Хамгийн ойр гуравдагч хөрш улс руу хийсэн Ерөнхийлөгчийн айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгч манай орны хамгийн ойр гуравдагч хөрш улс руу төрийн айлчлал хийлээ. Мэдээж Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасанчлан гуравдагч хөрш орнууд бүгд л манай улсын хувьд чухал. Харин хамгийн ойр хэмээсний учир нь Монгол Улсаас Казакстаны хил хүртэл ойролцоогоор 500–600 км-ын зай бий. Иймээс ч ойлголцох, хамтран ажиллах асар их боломж, бололцоо, багтаамж Монгол, Казакстан хоёр улсад бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар энэ сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч манай орны хамгийн ойр гуравдагч хөрш улс руу төрийн айлчлал хийлээ. Мэдээж Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасанчлан гуравдагч хөрш орнууд бүгд л манай улсын хувьд чухал. Харин хамгийн ойр хэмээсний учир нь Монгол Улсаас Казакстаны хил хүртэл ойролцоогоор 500–600 км-ын зай бий. Иймээс ч ойлголцох, хамтран ажиллах асар их боломж, бололцоо, багтаамж Монгол, Казакстан хоёр улсад бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар энэ сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны 500 орчим төлөөллийн бүрэлдэхүүн бүхий “Бизнес форум”-ыг зохион байгуулсан юм.
Айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 135 сая ам.доллар байгаа бөгөөд цаашид энэ дүнг тав дахин нэмэгдүүлэхэд талууд санал нэгджээ. Улмаар энэ тухайд бодит үр дүн гаргахын тулд тээвэр, логистикийн салбарт Засгийн газрын хоорондын комисс хамтран ажилласнаар шийдэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Хоёр улс хооронд хамтран ажиллах боломжтой салбар нь хүнс, хөдөө аж ахуй. Тэр дундаа газар тариалан, мал аж ахуйн салбарт Казахстан улс давуу тал, туршлагатай учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр малын гаралтай түүхий эдийг боловсруулах, ноос ноолуурын хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах, үүнд суурилсан эдийн засгийн тэлэлт бий болгох боломжтой хэмээн тодорхойлж байна. Энэ хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр боллоо. Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд болсон “Бизнес форум”-ын үеэр манай улсын аж ахуйн нэгжүүд эхний ээлжид 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа. Улмаар Монгол, Казахстаны төв телевизүүд хамтран адууны соёлын талаар баримтат кино хийхээр болж, хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэлээ. Түүнчлэн ирэх зургадугар сараас Улаанбаатараас Астана руу шууд нислэг үйлдэхээр болсон төдийгүй Баян-Өлгий аймагт Казахстан улсын Консулын газрыг нээхээр эхний байдлаар тохиролцсон нь онцлох мэдээлэл байв. Түүнчлэн энэ удаагийн айлчлалаас онцлох сайн мэдээ нь Орос, Хятадын нутгаар дамжуулан Казахстан улсаас нэг сая тонн газрын тос авахаар болж, хоёр тал Ажлын хэсэг байгуулахаар тохирсон явдал байлаа.
Ийнхүү Казахстан улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын бодит үр дүн. Хоёр улсын Төрийн тэргүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн бодит илэрхийлэл төдийгүй Монгол-Казахстаны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, харилцааны шинэ хуудас нээсэн төрийн айлчлал боллоо хэмээн судлаачид онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын тэргүүн дипломатынхаа үүргийг асар идэвхтэй бөгөөд нэр төртэйгөөр гүйцэтгэж байна. Аливаа гадаад айлчлалын тухай нийгмийн цөөн төлөөлөл янз бүрийн элдэв хэл ам хаяа гаргах нь бий ч аливаа улсын гадаад бодлого хэзээ ч санаандгүй байдлаар явагддаггүй. Үүний илрэл нь Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал болж байна. Төв Азийн таван улстай харилцах харилцаа дэлхийн томоохон гүрнүүдийн ч анхаарлын төвд байх болсон. Иймээс ч Ерөнхийлөгч төв Азийн таван оронд айлчилсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд энэ нь манай улсын гуравдагч хөршийн бодлогын үзэл санаатай ч яв цав нийцэж буй юм.
Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн төрийн айлчлалыг хэн, хэрхэн дүгнэсэн талаар тоймлон хүргэе.
