МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Б.Нандин-Эрдэнэ: Шийдвэрүүдийг илүү оно...

Б.Нандин-Эрдэнэ: Шийдвэрүүдийг илүү оновчтой, өгөгдөлд тулгуурласан болгоход хувь нэмрээ оруулахын тулд улс төрд орсон

Худалдааны салбар, нийгмийн амьдралын гүнд орж зах зээлийн онцлогоо ойлгож, мэдэрсэн хүн аливаад бодитоор хандаж, үнэлгээ нь илүү хүндээ наалдсан байдаг. Энэ дугаарын “Залуу лидер” Б.Нандин-Эрдэнэ эмэгтэй бизнесүүдийн төлөөлөл. Одоо улс төрийн тавцанд шийдвэрүүдийг илүү бодитой байхад хувь нэмрээ оруулахаар  яваа нэгэн  юм. МУИС-д улс төр судлалаар мэргэшсэн тэрбээр одоо МАН-ын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын даргаар ажиллаж байна.

Үнэн
Админ

Худалдааны салбар, нийгмийн амьдралын гүнд орж зах зээлийн онцлогоо ойлгож, мэдэрсэн хүн аливаад бодитоор хандаж, үнэлгээ нь илүү хүндээ наалдсан байдаг. Энэ дугаарын “Залуу лидер” Б.Нандин-Эрдэнэ эмэгтэй бизнесүүдийн төлөөлөл. Одоо улс төрийн тавцанд шийдвэрүүдийг илүү бодитой байхад хувь нэмрээ оруулахаар  яваа нэгэн  юм. МУИС-д улс төр судлалаар мэргэшсэн тэрбээр одоо МАН-ын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын даргаар ажиллаж байна. 

-Залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байснаас тань хойш хоёр, гурван жил ч өнгөрч, өнөөдөр та эрх баригч намын аппаратад харьяалагдан ажиллах болжээ. Ярилцлагын эхэнд яагаад ийм улс төрийн сонголт хийснийг асууя?

-Асуултад хариулахын тулд ойлгомжтой байх үүднээс эхлээд бизнесийнхээ талаар товчхон ярих нь. Энэ нь миний хариултыг илүү ойлгомжтой болгох байх гэж бодлоо. Таны дурдсанчлан би бизнесийн салбар, тэр дундаа үйлдвэрлэлийн салбарт арав гаруй жил ажилласан туршлагатай.

Баг хамт олонтойгоо том зүйлийн төлөө зорьсноос хойш шинэлэг, бүтээмжтэй, инновацлаг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн Монголд анхдагч гэж хэлж болох цөөнгүй ажлын ард бид хамтдаа гараад байна. Мэдээж энэчлэн бизнесээ үргэлжлүүлэх боломж байсан. Гэхдээ бизнесийн салбарт ажиллахдаа хурд, бүтээмж, сэтгэлээ ажилдаа бүрэн зориулж чадвал том өөрчлөлтийг бага багаар ч гэсэн бүтээж болдгийг ойлгосон.

Гаднаас нь хараад шүүмжлэх амархан, харин дотроос нь өөрчлөх илүү хариуцлагатай, илүү үр дүнтэй зам гэж би үзсэн. Яагаад гэвэл, бизнес эрхлэгчийн хувьд би бодлогын шийдвэр ямар их нөлөөтэйг өөрийн биеэр мэдэрсэн юм. Татвар, зээлийн хүү, эрчим хүчний үнэ, импортын нөхцөл, түрээс, зөвшөөрөл гээд төрийн нэг шийдвэр мянга мянган аж ахуйн нэгжийн хувь заяаг тодорхойлдог. Тиймээс бодлого гаргах тал руу орж, тэр шийдвэрүүдийг илүү оновчтой, өгөгдөлд тулгуурласан болгоход хувь нэмрээ оруулах цаг нь болсон гэж шийдсэн. Ийм бодлоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 105 жилийн түүхтэй улс төрийн ууган намд ажиллах санал ирснийг хүлээн авч, шинэ ажилдаа ороод байна.

