Адууны өвөг салаа туурайтай байжээ
Дэлхийн шим ертөнцийн судалгааг үндэслэгч АНУ-ын эрдэмтэн Г.Ф.Осборон, В.Д.Метью нар “Ази тивийг судлах АНУ-ын экспедиц 1924 онд Монголын говиос 65 сая жилийн өмнөх гурван салаа туурайтай том биетийг олж, тэр олдвороо адууны нэн эртний үеийн өвөг гэж тогтоогоод, Могол нутагт адуу үүссэнийг баталсан байна.
Дэлхийн шим ертөнцийн судалгааг үндэслэгч АНУ-ын эрдэмтэн Г.Ф.Осборон, В.Д.Метью нар “Ази тивийг судлах АНУ-ын экспедиц 1924 онд Монголын говиос 65 сая жилийн өмнөх гурван салаа туурайтай том биетийг олж, тэр олдвороо адууны нэн эртний үеийн өвөг гэж тогтоогоод, Могол нутагт адуу үүссэнийг баталсан байна.
Их мөстлөг, халалтын шалгуурыг монголчуудын өнө эртний өвөг дээдсүүд өөрсдийгөө болон гэршүүлж, гаршуулсан мал сүргийнхээ үлдэгдэлтэй хамт даван туулсан ажээ. Салаа туурайтай адууг өнө эртний монгол эрчүүд гаршуулан уналга, эдэлгээнд өргөн хэрэглэх болсноор уг амьтны салаа туруу шархалсныг эзэн хүн нь эмийн ургамлаар боож, эдгээж, элдэв арга хэрэглэсээр генийн өөрчлөлт оруулж, адуун сүргээ мөстлөгөөс өмнө цомбон тууртайтай болгожээ.
Төв Азийн эрс тэс уур амьсгалт Монгол нутаг, нүүдлийн болон бэлчээрийн маллагаанд нэн сайн зохицож дассан монгол адуу нь бусад тивүүдэд түргэн тархаж, хүмүүсийн аж амьдралд “галыг нээсэнтэй эн зэрэгцэх” эргэлт, дэвшил авчирсан гэдэг. Эдүгээ дэлхий дахинд 60 шахам сая толгой адуу 80 гаруй улс оронд байдгийн бараг 10 орчим хувь нь Монгол Улсад нутагшин идээшдэг байна.
Дээр дурдсан түүх, өнөөгийн бодит байдлаас үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулган 2025 онд хэлэлцэж баталснаар жил бүрийн долдугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгожээ.
Хүн төрөлхтөн адууг уналга, ачилга, аялал жуулчлал, спорт уралдаан, эрүүл мэнд, хоол хүнс, хөнгөн үйлдвэрлэл зэрэг цөөнгүй салбарт өөр, өөр зориулалтаар ашиглан үр шимийг нь хүртсээр байгаа ч өв соёл, уламжлал талаас нь сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох, мэдээлэх явдал хангалттай биш байгааг дээрх тогтоолдоо тэмдэглээд, уур амьсгалын болон хүрээлэн буй орчны өөрчлөлт, суурин соёл иргэншил зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөллөөр адууны тоо, толгой, үүлдэр угсаа дэлхий даяар буурч байгааг дээрх тогтоолд бас тэмдэглэн дурдсан байна.
Энэ түүхэн тогтоол нь адуун сүргийн Өлгий нутаг Ази тивийн монголчууд бидний хувьд баярлан бахархууштайн дээр дээрх тогтоолд заасан өдөр нь манай үндэсний баяр наадмын өдөртэй давхцаж байгаа нь бүр ч бэлгэшээлтэй. Яагаад гэвэл Монгол наадмаар бүх аймгийн хурдан удмын 5-6 насны олон зуун морьдын уралдаан, дэлхийд гайхагдсан морин цирк, талын морьтны үзүүлэх тоглолт, морьт харваа, морьтон хатагтай нарын тэмцээн зэрэг үзвэр, тоглолтууд нь монгол адуун сүргийн эдэлгээ, ажалга, ажиглалтын сайн туршлага төдийгүй монголчууд бид бүхний томоохон ондоошил, үндэсний нэгэн дархлаа билээ.
Машин техник, үүсэж хөгжихөөс өмнө олон зууны турш монгол адуу, түүний тив, дэлхийд түгэж, тархсан шинэ, шинэ үүлдрүүд нь уналга, тээврийн болон өртөө, шуудангийн гол үүргийг гүйцэтгэж, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцлон дурдалтай.
Адуу маллах, уналга, эдэлгээнд сургаж, гаршуулахад уурга бугуйл, ногт чөдөр, тушаа, гэц, эмээл хазаар, аргамж зэл, хашаа саравч гэх зэрэг 20 орчим эд зүйлс нэн түрүүн шаардлагатай байдаг. Адуун сүргийн манлай азарга нь ижил сүрэгтээ ээлтэй, халдах дайсанд халтай, хурдан, жороо үр төл олонтой байх нэн чухал үүрэгтэй.
Монголчууд дээр дурдсан 30 орчим сайн шинж бүрдсэн удам угшил сайтай, цагаан биш, бараан зүсмийн үрээгээр азарга тавьдаг уламжлалт заншилтай. Дээр дурдсан шинжүүдийг тодруулбал, сүрэг манлайлах азарга нь бие тэгш бадриун, магнай тэнэгэр, хамрын нүх, нүд том, чих урт, хүзүү бүдүүн, цээжин бие, ташаа өргөн, мундаа өндөр, дэл, сүүл шигүү /өтгөн/ хэлий тавиун, туурай тэгш, цомбон, борви тэнэгэр, сагаг шигүү, шилбэ бүдүүн, шөрмөслөг, төмс нь адил хэмтэй тэгш, жигд байрлалтай гэх зэрэг болно.
Нүүдлийн соёл иргэншилт монголчууд эрт дээр үеэсээ газар, ус ер нь аливаад нэр оноож өгөхдөө гаргуун байсныг зөвхөн адуу, морьтой нь холбон өгүүлье.
1.Монголчууд бид морьдоо өнгө, зүсээр нь цагаан, хонгор, шарга, бор, хул, хээр, буурал, халиун, хээр, хүрэн, зээрд ногоон, хар гэхчилэн 10 гаруй өнгөөр,
2.Зан төлвөөр нь хурдан, хашин, номхон, сайвар, жороо, догшин, агсам, шарваа ардаг гэх мэт 10 орчим нэрээр,
3.Эдэлгээгээр нь морь унах, уях, сойх, тарлах, үсэргэх, шинжих барих, юүлэх, морь цоллох гэх зэргээр тус тус нэрлэхээс гадна морин өртөө, морин тэрэг, морин хуур, морин цэрэг, морин жил, цаг, морин арц, морин хад гэх нэр, эд зүйлс цөөнгүй байдаг. Манай улс “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ онд олон улсын хэмжээнд удахгүй тэмдэглэхээр бэлтгэж байна.
Т.Дашдэлэг /МУҮГА/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.