МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Г.Мөнхбаяр: Бид хурим биш, гэр бүлийн үн...

Г.Мөнхбаяр: Бид хурим биш, гэр бүлийн үнэ цэнийг бүтээхийг зорьдог

Хурим бол хоёр хүний амьдралын хамгийн гэгээн, шинэ эхлэл, зүрхэнд мөнх үлдэх нандин дурсамжийг бүтээ­дэг онцгой мөч. Энэ үнэ цэнтэй өдрийг төгс зохион байгуулалттай, сэтгэлд хоногшим баяр болгон хувиргахад мэргэжлийн эвент зохион байгуулалтын компаниудын үүрэг улам бүр чухал болж байна. Тэд зөвхөн ёслолын ажиллагааг хариуцахаас гадна хуримын үйл явцын нарийн деталь бүрийг уялдаа холбоотой төлөвлөж, хосуудын хайр дурлалын түүхийг хамгийн гоёмсог хэлбэрээр амилуулдаг билээ.  Монголын хурим, эвентийн салбарт шинэлэг чиг хандлагыг тодорхойлж, бүтээлч шийдлээрээ ялгардаг тэргүүлэгч байгууллагуудын нэг бол 2014 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж буй “Brand Media Group” юм. Тус компани нь хурим найр, соёл урлагийн эвент, медиа контент үйлдвэрлэлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Wedding Expo Mongolia” үзэсгэлэнгээрээ салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж явна.

Үнэн
Админ

Хурим бол хоёр хүний амьдралын хамгийн гэгээн, шинэ эхлэл, зүрхэнд мөнх үлдэх нандин дурсамжийг бүтээ­дэг онцгой мөч. Энэ үнэ цэнтэй өдрийг төгс зохион байгуулалттай, сэтгэлд хоногшим баяр болгон хувиргахад мэргэжлийн эвент зохион байгуулалтын компаниудын үүрэг улам бүр чухал болж байна.

Тэд зөвхөн ёслолын ажиллагааг хариуцахаас гадна хуримын үйл явцын нарийн деталь бүрийг уялдаа холбоотой төлөвлөж, хосуудын хайр дурлалын түүхийг хамгийн гоёмсог хэлбэрээр амилуулдаг билээ.  Монголын хурим, эвентийн салбарт шинэлэг чиг хандлагыг тодорхойлж, бүтээлч шийдлээрээ ялгардаг тэргүүлэгч байгууллагуудын нэг бол 2014 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж буй “Brand Media Group” юм. Тус компани нь хурим найр, соёл урлагийн эвент, медиа контент үйлдвэрлэлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Wedding Expo Mongolia” үзэсгэлэнгээрээ салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж явна.

Энэхүү үзэсгэлэнд ресторан, видео студи, гоёл чимэглэл, бэлэг дурсгал зэрэг хуримтай холбоотой бүх төрлийн үйлчилгээнийхэн нэг дор төвлөрч, шинэлэг санаа, шийдлүүдийг танилцуулдгаараа онцлог. Хуримын салбарын хамгийн том нэгдсэн платформ болон төлөвшсөн “Wedding Expo Mongolia 2026” үзэсгэлэн, яармаг Улаанбаатар хотноо энэ сарын 9–10-ны өдрүүдэд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Цар хүрээгээ улам бүр тэлж буй арга хэмжээ нь өдгөө зөвхөн үзэсгэлэн биш. Орчин үеийн хуримын соёл, чиг хандлагыг тодорхойлогч, шинэ үеийн үнэ цэнийг бүтээх төв цэг болон хөгжиж байна. Энэ удаад “Brand Media Group”-ийн захирал Г.МӨНХБАЯР-тай уулзаж ярилцлаа. 

-Монголын хуримын салбарын хамгийн том нэгдсэн платформ болох “Wedding Expo Mongolia 2026” арга хэмжээг танай компани 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Арван жилийн өмнөх, өнөөдрийн арга хэмжээ хоёрын дунд ямар дэвшил гарав. Энэ жилийн арга хэмжээний онцлог юу байх вэ?