Өөрийн чаддаг зүйлээ байгаа газартаа, байгаа хугацаандаа чанартай хийж, улс төрийн байгууллагад ч бизнесийн арга барил, хэмжигдэхүйц үр дүн, хариуцлагын соёл нэвтэрч болно гэдгийг харуулахыг зорьж байна. Мөн өөрийн хэмжээнд шинэчлэл хийж, шинэлэг арга барилаар ажиллахаар хичээж явна. 

Гишүүн төвтэй нам гэдэг зөвхөн уриа биш, шийдвэр гаргалтын бодит механизм байх ёстой 

-Аливаа зүйлийг гаднаас нь харах, дотоод үйл ажиллагаатай нь танилцаж тогтолцооны хүрээнд судлан хөгжүүлэх ялгаатай байдаг. Улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлийг нь танин мэдэж, намын гол эд эс нь болсон гишүүд дэмжигчидтэй нь уулзахад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Гаднаас харахад нам бол төв байр, удирдлага, сонгуулийн кампанит ажил мэт санагддаг. Харин дотроос нь харахад нам бол аймаг, сум, хороо бүрд амьдарч буй олон мянган гишүүн, тэдний хувь хүний түүх, итгэл найдвар юм байна гэдгийг мэдэрсэн. Сум, дүүргийн гишүүдтэй уулзахад хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол тэдний үнэнч байдал, намаа гэсэн сэтгэл байсан. Олон жил, зарим нь хэдэн арван жил намдаа итгэж, намаа хайрлан сонгууль болгонд сайн дураараа ажиллаж ирсэн хүн маш олон байна. Нам бол хүний итгэлцэл, сэтгэл, харилцаа гэдгийг өдрөөс өдөрт ойлгож байна. 

Мөн социал демократ үзэл баримтлал буюу нийгмийн шударга ёс, эмзэг бүлгийг хамгаалах, хөгжлийн үр шимийг тэгш хүртээх үнэт зүйлс нь цаасан дээр биш, гишүүдийн өдөр тутмын яриан дунд амьд байгааг харсан. Энэ бол намын хамгийн том хөрөнгө гэж би дүгнэсэн. Монголчуудын ахуй соёл, уламжлал, амьдралын хэв маяг нь социал демократ үзэл баримтлал бидний амьдралд эрт үеэс байсаар ирсний тод илрэл юм болов уу. 

Нөгөө талаар гишүүд “Миний санал, миний дуу хоолой дээд шатанд хүрдэг үү” гэсэн асуултыг ил тод тавьж байсан. Энэ бол шүүмжлэл биш, харин оролцох хүсэл гэж би ойлгосон. Тиймээс бид  намын гишүүдийнхээ дунд тогтмол судалгаа хийж, тэдний сэтгэл ханамж, хүлээлт, санал бодлыг тоон өгөгдлөөр харах ажлыг хийж байна. Гишүүн төвтэй нам гэдэг зөвхөн уриа биш, шийдвэр гаргалтын бодит механизм байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Та 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтад багтсан эмэгтэйчүүдийн төлөөллийн нэг байсан. Өнөөдөр МАН-ын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын даргаар ажиллаж байна. Улс төрийн ууган нам дахь эмэгтэйчүүдийн нөлөөлөл ямархуу, оролцоог хангахад бодитоор ажиллаж чадаж байгаа эсэхийг та л хэлэх байх?

-Шударгаар хэлэхэд, эмэгтэй­чүүдийн оролцоо өсөж байгаа ч шийдвэр гаргах түвшинд хүрэлцээтэй биш байна. Эмэгтэй гишүүд намын үйл ажиллагааны нуруу нь болж, сонгуулийн ажил, олон нийтийн ажил, гишүүдтэй харилцах ажлын ихэнхийг нуруун дээрээ үүрдэг. Гэвч нэр дэвшүүлэх, удирдах албан тушаалд хүрэх зам нь эрэгтэйчүүдийнхээс илүү хэцүү хэвээр байна. Үүний гол шалтгаан нь сонгуулийн санхүүжилт, сүлжээ, жагсаалтад байршуулах шийдвэр гаргалт юм.