Б.Жавхлан: Ноос ноолуур, арьс шир зэрэг 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэйгөөр импортлох боломж бүрдлээ
/Ерөнхийлөгчийн зөвлөх/
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Тус улсад 20 жилийн дараа Төрийн тэргүүний түвшинд болж буй айлчлал гэдгээрээ онцлогтой байлаа. Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой болж байна. Казахстаны Ерөнхийлөгч 2024 онд манай улсад айлчилж, энэ үеэр стратегийн түншлэлтэй болсон.
Манай улсаас энэ удаад Казахстанд хийж буй төрийн айлчлалд бизнесийн салбараас 100 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Тэр дундаа, логистик, барилга, хүнс хөдөө аж ахуй, ноос ноолуурын салбарын бизнес эрхлэгчид түлхүү оролцсон. Казахстан улсаас ч мөн энэ тооны бизнес эрхлэгчид цуглаж, бизнес форумд оролцлоо. Ингэснээр 300 гаруй хүний бүрэлдэхүүн, оролцоо бүхий бизнес форум болсон. У.Хүрэлсүхийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар арав гаруй улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд 1000 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар 18 төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бол бизнес форумын үеэр 17 аж ахуйн нэгж харилцан ойлголцлын санамж бичигт мөн үзэглэлээ.
Хоёр улсын худалдааны эргэлт жилийн 20 хувийн өсөлт үзүүлж байна. Евразийн түр хэлэлцээрийн түвшинд хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэхээр талууд зорьж байна. Түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэйгээр импортлох боломжийг бүрдүүлж байгаа юм. Үүний 97 хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байх юм. Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй импортлох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Д.Баярхүү: У.Хүрэлсүх Төв Азийн таван улсад төрийн айлчлал хийсэн анхны Ерөнхийлөгч боллоо
/Олон улс судлаач, доктор/
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Төв Азийн таван улсад төрийн айлчлал хийсэн Монгол Улсын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч боллоо. Төрийн тэргүүний хувиар эдгээр таван улстай тавуулантай нь зэрэг харилцсан, айлчилсан гэсэн үг шүү дээ. Эдгээр улсаас Бүгд найрамдах Казахстан улстай стратегийн түншлэлийн харилцаатай. Харин Узбекистан, Киргизстантай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэ зун болохоор хүлээгдэж буй Тажикстаны Ерөнхийлөгчийн айлчлалаар мөн Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох магадлал өндөр байна. Төв Азийн таван улсын хувьд геополитикийн байршлаас авахуулаад дэлхийн гурван том иргэншил буюу Европ, Хятад, Исламийн зааг дээр оршдог гэдэг утгаараа С5 гэдэг маш том ойлголт болчихоод байна. Байгаль цаг агаар, байгалийн нөөцийн яндашгүй баялагтай. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө их хурдны эрин зуунд ирчихсэн энэ үед С5 дэлхийн том интеграцийн төвд орж ирчихээд байна. С5+1 гэдэг томьёоллоор АНУ, Япон, Итали, Европын холбоо зэрэг явж байгаа энэ үед Монгол Улс энэ томьёололд нэгдээд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Ямар ч байсан дэлхийн геополитикийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ цаг үед Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо нотлоод Казахтсан улсад айлчиллаа. Төв Азийн тэргүүлэх улс Казахстантай хоёр талын харилцаагаа тэлэхээр зорьж буй нь манай гадаад бодлогын нэг том ололт, амжилт гэж харж байна.
Э.Одбаяр: Казахстан улс руу чиглэсэн гадаад бодлогын амжилттай хэрэгжилтийг энэ удаагийн айлчлалын үр дүнгээс харж болно
/Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх/
-Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийхдээ стратегийн түншлэл тогтоосон. Энэ нь манай улсын хувьд Төв Азийн таван орноос стратегийн түншлэл тогтоосон анхны улс болсон юм. Тухайн үед болсон айчлалаас ялгарах онцлог нь энэ удаад илүү олон баримт бичигт гарын үсэг зурсан явдал байлаа.
