Шийдэлч инженер
Түүнийг ойрын нөхөд, хамтран ажиллагсад нь “мужик” гэцгээдэг. Ийм нэр зүгээр олддоггүй байх. “Мянган бухын сургууль” хэмээн алдаршсан Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн сурч амьдарч байхдаа авсан энэ нэр түүний эр хүний мөн чанарыг тодорхойлохоос гадна нөхдийнхөө итгэлийг дааж, дэмтэй тустай хэрэгтэй үед нөмөр түшиг тулгуур болж чаддаг байсных нь илэрхийлэл.
Амьдралыг нэг өгүүлбэрт багтаан өгүүлэх боломжгүйтэй адил, улс төрийн амьдралыг нэг өнгөөр тайлбарлах аргагүй. Улс төрийг хэрвээ симфони гэж харвал популист амлалт, улстөрчдийн зөрчил, хагарал ба эвлэрэл, тохиролцоо, хатуу ба зөөлөн байр суурь, мөргөлдөж буй ашиг сонирхлууд, тэр бүгдийн тоосонд дарагдан хоцрох ажил хэрэгч шийдлүүд бүгд нийлж байж нэгэн симфони болон эгшиглэх биз ээ. Энэхүү нийтлэлээрээ Монголын улс төрийн симфонид нэгэн өнгө болж яваа УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн улс төрийн өнгө, хэв маягийг тодруулан харуулахыг зорилоо.
Хүмүүс түүнийг “Сахал Бат-Эрдэнэ” буюу “Сахал” хэмээн нэрлэдэг. Сахал нь аль хэдийн түүний имиж, хүмүүсийн ой санамжид хоногшсон таних тэмдэг болсон. Түүний гадаад төрх, эршүүд байдал нь энэ нэрэндээ зохицсон мэт. Тэр олны өмнө том дүр бүтээж, анхаарал татах гэсэн оролдлого хийж, попроод байдаггүй. Гэхдээ ямар ч үед зарчим ярьж, хатуухан дуугарч, ноён нуруу зааж өөрийн байр суурьтаа хатуу зогсож чаддаг, улс төрийн хэмнэл, эв дүйг мэдэрч ажилладаг төрлийн улстөрч. Том концепц ярихаас илүү бодлогын хэрэгжилтэд анхаарч гарц гаргалгаа гаргаж "хэрхэн хэрэгжүүлэх вэ” гэдэгт төвлөрч, шийдэл, бодлогоо амьдрал дээр буулгахыг зорьдог. Товчхондоо, улс төрийг “ярих” биш, “ажил болгох” өнцгөөс харж хэрэгжүүлэхийг илүүд үздэг нь түүний инженер хүний шийдэл, арга ухаан гэлтэй.
Тухайлбал, тэр 2017 оноос хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, шинэчлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьсон “Иргэн баян бол улс баян” гэсэн уриатай “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачлан, Булган аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн юм.
Ж.Бат-Эрдэнэ "Улс орныг хөгжүүлэх, ард иргэдийг ажилтай орлоготой болгох үндсэн гол суурь нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүн дотроо хөдөө аж ахуйн голлох бүтээгдэхүүн сүү цагаан идээ, төмс хүнсний ногоо цаашлаад ноос ноолуур гэх мэт голлох бүтээгдэхүүний нийлүүлэлт боловсруулалтыг сайжруулж эдийн засгийн эргэлтэнд оруулснаар хөдөөгийнхний малчид, тариаланчдын амьдрал сайжирна, цаашлаад хүнс, хөнгөн үйлдвэрлэл хөгжих үндсэн нөхцөл бүрэлдэнэ" хэмээн ярьж, энэ бодлогоо ч хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж яваа. Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах замаар мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлж, тооноос чанарт шилжүүлнэ. Хэрэглээ, үйлдвэрлэлийн гол хэрэгсэл бага, дунд оврын трактор, техник, тоног төхөөрөмжийг малчид, тариаланчдын гарт бодитоор атгуулж, өрхийн аж ахуйн хурдыг нэмж, хамтын үйлдвэрлэл рүү чиглүүлэхийг зорьсон агуулгатай түүний снаачилсан хөтөлбөр мал аж ахуй, газар тариаланг салангид биш, нэг экосистем гэж харснаараа онцлогтой.