Цаашид энэ нь сонголт биш, заавал шийдэх ёстой асуудал болно. Сонгуулийн хуулийн дагуу 2028 оноос нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байх шаардлага хэрэгжинэ. Үүнд эртнээс бэлдэхгүй бол эмэгтэй нэр дэвшигчид жагсаалтын ард орох, санхүүжилт дутах, эцэстээ ялагдах эрсдэлтэй. Ингэвэл квот зөвхөн тоо бүрдүүлэх хэрэгсэл болж хувирна. МАН энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа ч бодит хэрэгжүүлэлт, гүйцэтгэл, бэлтгэл ажил дээрээ ач холбогдол өгч ажиллах ёстой гэж бодож байна. 

Квот бол доод хязгаар, харин зорилго бол чадвартай, бэлтгэгдсэн эмэгтэйчүүд бодит шийдвэр гаргах явдал юм. Чадвартай, бэлтгэгдсэн эмэгтэй нь зөвхөн өндөр боловсролтой, гадаадад сурч төгссөн гэхээс илүүтэй намын гишүүдийн амьдралыг ойлгох чадвартай, аливаа асуудлыг үндэс шалтгаанаас нь ойлгож шийдвэрлэж чаддаг, хамгийн гол нь өөрчлөлт хийх, хүний төлөө ажиллах сэтгэлтэй хүн байх хэрэгтэй юм болов уу гэж анзаарсан. Өөрийн жишээн дээр хэлэхэд, эмэгтэй хүн байгууллага дотор мэргэжлийн ур чадвар, үр дүнгээрээ нөлөө үзүүлж чадна гэдгийг ажлаараа харуулахыг хичээж байна.

Нам мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах механизмгүй бол амлалт бодит байдлын хоорондох зай улам томордог

-МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын хороодыг байгуулж Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, “Гишүүн төвтэй E-4 стратеги”-ийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллаж байна. Таны бодлоор эдгээр бодлогын хороодыг байгуулах болсон нь шаардлагатай ажил байж чадсан уу?

-Зайлшгүй шаардлагатай ажил байсан. Үүнийг манай намын дарга, удирдлагууд маш соргог харж чадсан гэж бодож байна. Мөрийн хөтөлбөр  бол сонгогчдын өмнө өгсөн амлалт, тэднээс авсан мандат юм. Хэрэв нам мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, дүгнэж, шаардлагатай тохиолдолд засаж залруулах өөрийн механизмгүй бол амлалт ба бодит байдлын хоорондох зай улам томордог. Эцэст нь сонгогч тэр зайн төлбөрийг сонгуулиар нэхдэг.

Олон улсын туршлагаас харахад төлөвшсөн улс төрийн намууд өөрийн бодлогын хүрээлэн, судалгааны төвтэй байдаг. Тэд сонгуулийн өмнө амлалт бичээд зогсохгүй, засаглах хугацаандаа бодлогын үр дүнг тогтмол хэмжиж, дараагийн мөчлөгийн мөрийн хөтөлбөрөө судалгаа, нотолгоонд тулгуурлан боловсруулдаг.

Бодлогын хороод нь намын мэргэжлийн гишүүд, салбарын мэргэжилтнүүдийг бодлого боловсруулах, хэрэгжилтийг хянах үйл явцад татан оролцуулах суваг болж байна. Энэ нь “Гишүүн төвтэй E-4 стратеги”-ийн үзэл санаатай шууд холбоотой. Гишүүн зөвхөн сонгуулийн үеэр биш, бодлогын түвшинд ч дуу хоолойтой байх ёстой. Олон мянган гишүүдийн дунд эмч, багш, инженер, эдийн засагч, малчин гээд салбар бүрийн мэдлэг хуримтлагдсан байдаг. Тэр мэдлэгийг бодлогод хувиргах нь хороодын гол үүрэг.

