гоо сайхан, дугуй засвар, оёдол, кофе шоп зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлж, “E-business” системд мэдэгдээд шууд эхэлдэг болсон. 2026 онд бүх салбарт 9.376 хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс эрүүл мэнд, байгаль орчноос бусад чиглэлийн 7.029 хяналт шалгалтыг цуцаллаа. Засгийн газрын үйл ажиллагаанд E-cabinet дашбоард нэвтрүүлэв. Төрийн албан хаагчдын цагийг хэмнэж, олон төрлийн тайлан цааснаас чөлөөлөв. Төр өөрөө код бичихгүй, программ хангамж хөгжүүлэхгүй. Төрийн үйлчилгээний сервисийг хувийн хэвшилд зориулан чөлөөлнө. Засгийн газар цаашид ч мөн ийм чөлөөлөлтийг үргэлжлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ.
Засгийн газар эрчим хүчний салбарыг хуримтлагдсан өрөөс үе шаттай чөлөөлж, 2029 оноос төсвийн татаасгүй ажиллахад анхаарч байна. Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол буюу ногоон “тогтоол” батлагдсан тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Говь-Сүмбэр аймагт батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдээд хувийн хэвшлийнхнийг урилаа. Энэ бол Ерөнхий сайд Н.Учралын нэг сарын хугацаанд амжуулсан ажлын тайлан, мэдээлэл.
Харин тэрбээр өөрийн дэвшүүлсэн бодлогын санаачилгыг ажил хэрэг болгохын тулд эхний ээлжид иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах үүднээс Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Тус хуульд оруулсан өөрчлөлтүүдийн төслийн талаар Н.Учрал сайд товч танилцуулсан. Тухайлбал, авлигыг бууруулж, бодит үр дүнд хүрэх зорилтын хүрээнд иргэн өөрөө төрийг хянах “Шилэн” /shilen.gov.mn/ ажиллагааг үргэлжлүүлнэ. Шүгэл үлээгчийн эрх зүйн хамгаалалтыг бий болгоно. Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно. Төрийн нууцын тухай хуулийг батлуулж, албаны нууцаас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна. Төрийн өмчит компани болон удирдах албан тушаалын тоог бууруулж, зардлыг танана. Хиймэл оюуны хэрэглээг худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад нэвтрүүлж, хүнээс хамаарсан авлига, хүнд суртлын эх үүсвэрийг зогсооход анхаарч ажиллаж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалт тогтоох бол зөвхөн хуулиар тогтооно. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг дэмжих гэсэн гурван үндэслэлээр хязгаарлалт тогтоож болно. Бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхээр тусгажээ. Монгол Улсад 41 хуулийн 49 зүйл заалт буюу зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хориглож, хязгаарлажээ.

Иймд зайлшгүй хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай салбараас бусад 16 салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулсан байна. Түнчлэн Төв банкны тухай хууль, банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монголбанкны бие даасан байдлыг сайжруулж, гадаадын банк үүд хаалгаа нээх боломж бүрдэнэ. Ган болон зэс боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, Газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, Нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигийн хөндий болон Хархорин, Дорнодод шинээр байгуулах чөлөөт бүсүүдийг экспорт, импортын баримжаатай чөлөөт бүсийн загвараар шинэчлэн хөгжүүлнэ зэрэг мэдээллийг “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” танилцуулгын хүрээнд өглөө.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар цаашид ажиллах чиг шугам, замын зураглалаа хувийн хэвшлийнхэн төдийгүй хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байдлаар илэрхийлсэн юм. Энэ үеэр оролцогчдын зүгээс сонирхсон асуултаа асуухын зэрэгцээ зарим тодорхой саналаа холбогдох салбарын сайд нарт шууд уламжлахын зэрэгцээ Ерөнхий сайдаас биечлэн асуулт асууж хариултаа авсан, газар дээрээ үр дүн нь гарсан ажил хэрэгч уулзалт болсон юм.
Х.Мандал