МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Б.Одончимэг ээ, Биднийг дагуулаад яваара...

Б.Одончимэг ээ, Биднийг дагуулаад яваарай

“Таван үдэш” жүжиг Английн Broadway театрт тоглогдож байжээ

Үнэн
Админ

 

“Таван үдэш” жүжиг Английн Broadway театрт тоглогдож байжээ

 

1950-аад оны дунд үе. 17 жилийн дараа Ильин буюу Саша төрөлх Ленинград хотноо буцаж ирнэ. Ленинградын оршин суугч, цайлган, хөнгөндүү Зояатай учир ургуулсандаа гэмшингүй. Тэрбээр залуу цагийн хайр Тамараг дурсан санана. Ильин энэ орчлонгийн хаахна хэдэн жил бэдрэн явсныг бүү мэд. Тамара харин зээ дүү Славиктайгаа Ильинтэй дурлалцан байсан тэр л нийтийн байрандаа аж төрөн суугаа.

Тамара нөхөргүй ч, цехийн мастер хийж яваа яг таг ажил хэрэгч бүсгүй. Тамара, Ильин хоёрын олон жилийн дараах уулзалт яагаад ч юм бэ “Амьдрал нулимсанд дургүй” киног санагдуулж байв. Үйлдвэрлэл хөгжин, хүчирхэгжиж буй Орос орны эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрх магадгүй тийм сэтгэгдэл төрүүлдэг болов уу. Дайнаас өмнө Технологийн дээд сургуульд суралцаж байсан биерхүү эр Ильин томоохон химийн үйлдвэрийн ерөнхий инжежер хэмээн өөрийгөө танилцуулж орхив. Энэ нь худал бөгөөд жолооч хийж яваагаа хэлж зүрхлэхгүй байгаа явдал жүжгийн зөрчил, тэмцэл болно.

Өнгөрсөн ням гарагаас тавигдаж эхэлсэн “Donna s film”-ийн “Намайг дагуулаад яваач” драмын жүжиг үзэгчдийг байлдан дагуулж байна. Ерөнхий найруулагчаар Екатерина Шихова ажиллажээ. Екатерина Шихова нь Санкт-Петербург хотын Театрын академийг 2023 онд төгссөн, шинэ үеийн авьяаслаг залуу найруулагч юм. Тэрбээр 30 гаруй тайзны бүтээлийг найруулан туурвисан туршлагатай , үзэсгэлэнтэй, залуу уран бүтээлч билээ.

“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нь Александр Володины “Таван үдэш” жүжгээс сэдэвлэн бүтээгджээ. 2025 онд Broadway театрт тоглогдсон, Александр Володины хамгийн алдартай зохиол юм. “Таван үдэш” зохиол нь өнөөг хүртэл дэлхийн маш олон тайзнаа тоглогдсоор, мөн уран сайхны кино болсон түүхтэй. Зарим судлаачид зохиолчийг “Таван үдэш” жүжгийн Ильиний дүрээр дамжуулан өөрийн амьдралын үзэл бодол, сэтгэл гутрал, ганцаардал, хүрч чадаагүй хүсэл харуусал болон хайрын талаарх мэдрэмжээ хуваалцсан гэж үздэг. Александр Володин “Таван үдэш”, “Намрын симфони”, “Санамсаргүй учрал”, “Хайрын тухай” зэрэг олон жүжиг, киноны зохиолыг бичжээ. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн үзэгчдэд хүрсээр буй эдгээр уран бүтээлүүдээс “Таван үдэш” алдаршиж, дэлхийд хамгийн олон  удаа тоглогджээ.

Энэхүү алдарт зохиолыг Монголын тайзнаа дэглэх зоригтон “Donna s film”-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин Б.Одончимэг байж. “Намайг дагуулаад яваач” жүжигт жүжигчин бүсгүй өөрөө Тамарагийн дүрийг бүтээв. Т.Бархүү /Ильин/, Ж.Амарзаяа /Чиглүүлэгч/, Э.Алдаржавхлан /Тимофеев/, Т.Энэрэл /Катя/, С.Баянмөнх /Слава/, Т.Дашсурмаа /Зоя/ нар тайзнаа нэгэн агаараар амьсгалж, үзэгчдийг уярааж, ухааруулж, инээлгэв. “Gangbay” хамтлагийн дуучин, реппер, жүжигчин С.Баянмөнхийн авьяас чадвараар лав бахархацгаасан байх. Төгсгөлд нь нийт уран бүтээлчдийг тайзнаа танилцуулахад Т.Энэрэлийн дүр илүү томруун байсан явдал заалнаас илгээх нэгэн хэмийн уухай, нижигнэсэн алга ташилтаар тодорхойлогдох болов уу. Ер нь жигд, хийгүй тоглолт, жүжгийн эхлэл, үргэлжлэл, төгсгөлийг анзаарах сөхөө олгосонгүй.

Нийгэмд эзлэх байр сууринд хайр сэтгэл захирагддаггүй гэдгийг нэрэлхүү Ильин, Тамара нарын дурлал, биесдээ хүрч ядан буй залуу хос Слава, Катя, ганцаардсан Зоя, Ильиний тодорхойлолтоор “Шал, шалхийсэн” Тимофеев, эл хотын амьдралын эгэл өдрүүдийн гэрч болсон Чиглүүлэгч эмэгтэйн дүрүүд бэлхнээ харуулжээ. Томоос том цасан ширхгүүд хаялсан Ленинградын гудманд амьдралын галт тэрэг зогсолтгүй урагшлан буйг өгүүлэх  гуниглангуй, бадрангуй, нигүүлсэнгүй дуун хорвоогийн үнэнээс хаана бултах вэ гэсэн мэт эгшиглэнэ. Жүжгийн продюссер, Монголын театрын түүхэн дэхь авьяаслаг, чадварлаг, менежменттэй залуу уран бүтээлч Б.Одончимэгт алга ташъя. Түүний уран бүтээлийн аялал, эрэл хайгуул хэрхэн үргэлжлэх бол. Тэр бүх аялалдаа биднийг дагуулаад яваарай, Б.Одончимэг ээ.

Н.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.