-Одоо тэдгээр бодлогын хорооны үйл ажиллагаа юунд чиглэж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас дурдаж болох уу?

-Хороодын ажил үндсэн гурван чиглэлд төвлөрч байна. Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрийн заалт бүрийн хэрэгжилтийг салбараар нь ангилж, үнэлгээ хийж, хэрэгжилт удаашралтай байгаа заалтуудын шалтгааныг тодорхойлж, шийдлийн санал боловсруулах. Хоёрдугаарт, тухайн хэрэгжилтийн биелэлттэй холбоотой болон нийгэмд тулгамдаад буй асуудлуудад бодлогын зөвлөж гаргаж намын удирдлагуудад хүргүүлэн шаардаж ажиллах. Гуравдугаарт, гишүүд болон олон нийтэд хэрэгжилтийн мэдээллийг ил тод хүргэх. Энэ гурван ажил бие биенээ нөхдөг, товчхондоо хэмжиж байж засна, засаж байж тайлагнана гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд бодлогын хороод 38 дэд хуралдаан, 25 хэлэлцүүлгийг давхард­сан тоогоор 1680 гишүүний оролцоотойгоор хуралдаж, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн хямралын эсрэг бодлого, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, намын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвээр бодлогын баримт бичиг, судалгаа боловсруулсан. Мөн Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн зэрэг бүсийн уулзалтуудад хэрэгжилтийн дүн шинжилгээг танилцуулж, салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж орон нутгийн санал хүсэлтийг бодлогод тусгах ажлыг эхлүүлсэн.

Бидний хувьд чухал өөрчлөлт нь ажлын арга барил. Өмнө нь тайлан ихэвчлэн “хийсэн ажлын жагсаалт” хэлбэртэй байдаг байсан бол одоо “ямар үр дүнд хүрсэн, иргэний амьдралд юу өөрчлөгдсөн” гэдгийг хэмжихэд анхаарч байна. Энэ нь бага зэрэг хүндрэлтэй ч илүү шударга хандлага.

-Мөрийн хөтөлбөрийн хэрэг­жилт, мониторингийн газраас “Policy Lab” бодлогын сэтгүүл эрхлэн гаргажээ. Сэтгүүлийн анхны дугаарт ямар асуудлыг онцолсон бэ?

-“Policy Lab” сэтгүүл бол “Бодлогын лаборатори” төслийн анхны бодит бүтээгдэхүүн. Бодлогын лабораторийн гол санаа нь сайн бодлогын орц, үйл явц, гарц, үр дагаврыг химийн томьёо шиг тодорхой задалж харуулах явдал. Өөрөөр хэлбэл, “сайн санаа” биш, “хэмжигдэх, шалгагдах шийдэл” гаргахыг зорьж байна. Ямар нөөц зарцуулж, ямар алхам хийвэл ямар үр дүнд хүрэхийг урьдчилан тооцоолж, дараа нь бодит байдалтай тулгаж шалгадаг арга зүй юм.

Бодлогын сэтгүүлийн анхны дугаарт улс төрийн намыг санах ойгоор батламжилсан LLM агент болгох, бүсчилсэн хөгжил, сонгууль, эрүүл мэнд, төрийн бүтээмж, иргэдийн эдийн засгийн эрхч чөлөө, тэгш хүртээмжийн талаарх асуудлыг онцолсон. Эдгээр сэдвийг сонгосон шалтгаан нь өнөөдрийн эдийн засгийн эмзэг байдал, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй, мөн олон мөчлөг дамжин шийдэгдээгүй асуудлууд байсаар байна.

