МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › "Гуравдагч хөрш"-ийн харилцааг эдийн зас...

"Гуравдагч хөрш"-ийн харилцааг эдийн засгийн бодит түншлэл болгох алхам

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Үнэн
Админ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш гадаад улсад хийсэн анхны албан ёсны айлчлал байсны зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа Японд хэрэгжсэн айлчлал байв.
Дөрөв хоног үргэлжилсэн айлчлалын хөтөлбөрийг бүхэлд нь харвал зөвхөн хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтаар хязгаарлагдсангүй. Айчи муж, Нагояа хотоос эхэлсэн хөтөлбөр Токио хотноо Японы парламентын удирдлага, парламентын найрамдлын бүлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүд, Японы Ерөнхий сайд, ЖАЙКА, ЖЕТРО, бизнесийн төлөөлөл, Японд ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй хийсэн уулзалтаар үргэлжилсэн өргөн хүрээтэй айлчлал болов.

АЙЛЧЛАЛ НАГОЯАГААС ЭХЛЭВ


Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 27-нд Улаанбаатараас мордож, айлчлалын эхний хэсгийг Айчи муж, Нагояа хотод үргэлжлүүлэв. Энэ үеэр “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадам болж байсан нь айлчлалын орон нутгийн хөтөлбөрийг спорт, иргэдийн харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаатай холбосон юм.
Есдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд Азийн наадамд оролцож буй Монголын баг, тамирчидтай уулзлаа. Монгол Улсаас 300 орчим тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөж байсан бөгөөд Н.Учрал дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамцыг хүрэл медаль хүртсэнд баяр хүргэж, баг тамирчдад амжилт хүсэв. Энэ үеэр Засгийн газар 2027 оны улсын төсөвт спортын салбарын ажилтнууд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин болон Лос-Анжелесийн олимп, паралимпын бэлтгэлийн зардлыг нэмэгдүүлэхээр тусгасныг танилцуулсан.
Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, орон нутгийн түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. Айчи мужид 1000 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд уулзалтаар иргэдийн харилцаанаас гадна эдийн засаг, үйлдвэрлэл, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хөнджээ.
Нагояа хотын захирагч Хиросава Ичиротой мөн уулзаж, Японы дэвшилтэт технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, аж үйлдвэр, инноваци, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.
Ингэснээр айлчлалын эхний хэсэг зөвхөн Токио дахь төв Засгийн газрын түвшний яриа хэлэлцээнээс гадна Японы эдийн засаг, аж үйлдвэрийн томоохон төвийн нэг болох Айчи-Нагояатай шууд харилцаа тогтоох чиглэлд өрнөв.


ПАРЛАМЕНТЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БАТАТГАВ


Айлчлалын дараагийн гол хэсэг Токио хотноо үргэлжиллээ.
Есдүгээр сарын 29-нд Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав. Уулзалтаар парламент хоорондын харилцаа, хоёр улсын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг ярилцлаа.
Монголын тал 2016 онд хүчин төгөлдөр болсон Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг Японы зах зээлд нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхав. Уулзалтаар парламент хоорондын хамтын ажиллагаанаас гадна эдийн засгийн харилцааг илүү бодит агуулгатай болгох асуудал яригджээ. Монголын тал Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг Монголд нэмэгдүүлэх, Монголын экспортыг өсгөх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг сайжруулах сонирхлоо илэрхийлсэн байна.
Үүний дараа Ерөнхий сайд Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхлаа.

 Энэ уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна Японы хөрөнгө оруулагчдад тогтвортой татварын орчин бүрдүүлэх, хоёр улсын хооронд давхар татварын хэлэлцээр байгуулах асуудлыг онцлон хөндөв. Сэкигүчи Масаказү “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлсон байна.


