Ерөнхий сайдын есөн шийдвэр хэрэгжвэл өрхийн бодит орлого өснө
Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны ээлжит уулзалт энэ сарын 22-нд СТӨ-нд боллоо. Олон улсын ахмадын өдрийг угтан Соёлын төв өргөөнд 1500 орчим ахмад цугласан энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо. Энэ нь МАН-ын дарга Н.Учралын ахмадуудтай хийж буй дөрөв дэх удаагийн уулзалт бөгөөд ахмадуудын хүсэлтээр тэтгэврийн шинэчлэл, ахмад настны хэрэгцээнд суурилсан тусламж, үйлчилгээ зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулав.
Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны ээлжит уулзалт энэ сарын 22-нд СТӨ-нд боллоо. Олон улсын ахмадын өдрийг угтан Соёлын төв өргөөнд 1500 орчим ахмад цугласан энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо. Энэ нь МАН-ын дарга Н.Учралын ахмадуудтай хийж буй дөрөв дэх удаагийн уулзалт бөгөөд ахмадуудын хүсэлтээр тэтгэврийн шинэчлэл, ахмад настны хэрэгцээнд суурилсан тусламж, үйлчилгээ зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулав.
Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Л.Дашдэмбэрэл, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.
СДАХ-ны тэргүүн Б.Гомбо “МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн эгзэгтэй асуудлаар нэн тэргүүнд ахмадуудтайгаа уулзаж ярилцан, санал бодлыг нь сонсож, та бүхэндээ мэдээлэл өгдөг онцлогтой. Энэ удаад ахмадуудын хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн уулзалтыг нээж үг хэлсэн юм.

Засгийн газар зорилтуудаа биелүүлэхээр ажиллаж байна
СДАХ-ноос зохион байгуулдаг энэхүү 34 дэх уулзалтаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төслийн үндсэн зорилгын хүрээнд хэрэгжүүлэх есөн гол шийдвэрээ дурдаж, үүнээс ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэгдэл, тэтгэврийн шударга тогтолцоог нэг мөр шийдвэрлэхээр ажиллаж буйгаа онцлов. Ерөнхий сайд Н.Учрал “Улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагаа зориулж ирсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, хүндэт буурлууд, ахмадууд маань хүрэлцэн ирсэнд сэтгэл өндөр байна. Улс орныхоо, ард иргэдийнхээ төлөө хийе, бүтээе, хөдөлмөрлөе гэсэн хэн бүрийн төлөө хэчээн зүтгэх нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого юм. Тийм учраас ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд 2024 онд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөртөө бүрэн шинжилгээ хийсэн. МАН-ын дэргэд Мөрийн хөтөлбөрийн үнэлгээний газар байгууллаа. Энэ газар мөрийн хөтөлбөрийн заалт, зорилт бүрд үнэлгээ өгсөн. Бид ирэх парламентын сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн эсэхэд ард түмнээсээ үнэлгээ авна. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод богино хугацаанд мөрийн хөтөлбөрөө үнэлүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудаа биелүүлэхээр ажлуудаа эрэмбэллээ. Энэ эрэмбэлсэн ажлуудын тэргүүлэх зорилт бол Ахмад настны талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого юм” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцоллоо.

Тэтгэврийн шинэчлэл бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого
Өнөөдөр манай улсад тэтгэврийн насны 440 мянга гаруй ахмад бий. Энэ тоо 2050 онд 991 мянга хүрч өсөх урьдчилсан тооцоо гарчээ. Ингэснээр цаашид хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, ажиллагсдын дундаж нас нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Үүнийг дагаад ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал өснө. Нөгөөтэйгүүр цаг үеэ дагаад нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг хүртээмжтэй болгох, мэргэжлийн урт хугацааны асрах үйлчилгээний эрэлт нэмэгдэнэ.
Тиймээс л Засгийн газар тэтгэврийн шинэчлэл хийж, ахмад настны талаар авах арга хэмжээнд түлхүү анхаарч ажиллаж ирсэн. Ерөнхий сайд Н.Учрал “Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг тэтгэврийн тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Ийм зохицуулалт хийхгүй бол сүүлийн таван жилээр тэтгэвэр тогтоолгох нь олон жил хөдөлмөрлөсөн ахмадуудыг хохироож байна. Насаараа хөдөлмөрлөж, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь үр дүнгүй, хөсөр хаягдаж байгааг зогсоох хэрэгтэй. Тэтгэврийн шинэчлэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого байх ёстой. Олон улсын жишгээр Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар батлууллаа. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр цаашид тэтгэврийг нэмэх юм” гэлээ.
