Ерөнхий сайд яагаад Туулын хурдны замын төслийг зогсоов
Бүтээн байгуулалт дагасан хамгийн том шүүмжлэл бол олон нийтийн хэлдгээр “цавчаа” гэгч. Энгийнээр бол тооцоо, судалгаа хийхээс эхлүүлээд төслийн бүхий л шатанд их хэмжээний мөнгө хувьдаа завших явдал юм. Туулын хурдны замын төсөл дээр ч ийм явдал болсон гэх яриа тасралтгүй хөвөрч байна.Үнэн, худлыг мэдээж хуулийн байгууллага тогтооно. Гол нь ийм эргэлзээ, хардлага байгаа цагт төслийг үргэлжлүүлэх нь буруу юм. Иймээс ч Ерөнхий сайд Н.Учрал “Хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал” хэмээн онцлон хэлсэн биз ээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байна” хэмээн мэдэгдэв.
Иргэдийн дийлэнх нь энэ шийдвэрийг талархан хүлээн авлаа. Гэвч нийгмийн цөөн хэсэгт зарим эргэлзээ байгааг үгүйсгэх аргагүй. Иймээс ч Монгол Улсын Ерөнхий Сайд Ням-Осорын Учралын энэ шийдвэр чухам ямар үндэслэлтэй болохыг хэлсэн үгнээс нь үүдэн дэлгэрүүлж ойлгоё.
Бүтээн байгуулалт хийх мэдээж сайхан. Гэвч сүүлийн жилүүдэд бий болсон нэгэн сөрөг үзэгдэл бол аливаа дэд бүтцийн болон бусад төслийг нээлттэй, ил тод хэлэлцүүлэлгүйгээр эрх мэдэлтнүүд ба тэдгээрийн эрх ашигт илтэд үйлчилдэг мэргэжлийн судлаач гэх цөөн хүний хүрээнд төлөвлөдөг болсон явдал. Гэнэт л ийм ч зам барихаар боллоо, тийм ч туннел хийхээр боллоо гэх…
Тооцоо, судалгааг нь хийчихсэн гэх боловч тэр нь мөнөөх л эрх мэдэлтнүүдэд тал зассан, элдэв сэжмээр холбогдсон цөөхөн хэдэн хүний ажил байдаг. Өөрөөр хэлбэл, хийгдсэн гэх тооцоо, судалгаа нь бодит бус, мэргэжлийн өргөн хүрээг хамраагүй, эрх мэдэлтнүүдийн хүссэн үр дүнд чиглэгдсэн буюу хийгдэхээсээ өмнө үр дүн нь гарчихсан байдаг гэхэд болно.
Харин тухайн салбарын жинхэнэ мэргэжилтнүүдийн үгийг эрх мэдэлтнүүд сонсохыг ч хүсэхгүй бөгөөд учир нь тэдэнд бодит судалгааны биш өөрсдийнх нь хүссэн, бодсоныг нотлох “үр дүн” л хэрэгтэй байдаг биз ээ. Ингээд нэгэнт эрх мэдэлтнүүдэд үл тоогдсон мэргэжилтнүүд аргаа барахдаа нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхэлдэг. Зарим нь төв талбайд цагаан хоолой, лоозон бариад гарах нь ч бий. Энэ алдаа Туулын хурдны замын төслийг боловсруулах явцад давтагдсан байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр ч зарим мэргэжилтнүүд Туулын хурдны замтай холбоотой Байгаль орчны үнэлгээ хийсэн, тооцоолол боловсруулсан багт би орсон, ороогүй, миний нэрийг судалгаа хийсэн багийн нэрсэд зөвшөөрөлгүй ашигласан, ашиглаагүй гэх маргаан хүртэл гарч байсан билээ.
Нөгөөтэйгүүр аливаа томоохон төслийг боловсруулахын өмнө мэргэжлийн хүрээнээс гадна ер нь олон нийтийн өргөн хэлэлцүүлгийг ч сайтар хийх нь зөв. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Иймээс ч аливаа албан тушаалтан өөрийгөө тэнгэрээс буугаад ирсэн ухаантан, бүгдийг мэдэгч биш, харин иргэдээс эрх авсан, иргэдэд үйлчлэгч гэдгээ сайтар ухаарах ёстой. Тэр дундаа ахуй амьдралд нь шууд нөлөөлөх бүтээн байгуулалтын төслийн талаарх иргэдийн байр суурийг анхаарч сонсдог байх нь юу юунаас илүү чухал.
Бүтээн байгуулалт дагасан хамгийн том шүүмжлэл бол олон нийтийн хэлдгээр “цавчаа” гэгч. Энгийнээр бол тооцоо, судалгаа хийхээс эхлүүлээд төслийн бүхий л шатанд их хэмжээний мөнгө хувьдаа завших явдал юм. Туулын хурдны замын төсөл дээр ч ийм явдал болсон гэх яриа тасралтгүй хөвөрч байна.Үнэн, худлыг мэдээж хуулийн байгууллага тогтооно. Гол нь ийм эргэлзээ, хардлага байгаа цагт төслийг үргэлжлүүлэх нь буруу юм. Иймээс ч Ерөнхий сайд Н.Учрал “Хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал” хэмээн онцлон хэлсэн биз ээ.
Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэр гаргасантай нь холбогдуулан Ерөнхий сайдыг төсөл зогсоогч, гацаагч гэх мэтээр зарим улстөрч цоллон, харлуулахыг оролдож байна. Ямар ч төсөл Монголчуудын эрх ашгийн төлөө байх ёстой. Иймээс ч иргэдийнхээ эргэлзээг арилган, судлаачдынхаа тооцоог судалж байж төслөө хөдөлгөе гэсэн Ерөнхий сайдын шийдвэр гацаа биш гэдэг нь ойлгомжтой. Харин ч аливаа төслийг иргэдийн санаа бодол, мэргэжлийн өргөн хүрээний хэлэлцүүлгийн үр дүнд хууль зүйн ямар ч зөрчилгүй хийх ёстой гэсэн шинэ эхлэлийг тавьж магадгүй. Энэ ч утгаараа Ерөнхий сайдын шийдвэр хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй төслийн л эсрэг болохоос бус хөгжилд дэвшил авчрах төслийн төлөө агуулгатай ажээ.
М.Гал-арив
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.