Есдүгээр сарын 29-нд Н.Учрал мөн Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон-Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй хоёр улсын харилцааг олон жилийн турш дэмжиж ирсэн найрамдлын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр улсын харилцааны үндэс нь зөвхөн Засгийн газар хоорондын харилцаа бус, иргэд хоорондын холбоо гэдгийг онцолж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх сонирхлоо Монголын тал илэрхийлэв. Мөн 2025 онд Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчилсан нь хоёр орны иргэдийн харилцаанд түүхэн үйл явдал болсныг дурджээ.


АЙЛЧЛАЛЫН ОРГИЛ НЬ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛЭЛЦЭЭ БАЙВ


Айлчлалын улс төр, дипломат харилцааны хамгийн чухал үйл явдал есдүгээр сарын 29-ний орой болов. Японы Ерөнхий сайдын өргөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг хүндэт харуулын ёслолоор угтсаны дараа Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийв. Японы албан мэдээллээр хоёр Ерөнхий сайдын уулзалт 17:45 цагаас 35 минут орчим үргэлжилж, дараа нь 60 орчим минутын ажлын зоог барьсан байна.
Хоёр тал Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тэмдэглэж, 2022 онд байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ нотлов.
Хэлэлцээний үеэр Монголын Засгийн газрын “Ногоон чөлөөлөлт” болон Японы “POWERR Asia” санаачилгыг уялдуулан сэргээгдэх эрчим хүч, карбон кредит, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах байгууламж зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийг ярилцсан. Мөн Японы шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл баримтлалын хүрээнд хамтын ажиллагааны асуудлыг хөнджээ.
Хоёр улсын иргэдийн хувьд удаан хүлээгдэж буй Нийгмийн хамгааллын хэлэлцээр болон бизнесийн орчны хувьд чухал Давхар татварын хэлэлцээрийг байгуулах шаардлагатайг талууд нотлов. Монголын экспортыг Япон руу нэмэгдүүлэх, 2016 оны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн бодит үр өгөөжийг дээшлүүлэх асуудал ч хэлэлцээний гол сэдэв байлаа.


158.3 ТЭРБУМ ИЕНИЙН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ


Албан ёсны хэлэлцээний өмнө айлчлалын хамгийн том бодит шийдвэрүүдийн нэг гарсан юм.
Монгол, Японы Засгийн газар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг Японы хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү нар Солилцох ноот бичгийг солилцов.
Үүний дараа Сангийн сайд З.Мэндсайхан, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака Акихико нар төслийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.
Төслийг ЖАЙКА-гийн STEP нөхцөлөөр 158.3 тэрбум иенээр санхүүжүүлэх бөгөөд зээл 40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй.
Өргөтгөлийн хүрээнд зорчигчийн терминал, ачааны терминал, дулааны станц, авто зогсоол болон инженерийн дэд бүтцийг өргөтгөн шинэчилнэ.Ингэснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын жилийн зорчигч хүлээн авах хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 сая болж, 3.2 дахин нэмэгдэхээр тооцжээ.Энэ төсөл хэрэгжвэл зөвхөн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй. Монголын аялал жуулчлал, агаарын тээвэр, ачаа логистик, олон улсын бизнесийн урсгалыг нэмэгдүүлэх суурь дэд бүтцийн нэг болно.


ЖАЙКА-ТАЙ ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ, ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН АСУУДЛЫГ ЯРИВ


Н.Учрал ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака Акихикотой тусгайлан уулзах үеэр нисэх буудлын өргөтгөлийн хэрэг­жилтээс гадна хэд хэдэн шинэ чиглэлийг хөндлөө.
Монголын тал өргөтгөлийн ажил явагдах хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах замаар агаарын тээврийн тогтвортой ажиллагааг хангахад хамтран ажиллах хүсэлт тавив.
Үүнээс гадна Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Японы “POWERR Asia” санаачилгын хүрээнд боловсруулахад ЖАЙКА дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Чухал ашигт малтмалын чиглэлээр Японы Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага ЖОГМЭК-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудал ч яригдсан байна.