Өнөөдөр хамгийн бага буюу 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадууд нийт тэтгэвэр авагчдын 1/3-ийг эзэлж байна. Эдгээрийн 80-аас доошгүй хувь нь 20-оос дээш жил ажилласан ахмадууд аж.
УИХ 2017 онд Ахмад настны тухай хуулийг баталсан. Гэхдээ хуулийн хүрээнд цогц арга хэмжээний төлөвлөгөө баталгдаагүй байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, урт хугацааны тусламж үйлчилгээ, цахим ур чадварыг сайжруулах зэрэг нийт 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр хөтөлбөр батлаад ажиллаж байна.
Энэ хүрээнд ахмад настны тусламж үйлчилгээ, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, цахим ур чадварын нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ.

Эрүүл идэвхтэй, бага зэргийн тусламж шаардлагатай, бие даах чадвар хязгаарлагдсан ахмадууд гэсэн гурван ангиллын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зөвлөх үйлчилгээг зохион байгуулахаар төсөвлөөд байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй ахмад ажил хөдөлмөр эрхэлж байгаа аж. Засгийн газраас ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор насаар ялгаварлахгүй хөдөлмөр эрхлүүлэх, ажлын цагийн уян хатан нөхцөл, дижитал чадвар, хиймэл оюун ухааны сургалтад хамруулах зэрэг зохицуулалт тусгах аж.
Мөн ахмад настныг ажиллуулсан ажил олгогчийг НДШ-ээс 100 хувь чөлөөлөх хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр ажил олгогчид ахмадуудыг ажилд авах сонирхол нь ч нэмэгдэнэ гэж үзжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 750 хүнд санхүүгийн дэмжлэг, гурван мянган хүнд түр ажлын байр, нэг мянга гаруй хүнд ахмадын зөвлөх үйлчилгээ зэрэг нийт 14 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгажээ.
Н.Учрал: Ордны хуйвалдаанаар биш ард түмнийхээ дунд орж төсвийг батална
Эдийн засгийн өсөлтийг уул уурхай, түүнийг дагасан тээврийн салбар тэтгэж байгаа бол худалдааны салбар агшаад байгаа үзүүлэлт гарчээ. Үүнийг 2026 оны хоёрдугаар улиралд өрхийн бодит орлогын өсөлт 4.9 хувиар багассанаар тоон үзүүлэлт харуулж байна. Худалдааны салбар агшсанаар эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа юм. Харин 2027 оны улсын төсвийг Засгийн газар хэрхэн зураглаж вэ? Энэ талаар Засгийн газрын тэргүүн бодлогоо тодорхой танилцууллаа. Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэвэр бол олон жил НДШ төлөөд, өөрийн хөдөлмөрийн хөлсөө авч байгаа ахмадуудын ахуй амьдралаа залгуулж байгаа орлого. Энэ бол халамж биш. Тиймээс 2027 оны төсвийг төсөвлөхдөө Засгийн газар өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зарчмыг барьсан.
2026 оны улсын төсөвт тодотгол хийхдээ 1.4 их наяд төгрөгийн зардлыг бууруулсан. Аливаа асуудлыг шударгаар шийдвэрлэх ёстой. Намайг ажлаа авахад боловсролын салбар хоёр цалинтай байсныг манай Засгийн газар нэг цалинтай болгож зохицуулсан. Багш, эмч нарын цалинг нэмсэн. Төрийн үйлчилгээний албан хаагч нарын цалинг мөн 50 хувь нэмэхээр улсын төсөвт тодотгол хийгээд байна. Хэрвээ УИХ улсын төсвийн тодотголын төслийг баталж өгвөл 44020 ахмадын тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Тодруулбал, 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 300 мянган төгрөгөөр нэмэгдэж, багадаа нэг сая төгрөг болно. Ингэж тэтгэврийн зөрүүг ойртуулахыг зорьсон. Энэ бол шударга зарчим. Өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэхгүйгээр үнийн өсөлттэй тэмцэхгүй.
