МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Байгуулсан гавьяатай тэргүүний барилгачи...

Байгуулсан гавьяатай тэргүүний барилгачин

Улс, эх орондоо ихийг бүтээн байгуулсан ахмадууд олон. Тэдгээрээс энэ дугаартаа Монгол Улсын тэргүүний барилгачин, Нийслэлийн тэргүүний ажилтан Ц.Ганболдын тухай бичлээ.

Үнэн
Админ

Улс, эх орондоо ихийг бүтээн байгуулсан ахмадууд олон. Тэдгээрээс энэ дугаартаа Монгол Улсын тэргүүний барилгачин, Нийслэлийн тэргүүний ажилтан Ц.Ганболдын тухай бичлээ. Түүний зурагтай нийтлэлийг “Залуучуудын үнэн” сонины редакц тэргүүн нүүрэндээ онцлон нийтэлсэн нь хожим баримт болон үлджээ.

Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК/-ын ууган ажилтан Ц.Ганболд 1968 оноос хойш 47 жил улсад ажилласан нэгэн. Нийслэлд баригдсан бүх угсармал барилгын хийц хэсгүүдийг хийхэд гар бие оролцсон ахмад барилгачны хувьд Гэрлэх ёслолын ордон болон Хүүхдийн ордон, Соёлын төв өргөө, Шинжлэх ухаан, техник технологийн мэдээллийн төвийн барилгын фасадыг үйлдвэрийн аргаар хэвлэж барилгын талбарт нийлүүлсэн гавьяатай. Ц.Ганболд бетон арматурчнаас бригадын дарга, цехийн дарга, хоногийн нэгдсэн бригадын дарга болон дэвшиж ажилласан түүнийг салбарынхан нь андахгүй. Хамт олныхоо итгэл найдварыг дааж МХЗЭ-ийн үүрийн дарга, Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн зохион байгуулагч, МҮЭ-ийн орон тооны бус салбар хорооны даргаар сонгогдож ажиллахдаа гишүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд идэвхтэй оролцож ирсэн тэргүүний сонгуульт ажилтан юм. Хуваарьт ажлаас гадна тэрбээр мэдлэг боловсролдоо  анхаардаг нэгэн байв. Оройгоор Барилгын техникум мэргэшсэн бригадын дарга нарын курс, Улс төрийн дээд сургуулийн эдийн засгийн ангийг төгссөнөөс гадна хэд хэдэн мэргэжлийг бие даан эзэмшсэн байна.

Өөрийн сурсан мэдсэнээ бусдадаа зааж сургах замаар залуу үедээ өвлүүлж олон сайн шавьтай болсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Байшин үйлдвэрлэх II үйлдвэрийн хэмжээнд дотор хана хэвлэдэг бүтэн нэг шугамыг аж ахуйн дотоод тооцоонд оруулж томсгон нэгтгэж үйлдвэртээ анхны ХЗБУ-ын хоногийн нэгдсэн бригадыг үүсгэн байгуулсан. Ц.Ганболд БҮК-ын хөдөлмөрийн аварга бетончноор хоёр удаа шалгарсан. Хоногийн нэгдсэн бригадаараа 1986, БҮК-ын хөдөлмөрийн аварга хамт олон болж таван жилийн гавшгайч бригад болоход хувь нэмрээ оруулсан ахмад барилгачин  юм. Хамт олноо манлайлан хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг үндэслэж Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний ойгоор тэрбээр Монгол Улсын тэргүүний барилгачин, Нийслэлийн тэргүүний ажилтан болжээ. Барилга үйлдвэрлэх II комбинатын ууган ажилтан, ДХХЦ-ийн бетончин томсгосон хоногийн нэгдсэн бригадын дарга асан өдгөө 75 настай Цэвэлсодномын Ганболдыг салбарын нөхөд нь өндрөөр үнэлдэг билээ.


 Б.СОДНОМ 
/Өндөр настан/

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.