ЭЗБХ: Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.09) 59.4 хувийн ирцтэй 11.28 цагт эхэлж, долоон асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, энэ сарын 23-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг томиллоо. Байнгын хорооны тогтоолын төслийг 71.4 хувийн саналаар батлав.
Мөн УИХ-ын 2026 оны хаврын чуулганы хугацаанд зургаадугаар сард хэлэлцэх асуудлын Цаглавраа хэлэлцэн батлав. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжсэн. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ч дэмжив. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, А.Ундраа, Х.Булгантуяа, Ч.Анар, Г.Очирбат, Г.Уянгахишиг, О.Батнайрамдал, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашиг малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулж, нөөц ашигласны, төлбөр, нөхөн сэргээлтийг зохицуулах талаар төсөлд тусгажээ. Зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ/-ийг 10 хувьд хүргэж, олон улсын жишигт нийцүүлснээр 2010 оноос хойш хайгуул хийж, орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж баталсан 20 гаруй төслийг хэрэгжүүлнэ. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой ордоос төвлөрүүлж буй АМНАТ-ийн орлого өснө. Хуулийн төсөл батлагдвал олон жил гацсан зэсийн ордуудаас гадна 60 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Хариуцлагатай уул уурхайг бодитоор бий болгож, татварыг сууриар нь тэлж, орон нутгийн төсөв, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн юм. Уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлж, төсөл хэрэгжүүлэгчээс нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулах буюу хариуцлагын төлбөр байршуулах, 100 хувь өөрийн хөрөнгө, техникээр биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсний дараа төлбөрийг эргүүлэн авах зохицуулалтыг тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ хийхэд хуулийн давхардал 267, зөрчил 150, хийдэл мөн тооны байжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ө.Шижир, О.Батнайрамдал, Б.Заяабал нар тодруулж, үг хэлсэн. Тэд хууль санаачлагчид хандан асуудлаа зөв эрэмбэлэх, зөвхөн зэсийг төсөлд тусгасан нь өрөөсгөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ялгаварлахгүй байх зэрэг байр суурийг илэрхийлэв. Ийн хэлэлцээд эдгээр хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Хуралдаан Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-нд өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төслийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Манай улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд юм. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг тогтвортой, хамгаалалттай, хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдлыг бий болгох, бизнесүүдийг дэмжих зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн гэв. Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбараар ялгаварлахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжих бөгөөд бизнест төрийн оролцоог багасгаж, улмаар дарамтыг бууруулна гэж тооцжээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, О.Номинчимэг, Б.Жаргалан, П.Сайнзориг, М.Мандхай нар хэлэлцэж буй асуудлаар асуулт тавьж, байр суурь илэрхийлэв. Төслийг дэмжих эсэхээр О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл нарын гишүүд үг хэллээ. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 57.7 хувийн саналаар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 100 хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн, “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулсан.
Энэ өдрийн хуралдаанаар Эдийн засгийн нөхцөл байдал болон үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг Ж.Энхбаяр сайд танилцуулахдаа, уул уурхайн салбарын идэвхжлийн нөлөөгөөр Дотоодын нийт бүтээгдэхүүн 7.9 хувиар өссөн, 2026 оны эхний улиралд эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбар голлон тэтгэлээ гэсэн юм. Төсвийн тэнцэл 2026 оны эхний 4 сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.4 хувьтай тэнцүү байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарахад төрийн албан хаагчдын цалин хөлсний өсөлт болон тэтгэврийн нэмэгдэл голлон нөлөөлжээ. 2026 оны эхний 4 сарын байдлаар төсөвт 10.2 их наяд төгрөгийн орлого төвлөрч, нийт төсвийн орлогын 29.0 хувь нь бүрдсэн байна.
Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 60 хувиар өсжээ. Үүнд биржийн арилжааны идэвх тогтвортой, өндөр байгаа нь голлон нөлөөлсөн. Төсвийн орлогын гүйцэтгэл өмнөх оныхтой дүйж байгаа ч эмч, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой урсгал зардлын хэрэгцээ өндөрссөн. Цаашид бууруулах боломжгүй, зайлшгүй шинжтэй зардал нь төсвийн нийт зардлын дийлэнх хэсгийг бүрдүүлэхээр байгаад санаа зовниж буйгаа сайд нуугаагүй. Тэрбээр төсвийн бодлогын орон зай муу байгаа буюу урсгал зардлын өсөлтийг хязгаарласан эрх зүй, бүтцийн шинэчлэл хийх шаардлагатайг онцоллоо.
Экспорт тогтвортой, өндөр байгаагийн үр дүнд гадаад валютын албан нөөц 7.7 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарлын гадна орхихгүйн тулд шууд үйлдвэрлэгчээс нийлүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Ойрх-Дорнодын мөргөлдөөн, гадаад, дотоод хүчин зүйлсийг харгалзан шатахуун, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг хадгалж, эмзэг бүлгийг хамгаалахаа Эдийн засаг, хөгжлийн сайд илтгэв. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уул уурхайн салбарт тээвэрлэлт хийдэг хэдэн зуун мянган жолооч нарын асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат төмс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар, УИХ-ын гишүүн Ө.Шижир, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжихийг тодрууллаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал иргэдийн амьжиргаанд импортын барааны үнийн өсөлт сөргөөр нөлөөлж байгаа, эдийн засгийн гурван үе шаттай шок явагдах тухай олон улсын шинжээчдийн судалгааны дүгнэлт байгааг онцолж, энэ талаар арга хэмжээ авахыг сануулсан юм. Хуралдаан 18.59 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.