-“Wedding Expo Mongolia 2026” хурим зохион байгуулагч компаниудын үзэсгэлэн, яармагийг шууд утгаар нь хуримын бүх үйлчилгээг нэг дороос шийдэх цогц систем, нэг цонхны үйлчилгээ. Дандаа хуримаа хийхээр зорьсон хосууд цугладаг, нэлээн өвөрмөц үзэсгэлэн яармаг гэж ойлгож хэрэгтэй. Мэдээж хэрэг бусад үзэсгэлэн, яармагтай харьцуулахад зорьж ирдэг үйлчлүүлэгчийн тоо хязгаартай ч энэ их түгжрэлтэй цаг үед хурим найрын том арга хэмжээний төлөвлөгөө бичсэн цаас бариад хэдэн өдөр хотоор давхиж цагаа алдах уу. Хуримын зочдыг угтахаас эхлээд суудал, хоол, хөтөлбөр нь хүртэл урьдчилж маш сайн төлөвлөгдсөн. Чимэглэл, гэрэл, хөгжим, даашинз гээд бүгд нэг концепцтой, Зочин хүн орж ирээд “Ямар гоё зохион байгуулалттай юм бэ” гэж мэдрэхээр тийм хэмжээний үйлчилгээ үзүүлдэг, хурим найр хийх ресторанууд нэг дор цугласан арга хэмжээг сонирхож үзэх үү. Ийм асуултад өнөөдөр бүх хүн л нэг дороос шийдэж, сонгох нь зөв гэж хариулах болов уу.

Хуримын зохион байгуулалтад тайз засал, чимэглэл, гэрэл техник, фото видео бичлэг, шууд дамжуулалт, хөтлөгч, уран бүтээлчид, машин зэрэг 17 төрлийн үйлчилгээ хэрэг болдог. Тиймээс манай үзэсгэлэн яармагаас тэр бүх мэдээллийг аваад гарах боломжтой. Үүгээрээ давуу талтай. Анхны үзэсгэлэн дээр оролцогч компаниуд тоо харьцангуй цөөн байсан бол сүүлийн жилүүдэд өссөн. Энэ хаврын үзэсгэлэнд нийт 60 гаруй компани оролцоно. Манай компани үзэсгэлэн худалдаан дээр өмнө нь 40 сая төгрөгийн азтан тодруулж, нэг хосын хуримыг хийж зохион байгуулж байлаа. Энэ удаад 100 саяын төсөвтэй хуримын азтан тодруулах гэж байгаа. Энэ төсөвт 15 саяын алмаазан бөгж, хуримын чимэглэл гэх мэт зүйлүүд багтана.

-Танай компани өөрөө хуримын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Ижил төрлийн үйл ажиллагаатай компаниудтай хамтраад үзэсгэлэн, яармаг зохион байгуулах нь хуримлахаар зэхэж байгаа хосуудад хэрэгтэй ч өрсөлдөгчдийн хувьд зах зээлээ хуваах зэрэг сул тал ажиглагдах уу?

-Монгол Улсад жилд дунджаар 17 мянга орчим хос гэрлэлтээ бүртгүүлдэг бол тэднээс 1000–1200 орчим нь хуримаа хийдэг гэсэн судалгаа бий. Манай компани жилд ойролцоогоор 100 орчим хуримд шууд үйлчилгээ үзүүлдэг. Тоон үзүүлэлтээр харвал зах зээлийн тодорхой хувийг эзэлдэг ч “Бүх хуримыг дангаараа авах” нь бидний зорилго биш. Орчин үеийн залуучуудын хандлага, үзэл бодол өөрчлөгдсөн. Бид хамтдаа орлоготой байж, хамтдаа хөгжиж, хамтдаа шинэ соёл түгээе гэдэг зорилготой болсон. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч гэж хараад, хаалттай ажиллах бус, бусад байгууллагуудаа түнш, хамтрагч гэж хараад, найрсаг, эвсэг орчин бүрдүүлж, нэг нэгээсээ бас суралцах нь чухал байна.

Нэг дор олон компани нэгдэж үзэсгэлэн, яармаг хийх нь олон давуу талтай. Өөр өөрийн онцлог, шийдлийг танилцуулж, нэг нэгнээс соёл сурч, зах зээлээ ч хамтдаа тэлэх боломжтой. Нөгөө талаар, залуусын хуримд хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Өмнө нь хуримыг уламжлалт хэлбэрээр, тогтсон хэв маягаар зохион байгуулдаг байсан бол өнөөдөр залуус нүүдэлчдийн, монгол үндэстний онцлог, хэв маягийг шингээсэн өвөрмөц хурим хийхийг илүүд үзэх болсон. Энэ өөрчлөлт хуримын салбарыг илүү бүтээлч, өрсөлдөх чадвартай болгож байна.