Би Ерөнхий сайдын хувьд хэнээс ч айдаггүй, эмээдэггүй. Хэнтэй ч нүүр тулж уулзах нүүртэй. Намайг дэмжих нь дэмжиж, шүүмжлэх нь шүүмжилж байна. Би ордны хуйвалдаанаар биш ард түмнийхээ дунд орж улсын төсвийг батална гэж анх хэлсэн. Тиймээс би хэлсэн үгэндээ хүрч, арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг бодитой нэмнэ” гэдгээ бататган хэлсэн юм.

Стратегийн нөөцийг нэмэгдүүлнэ
Стратегийн нөөцийг нэмэгдүүлэх нь өрхийн бодит орлого буурсан үед чухал зүйл гэж Засгийн газар үзжээ. Энэ жил бид 100 мянган тонн улаан буудай хураан авна. Анх удаа 12 мянган тонн хүнсний ногоо нөөцлөхөөр болжээ. Төмсний үнийг тогтворжуулахын тулд зорилтот бүлэгт нийлүүлэх гэнэ.
Бензин шатахууны нөөцийн савны байгууламжийг барьж, тун удахгүй ашиглалтад оруулах юм байна. Энэ байгууламжийг ашиглалт оруулснаар 14 хоногийн бензиний нөөцийн савтай болжээ. Ирэх жил нэг сарын бензиний нөөцийн савтай болохоор улсын төсөвт тусгаад байгаа аж.
Өнгөрсөн жил нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулж таван мянган тонн мах бэлдэн нөөцөлсөн. Харин энэ жил 30 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөжээ. Агуулахуудыг эзэмшиж байгаа компаниудад зээлийн шугам үүсгэх юм байна.
Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газрын гишүүд компьютерийнхаа дэлгэцэд аль аймаг, сум, багт өргөн хэрэглээний бараа ямар ханштай байгааг харж байгаа.
Түүнээс бус аймгуудын Засаг дарга нараас махны үнэ, хүнсний ногооны үнэ, гаалиар гарч байгаа барааг асуухгүй. Манай Засгийн газар тогтолцооны хувьд бодит алхам хийж байна” гэдгийг тодотголоо. Нөгөө талаар Засгийн газар эрчим хүчний үнийг энэ өвөл нэмэхгүй байх бодлого барьжээ. Учир нь, төсвөөс хэмнэсэн мөнгөөрөө эрчим хүчний татаасыг шийдэх аж.
Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд нэн тэргүүнд анхаарч, “ТЭЦ-III” дээр засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ. 1.4 их наядын хэмнэлтийн 200 тэрбум төгрөгөөр нь эрчим хүчний татаасыг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна.
2027 онд “Оюутолгой”-н өгөөжийг хүртэх нөхцөлийг бүрдүүлжээ
Улсын төсөвтэй уялдсан Ерөнхий сайд Н.Учралын есөн шийдвэр хэрэгжсэнээр өрхийн бодит орлого нэмэгдэж, ард түмний ахуй амьдрал дээшлэх юм. Тодруулбал, 2027 оны улсын төсвийн төсөлд “Оюутолгой”-н ногдол ашгийг тусгах тохиролцоонд хүрч чаджээ. Ирээдүйд төлөх 30 их наядыг бууруулж, ард иргэдэд ирэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, долоон жил тутам ярьдаг байсан зээлийн хүүг гурван жил болгож, ирээдүйд төлөх нийт 6.2 тэрбум ам.долларын хэмнэлтийг хийж, гэрээгээр баталгаажуулсан байна. Ингэснээр 2027 онд ард түмэн “Оюутолгой”-н өгөөжийг хүртэх нөхцөлийг бүрдүүлжээ. “Оюутолгой”-н өгөөжийн нэг их наядыг нь “Иргэдийн хуримтлалын сан”-д төвлөрүүлж, хоёр их наядыг нь 10 аймагт баригдаж байгаа дулааны станцуудыг барьж дуусгахад, дөрвөн боомтыг шинэчилж, бүс бүрд Кембриджийн сургалттай сургууль барихад тус тус зарцуулах аж.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа билээ. Ингэснээр 1072 хувьцааг өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхийг нээсэн. Удахгүй хөрөнгийн биржийн нээлттэй зах зээл дээр гаргах юм байна. Ингэснээр хувьцааны үнэ өсөх юм. Анх нэг ширхэг нь 993 төгрөг байсан хувьцаа өнөөдөр хоёр мянган төгрөгт хүрээд байгаа аж.
