Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав
Улсын Их Хурлын асуулгын цагийн дараа чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдөр (2026.09.25)-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлт, мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг энэ сарын 15-ны өдөр засварлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Хуулийн төслүүдийн танилцуулгыг Монгол Улсыг Ерөнхий сайд Н.Учрал хийв. Тэрбээр танилцуулгадаа, 2027 оны улсын төсвийн төсөл бол бодлого, шийдлээ бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлтөө иргэн, өрхүүддээ хүргэх үндсэн зорилготой тооцоолол гэдгийг онцлоод, хүнээ бодож, амьдралд тулгамдсан асуудлыг онилох, эхлүүлсэн бодлогоо бодит шийдэл болгох, эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах бодит нөхцөлийг бүрдүүлэхэд төсвийн бодлогоо чиглүүлсэн гэдгийг дурдлаа.
2027 оны төсвийн бодлогыг иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлийн татвар, санхүүжилтийн ачаа дарамтыг бууруулах, эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхөх, орон нутагт илүү их эрх мэдэл, төсвийн боломж олгоход чиглүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь, инфляц 7.0 орчим хувьд тогтворжихоор төсөөлж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцон, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хоёр хувьд барихаар төсөвлөжээ.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан нар танилцууллаа.
Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг хангаж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байгааг аудитын дүгнэлтэд дурдаж, гадаад зах зээлийн нөлөөлөл, экспорт, импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн, газрын тос, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт болон манай улсын худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарсан зарим сорилтууд тулгарч болзошгүйг анхааруулсан байна. Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилт хангагдахгүй байх, ач холбогдол буурах, төсвийн тогтвортой байх зарь зарчим алдагдаж болзошгүй болон төсвийн төсөл нь Төсвийн тухай хуульд заасан шаардлагуудыг зарчмын хувьд хангаж байгаа боловч төсвийн зарлагын өсөлт, урсгал зардлын хэмжээ ДНБ-ий 30 хувийн хязгаарт ойртсон, орлогын өсөлтөд уул уурхай болон ТӨК-уудын ноогдол ашиг өндөр нөлөөтэй байгаа нь төсвийн тогтвортой байдал, зохистой удирдлагад эрсдэл учруулж болзошгүй гэжээ. Түүнчлэн, түүхий эдийн мөчлөг, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч төсвийн орлого тасрах, эх үүсвэрийн дутагдлыг дараа жилийн татвараас урьдчилан төвлөрүүлэх эрсдэл үүсгэж болзошгүйг анхаарах, цалин, тэтгэвэр нэмэх нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэй тул үнийн өсөлтөөс иргэд, аж ахуйн нэгжийг хамгаалах үүднээс стратегийн зарим бүтээгдэхүүний нөөцийг тогтворжуулах, төсвийн зарлага өмнөх оныхоос 32.2 хуваиар нэмэгдэж, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн орон зайг хязгаарлахаар байгааг анхаарах шаардлагатайг онцолсон байна. Зардлыг бууруулах зарим боломж байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дүгнэлтдээ мөн тэмдэглэж, зарим төсөл, арга хэмжээний төсвийг хүрэх үр дүнтэй уялдуулаагүй, өмнөх жилийн төсвийг суурь болгож өсөн нэмэгдэх байдлаар төлөвлөдөг алдаа дутагдал байгааг анхаарууллаа. Төсөл, арга хэмжээний шинжилгээг бурэн бус, үндэслэл тооцоогүй, хэрэгцээ шаардлагыг гүйцэт үнэлээгүй, үр ашгийг хэмжигдэхүйц бусаар дүгнэсэн зэрэг нь тэдгээрийг тодорхойлж, ач холбогдлоор эрэмбэлэх боломжийг хязгаарлаж байгааг тэрбээр хэлж, төсөвлөлтийн шаардлага хангахгүй барилга байгууламж, их засварын ажлуудыг төсөвт тусгасан алдаа дутагдал байгааг сануулсан юм. Барилга байгууламжийн хүчин чадлын жишиг