-Та бол МҮОНТВ-ийн хөтлөгч байсан, телевизийн салбарын, найруулагч, уран бүтээлч хүн. Яаж яваад хуримын салбар руу хөрвөчихсөн юм бэ?

-МҮОНТВ-д ажиллаж байхдаа урилгаар маш олон хурим хөтөлсөн. Хурим найр бол ямар нэгэн цугларалт биш. Монголчуудын хувьд энэ өдөр нь “Хоёр хүний амьдралын эхлэл, хоёр айлын удам угсаа, ахан дүүсийн хэлхээ холбоо баталгааждаг” маш том бэлгэдэлтэй ёслол. Хуримд хэлж буй үг, ерөөл, бэлгэдэл бүр тухайн хосын амьдралд нөлөөлдөг гэж үздэг уламжлалтай. Монголчууд “үг хүчтэй” гэж ярьдаг нь зүгээр нэг үг биш юм.

Эхлээд хэд хэдэн хурим хөтөлсний дараа манай монголчууд хуримын зан заншлаа маш их гээсэн юм байна гэдэг нь харагдаж эхэлсэн. Хуримд ирсэн хэн боловч үг хэлдэг. Заримдаа залуу хосын ирээдүйг бэлгэдсэн агуулгагүй, бэлгэ дэмбэрэлгүй үг ч хэлнэ. Тэндээс анх санаа авч залуу хосуудын амьдралын эхлэлийг бичдэг хурим бол орчин цагийн шинэ соёл шингээсэн. Нөгөө талдаа үндэсний ёс заншил, ерөөл магтаал, бэлгэ дэмбэрэл бүхий агуулгыг багтаасан тусдаа хөтөлбөртэй байх ёстой юм байна. Үндэсний онцлог, ондоошлоо харуулсан ерөөл бэлгэдлээр дүүрэн хийж хэвшүүлэх ёстой юм байна гэж бодсон. Энэ санааг өөрөө л хэрэгжүүлэхгүй бол өөр хүнээс олж харж чадахгүй юм шиг санагдаад энэ салбарт хөл тавьж байлаа. Түүнээс хойш 12 жил өнгөрчээ.

-Хуримын агуулга ийм байх ёстой гэсэн тэр мэдрэмж, ойлголтоо өнгөрсөн хугацаанд төлөвшүүлж чадсан уу?

-Тодорхой хэмжээнд үр дүн гарсан гэж боддог. Яагаад гэвэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд бас нэг нэгээсээ санаа аваад илүү гоё хөтөлбөртэй үндэсний агуулга шингэсэн хурим зохион байгуулдаг болсон байна. Өвөл, хаврын хүнд хэцүү улирлыг давсныхаа дараа зуны дэлгэр цаг, намраар хурим, найраа хийдэг нь монголчуудын уламжлал. Орчин үед энэ ойлголт өөрчлөгдөж, жилийн дөрвөн улирлын алинд нь ч хурим хийдэг болсон. Айраг, идээ ундаа ч улирал харгалзахгүйгээр олдох боломжтой цаг үе байна.

Хамгийн чухал нь хурим бол олон хүн оролцсон шоу биш. Нэг гал голомтын эхлэл, хосууд хамтын амьдралаа эхлүүлдэг хүндтэй ёслол юм. Хуримд хэлэгдэж буй ерөөл, магтаал хэдий хэр их, өргөн дэлгэр сайхан байна. Хувь тавиланг төдий чинээ тэгшилдэг. Ах дүүсээ танилцуулах ёс дэгээс хосуудын амьдралын урд удаан жилийн эв нэгдэл шалтгаалдаг гэдгийг бүгд мэддэг, мартсан бол санадаг байх хэрэгтэй. Үүнийг зөв ойлгуулж, уламжлалаа сэргээж чадвал монгол хуримын ондоошил өөрөө аяндаа илүү тод, илүү үнэ цэнтэй болж ирнэ гэж боддог учраас хүмүүст хуримын үйлчилгээ биш гэр бүлийн үнэ цэнийг бүтээж өгөхийг зорьдог.