Ирэх онд 16 мянган айлыг ипотекийн зээлд хамруулж, орон сууцжуулна
Ерөнхий сайдын есөн шийдвэр дэх иргэдэд чиглэсэн, олны анхаарлын төвд байгаа асуудлын нэг нь орон сууцжуулалт. Ирэх онд 16 мянган айлыг ипотекийн зээлд хамруулж орон суужцуулах Ерөнхий сайдын шийдвэр олны хүлээлтийг үүсгээд буй. Энэ шийдвэр бодитой хэрэгжих боломжтойг Ерөнхий сайд тоон үзүүлэлтээр тайлбарлав.
Мөн ахмадууд, зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй зарим эмийн жагсаалтыг шинэчилж, 100 хувь төлбөрийг чөлөөлж байгаа аж. Даралт, зүрх судас, чихрийн шижингийн зэрэг эмийн хамтын төлбөрийг тэглэж, Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх юм байна.
Засгийн газар дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийг Төрийн банкаар дамжуулж олгохоор болжээ. Төрийн банктай хамтарч иргэдэд 100 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг зургаан чиглэлээр бизнес эрхлэхэд зориулж гаргах гэнэ. Энэ зээл нь жилийн 10 хувийн хүүтэй, 24 сар хүртэл бөгөөд эхний зургаан сард зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байна. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өснө гэж үзжээ.
“Ухаалаг ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Боловсролын шинэчлэлийн хүрээнд уурын зуухтай сургуулиудыг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, 100 ногоон сургууль байгуулахаар төлөвлөжээ. Эрчим хүч тасардаггүй, дээвэр дээрээ нарны панелтай ногоон сургуулийг Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулиар жишээлж байлаа. Цаашлаад сургуулийн 15 дотуур байрыг байгуулж, Кембриджийн хөтөлбөртэй сургууль болгож, хүүхдүүд ширээн дээрээ гүүглийн компьютертай, сургуулиа олон улсын сертификаттай төгсөх арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлж байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар дунд сургууль Гүүглийн компьютертай “Ухаалаг ногоон сургууль” болоод байна.
Хөгжлийн банкны санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр энэ жил 100 мянган Гүүглийн компьютерийг хүүхдүүдэд хүргэх гэнэ.
Ерөнхий сайд Н.Учрал “Залууст сайхан ирээдүй байгаа гэдэгт итгэл өгч ажиллахыг хичээж байна. Нийгмийн бүлэг болгонд бодлогоо дэвшүүлэн ажиллаж байна. Би 10 жил УИХ-ын гишүүн хийж, төрийн сайдаар гурван салбарт ажилласан төрийн ажлын туршлага надад бий. Тийм учраас би бодлого бүрээ салбар бүрд хэрхэн хүргэх талаар улсын төсвөө нарийвчлан боловсруулсан.
Улстөрчдөд завсарлага байж болно, амьдралд завсарлага байхгүй. Надад Монгол Улсын төсөвт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулах зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас би есөн шийдвэр гаргаж, өргөн барьсан” гэдгийг онцолсон юм.
СДАХ-ны тэргүүн Н.Гомбо “МАН-ын дарга, Ерөнхий сайд учрал ахмад настны тэтгэврийн шинэчлэлээр асар их зүйлийг хийсэн. Ахмадууд бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргаж байгаа Ерөнхий сайддаа баярлалаа. Хариуцлагатай бөгөөд адармаатай, нэр хүндтэй албандаа амжилт гаргаж, улсын төсвөө батлуулахыг хүсэн ерөөе” хэмээв.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан уулзалтад оролцсон ахмадуудын сэтгэгдлийг сонслоо. Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ оны төсөвт тодотгол хийснээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Ингэснээр дундаж тэтгэврийг 1.3 саяд хүргэхийг ахмадууд дэмжиж, УИХ-аар төсөв батлагдах ихээхэн хүлээлттай байгаагаа илэрхийлж байлаа.
Н.Энхбат
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №036/24711/