үнэлгээ, төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох аргачлалыг боловсронгуй болгж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлын өртгийг бодитой, үндэслэлтэй тооцох, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт нь төсвийг тэлэх үндсэн шалтгаан болж байгааг онцолж, эрх зүйн шинэчлэлийг эдийн засаг, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцож хийх нь зүйтэй гэснийг зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан тэмдэглэв. Эдийн засгийн бүтцийн гажуудалтай нөхцөлд төсвийн зарлагыг тэлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг улам нэмэгдүүлэхээр байгаа, Төрийн өмчийн компанийн ноогдол ашгийн тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь төрийн өмчийн хяналт, нэгдмэл бодлогод эерэг нөлөөтэй ч татварын бус орлогын огцом өсөлт, түүний найдвартай байдал, уул уурхайн салбараас хамаарах байдал, тухайн орлогоос урсгал зардлыг санхүүжүүлж байгаа зэрэг нь төсвийн зарлага, орлого, зарлагын тэнцвэр, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй зэргийг онцолсон юм. Урсгал зардалд байнгын шинжтэй зардлын эзлэх хувь улам нэмэгдэж байгаа нь дунд хугацааны төсвийн бодлогын орон зайг улам шахах эрсдэлтэйг тэрбээр хэлж, хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх, хэрэгжилтийн хугацаа, төсвийн хэтрэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг дурдлаа. Мөн Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдлийн хэмжээ болон ДНБ-д эзлэх хувь 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувь байсан бол 2027 оны төсвийн төсөлд 56.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 49.6 хувьд хүрэхээр байгаа нь эргэн төлөлт, өрийн үйлчилгээний зардал, ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэйг анхааруулав. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан тусгай шаардлагуудаас суурь тэнцлийг хангасан эсэх нь тодорхойгүй, мөн урсгал зардал 30 хувьд дөхсөн зэрэг анхаарах асуудал байгааг онцолсон юм. Хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийн зарлагын тусгай шаардлагыг өөрчлөхөөр тусгасан нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.
Монгол Улсыг Ерөнхий сайдын танилцуулга, аудитын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтүүдтнй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Б.Уянга, Ж.Батжаргал, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, С.Зулпхар, Ж.Галбадрах, Б.Пүрэвдорж, Д.Үүрийнтуяа, П.Наранбаяр, П.Сайнзориг, Р.Эрдэнэбүрэн, О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Г.Хосбаяр, М.Мандхай, Б.Бейсен, Б.Жаргалан, Д.Энхтуяа, Д.Ганбат, О.Амгаланбаатар, Г.Очирбат О.Саранчулуун, Ж.Баярмаа нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүсээс хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүд шинээр хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээсээ өмнө олон жил үргэлжилж байгаа төслүүдээ дуусгах, хугацаа сунаж, өртөг зардал нэмэгдэж байгаагийн шалтгаан нөхцөлийг тодруулах, төсөв, төлөвлөлтдөө бодлогын реформ хийж, Үндэсний аудитын газрын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтүүдэд үндэслэн сайжруулдаг байх, мөн төсвийн гүйцэтгэлийг үндэслэн зөрчил, дутагдал гаргасан төсвийн захирагч нарт хариуцлага тооцдог байх, бүтээмж, үр дүнтэй нь уялдуулж төлөвлөдөг байх зэрэг асуудлыг хөндсөн юм. Төсвийн хэлэлцүүлгийн эрэмбэ дарааг баримтлах, Засгийн газар өөрсдөө бүсээ чангалж төсвийн бодлогыг зөв болгоход анхаарах шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааруулж, төрийн өмчит компаниудын өр, авлагыг нарийвчлан тооцоолж, тэндээс улсын төсөвт татах ашгийг бүрэн авч чадах эсэхийг тооцоолох, урьдчилан ярьж тохиролцох, нарийвчилсан гэрээ, хэлэлцээ байгуулж ажиллахыг зөвлөлөө.