Хоршоолол, техникжилт, зах зээл гэсэн гурван тулгуур нэг шугамд зангидагдаж, тогтвортой ажиллаж чадвал тэр нь бодит шинэчлэл болж хувирдаг. Харин энэ уялдаа тасарвал “хөтөлбөр” нэртэй хэдэн хэсэг салангид төсөл болж, цаасан дээр л үлддэг жишиг манай нөхцөлд цөөнгүй бий. “Шинэ хөдөө” хөтөлбөр анх хэрэгжиж эхлэх үед төсвөөс гадуур, зориулалтын бусаар мөнгө тарааж байна гэсэн шүүмжлэл дагалдаж байсан ч Ж.Бат-Эрдэнэ орон нутагт ажлын байр бий болгох, дундаж давхаргыг тэлэх, малчдын орлогыг зөвхөн түүхий эдээс хамааралтай биш болгох төсөлд 2016 оноос хойш бүх хүчээ зориулж яваа. Хөдөө аж ахуйн эдийн засгийг “амьдруулах” энэ оролдлого орон нутгийн удирдлагууд, ажлын фронт дээрх хүмүүс, төрийн тогтвортой бодлогын дэмжлэгээр урагшилж, энэ төсөл өдгөө “Шинэ хоршоо” болон өргөжсөн. Булганд хэрэгжсэн “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 13.4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 7814 хоршоо шинээр байгуулагдаж, 77 233 малчид, иргэд хоршоонд нэгдэж, 4853 хоршооны 20731 малчинд, нийт 687 тэрбум төгрөгийн зээл авч, эдийн засгаа сэргээжээ. Тэр бодлого, төлөвлөгөөгөө хөдөлгөж чадсан. Төслийн шанг татсан Булган аймагт ажил жигдэрсэн яваа. Энэ бол өнөөдрийн үр дүн.
Түүнийг ойрын нөхөд, хамтран ажиллагсад нь “мужик” гэцгээдэг. Ийм нэр зүгээр олддоггүй байх. “Мянган бухын сургууль” хэмээн алдаршсан Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн сурч амьдарч байхдаа авсан энэ нэр түүний эр хүний мөн чанарыг тодорхойлохоос гадна нөхдийнхөө итгэлийг дааж, дэмтэй тустай хэрэгтэй үед нөмөр түшиг тулгуур болж чаддаг байсных нь илэрхийлэл.
Мөн хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлж, байр сууриа нууж хаалгүй илэрхийлдэг, бултаж зугтаадаггүй, хариуцлага үүсэхэд бусдад нялзаалгүй галыг өөр дээрээ авч чаддаг зан чанарыг нь ч тодорхойлдог. 2018 оны намар Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн сайдаар ажиллаж байхад нь яамны ажилчдынх нь дунд гарсан ноцтой асуудал болоод УБТЗ-д гарсан ослын хариуцлагыг өөртөө үүрч, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн удаатай. Улс төрд ховор тохиох энэ шийдвэр нь түүнийг мэдээж төгс хүн мэт харагдуулахгүй ч эрх мэдэлтэй үедээ ч хариуцлагын өмнө зогсож чадсан, өөрөө өргөдлөө өгч сайдаасаа буусан одоогоор анхны улстөрч болж үлдсэн байдаг.
