МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах...

Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нартай уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож…

Үнэн
Админ
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нартай уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө. 

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос нөөцийн махыг худалдаанд гаргасан ч дөрөвдүгээр сард нийлүүлэлт багасаж, үнэ өссөн. Тиймээс тавдугаар сарын 18-нд "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол гарч, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж, худалдааг 2026 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус даалгасан юм.

Тухайн үед (2026.05.18) гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн агуулахад 1400 тонн нөөцийн мах байгаа гэсэн тооцоо гарч, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулах үүрэг өгсөн. Гэвч энэ талаар гэрээт компаниуд хангалтгүй ажилласан болохыг сайд өнөөдрийн уулзалтаар анхааруулж, гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авахыг чиглэл болголоо. 

Түүнчлэн нийслэлээс хяналт, шалгалт хийгдэхэд нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа гэдгийг тогтоожээ. Тиймээс дутаж буй махыг тухайн компаниудаар нөхөн нийлүүлэх, үнийн зөрүү, үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх үүрэг өглөө.

Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид бэлтгэсэн махаа шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гарган ажиллуулахыг сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгав.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.