Мөн уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагуудыг сайн хэрэгжүүлдэг талаар дурдаж, харин хүүхдийн хөгжил хамгааллын хувьд багш, мэргэжилтнүүд дутмаг байгааг хэрхэн шийдвэрлэх, төрийн өмчтэй компаниудын ашгаас 34 хувийг Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдэж байгаа 66 хувиасаа 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх, дээр нь Оюутолгой ХК-аас ноогдол ашиг авахаар болж буй зэргийг сайшааж, эдгээр нэмэгдэж буй орлогыг зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төслүүд рүүгээ үарцуулах нь зүйтэй гэж байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ таван жилийн үндсэн чиглэл болон хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлттэй хэрхэн нийцэж байгаа, сургууль, анги танхимын хүртээмж, хүрэлцээ ямар байгаа, төсвийн төсөлд тусгагдсан автозамын төслүүдийн үр ашгийг хэрхэн тооцсон, Монгол Улсын нэгдсэн төсөв ДНБ-тэй бүтээгдэхүүний хэдэн хувьтай тэнцүү байвал инфляцыг өдөөхгүй, хувийн хэвшлээ дэмжих, үүнд ямар хугацаанд хүрэх зэргийг асууж, холбогдох сайд, дарга нараас хариулт авав.
Түүнчлэн өмнөх чуулганаар баталсан Төрийн өмчит компанийн засаглалын тухай хуультай хэрхэн нийцүүлсэн, эдийн засгийн өсөлтийг тооцохдоо уул уурхайн салбарын нөлөөллийг тусад нь гаргах аргачлалыг яаж сайжруулах, овор ихтэй, тээвэр ихээхэн шаарддаг салбарын тэнцвэржүүлсэн үнийг зөв томьёолж, орлого төвлөрүүлэх боломжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар асууж, хөрөнгө оруулалтын бүтцийг илүү оновчтой болгох, ипотекийн зээлийн шалгуурыг хөнгөрүүлэх, боловсролын салбарын сургалтын орчин, хүртээмжийг зохих хэмжээнд хүргэхийн тулд шаардлагатай төсөв зардлыг хангалттай шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үр дүн гаргах, Ухаалаг, ногоон сургууль хөтөлбөрийн төсвийг дахин сайтар нягтлахыг зөвлөсний дээр тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулж 13 хувиар нэмэгдүүлэх, улмаар 1.5 сая төгрөг болгох ёстой гэсэн санал хэлж байв. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоод, дэмжээд байхад бүтээгдэхүүний үнэ улам өсөөд байгаагийн шалтгаан, худалдааны салбарыг хэрхэн дэмжих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмийн үнийн өсөлтийг зохицуулах, эрчим хүчний хангамж, эх үүсвэр, зохицуулалт, тохируулгын үүсгүүрүүдийг нэмэгдүүлж, үнэ тарифыг зохицуулах, говийн бүсийн дэд бүтэц, эрчим хүчний шийдлүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн эрсдлийн судалгааг хийсэн эсэх, өсөн нэмэгдэж байгаа зардал, татаасын задаргаа, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах бодлоготой төсвийн төслийг нийцүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.