Ж.Бат-Эрдэнэ Монголын ноос ноолуурын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд түүхий ноолуурын экспортыг зогсоох, угааж самнасан ноолуурын экспортыг дэмжих, нэмүү өртөг бий болгох бодлогыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэн, парламентаар батлуулж чадсан. Өнөөдөр энэ салбарын хөрөнгө оруулалт сэргэж, ноолуур угаах, самнах үйлдвэрлэлийн хүчин чадалд тулгуурласан анхан шатны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувь өсөж, экспорт нэмэгдэж, дотоодод 500–700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг үлдэх боломж бүрджээ. Энэ салбарт гарсан шинэ эргэлтийн нөлөө аажимдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний тулгуур болсон байдаг. 2025 онд салбарын хэмжээнд 380 гаруй тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгогдож, тодорхой тооны компани “ногоон санхүүжилт”-д хамрагдсанаар үйлдвэрлэлийн чадавх тэлж, тухайн онд Монгол Улс 4000 тонн самнасан ноолуур экспортолж, 330.6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оноос ойролцоогоор 80 сая ам.доллароор өсжээ.
Тэр УИХ-ын 126 гишүүн дотор дэд бүтцийн салбарт ажилласан туршлага, мэргэжлийн мэдлэгээрээ энэ чиглэлийг төлөөлөх цөөн гишүүний нэг. ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн автын инженер. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаас эхлээд Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын албыг шат дараалан хашсан. Дэд бүтцийн салбарт “чанагдаж” төлөвшсөн, нэгэн. Түүний улс төрийн замналын гол чиглэл нь зам, тээврийн салбарын бодлого тодорхойлох ажил байсаар ирсэн. Мэдээж, улс төрийн замналынх нь гол тэнхлэг болсон зам, тээврийн салбарын бодлогоор Ж.Бат-Эрдэнэ байр сууриа тод, нээлттэй илэрхийлсээр ирсэн.
Монгол Улсад авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох ажлыг удирдаж, Улаанбаатар хотыг 21 аймгийн төвтэй автозамаар холбох асуудлыг гүйцэлдүүлж, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулалцаж, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын анхны концессын гэрээг гардан хийж, Шинэ нисэх буудлын төслийг удирдаж, Агаарын тээврийн либералчлалыг хийж гүйцэтгэж амжсан. Мөн Авто тээвэр, Автозам, Төмөр зам, Иргэний нисэх, Усан тээврийн тухай зэрэг суурь хуулиудын ажлын хэсгийг ахлан, парламентаар батлуулж, салбараа гаднаас бус дотроос нь шинэчлэх суурийг тавилцсан юм.
Түүний маш олон улстөрчийн амбиц, эрх ашгийн зөрчил, томоохон компаниудын лоббины эсрэг сөрж зогсон байж эхлүүлсэн “Агаарын тээврийн либералчлал”-ын бодлого нь зах зээлд өрсөлдөөн бий болгон, нислэгийн тийзийн үнийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж иргэдийн болон аялал жуулчлалын салбарынхны талархлыг хүлээсэн ажил болсон байдаг. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын шинжтэй өөрчлөлтүүд олон нийтийн нүдэнд тэр бүр шууд харагддаггүй ч үр дүн нь цаг хугацааны явцад аажмаар мэдрэгддэг. Харин “Агаарын тээврийн либералчлал”-ын бодлогын нөлөө богино хугацаанд илэрч, УБ–Бээжин, УБ–Сөүл чиглэлд тийз олддоггүй, үнэ нь тэнгэрт хадаж, зах зээл хаалттай шахуу байсан нөхцөлийг өөрчилж, цөөн компанийн, тэр дундаа том улстөрчдийн оролцоотой, нөлөө бүхий монополь тогтолцоог задалж орхисон юм. Энэ бодлогоор үүний цаана нуугдаж байсан ашиг сонирхлын том сүлжээ сэт цохигдож, хаалттай зах зээл нээгдсэн нь иргэд, аж ахуйн нэгж, салбарынхны онцлон хүлээн авсан шийдвэр болж байв.
