МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Дизель түлш 6000 төгрөг хүрэх эрсдэл нүү...

Дизель түлш 6000 төгрөг хүрэх эрсдэл нүүрлэх үү?

Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжих сураг тасарч, АНУ ба Ираны хэлэлцээр гацсан нь дэлхийн нефтийн зах зээлд тодорхойгүй байдал нэмж, нэг баррель нефтийн үнэ дахин 100 ам.долларын босго давах шалтгаан болж өгөв.

Үнэн
Админ

Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжих сураг тасарч, АНУ ба Ираны хэлэлцээр гацсан нь дэлхийн нефтийн зах зээлд тодорхойгүй байдал нэмж, нэг баррель нефтийн үнэ дахин 100 ам.долларын босго давах шалтгаан болж өгөв.

АНУ, Ираны хоёр дахь шатны хэлэлцээр энэ сарын 22-нд Пакистанд эхлэх товтой байсан ч Иран оролцохоос татгалзаж буйгаа “Тасним” мэдээллийн агентлаг болон Пакистанаар дамжуулан зарлав. Дэлхийн нефтийн урсгалын чухал зангилаа энэ бүс нутагт зөрчил үүсэх төдийд зах зээл мэдрэг хариу үзүүлдэг. Вашингтон, Тегераны харилцаа бүтэлгүйтсэн тул АНУ Ормузын хоолойг хааж, хоригийг Ираныг хэлэлцээрт гарын үсэг зурах хүртэл үргэлжлүүлнэ. Хориг Ираны боомтууд болон эргийн бүс нутагт нэвтэрч, орж гарч буй бүх орны хөлөг онгоц, түүний дотор Арабын булан болон Оманы булан дахь Ираны бүх боомтод хамаарна гэсэн бол Иран ч хариугаа тавьсангүй. Өөрсдийн шаардлагыг биелэх хүртэл хоолойг хаана гэдгээ мэдэгдээд байна.

Персийн булангийн хямрал, Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдлаас шалтгаалан тэрбум тэрбумын хохирол амссан дэлхийн газрын тосны компаниуд Ойрхи Дорнодоос гарах бэлтгэлээ хийж эхэлжээ. Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Wood Mackenzie” компанийн мэдээлснээр, “Exxon”, “Chevron” болон бусад компаниуд нефтийн шинэ зах зээл хайж, Африк, Өмнөд Америк руу чиглэсэн талаар мэдээлжээ. АНУ-д төвтэй эдгээр корпораци түүхий тосны хайгуул, олборлолтоос гадна боловсруулах үйлдвэр, шатахуун түгээлт, химийн үйлдвэрлэл хүртэлх бүх шат дамжлагыг хамарсан босоо бүтэцтэй. Дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд стратегийн түвшний нөлөө үзүүлдэг. Газрын тос, байгалийн хийн салбарын хамгийн том тоглогчид. “Exxon” 1999 оноос “Mobil”-той нэгдсэн бол “Chevron” корпорацийн түүх XIX зуунаас бичигдсэн. Зөвхөн бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй. Дэлхийн газрын тосны нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл, эрчим хүчний шилжилтийн бодлогод шууд болон шууд бусаар нөлөө үзүүлдэг аж.

“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр Ойрхи Дорнодын хямралын үеэр “Exxon” нь Нигерт 24 тэрбум долларын өртөгтэй газрын тосны орд хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулсан бол “Chevron” нь Венесуэлд байр сууриа өргөжүүлсэн. Харин Британийн BP компани Намибийн эрэг орчмын газрын тосны ордод хувьцаа эзэмших болж, “Total Energies” компани Турктэй хайгуулын гэрээ байгуулж амжжээ. Дэлхийн нефтийн зах зээлийн савлагаа энэ салбарын бизнес эрхлэгчдийг өмнө хүрэх боломжгүй гэж үзэж байсан, эсвэл орхигдсон газар нутаг руу шилжин нүүхэд хүргэж буй нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн ая эвээ олсон ч нефтийн зах зээл өмнөх шигээ байхгүй. Мөд сэргэхгүйг анзаарсан томчуудын нүүдэл гэж таамаглаж байна.

Эдийн засагчдын тооцоолсноор 2050 он хүртэл дэлхийн нефтийн эрэлтийг хангахын тулд ойролцоогоор 300 тэрбум баррель газрын тосны шинэ нөөц хэрэгтэй аж. Харин нефтийн бизнесийн акулууд шинэ шилжин суурьших бүсээс 120 тэрбум долларын орлого олох боломжтой гэж үзэж буй бол газрын тосны үнэ ирэх саруудад нэг баррель нь 140 доллар хүртэл өсөх боломжтой гэсэн таамаглал дэлхийн хэмжээнд яригдах болжээ.

Түүхий нефть бол зөвхөн шатахуун биш. Орчин үеийн амьдралын бараг бүх салбарын суурь түүхий эд. Нэг баррель буюу 159 литр нефтийг боловсруулж бензин, дизель түлш, онгоцны түлш зэрэг тээврийг хөдөлгөгч үндсэн эх үүсвэр гаргаж авахаас гадна моторын тос, тосолгооны материал үйлдвэрлэж, машин механизмын хэвийн ажиллагааг хангадаг байна. Мөн хуванцар сав, гялгар уут, полиэстер хувцас, угаалгын бодис зэрэг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний бүх бүтээгдэхүүнд орох химийн үйлдвэрлэлийн гол эх үүсвэр болдог. Барилгын салбарт ч нефтийг асфальт, тусгаарлагч материал болон зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтад ашигладаг. Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн, эм эмийн бэлдмэлийн зарим найрлага нефтийн гаралтай. Тиймээс нефтийн үнэ өсөхөд зөвхөн шатахууны үнэ биш, үйлдвэрлэл, тээвэр, хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, эдийн засгийн бараг бүх салбарт нөлөөлж, дагаад нийт зардлыг өсгөдөг онцлогтой.