Иргэдийн хамгийн их сонирхож байгаа ипотщкийн зээлийн журмыг шинэчлэх, худалдан авах орон сууцны талбай, хүүгийн хэмжээнд оруулах өөрчлөлт, төлөвлөж байгаа байршлууд зэрэг мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд тодруулж, хорих байгууллагуудын зардлыг хэмнэж, зарим хэсгийг хоригдлуудаар ажил хийлгэх замаар нөхөх, хөдөө аж ахуйн боловсруулах салбарт хөрөнгө оруулалт хийх, эмч, эмнэлгийн ажилтны цалин, хотхоны бага сургуультай холбоотой асуудлуудыг тодруулж, төсвийн төлөвлөлтөд тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг баримталж ажиллах, аудитын болон Төсвийн тогтвортой зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг харгалзан үзэж байхыг зөвлөж байлаа. Мөн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ямар нөлөө үзүүлэхийг тооцож, уул уурхай болон уул уурхайгаас хамааралтай салбарт гарч буй 14 хувийн өсөлтийн өгөөжийг бусад салбарт хүртээхэд анхаарах, орон нутгийн төсвийн хэрэгцээ шаардлагыг эрэмбэлж, бодитойгоор тооцох, эр илрүүлгийн үр дүнг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг саналыг хэлж, ашигт малтмалын экспортын орлого Монгол Улсын эдийн засагт бүрэн орж ирж байгаа эсэх, мал сүргийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх вакцины зардлыг төсвийн төсөлд хэрхэн суулгасан зэргийг нягтлан асууж байв. Төсвийн тэлснээс үүдэн гарах эрдсэл айл өрхөд яаж нөлөөлөх, түүнээс хэрхэн сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын өр авлагыг хэрхэн барагдуулах, эмийн чанарын болон санхүүжилтийн хяналтыг яаж сайжруулах, Асгатын мөнгөний орд, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх болон нөхөн төлбөрийг цаг хугацаанд нь шийдвэрлэх, орон нутгийн эмнэлгүүдийн эмийн захиалгын системийг боловсронгуй болгоход анхаарч ажиллах гэх мэт асуудлуудыг ч хөндсөн юм. Түүнчлэн уул уурхайн эзспортоос бусад бүх үзүүлэлтүүд сөрөг гарч, өрхийн бодит орлого буурч, төсвийн орлого их хэмжээгээр тасарч байгаад дүгнэлт хийх, шинэ хандлага, бодлогоор ажиллах, аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбараа дэмжих, инфляцыг хазаарлах бодлого хэрэгжүүлэхийг зөвлөж, 10 аймгийн дулааны станцын асуудлыг мухарлан шийдвэрлэх, говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барих аукционыг үр дүнтэй, бодитой ажил хэрэг болгох, хөдөөг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах шаардлагатайг тэмдэглэлээ. Хамгийн гол нь төсвийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг завшдаг, үр ашиггүй зарцуулдаг явдалтай тэмцэж, хариуцлага тооцдог, хохирол төлбөрийг төлүүлж ажиллах шаардлага байгааг онцолж байв.
Асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Замира, Б.Бейсен, Д.Ганбат, О.Саранчулуун нар үг хэлж, нэгэнт эхлүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гүйцээж дуусгахад анхаарч ажиллах, төсвийн өсөлд хийж буй дүн шинжилгээ, дүгнэлт зөвлөмжид мэргэжлийн хандах, хэлэлцүүлгүүдийг хугацаа алдалгүй, шуурхай явуулж, өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шуурхайлах, дэд бүтцийн тендер гүйцэтгэгч компаниудын авлагыг барагдуулж, гүйцэтгэлийг хангуулах, эмийн хангамж, хүрэлцээг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн бүтэц, орон тоог хянан шалгах, хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөх, ард иргэдийн нуруун дээрх татвар шимтгэл, үнэ төлбөрийн дарамтын бууруулах, авлига, хулгайтай үр дүнтэй тэмцэх, тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, төсөв зардлыг бүсийн онцлогт тохируулж төлөвлөх зэрэг асуудлыг хөндөн, байр сууриа илэрхийлэв.
Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороонд шилжүүллээ.
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлт дараа нь хэлэлцэв.
Дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцууллаа. Энэ оны зургадугаар сарын 24-д хуралдсан дунд суудлын хуралдаанаар иргэн Д.Буянзаяа, Л.Энхтуяа, Ж.Зоригтбаатар, С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч О.Билгүүн нарын гаргасан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтын хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, мөн зүйлийн 8 дахь заалтын үр шимийг нь хүртэх эрхтэй гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.