Бодлогын сэтгүүл нь зөвхөн намын дотоод хэрэгцээнд бус, бодлогын талаар нухацтай ярилцах хүсэлтэй мэргэжилтэн, судлаач, оюутан, сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Цаашид салбарын мэргэжилтнүүдийг зохиогчоор урьж, өөр өөр үзэл бодлыг нэг дор нийтэлж, бодлогын мэтгэлцээний талбар болгохыг зорьж байна.

-Улс төрийн намын мөрийн хөтөлбөр гэдэг бол сонгогчдын анхаарлыг татах хоосон амлалт биш, харин тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх бодит баримт болдог. Таны хариуцан ажиллаж байгаа Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрүүдтэй танилцаж, тэдгээрийн хэрэг­жилтийн хүрээнд судалгаа хийсэн байх. Үр дүнд нь ямар зүйл ажиглагдсан бэ?

-2024–2028 оны мөрийн хөтөлбөр 616 заалттай. Бид тэр бүгдийг хэрэгжилтийн аль түвшинд байна, хэрэгжилт муу байгаа бол шалтгаан нь юу байна зэргийг гаргаж ажиллаж байна. Мөн намын гишүүдээ бодит мэдээллээр хангах үүднээс шууд хэрэгжилттэй танилцах боломжтой Promise Tracker дашбоардыг хийсэн. Үүгээр намын гишүүд мөрийн хөтөлөрийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжихгүй байгаа заалтуудын цаад шалтгааныг таньж мэдэх, холбогдох яам, газар, дарга нараас хариуцлага нэхэх боломж бүрдэнэ. Мөрийн хөтөлбөрт үнэлгээ хийсний үр дүнд хэд хэдэн чухал зүйл ажиглагдсан.

Нэгдүгээрт, амлалт бүр адил хэмжигдэхүйц биш байна. Зарим заалт тодорхой зорилт, хугацаа, үзүүлэлттэй бол зарим нь ерөнхий чиглэл маягаар томьёологдсон тул хэрэгжсэн эсэхийг дүгнэхэд хэцүү. Жишээ нь, “дэмжинэ”, “сайжруулна” гэсэн заалтыг хэзээ биелсэн гэж үзэх вэ гэдэг асуулт гарна.

Хоёрдугаарт, хэрэгжилт нь хуулийн орчин, санхүүжилт, байгууллага хоорондын уялдаанаас ихээхэн шалтгаалж байна. Төсөвт тусгагдаагүй амлалт цаасан дээрээ үлдэх магадлал өндөр.

Гуравдугаарт, хэрэгжиж буй ажлын талаарх мэдээлэл олон нийтэд хангалттай хүрдэггүй. Хийсэн ажлаа тайлагнаж чадахгүй бол иргэд “юу ч хийгдээгүй” гэж ойлгох нь зүй ёсны хэрэг. Иймд цаашдын мөрийн хөтөлбөрийг хэмжигдэхүйц үзүүлэлттэйгээр томьёолох, заалт бүрд хариуцагч, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, хэрэгжилтийг тогтмол, ил тод тайлагнах шаардлагатай гэж бид дүгнэсэн.

Бүх амлалтыг зэрэг урагшлуулах боломжгүй тул иргэдийн амьдралд хамгийн их нөлөөтэй заалтуудад нөөцөө төвлөрүүлэх нь зөв

-Нэг бодлогын хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө чиглэсэн ажлуудыг хийхээр зорьдог учраас мөрийн хөтөлбөрийн амлалтад давхардал хэсэг байдаг нь ойлгомжтой. Харин дөрвөн жилийн хугацаан дахь хэрэгжилт ямархуу үр дүнтэй байдаг юм бол?

-Дөрвөн жилийн мөчлөгийн онцлог нь эхний хоёр жилд хууль эрх зүйн орчин, төсөв, бэлтгэл ажил голлож, бодит үр дүн сүүлийн хоёр жилд илүү харагддаг явдал. Жишээ нь, нэг том дэд бүтцийн төслийн хувьд эхлээд хууль, төсөв батлагдаж, дараа нь тендер, зураг төсөл, барилгын ажил үргэлжилдэг. Тиймээс дунд хугацааны үнэлгээгээр хэрэгжилт бага харагдах нь зарим талаар хэвийн үзэгдэл.