ЖЕТРО МОНГОЛД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭНЭ


Айлчлалын бас нэг бодит үр дүн нь Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО Монголд төлөөлөгчийн газраа байгуулахаар болсон явдал байлаа.
Есдүгээр сарын 30-нд ЖЕТРО-гийн Ерөнхийлөгч Ишигүро Норихико Ерөнхий сайд Н.Учралд бараалхаж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар ярилцав.
Монголын тал Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд ЖЕТРО-гийн сүлжээ, туршлагыг ашиглах сонирхлоо илэрхийлэв.
ЖЕТРО-гийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт ажиллаж эхэлснээр Японы компаниудад Монголын зах зээлийг газар дээр нь судлах, Монголын үйлдвэрлэгчдэд Японы зах зээлд гарах, үйлдвэрлэл, маркетинг, инновацын зөвлөгөө авах байнгын суваг бий болох боломжтой.


ЯПОНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ НҮҮР ТУЛЖ ЯРИЛЦАВ


Есдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Японы бизнес эрхлэгчид, Монголд хөрөнгө оруулсан компаниудын төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгарч буй асуудлыг сонсов.
Уулзалтаар Японы Aeronext компани Монголд хэрэгжүүлж буй дроны төслөө танилцуулжээ. Тус компани 2023 оноос ЖАЙКА-гийн санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэх ажил эхлүүлж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд цус хүргэхэд дрон ашиглаж байгаа бөгөөд цаашид Монголд дрон үйлдвэрлэх, засвар үйлчилгээний тогтолцоо бий болгох сонирхлоо илэрхийлсэн байна.
Бизнесийн төлөөлөгчид чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах боломж байгааг хөндөж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодитой хэрэгжүүлэхийн тулд Япон Монголын бараа бүтээгдэхүүнийг илүү их худалдан авах шаардлагатайг мөн ярьжээ.
Н.Учрал хөрөнгө оруулагчдад тулгарч буй зөвшөөрөл, төрийн шат дамжлага болон бусад саад бэрхшээлийг арилгах асуудлыг Засгийн газар шуурхай шийдвэрлэж ажиллана гэдгээ мэдэгдэв.


ЯПОНД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ


Айлчлалын төгсгөлд буюу есдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Н.Учрал Японд ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Энэ уулзалтаар айлчлалын үр дүнг иргэдэд танилцуулсны зэрэгцээ монголчуудын амьдралд шууд хамаарах хэд хэдэн асуудлыг хөндөв.
Юуны өмнө олон жил яригдсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэлэлцээг 2026 онд багтаан эхлүүлэх, мөн Давхар татварын хэлэлцээрийн хэлэлцээг 2026 онд эхлүүлэхээр тохиролцсоноо Ерөнхий сайд мэдээлсэн.


Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулагдвал Япон болон Монголд ажилласан иргэдийн нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой зохицуулалтад чухал ач холбогдолтой.


Мөн Японы загварын “Инженер, технологийн дээд боловсрол” буюу олны мэдэх “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх сонирхлоо Монголын тал илэрхийлэв.
Ерөнхий сайд энэ үеэр Засгийн газрын бизнесийн орчны шинэчлэл, зөвшөөрлийн цахимжилт, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, гадаадын банк Монголд ажиллах боломж, төрийн өмчит компаниудын засаглалын өөрчлөлтийн талаар ч иргэдэд мэдээлэл өгсөн байна.


ДӨРВӨН ӨДРИЙН АЙЛЧЛАЛААС ЮУ ҮЛДЭВ?


