МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн...

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Үнэн
Админ

 


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.11/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.    

Монгол Улсад нийт 997 мянга орчим гэр бүл байдаг бөгөөд төрөөс гэр бүлийг илүү бат бөх байлгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлов. Мөн Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээг оновчтой болгон зорилтот бүлэгт чиглүүлж хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн тэтгэмжийг хүн амын бодлогын арга хэмжээ гэж үзэж, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс хасаж хуулийн төсөлд оруулсан гэлээ.


Хуулийн төсөлд гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд мөнгөн дэмжлэг олгох, орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулсан байна. Тодруулбал, хүүхэдтэй залуу гэр бүл, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, улмаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах зохицуулалтыг тусгасан байна.


Мөн ажил олгогч ажилтанд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү хүргэж өгөх, авахад нь зориулж өдрийн ажлын цагийг богиносгох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авах тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа олгох, байгууллага цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох, ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ.


Түүнчлэн гэр бүл, иргэдэд гэр бүлийн боловсролыг албан болон албан бусаар олгох, албан бус боловсрол олгох сургалтыг гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв, насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулах, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухайХөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.