Холыг туулах "Хөтөлгөө морьтон"
Намар өвлийн загварын тайз шиг Улаанбаатар хот өнгө алаглан байна.
Намар өвлийн загварын тайз шиг Улаанбаатар хот өнгө алаглан байна. Их ажлын улирал талаасаа давж шинэ сар ширхэглэн будрах цастайгаа ирлээ. Жилийн сүүлийн саруудад хийх ажлаа төлөвлөх энэ зуур дэлхийн нөгөө захад 2027 “иржээ”. Загварын ертөнцөд шинэ он аль хэдийнэ гарч, дэлхийн брэндүүд ирэх жилийн хавар зуны цуглуулгаа танилцуулаад байна. Загварын долоо хоног Миланаар үргэлжилж онцлох агшин, содон загварыг буулгасан гэрэл зургууд сэтгүүлүүдийн тэргүүн нүүрэнд заларчээ. Дэлхийн түрлэгээс үл хоцрон Монголын онцлогтой шинэ загварууд гарч, монгол загвар зохион бүтээгчийн бүтээлийг олон улсын тэмцээний тайзнаа онцлоод байна. Бас монгол загвар өмсөгч дэлхийн загварын долоо хоногийн тайзнаа алхаж, зарим нь загварын сэтгүүлд зургаа авахуулаад амжжээ. Харин аль хэдийнэ байр сууриа тогтоосон нь ур чадвараа ахиулан авьяасаа сорихоор шинэ салбарт хүч үзэхээр болсноо зарлаад байна. Сэтгэлд багтаж байвал болохгүй, бүтэхгүй зүйл байдаггүйг харуулсан үлгэр дуурайл болсон тэдгээр эрхмийн нэг бол жүжигчин, загвар өмсөгч Ж.ЭНЭРЭЛ. Түүнийг загварын ертөнцөд Eny Jaki нэрээр илүү таних байх. Бусдын адил оргүйгээс эхэлж өнөөдрийн өөрийгөө бүтээсэн түүнийг “Монгол бахархал”-аар онцолж байна.
Монголын загвар өмсөгчдөөс анхлан Милан, Парис, Нью-Йоркийн загварын шоунд оролцсон Ж.Энэрэл 1995 онд төржээ. Плехановын нэрэмжит “Улаанбаатар” лицейд суралцаж байгаад аравдугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотын хэлний бэлтгэлд хамрагдсан нь түүнд шинэ боломжийг олгосон байх. Харин төгсөхдөө тэрбээр 24 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх аяллынх нь эхлэл байв. Түүний загвар өмсөгчийн гараа “Торго” загварын агентлагтай холбоотой. Ж.Энэрэлийг 14 настай байхад ээж нь түүнийг шинэ зүйл турших, өөрийгөө нээх, өөртөө итгэлтэй байх боломжийг олгожээ.
Бүрэг ичимхий талдаа түүнд шинэ уур амьсгалд дасан зохицох амар байгаагүй нь лавтай. Гэхдээ ээж нь түүнд боломж байгааг мэдрүүлээгүй бол, хичээл хийхээс гадна олон боломж байгааг харуулаагүй бол өнөөдрийн Монголоос дэлхийд танигдсан Ж.Энэрэл магадгүй өөр салбарт ажиллаж байх байсан биз. Тиймээс охиныхоо “нүдийг нээж” өгсөн ээждээ талархаж явдаг тухайгаа тэрбээр ярьж байсан юм. Загварын ертөнцтэй танилцсан үеэс Ж.Энэрэлд хүсэл мөрөөдлийн даль жигүүр ургаж “Загвар өмсөгч болно” гэдэг бодлоор өөрийгөө цэнэглэжээ. Энэ бодлыг түүнд хий хоосон мөрөөдөл биш болохыг ойлгуулсан хүн нь “Торго” загварын агентлагийн багш Г.Оюунгэрэл байв. Багшаасаа үлгэр дуурайл авч ирээдүйгээ шинээр төлөвлөсөн нь түүнийг хожим Нэгдсэн улсад хүрч зорилгоо биелүүлэх урт аялалд хөтөлжээ.
Ж.Энэрэлийн загварын карьер 2012 онд болсон “Face of Mongolia” тэмцээнд түрүүлсний дараа эхэлсэн байна. Дотоод зохион байгуулсан загварын шоунуудад алхаж, сэтгүүлийн зураг авалтад оролцох болсон нь энэ үеийнх. Сурталчилгааны модель болох саналууд ирэх болсноор олон нийтийн дунд танигдах болжээ. Үүний зэрэгцээ “Asia's new star model contest” тэмцээний дэд байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний тэргүүн байр, "Miss World Mongolia" тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан гээд амжилтын мэдээ үргэлжилсэн юм. Ж.Энэрэлийн мэргэжлийн загвар өмсөгч болох зам мөр дардан байгаагүй. Сайн таньж мэдэхгүй шинэ орчинд дасан зохицохын төлөө, загварын тайзан дээр гарахын тулд цөөнгүй бэрхшээлийг даван туулснаа тэрбээр дурддаг.
Англи хэлний мэдлэг дутуу дулимаг, бас одоогийнх шиг хүссэн газраасаа интернэтэд орох боломжгүй ч загвар өмсөгчийн шалгаруулалтад тэнцэхийн тулд цаг хугацаатай уралдан явсан нь түүний карьерын эхний хугацаанд болсон дурсамжтай үйл явдлуудын нэг нь. Ж.Энэрэл Английн “Harrods” сэтгүүлийн нүүрэнд, Америкийн “Seventeen” болон “Elle” сэтгүүлийн зураг авалтад оролцож, "NYC Muse Model Management", "MP Paris", "MP Milan", "MandP London" агентлагт харьяалагдан ажилласан юм.