Энэ бол миний нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр гэж бодож ажилдаа хариуцлагатай ханддаг. Одоогоор би СУИС-д яг энэ чиглэлээрээ магистр хамгаалахаар бэлдэж байна. Тиймээс судалгаа хийж, МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар ахтай хамтран соёл судлалынхан, уламжлалт зан үйлийг мэддэг ахмад үеийнхнийг оролцуулсан “Орчин цагийн монгол хуримлах ёс” нэвтрүүлэг хийж, үүнийг арай илүү шинжлэх ухаанч, үндэслэлтэй харахыг зорьж явна. 

-Сүүлийн үед манай залуучууд гадаадад, жишээ нь Вьетнамын Бали арал дээр ч юм уу хуримладаг болсон байна. Ийм нэг хэлбэр тогтох гээд байна уу гэж харагдсан. Энэ чиг хандлагын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Гадаадад хурим хийх сонирхолтой залуучууд байдаг. Манай компани гэхэд энэ жил Вьетнамд долоон хурим зохион байгууллаа. Зардлын хувьд эх орондоо хийснээс бага зэрэг хямд, амьд байгальд ойр, энтертайнмент буюу үзвэр, шоу зэрэг нь боломжийн ч би хувьдаа гадаадад хуримлахыг дэмждэггүй. Яагаад гэвэл хурим гэдэг үндэсний соёл, уламжлал юм. Эндээс цоо шинэ гал голомт асаж, ураг удмын шинэ түүх үргэлжлэн бичигддэг маш том утга, бэлгэдэл шингэсэн ёслол. Гадаадад хийгддэг хуримд хамгийн чухал хэсэг, монгол үндэсний агуулга орхигддог.

Үндэсний хувцас, айраг, уламжлалт зан үйл, ерөөл магтаал зэрэг үндэсний өв соёлын чухал хэсгүүд тасардаг. Хуримын хамгийн үнэ цэнтэй зүйл бол гоё зураг, сайхан орчин биш шүү дээ. Ийм хүндтэй үндэстний язгуур соёл, бэлгэдэл, монголчуудын ондоошил нь хил давж хуриманд очих хүний боломж, бололцооноос шалтгаалаад алга болчихоор харамсалтай санагддаг. Хоёр хүний амьдралын эхлэл, хоёр гэр бүлийн холбоо, ахан дүүсийн ерөөл, сайн сайхны бэлгэдэл, уламжлалт агуулга алдагдахаар хурим хурим биш болчихож байгаа юм шиг санагддаг. Мэдээж хэрэг  гадаадад хурим хийх нь буруу гэж хэлэхгүй ч, хэрвээ хийх гэж байгаа бол монгол хурмынхаа гол агуулга, ёс заншил, бэлгэдлийг заавал шингээж өгөх хэрэгтэй.

-Танай компанийн гадаад харилцаа, трэнд хэв маягуудыг дотоод хуримд шингээхээр ажиллаж байгаа зэрэг дэвшлүүд бас сонирхолтой санагдсан? 

-Бид Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг Азийн хуримын зах зээл өндөр хөгжсөн орнуудтай хамтын ажиллагаа тогтоож, тухайн бүс нутгийн хуримын зохион байгуулалт, чимэглэлийн шийдэл, үйлчилгээний стандартыг судалж, дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн хуримын салбарт хүчтэй нэвтэрч буй “soft form” буюу зөөлөн хэлбэрийн, уян хатан, минималист атлаа тансаг мэдрэмж төрүүлэх дизайн, зохион байгуулалтын чиг хандлагыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүллээ.

Энэ трэнд нь хуримыг хэт сүржин биш, илүү мэдрэмж рүү чиглэсэн, нарийн деталь дээр төвлөрсөн байдлаар илэрхийлж өгдгөөрөө онцлогтой. Мөн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Хонконгийн загварын салбарын төлөөлөл, модель Hanna Koo-тэй хамтран ажиллаж, хуримын зураг авалт, сурталчилгаа, контент бүтээлд олон улсын өнгө төрх, шинэ хэв маягийг шингээхийг зорьж байна. Энэ бол зөвхөн маркетингийн шинэчлэл биш. Монголын хуримын салбарыг дэлхийн түвшинд ойртуулах нэг алхам. Азийн болон олон улсын хуримын трэнд, стандарт, уран сайхны шийдлийг Монголд нутагшуулах замаар салбарын хөгжилд шинэ өнгө төрх, шинэ шат авчрах гэсэн тэмүүлэл гэж ойлгож болно.

Д.Жаргалан

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.