МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХХНББХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай х...

ХХНББХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.06.09)-ийн хуралдаан 14.11 цагт 53.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд цалин орлоготой байх үедээ сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 135 мянга орчим иргэн 4-5 томоохон аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн санд 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа хэдий ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгааг сайд хэлсэн юм.

Хуулийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн 11 бүлэг, 49 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах боломжийг өөрөө сонгох, түүнийхээ хугацаа, хэмжээг өөрөө тогтоох, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг урьдчилан даатгах, нас барсан тохиолдолд өвлүүлэх харилцааг зохицуулна. Тэтгэврийн сангуудын хөрөнгө өссөнөөр урт хугацаатай, дотоодын хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээл хөгжихийн зэрэгцээ, ажил олгогчид чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой болж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжинэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулгадаа дурдав.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь одоогийн тэтгэвэр авч байгаа иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, одоо мөрдөгдөж байгаа ажилтан, ажил олгогч нар тус бүр 8.5 хувь буюу нийт 17.0 хувийн Нийгмийн даатгалын шимтгэлээс тусдаа, нэмэлт, сайн дурын хуримтлал болохыг тайлбарлаж, энэ талаар олон нийтэд зөв ойлголт өгөх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тэрбээр тэтгэврийн тогтолцоог улсын төсвөөс санхүүжүүлж, жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж байх суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэлд суурилсан уламжлалт тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр давхаргуудаар хөгжүүлэх зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Үндэсний баялгийн сангаас иргэн бүрийн нэрийн дансанд төвлөрүүлж буй хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцаас гадна тэтгэврийн эх үүсвэрт ашиглах боломжтой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр тэтгэврийн даатгалын сан жилд 590.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 877 тэрбум төгрөг зарцуулдаг буюу жил бүр 312 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг дурдаад, хувийн тэтгэврийн санг "safety net" буюу аюулгүй байдлын нэмэлт сүлжээ болгон ашиглах нь зүйтэй гэв. Дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 46% нь тэтгэврийн сангаас бүрддэг бөгөөд энэ нь урт хугацааны мега төслүүдийг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр болдгийг тэрбээр тайлбарлаад, Засгийн газрын болон төв банкны бонд зэрэг эрсдэлгүй хэрэгслийг худалдан авахад менежментийн компанийн 2.0 хувийн шимтгэлээс чөлөөлөх, шууд харилцах боломжийг нээх шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр одоогийн Нийгмийн даатгалын 17.0 хувийн шимтгэлийн 10.0 хүртэл хувийг үе шаттайгаар иргэн өөрөө сонгосон хувийн сандаа байршуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн сан дэвшүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд нэмэлт хуримтлал үүсгэх боломж гэдгийг хэлж, хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа нь ирээдүйд баян хоосны ялгааг улам гүнзгийрүүлэх, мөн өндөр орлоготой хэсэгт татвараас зайлсхийх хэрэгсэл болох эрсдэл байгаа эсэхийг магадлаж, хувийн тэтгэврийн сан дампуурсан, эсвэл хөрөнгө оруулалт нь эрсдэлд орж алдагдал хүлээсэн тохиолдолд иргэдийн хуримтлалыг хэрхэн хамгаалах, мөн иргэдийн олон жилийн хуримтлал инфляцид идэгдэж үнэгүйдэхгүй байх баталгаа байгаа эсэхийг тодруулсан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир түүний асуултад хариулахдаа, Засгийн газраас мах, гурил, элсэн чихэр, цагаан будаа зэрэг үндсэн 15 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, зах зээлд интервенц хийх замаар тэтгэвэр авагчдын худалдан авах чадварыг хамгаалах бодлого баримталж байгааг танилцуулав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Д.Энхтуяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, Х.Болормаа нар үг хэлж, хуулийн төслийг дэмжсэн байр сууриа илэрхийллээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нийгэмд хуримтлалын соёл, санхүүгийн боловсрол төлөвшүүлэх ач холбогдолтойг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дурдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр тогтоосон нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсгэж буйг эргэн харж, зохицуулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр тэтгэврийн сангийн хөрөнгийг стратегийн ач холбогдолтой мега төслүүд болон банкнаас бусад санхүүгийн хэрэгсэл рүү урт хугацаатай, баталгаатай байршуулах харилцааг зохицуулах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр дотоодын хувийн тэтгэврийн сангуудын төвлөрүүлсэн 80 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн дотоодын зах зээл дээр эргэлдүүлэх бус олон улсын өндөр өгөөжтэй хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон гадаад улсын зах зээлд хөрөнгө оруулах боломжийг нээх талаар судалж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөлөө.

Даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуримтлалыг өвлүүлэх, мөн хамтын тэтгэврийн тогтолцоог хуулийн төсөлд нарийн тусгах шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа чухалчилж, тэтгэвэр авагчдын ажилласан нөхцөл, малчны, олон хүүхэдтэй эхчүүдийн, урлагийнхны, төмөр зам, цэргийн алба хаагчдын зэрэг тусгай тэтгэврийн тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх талаар судалж ажиллах шаардлага байгааг сануулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хувийн тэтгэврийн сангийн өгөөж доод хязгаараа давж унасан тохиолдолд зохицуулагч байгууллагаас авах хамгаалах арга хэмжээ, ажил олгогч нар ажилтнуудаа автоматаар хувийн тэтгэвэрт хамруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн сангийн засаглалыг бэхжүүлэх зохицуулалтуудыг хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара татварын урамшуулал, буцаан олголтыг хуульд тусгах замаар дундаж давхаргыг хамгаалах, энэ талаарх төрийн үүрэг ямар байхыг хуульийн төсөлд нарийвчлан заах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа мөн сангийн хөрөнгийн аюулгүй байдал, төрийн хяналт чухал гэдгийг анхааруулав.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.