Гэхдээ үүгээр өөрсдийгөө тайвшруулах ёсгүй. Бидний үнэлгээгээр нэлээд олон заалт хуваариасаа хоцорч байна. Үүнийг нуух биш, эрт илрүүлж, шалтгааныг нь засах нь хяналтын гол утга учир. Хоцрогдлыг мөчлөгийн сүүлд мэдэх нь хэтэрхий оройтсон байдаг.

Тиймээс хоцорч буй заалт бүрд хариуцагч, шалтгаан, шийдлийг тодорхойлж, үлдсэн хугацаанд анхаарах тэргүүлэх чиглэлийг гаргах ажлыг хийж байна. Бүх амлалтыг зэрэг урагшлуулах боломжгүй тул иргэдийн амьдралд хамгийн их нөлөөтэй заалтуудад нөөцөө төвлөрүүлэх нь зөв гэж бид үзэж байна.

-Цаасан дээрх амлал­туудаас ажил хэрэг болсон нь аль салбарт түлхүү байна вэ?

-Ерөнхий дүр зургаар хэлэхэд, төсвийн санхүүжилт тодорхой, хариуцах байгууллага нь нэг, хэрэгжилтийн механизм нь уламжлалтай салбаруудад хэрэгжилт илүү ахицтай байна. Жишээ нь, нийгмийн хамгааллын бодлого, дэд бүтцийн тодорхой төслүүд, төрийн цахим үйлчилгээ зэрэг чиглэлд бодит үр дүн харагдаж байна.

Ийм салбарт иргэд өөрсдөө өөрчлөлтийг мэдэрч байгаа нь хамгийн том үзүүлэлт. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахимаар авах болсноор иргэд дугаарлаж, цаг хугацаа, мөнгө зарцуулах шаардлага эрс багассан. Энэ бол бодлогын үр дүнг хэмжих хамгийн шударга шалгуур юм.

Үүнээс гарах сургамж нь тодорхой, амлалт хэдий чинээ тодорхой, санхүүжилт нь баталгаатай, хариуцагч нь нэг байна, төдий чинээ хэрэгжих магадлал өндөр. Энэ сургамжийг дараагийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад заавал тусгах ёстой.

-Тэгвэл эсрэгээрээ мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг ч урагшлахгүй үргэлж хойшилдог нь ямар амлалтууд байдгийг та хэлж болох уу?

-Үргэлж хойшилдог амлалтууд ихэвчлэн гурван шинжтэй байдаг. Нэгдүгээрт, олон яам, агентлаг, орон нутгийн уялдаа шаарддаг бүтцийн шинэчлэл. Хоёрдугаарт, том хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилтээс хамаардаг төслүүд. Гуравдугаарт, хуулийн томоохон өөрчлөлт, олон талын ашиг сонирхлыг зохицуулах шаардлагатай асуудлууд.

Жишээ болгон бүсчилсэн хөгжлийг дурдаж болно. Бараг бүх мөрийн хөтөлбөрт тусгагддаг ч хүн ам, эдийн засгийн идэвх Улаанбаатарт төвлөрсөн хэвээр байна. Бүс нутгийн төвүүдэд ажлын байр, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ бий болохгүй бол хүмүүс нийслэл рүү шилжих урсгал зогсохгүй.

Эдгээр асуудал хэдэн мөчлөг дамжин давтагдаж байгаа нь амлалт буруу байгааг биш, харин хэрэгжүүлэх механизм, хариуцлагын тогтолцоо сул байгааг харуулж байна. Ийм асуудлыг нэг Засгийн газрын, нэг сонгуулийн мөчлөгт багтаан шийдэх боломжгүй. Тиймээс улс төрийн хүчнүүдийн дунд урт хугацааны зөвшилцөл, тогтвортой санхүүжилт хэрэгтэй.