“АНХНЫ” ГЭХ ТОДОТГОЛЫН ЭЗЭН
Ж.Энэрэлийн гаргасан амжилт болгоныг дурдах боломжгүй. Харин онцолбол хэдээс нь тодотгон хэлж болно. Тэрбээр Италийн Венец хотод зохион байгуулдаг “Dolce & Gabbana” брэндийн “Alta Moda” загварын шоуны тайзнаа алхаж мөрөөдлөө биелүүлсэн нэгэн. Тамирчид олимпын наадамд оролцох туйлын зорилготой байдаг шиг загвар өмсөгчдийн хувьд энэ тайзан дээр гарах нь чин хүслийн нэг бaйдаг. Өөр ийм нэг онцлох үйл явдал нь түүний “Alexander McQueen” брэндийн Лондон хотод зохион байгуулсан хавар зуны шоуны тайзнаа алхсан мөч. Дөрвөн жилийн өмнө болсон энэхүү загварын шоуны дараа Ж.Энэрэлийн зурагтай мэдээ ар араасаа хөвөрсөн ч тэрбээр бялуураагүй. Амжилт гаргасан ч нам гүмхэн урагшилсаар анхны тодотголтой олон ажлын ард гарчээ. Тэрбээр дэлхийн алдарт 120 гаруй жилийн түүхтэй Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царайгаар сонгогдон брэндийн зураг авалтад албан ёсоор оролцсон анхны монгол хүн болж байв. Мөн алдарт “Chanel”, “Victoria's secret”-ийн шоу болон Парисын загварын долоо хоногт оролцож, итгэмжлэгдсэн кутюр загвар зохион бүтээгч Галя Лахав болон Португалын "Luis Buchinho", Германы "Talbot Runhof" зэрэг брэндийн нүүр царай болж байсан юм. “Go Mongolia” брэндийн шинэ сурталчилгааг Японы “Mr+Positive” продакшн компани бүтээхэд Ж.Энэрэл мөн оролцсон. Уг сурталчилгааны найруулагчаар Патрик Филетти, зураглаачаар Жани Хэкли нар ажиллаж, гол дүрд загвар өмсөгч Ж.Энэрэл тоглож, хөөмийч В.Батзориг оролцсон байв. Сурталчилгааны зураг авалтыг Лондонд “LSK Productions”, Парис хотод “Glitch Paris”, Токиод “Mr+Positive Tokyo” компаниудтай хамтран зураг авалтыг хийсэн бол Монгол дахь гүйцэтгэлийг “Fixers Mongolia” компани зохион байгуулж байсан юм.
УРАН БҮТЭЭЛИЙН ХАЙГУУЛЧ
Дэлхий нийтэд цочрол өгсөн коронавируст цар тахлын үед Ж.Энэрэл загвараасаа түр завсарлах тухай бодож, Монголд “Monad Models” агентлагаа үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Бага насныхаа хүсэл мөрөөдлийн нэг кино урлагийн салбарт хүчин зүтгэхээр шийдсэн нь энэ үеэс эхлэлтэй. Харин энэ цагт түүнд ажлын санал ирснээр хөтөлгөө морьтой урагшлах боломж олдсон байна. Одоо тэр Монголдоо суурин байж цаг гарган загварын агентлагтаа багшилж байна. Сүүлийн хэдэн сард Монголд болсон загварын томоохон арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ сурталчилгаанд тоглож байгаа юм. Ж.Энэрэл Ли Страсбергийн Театр, кино институтэд сурсан талаараа “2025 оны есдүгээр сард би итгэл үнэмшлээрээ урагшилж, үргэлж мөрөөдөж байсан жүжигчин болохын төлөө зүтгэхээр шийдсэн. Үүнийг би багаасаа мөрөөдсөн. Толины өмнө зогсоод сэтгэл хөдөлгөм зүйл, зүрх сэтгэлийн шаналлыг төсөөлж, тэдгээрийг амьдруулдаг байсан. Хэдийгээр олон жил өнгөрч, загвар өмсөгчөөр ажилласан ч би мөрөөдлөө орхиогүй. Ажлынхаа хажуугаар жүжиглэхэд өөрийгөө чимээгүйхэн бэлдэж, роман уншиж, кино үзэж, ажиглалтуудыг хийсээр байв. Эцэст нь би өөрийгөө урлагтаа бүрэн зориулах, зөвхөн жүжигчин төдийгүй уран бүтээлчийн хувьд хэн болохоо судлах цаг ирлээ” хэмээж байв.
Ж.Энэрэл миний мэдэхийн “Restart” уран сайхны кинонд тоглосон. “Nomadia Pictures” болон “Logicfilm”-ийн хамтын бүтээл болох уг киног Монголын кино урлагийн өнөө цагийн шилдэг найруулагчид болох Ж.Сэнгэдорж, Ж.Жамьянсүрэн, С.Бямба нар нэгэн сэдэв дор бүтээснээрээ онцлог. Товчхондоо, арт хаус, өвөрмөц найруулгын шийдэлтэй энэхүү кино гурван өөр богино түүхээс бүтсэн бөгөөд тэдгээрийн нэгэнд Ж.Энэрэл Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэнтэй хамтран тоглосон байдаг. Мэргэжлийг нь бүрэн эзэмшээгүй хүний хувьд ийм жанрын бүтээлд тоглох амаргүй ч тэр даваад гарсан. Шантраагүйгээр барахгүй дараагийн уран бүтээлийнхээ эрэлд гарчээ.
Б.Сийлэн
"Монголын үнэн" сонин