Н.Учралын Япон Улсад хийсэн дөрвөн өдрийн айлчлалыг үйл явдлын дарааллаар нь харвал хэд хэдэн өөр түвшний харилцааг нэг хөтөлбөрт багтааснаараа онцлог байлаа.
Айчи, Нагояад орон нутгийн удирдлага болон Монголын тамирчидтай уулзаж, бүс нутгийн эдийн засаг, технологи, иргэдийн харилцааны асуудлыг хөндөв. Токиод парламентын хоёр танхимын удирдлага, парламентын найрамдлын бүлэгтэй уулзаж, улс төрийн харилцааны суурийг бататгав. Найрамдлын нийгэмлэгүүдтэй уулзаж, хоёр орны иргэд хоорондын харилцааг онцлов. Улмаар Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын стратегийн түншлэлийн дараагийн чиглэлийг тодорхойлов.
Үүний зэрэгцээ айлчлалаас хэд хэдэн бодит ажил үлдлээ.
Хамгийн том нь 158.3 тэрбум иенийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилт. Үүн дээр ЖЕТРО-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүний агуулах байгуулах төслийн ТЭЗҮ, Давхар татварын болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр, “1000 инженер” төслийн дараагийн шат, чухал ашигт малтмалын хамтын ажиллагаа, Монголын экспортыг Японд нэмэгдүүлэх зорилтууд нэмэгдэж байна.
Эдгээрээс нисэх буудлын өргөтгөл бол санхүүжилтийн хэмжээ, нөхцөл нь тодорхой болж, гэрээ байгуулсан төсөл. Харин газрын тосны агуулах, нийгмийн хамгаалал, давхар татвар, экспорт, “1000 инженер”-ийн дараагийн шат зэрэг нь цаашдын хэлэлцээ, хэрэгжилт шаардах ажлууд юм. Иймээс айлчлалын үр дүнг бүгдийг нь нэг түвшний “шийдэгдсэн ажил” мэтээр ойлгохоос илүүтэй шийдвэрлэсэн, эхлүүлсэн, тохиролцсон, цаашид хэлэлцэх ажлуудыг ялгаж харах нь зүйтэй.
Энэ утгаараа Н.Учралын Япон дахь айлчлалын гол агуулга нь Монгол, Японы олон жилийн улс төрийн сайн харилцааг дахин нотолсонд бус, тэр харилцааг эдийн засгийн бодит ашиг сонирхолтой холбох оролдлого хийсэнд оршиж байна.
Монгол, Япон хоёр улс 2016 оноос Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй. Улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн. Япон Монголын ардчилал, зах зээлийн шилжилт, дэд бүтэц, боловсрол, хүний нөөцийн хөгжилд олон жилийн турш томоохон хувь нэмэр оруулсан. Харин харилцааны дараагийн шатанд Монголын хувьд Японоос тусламж, хөнгөлөлттэй зээл авахын зэрэгцээ Японд бараагаа зардаг, Японы хувийн хөрөнгө оруулалтыг татдаг, технологийг нь Монголд нутагшуулдаг харилцаанд шилжих шаардлага тавигдаж байна.
Н.Учралын дөрвөн өдрийн айлчлалын турш экспорт, хөрөнгө оруулалт, технологи, ЖЕТРО, давхар татвар, нисэх буудал, газрын тосны нөөц, инженерийн боловсрол гэсэн асуудлууд дахин дахин яригдсан нь ч үүнийг харууллаа.
Ирэх 2027 онд Монгол, Япон дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Тэр үед энэ айлчлалаар тохирсон ажлуудаас хэд нь бодитоор хэрэгжсэн байх вэ гэдэг нь дөрвөн өдрийн айлчлалын бодит үнэлгээ болох юм.
Өөрөөр хэлбэл, Н.Учралын Япон дахь айлчлал Монгол, Японы харилцаанд  шинэ нэр томьёо нэмсэн айлчлал гэхээсээ илүү олон жил яригдсан асуудлуудыг төсөл, хөрөнгө оруулалт, худалдаа, технологи, иргэдийн эрх ашигтай холбон хөдөлгөхийг зорьсон айлчлал болж өндөрлөлөө.


Б.Намуунтамир
"Монголын ҮНЭН" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.