МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр АБГББХ: Конвенц, хэлэлцээр соёрхон батла...

АБГББХ: Конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн (2026.05.20) хуралдаан гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр 13 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржаргалан, Ч.Анар, М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, Д.Бум-Очир, Х.Жангабыл, Б.Жаргалан, П.Наранбаяр, Г.Очирбат, Дам.Цогтбаатар, Ө.Шижир, Д.Энхтүвшин, Р.Эрдэнэбүрэн нар хүрэлцэн иржээ.

 Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан танилцууллаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 2001 оны 31 дүгээр чуулганаар усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор баталсан “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц” нь 35 зүйл, дүрмээс бүрддэг байна. Конвенцын 1 дүгээр зүйл “… доод тал нь 100 жилийн турш хэсэгчлэн, эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид хэсэгчлэн, эсхүл байнга усан доор байсан соёл, түүх, эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” гэж тодорхойлон, түүнд “… археологи болон байгалийн орчинтой байгаа дурсгалт газар, байгууламж, барилга, олдвор болон хүний биеийн үлдэгдэл”, “…археологи болон байгалийн орчиндоо байгаа хөлөг онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл, эсхүл тэдгээрийн аливаа хэсэг, ачаа, эсхүл бусад зүйлс, эд зүйлс, эртний түүхэнд хамрах эд зүйлсийг хамруулахаар заасан байдаг байна.


Монгол Улс далай, тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэр дээр орших том, жижиг нуур, голын усыг эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйлийн дотор ембүү, алт, мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь конвенцын 1 дүгээр зүйлд заасан “усан доорх эд зүйлс”-д хамаарахаар байгаа гэдгийг Ж.Алдаржавхлан сайд танилцуулав. Мөн Хөвсгөл зэрэг нууранд хуучны усан завь зэрэг зүйлс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын өвийн шинжийг олж, үнэ цэнтэй болдог тул конвенцын тодорхойлолтод заасан дотоодын усан доорх соёлын өвд хамаарна гэлээ.

Манай улс усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас эд зүйлсийг хулгайлах, эвдлэн сүйтгэх явдал гарсаар байгаа хэмээв. Төслийн танилцуулгад сайд Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр дэх Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуурын ёроолоос 366 мөнгөн аяга авсан 2018 оны үйл явдлыг дурдав. Усан доорх соёлын өвийн талаарх эрх зүйн зохицуулалтгүй улмаас шүүх эдгээр зүйлсийг орон нутгийн засаг захиргаанд шилжүүлж, мөнгийг ялган зах зээлийн үнээр худалдаж зарцуулсан юм. Ийм тохиолдол бүр нь үндэсний соёлын өв сан, үнэт байдлыг дордуулж, өв бүрдэх, оршин тогтнох нөхцөлийг устгаж, үгүй болгодог үр дагавартай гэдгийг тэмдэглэсэн. Цаашид энэ мэт тохиолдлоос урьдчилан сэргийлэх, дурсгалт зүйлсийг конвенцын зорилгын үүднээс илрүүлж, бүртгэх, хадгалах, хамгаалах, өмчлөх, эзэмших, зохистойгоор ашиглах, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулах асуудал тулгамдаж байгааг онцоллоо.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэлэв. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч монголын, монголчуудын соёл, түүхтэй холбоотой эд өлгийн зүйлс далай, тэнгис, бусад улс орны гол, мөрөнд хадгалагдан өв болсон байх магадлалтай хэмээгээд зарим баримт дурдаад, энэхүү конвенцод нэгдэн орохыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Манай улсын археологийн салбар сүүлийн үед маш сайн хөгжиж байгаа хэмээн Д.Бум-Очир гишүүн хэлээд энэ усан доорх археологи нь шинэлэг чиглэл болохыг хэлсэн. Усан доорх археологи онол, арга зүйн хувьд Монголд хэрхэн хөгжиж байгааг, одоогоор ямар дурсгалууд олдсон байгааг, одоо судлагдаж байгаа чухал олдворуудын талаар тодруулаа.

Монгол Улсад одоогоор баттай тогтоогдсон усан доорх соёлын өвийн бүртгэл байхгүй гэдгийг ажлын хэсгээс хариулсан. Гэхдээ урьдчилсан байдлаар Хөвсгөл, , Сэлэнгэ зэрэг томоохон гол, нууранд эд өлгийн зүйлс бий гэдэг нь тодорхой мэдэгдэж байгаа гэв. Эдгээрийг цаашид судалж, шинжлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалж, хамгаалахын тулд мэргэжилтнүүдээ бэлтгээд эхэлсэн болохыг дурдав. Ойрын хугацаанд анхны шумбалтыг хийхээр Япон Улсад бэлтгэл хангаж байгаа гэлээ. Цаашдаа энэ чиглэлээр мэргэжилтнүүд шат дараатай бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа дэмжлэг авах, мөн энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх байдлаар үндэснийхээ чадавхыг бэхжүүлэхээр зорьж байгаа гэв.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 11 нь Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням холбогдох танилцуулгыг хийлээ.


Монгол Улсад 2024 оны 9 дүгээр сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Путины хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрүүдийг байгуулсан. “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийн төсөлд нийлүүлэлтээс гадна татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах зохих заалтууд тусгагдсан байна. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлж, гишүүдээс ирүүлсэн саналын дагуу Оросын Холбооны Улсын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн болохоо тодотгов. Үүний үр дүнд хэлэлцээрийн үндсэн эх болон түүнд өөрчлөлт оруулах 6 зүйл бүхий протоколын төслийг эцэслэн тохиролцжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 81 дүгээр захирамжаар олгосон эрхийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй тус протоколд гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээрийн ач холбогдолыг тэрбээр танилцууллаа. Агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна. Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр, зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх аж. Төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг хариуцах юм байна.


Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед дээрх хоёр хэлэлцээр хамтдаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийт хангамжийн аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Г.Дамдинням сайд тэмдэглэлээ. Иймд агаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжих, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор боловсруулсан тус хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Г.Дамдинням сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Р.Эрдэнэбүрэн, Э.Болормаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Бум-Очир нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.


Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлцэл хийхээсээ өмнө Улсын Их Хурал дээр урьдчилан хэлэлцэж, хүрээ хязгаараа тогтоож байх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байв. Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээр гэхээсээ илүүтэй хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Д.Ганбат гишүүн, цаг үе ойрхон өөрчлөгдөж байгаа онцгой нөхцөл гэдгийг тооцож, хэлэлцээр соёрхон батлахын оронд маш үр дүнтэй хамтран ажилладаг хувийн хэвшлүүдэдээ боломж олгож байх саналтай байгаагаа хэллээ. Эдгээр хэлэлцээр соёрхон батлагдахтай зэрэгцээд түлшний хангамжийн талаарх гэрээ бүрэн дүүрэн хэрэгжих, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдэх гэдэг нөхцөлтэйгөөр уг асуудлыг дэмжиж байна гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр илэрхийллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 17 гишүүний олонх буюу 70.6 хувь нь Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.