Дэлхийн зах зээл дээрх ийм савлагаа Монгол Улс шиг шатахуунаа бүрэн импортоор хангадаг улс оронд шууд нөлөөлөх нь дамжиггүй. Дизель түлш манай тээвэр, уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарынхны хувьд суурь зардал нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ өсөхөд бүх эдийн засгийн өртөг дагаж хөдөлдөг эмзэг бүтээгдэхүүн.

Персийн буланд өрнөж буй үйл явцтай хамт сүүлийн үед “дизель түлш 6000 төгрөг хүрч магадгүй” гэсэн таамаг нийгэмд үүсэж эхэлжээ. Мэдээж хэрэг энэ нь шууд маргааш биелэх таамаг биш ч боломжгүй хувилбар бас биш. Хэрвээ Ормузын хоолойд тээвэр доголдох, нефтийн үнэ 100–120 ам.доллароос дээш удаан хадгалагдах, төгрөгийн ханш сулрах зэрэг хүчин зүйл давхацвал дотоодын үнэ огцом өсөх нөхцөл бүрдэнэ. Хэрвээ дизель түлшний үнэ ийм түвшинд хүрвэл манай хувьд хамгийн түрүүнд хүнсний зах зээл доргих магадлалтай. Монголд тээврийн зардал өндөр тул шатахуун өсөхөд мах, гурил, талх зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгддэг. Дагаад инфляц өсдөг.

Шатахууны өсөлт үйлдвэрлэл, үйлчилгээний бүх зардалд шингэж, улмаар иргэдийн бодит орлогыг багасгаж, хэрэглээг хумихаас гадна ялангуяа тээвэр, уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарын зардал огцом өсөж, ашиг багатай аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаагаа зогсоох эрсдэл нэмэгдэж, бизнесүүдэд ч давхар цохилт болох магадлалтай.

Хэрвээ ийм нөхцөл үүсвэл Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлж, татвар, зохицуулалтын арга хэмжээ авах нь тодорхой ч энэ нь эргээд төсвийн орлогыг бууруулж, алдагдлыг нэмэгдүүлдэг. Эдийн засгийн дарамт нэмэгдэхийн хэрээр нийгмийн уур амьсгал ч даган өөрчлөгдөж, бухимдал, улс төрийн эрсдэл өсөх хандлага ажиглагддаг. Манай зах зээлд дизель түлш 6000 төгрөг хүрэх эсэх нь дотоод бодлого, шийдвэрээс биш дэлхийн геополитик, зах зээлийн нөхцөлөөс шалтгаалах нь харагдах аж. Гол нь Засгийн газар ийм эрсдэлд бэлэн байж, нөөцийн бодлого, зах зээлийн уян хатан зохицуулалтад хэр санаа тавьж буй бол гэдэг асуудал чухал болоод байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзахдаа түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлаар ярилцсан байдаг. Ерөнхий сайд энэ үеэр “Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдал нь олон улсын эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд шууд нөлөөлж байна.

Энэхүү үнийн өсөлт нь манай улсын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хүндрэл сорилт учруулж эхэлж байна. Уул уурхайн салбар идэвхжиж, мөн хаврын тариалалт эхэлж буй энэ үед газрын тосны бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаанд худалдан авах хүсэлтэй байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхээр Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлүүлсэн” тухай ярилцаж, Монгол Улсын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын гол түүхий эд болох аммиакийн шүүний тасралтгүй, тогтвортой нийлүүлэлтэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ.  Хоёр тал энэ асуудлыг цаашид тусгайлсан хэлэлцэхээр болсон юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны Засгийн газар болон байгууллага хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 18 баримт бичигт гарын үсэг зурагдлаа. 

Өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Казахстанаас дэлгэрэнгүй мэдээлэл өгч, “Хоёр тал цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, газрын тосны салбарт хамтран ажиллах албан ёсны баримт бичиг гарын үсэг зурлаа. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ хоёр хөршөөсөө 100 хувь импортлодог. Ормузын хоолойн нөхцөл байдлаас үүдэн тавдугаар сар гэхэд дизель түлшний үнэ литр нь 6700 төгрөгт хүрэх хэмжээний эрсдэлтэй байгаа тул Монгол Улс импортын гарцаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдээр дотоод зах зээлээ бүрэн хангадаг болох хүртэл нийлүүлэлтийн асуудлыг бусад орнуудтай ярилцаж байна.

Үүний нэг нь Казахстан улс. 2008 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манайх нэг сая тонн газрын түүхий тос авна гэдэг асуудал тавьсныг Казахстаны талаас зөвшөөрсөн байсан. Казахстан улс газрын тосны олборлолт, түгээлт, боловсруулалтын чиглэлд маш амжилттай ажиллаж байгаа. Энэ чиглэлээр дотооддоо мэргэжилтэн сургах, хайгуул судалгаа хийлгэх зэргээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус улс өөрийн олборлож буй бүтээгдэхүүний 90 орчим хувийг экспортолдог. Түүхий эд нэрэх гурван том үйлдвэртэй. Дөрөв дэх үйлдвэрээ барьж байгаа бөгөөд 2028 оны төгсгөлөөс манайд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэдэг асуудлыг хэлэлцлээ. Хамгийн багадаа нэг сая тонн түүхий эд авахаар ярьсан” гэв.

Д.Цацрал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаар

 

 

#Эдийн засаг
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.