Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намын хамтын ажиллагааны шинэ үе эхэллээ
Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буй энэ үед хоёр орны эрх баригч улс төрийн хүчнүүдийн харилцаа ч шинэ шатанд гарч байна. Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Нам хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, нам хоорондын харилцааг тогтмол, олон чиглэлтэй хамтын ажиллагаанд шилжүүлэхээр тохиролцсон нь үүний нэг илрэл болов.
Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буй энэ үед хоёр орны эрх баригч улс төрийн хүчнүүдийн харилцаа ч шинэ шатанд гарч байна. Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Нам хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, нам хоорондын харилцааг тогтмол, олон чиглэлтэй хамтын ажиллагаанд шилжүүлэхээр тохиролцсон нь үүний нэг илрэл болов.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Японы Либерал Ардчилсан Намын удирдлага, холбогдох албаныхантай уулзаж, намын байгуулалтын тогтолцоо, бодлого боловсруулах арга механизм, төв болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоо, бүс нутгийн хөгжлийн бодлогын талаар туршлага солилцов.
Айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын алба, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороодын удирдлагууд оролцсон нь энэхүү хамтын ажиллагааг зөвхөн хоёр намын төв байгууллагын түвшинд бус орон нутгийн байгууллагуудын түвшинд хүргэх зорилготой байгааг харуулж байна. Төлөөлөгчид есдүгээр сарын 28-нд Японы Либерал Ардчилсан Нам дээр ажиллаж, тус намын үйл ажиллагаа, байгууллагын зохион байгуулалт, бодлого боловсруулах үйл явцтай танилцан, бүс, орон нутгийн хөгжлийн асуудлаарх сургалтад хамрагджээ.
Японы Либерал Ардчилсан Нам 1955 онд байгуулагдсан бөгөөд дайны дараах Японы улс төрийн түүхэнд хамгийн удаан хугацаанд засгийн эрх барьсан улс төрийн гол хүчний нэг юм. Тиймээс олон арван жилийн туршлагатай тус намын төв болон орон нутгийн байгууллагын уялдаа, боловсон хүчний бодлого, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх арга барилтай газар дээр нь танилцсан нь МАН-ын орон нутгийн удирдах ажилтнуудын хувьд туршлага судлах боломж болсон байна.
Энэ удаагийн айлчлал зөвхөн сургалт, туршлага солилцох арга хэмжээгээр хязгаарлагдсангүй. Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Нам хоорондын хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлэх Санамж бичиг байгуулсан нь айлчлалын гол үр дүнгийн нэг байлаа.
Санамж бичигт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Японы Либерал Ардчилсан Намын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Таро Коно нар гарын үсэг зурав.
Талууд уг баримт бичгийн хүрээнд хоёр намын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд улс төрийн намуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Ялангуяа хамтын ажиллагааг зөвхөн намын удирдлагын түвшинд хязгаарлахгүйгээр парламентын гишүүд, намын боловсон хүчин, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын хооронд өргөжүүлэхээр зорьж байгаа нь Санамж бичгийн чухал агуулга юм. Ингэснээр хоёр намын төлөөлөгчид харилцан айлчлал хийх, сургалт, туршлага солилцох, бодлогын тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж бүрдэж байна.
Энэ үйл явдал Монгол, Японы төрийн түвшний харилцаа идэвхжиж буй цаг үетэй давхцаж байгаагаараа мөн онцлогтой. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай есдүгээр сарын 29-нд Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бодит агуулгаар баяжуулах, урт хугацааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм.
Өөрөөр хэлбэл, Монгол, Японы харилцаа Засгийн газар хоорондын уламжлалт дипломат харилцаанаас гадна парламент, улс төрийн нам, орон нутгийн удирдлага, боловсон хүчин болон ирээдүйн улс төрийн манлайлагчдын түвшинд зэрэг өргөжих нөхцөл бүрдэж байна.
Монгол Ардын Намын хувьд Японы Либерал Ардчилсан Намтай тогтвортой харилцаа хөгжүүлэх нь намын байгуулалтын туршлага солилцохоос гадна орон нутгийн хөгжил, хүний нөөцийн бодлого, залуу болон эмэгтэй улстөрчдийг бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах суваг нээж байгаа юм.
Харин Японы Либерал Ардчилсан Намын хувьд Монголын парламентын улс төрд урт хугацаанд голлох байр суурь эзэлж ирсэн МАН-тай институцийн харилцаагаа өргөжүүлэх нь Монгол, Японы хоёр талын харилцааг улс төрийн намуудын түвшинд дэмжих нэг механизм болж байна.
Ийнхүү Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчдийн Япон Улсад хийсэн айлчлал сургалт, туршлага солилцохоос эхэлж, хоёр намын хамтын ажиллагааг баримт бичгээр баталгаажуулснаар үргэлжиллээ. Одоо Санамж бичигт тусгасан парламентын гишүүд, боловсон хүчин, залуучууд, эмэгтэйчүүд болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа бодит хөтөлбөр, тогтмол солилцоонд хэрхэн шилжих нь дараагийн шатны гол асуудал байх юм.
Айлчлалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: “Монгол Ардын Намаас 21 аймаг, есөн дүүргийн удирдах ажилтнуудыг Япон Улсад сургалт, айлчлалд хамруулж байна. Энэхүү сургалт, айлчлалыг Япон Улсын Либерал Ардчилсан Нам, Монгол Ардын Нам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний үеэр Ерөнхий сайдын айлчлал давхцаж байгаа учраас намын дарга зарим арга хэмжээнд оролцож байгаа. Бид төрийн айлчлалаар биш, намын шугамаар тусдаа явж байгаа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
Манай энэ бүрэлдэхүүн Либерал Ардчилсан Намын төв байранд орон нутгийн хөгжлийн асуудал, сонгуулийн арга технологийн асуудал зэрэг олон чиглэлээр сургалтад хамрагдлаа. Мөн Либерал Ардчилсан Намын урилгаар зохион байгуулагдаж байгаа сургалтын үеэр бид Либерал Ардчилсан Намтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Ардын Нам гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нэлээд анхаарал хандуулж, БНХАУ, ОХУ, Герман, Вьетнам, Япон, АНУ-ын эрх барьж байгаа гол улс төрийн хүчнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа нь цаашид улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Энэ айлчлалд явж байгаа бүрэлдэхүүний зардал нь төрийн айлчлалаас тусдаа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Энэ бол намын журмаар явж байгаа ажил учраас улсаас нэг ч төгрөг зарцуулаагүй” гэв.
Эцэст нь дүгнэхэд 2026 оны есдүгээр сарын Токиогийн уулзалтуудыг Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намын харилцааг илүү өргөн хүрээтэй, институцчилсэн хэлбэрт шилжүүлэх эхлэл гэж дүгнэж болно.
М.Гал-Арив
"Монголын ҮНЭН" сонин