2024 оны айлчлалаар суурь эрх зүйн баримт бичгүүдэд талууд үзэглэсэн байдаг. Тэгвэл энэ удаад яг, ямар салбарт, хэрхэн хамтрах вэ гэдгээ илүү нарийвчлан тодорхойлсон, ажлын төлөвлөгөөгөө гаргасан айлчлал боллоо. 2026-2027 онд жишээлбэл, хоорондын ярьж тохиролцсончлон худалдаа эргэлтийг хэрхэн 500 саяд хүргэх вэ. Арьс шир, ноос ноолуур, технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Хамгийн чухал зүйл нь бидний хоорондын зам тээврийн салбарыг илүү дөт болгох талаар хамтарч ажиллах талаар ярилцлаа. Хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийлээ, албан ёсны хэлэлцээнүүдийг сайд, дарга нартайгаа сууж байгаад хийлээ. Энэ болгоны цаана биднийг хэрхэн хүлээн авч байна гэдэг нь харагдаж байгаа юм. Бидэнд ямар цар хүрээтэй хамтын ажиллагааг санал болгож байна вэ, Монгол Улстай хамтрах ямар боломж байна вэ гэдгийг түрүүлээд олоод харчихсан нь сонин содон байлаа.
Ерөнхийлөгч К.Токаевийн хувьд Монголтой бүх салбарт хамтран ажиллах боломж байна гэдгийг өөрөө хэллээ. Зам тээврийн салбарыг онцолж байна. Манай хоёр улсын хооронд тээвэрлэлт явуулахад 1700 км-ийг туулах шаардлагатай бөгөөд хамгийн дөт замаар тээвэрлэлт явуулах нь зүйтэй гэдгийг тодотгож байна. Энэ олон салбарт хамтран ажиллах боломжийг харсан учраас аливаа саад тотгороос чөлөөлөж, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллая гэдэг саналаа илэрхийллээ. Монголчуудтай идэвхтэй хамтран ажиллаарай гэдэг чиглэлийг бүхий л салбартаа өгч байна. Энэ бол монголчууд бидний хувьд гадаад бодлогын хүрээнд явуулж буй бодлогын ажлын цаана бодит боломжууд бий бол байгаагийн илрэл. Төв Ази руу ялангуяа стратегийн түнш Казахстан улсруу чиглэсэн гадаад бодлогын амжилттай хэрэгжилт нь энэ айлчлалын үр дүн болж, харагдаж байгаад баяртай байна.
А.Батцэцэг: Ерөнхийлөгч Төв Азийн таван улстай харилцан айлчлал хийсэн нь Монгол Улсын олон талт гадаад бодлогын илэрхийлэл
/МУИС-ийн ахлах багш, доктор/
-Энэ удаагийн айлчлалаар Монгол, Казахстаны хамтын ажиллагаа олон салбарт өрнөхөөр болж байна. Тэр дундаа улс төр, эдийн засаг, худалдаа, технологи, инженерчлэл, банк санхүү болон хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр манай хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам бататгах юм. Түүнчлэн Монгол Улсаас Казахстан улс руу Ерөнхийлөгчийн түвшинд 20 жилийн дараа хийж буй айлчлал гэдгээрээ онцлогтой байлаа. 1991 онд тухайн үеийн ЗХУ задарснаар Казахстан улс 1992 онд бие даасан улс болсноо албан ёсоор зарласан байдаг. Улмаар тухайн ондоо НҮБ-д элсэж, олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн. Монгол Улсын хувьд ч мөн Бүгд найрамдах Казахстан улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Мөн 1992 онд Алматы хотод Монгол Улсын Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Улмаар 2010 онд Астана хотруу шилжсэнээр үндсэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар өнөөдрийг хүрч байна. Үүнээс хойш манай хоёр улс 1992-2024 он хүртэл өргөн хүрээний түншлэлтэй, уламжлалт найрсаг харилцаатайгаар олон салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингээд 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев манай улсад төрийн айлчлал хийсэн. Ингэснээр уламжлалт найрсаг харилцааны түвшинг шат ахиулж стратегийн түншлэлд хүргэснээ зарласан. Энэ нь Монгол Улсын хувьд Казахстан нь Төв Азийн хамгийн чухал түнш улс гэдгээ бататган харуулсан явдал болсон юм.
Монгол Улсын гадаад харилцаа маш идэвхтэй өрнөж буйн нэг илэрхийлэл нь Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай гадаад харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байгаагаар илэрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд бүрэн эрхийн хугацаандаа Төв Азийн таван улс оронтой бүгдтэй нь харилцан айлчлал хийлээ. Энэ нь Монгол Улсын олон талт гадаад бодлогыг тогтвортой, энхтайванч, тэнцвэртэй хэрэгжүүлэх үүднээс Төв Азийн улсуудтай гуравдагч хөршийн бодлогоо улам эрчимжүүлж буйн илэрхийлэл.
Х.Мандал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.