Үүнээс гадна УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Уул уурхайн биржийн хуулийн ажлын хэсгийг ажиллаж батлуулсан. 2022 оны сүүлээр нүүрсний асуудал нийгмийн хурц хэлэлцүүлэг дагуулж, улс төрийн уур амьсгал эрс халуун болсон үед тэр жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан, нүүрс болон бусад ашигт малтмалыг хөрөнгийн биржээр арилжаалах эрх зүйн орчныг бодитоор нээх үйл явцыг хурдасгасан юм. Энэ бол түүний хувьд гэнэт хийсэн эргэлт, шийдэл биш байв. Хэдэн жилийн өмнө Уул уурхайн биржийн тухай хуулийг санаачлан, УИХ-ын түвшинд танилцуулсан ч энэ хууль цөөнгүй жил шийдвэр гаргалтын түвшинд “хүлээлгийн байдал”-д орж, царчихаад байсан хэрэг. Тодорхой ашиг сонирхолтой мөргөлдөж, хаалттай орчинд хэдэн жил хөдөлгөөнгүй дарагдсан энэ хуулийн төсөл 2022 оны өвлийн улс төрийн халуурлаар “амь орж” бодит хууль болон батлагдаж, улс төрийн томоохон эргэлт хийгдэж байв.
Нүүрсний худалдааг биржийн тогтолцоонд шилжүүлсэн энэ шийдвэрийн үр нөлөө ч богино хугацаанд гарч эхэлсэн. Монгол Улс 2023 оны нэгдүгээр сарын 12-нд экспортын нүүрсээ анх удаа цахимаар арилжаалж 60 доллароор зарагддаг байсныг 110 доллароор улсын төсөвт их хэмжээний орлого олох боломж нээгдсэн. Мөн оны төгсгөлд 10 сая тонн нүүрс биржээр худалдсан. Энэ урсгал дараа жилүүдэд тасралтгүй тэлж, 2024 онд 15 сая тонн, 2025 онд 151 удаагийн арилжаагаар 804.3 сая ам.долларын үнэ бүхий 12.5 сая тонн нүүрс арилжаалсан нь уур уурхайн биржийн тогтолцоо аль хэдийн бодит зах зээлийн суваг болж төлөвшсөн болохыг харуулна. Үүгээрээ Ж.Бат-Эрдэнэ гацсан механизмыг ажиллуулахад гаршсан шийдэлч-инженер гэдгээ дахин нэг харуулсан гэхэд болно.
Одоо түүний гар дээр нийгмийн зүгээс өндөр хүлээлт үүсгэсэн нэг том “хөзөр” бий. Энэ бол Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд эдийн засаг, нийгмийн шинэчлэл рүү чиглэсэн цогц реформын нэг хэсэг болох мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл. Энэ хуулийн төсөл нийгмийн анхаарлын төвд хэдийн орсон. “Арилжааны банкны хүүгийн тогтолцоо өөрөө өөрийгөө засах уу, эсвэл шинэ зохицуулалтаар “хөөс”-өө буулгах уу” гэсэн хүлээлт нийгэмд бий болжээ.
Үүнээс гадна тэр ямар ч үед МАН-ын дотоод улс төрийн халуун өрнөл, зөрчилдөөнт үйл явцын үед УИХ дахь намын бүлэг болон талууд руу чиглэн байр сууриа шулуухан илэрхийлж өөрийн байр сууриа хадгалж зогсдог. Энэ зарчмаасаа Ж.Бат-Эрдэнэ 2016–2020 оны УИХ дахь бүлгийн 33/32-ын хагарлын үед ч хазайгаагүй. Хурцадмал үеийн дуулианыг дагаж хөөрөгдөлгүй “Төрийн ордонд маргаанаа зогсоо” гэсэн байр суурийг илэрхийлэгчдийн нэг. Ж.Бат-Эрдэнэ “Улс төрийн намаас нэр дэвшиж төрийн эрх барих мандат авсан бол зөрчил, маргаанаар нийгмийг хурцлах бус намын дотоод бүтэц болох Бага хурал, Удирдах зөвлөлийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Намын зовлонг төрийн зовлон болгох ёсгүй” гэсэн зарчмыг тууштай баримталж ирсэн нь түүний улс төрийн хандлагын нэг гол шугам.
Зөрүүтэй байр суурь, хурцадмал асуудлыг улс төрийн хариуцлагын түвшинд ярих ёстой гэдэг хатуу байр суурь Ж.Бат-Эрдэнийн улс төрийн бусдаас ялгарах нэг өнгө болон хэвшжээ.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.