Итгэлийг сэргээх хамгийн шулуун зам нь амласнаа хийх, хийсэн эсэхээ ил тод хэлэх

-Та улс төр судлаач хүн. Нэг намын аппаратад ажилладгаас үл хамааран одоо юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Намын аппаратад ажилладгаас үл хамааран судлаачийн хувьд хэлэхэд, одоо хамгийн түрүүнд анхаарах зүйл бол итгэл. Иргэдийн улс төрийн байгууллагад итгэх итгэл суларсан үед ямар ч сайн бодлого хэрэгжихэд хэцүү болдог. Итгэлийг сэргээх хамгийн шулуун зам нь амласнаа хийх, хийсэн эсэхээ ил тод хэлэх. Сайн мэдээг ч, муу мэдээг ч адил нээлттэй хэлж чаддаг нам л урт хугацаанд итгэл хүлээнэ.

Хоёрдугаарт, эдийн засгийн эмзэг байдал. Манай экспорт цөөн түүхий эдэд, импорт, ялангуяа эрчим хүч, шатахуун нь гадаад эх үүсвэрт хэт хамааралтай. Дэлхийн зах зээлийн нэг цочрол бүхэл бүтэн эдийн засгийг ганхуулж, иргэдийн амьжиргаанд шууд буудаг. Эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний бие даасан байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдлын асуудал болсон.

Гуравдугаарт, бүс нутгийн тэнцвэргүй хөгжил. Бүх зүйл нэг хотод төвлөрвөл хот ч, хөдөө ч хохирдог. Эдгээр асуудлыг сонгуулийн мөчлөгөөс давсан, урт хугацааны бодлогоор шийдэх шаардлагатай. Улс төрийн хүчнүүд сонгуулийн өрсөлдөөнөөс гадна улс орны урт хугацааны зорилтын талаар нэгдсэн ойлголтод хүрч чадвал бодлогын тогтвортой байдал хангагдана.

-Мөрийн хөтөлбөрийн хэрэг­жилт, мониторингийн газраас цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлыг төгсгөлд нь тодруулъя.

-Цаашид гурван чиглэлд төвлөрнө. Нэгдүгээрт, хэрэгжилтийн мэдээл­лийг олон нийтэд ил тод болгох. Мөрийн хөтөлбөрийн заалт бүрийн явцыг иргэд өөрсдөө харах боломжтой цахим хяналтын системийг сайжруулж, тогтмол тайлан гаргана. Иргэн хүн өөрийн сонирхсон салбарын амлалт хаана явааг хэдхэн товшилтоор харах боломжтой болох нь бидний зорилт.

Хоёрдугаарт, “Бодлогын лабораторио” 2028 оныг дуус­тал тогтвортой ажиллуулж, мэргэжилтнүүдийг нэгтгэн улс орны хэрэгцээтэй бодлогын шийдлийг боловсруулна. “Policy Lab” сэтгүүлийг тогтмол гаргаж, бодлогын ярилцлагыг намын хүрээнээс гаргаж нийгэмд нээлттэй болгоно. Нийгэмд хэрэгцээтэй, шаардлагатай, намын гишүүдийн хэрэгцээ шаардлагыг сонссон судалгааг тогтмол явуулж үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт гаргаж ажиллахыг зорино.

Гуравдугаарт, дараагийн мөрийн хөтөлбөрийг өмнөх сургамжид  тулгуурлан, хэмжигдэхүйц зорилт, тодорхой хариуцагч, бодит санхүүжилттэйгээр боловсруулахад бэлтгэл хийнэ. Бидний зорилго бол мөрийн хөтөлбөрийг сонгуулийн баримт бичиг бус, засаглалын ажлын төлөвлөгөө болгох. Энэ төлөвлөгөө олон хүний амьдрал, ирээдүйд гэрэл, итгэл өгөх төлөвлөгөө байлгахын тулд хичээн ажиллана. 

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №036/24711/

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.