Маргааныг хянан хэлэлцээд хуулийн дээрх хэсэгт хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээлд ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, мөн зүйлийн 8 дахь заалтын “үр шимийг нь хүртэх эрхтэй” гэсэнд нийцээгүй байна гэж дүгнэжээ. Ингээд хуулийн дээрх хэсгийг энэ оны зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэнэ
Үүний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр дээрх хуулийн төслүүдтэй хамт Үндэсний баялгийн сангийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл уул уурхайн олборлолт, ашиглалт, ашигт малтмалын боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ноогдох ноогдол ашгийн орлогоос тус санд хуваарилаад үлдэх хэсгийг улсын төсөвт ноогдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх харилцааг тусгасан байна. Мөн Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын тодорхой хэсгийг Чингис хаан баялгийн сан нэгдэл ХХК хэрэгжүүлж сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх юм.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ор оруулах тухай хуулийн төсөл төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгийн хувьцааг зах зээлд санал болгож арилжаалах үйл ажил ажиллагааны хугацаа, зардлыг бууруулах, зах зээлийн бодит үнэлгээг бий болгох, өмчлөл, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гаргаж арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг оруулсан байна.
Түүнчлэн нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлж нийгмийн хамгааллын баталгааг хангах, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас даатгалын сангаас тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор холбоогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Улсын Их Хурлын тогтоолын төслүүдэд Засгийн газрын өрийн багцын гадаад валютын эрсдэлийг бууруулах, төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулж, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах асуудлуудыг тусгажээ.
Хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хороны дарга Б.Заяабал танилцуулав. Хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцсэн, ил тод болж, хуримтлалын сангийн хөрөнгө болон ноогдол ашиг хугацаандаа төвлөрөх, хөрөнгийн зах зээл идэвхжиж дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэхийн зэрэгцээ 400 гаруй мянган ахмад настан, цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгох хугацааг наашлуулж, нийгмийн баталгааг сайжруулна гэдгийг тэрбээр онцлов.
Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Л.Соронзонболд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн төрийн өмчит компаниудын өмнөх жилүүдэд зарцуулсан төсвийн зарлагын гүйцэтгэлийн талаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал хэлсэн байна.
Хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан А.Ариунзаяа, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэолт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал дэмжи батлахгүй бол төсвийн тодотголын төсөлд ямар өөрчлөлт орох, сангийн хөрөнгийг хэрхэн арвижуулах, Оюутолгой ХК-аас авах ноогдол ашгийн хэрхэн үр ашигтай, хяналттай зарцуулах, аж ахуйн нэгж, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, тэдний ажил эрхлэлтийг дэмжих төслийн үр дүн ямар байгаа, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг хэрхэн бууруулах талаар асууж, хариулт авсан юм.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагч, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж төслийн танилцуулгыг хийлээ.
1998 онд батлагдсан тус хуулийн нэхэмжлэл гаргах хугацааг нийтдээ таван удаа сунгасан талаар тэрбээр хэлж, хамгийн сүүлд нэхэмжлэл гаргах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-нд дууссан тухай танилцуулав. Хуулийн төсөлд энэхүү нэхэмжлэл гаргах эрхийг хугацаагүй болгохоор тусгасан байна. Одоогоор шийдвэрлэгдээд байгаа хүсэл нэхэмжлэлийн дагуу 1.8 тэрбум төгрөгийн нөхөн олгорвор тооцоолол гарч байгаа ажээ.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны гишүүд олонх дэмжжээ.
Хуулийн төсөлд гомдол гаргагчийг хэлмэгдсэн гэдгээ нотлох, баримт сэлт гаргаж өгөх үүргээс нь чөлөөлсөн заалт тусгасан нь орчин цагт хэрхэн үйлчлэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хариулт авав. Хууль санаачлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж түүний асуултад хариулахдаа орчин үед улс төрийн хэлмэгдүүлэлт тодорхой хэмжээгээр байгаа гэж үздэгээ илэрхийлээд, үүнийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх учиртай боловч шийдэгдэхгүй, улс төрийн өндөр албан тушаалаар хаацайлж үлдэх тохиолдол гарч байна гэсэн юм.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт гүтгэх, доромжлох явдал хэрээс хэтэрч байгааг дурдаж, хүн гутаадаг, доромжилдог, хуурамч хаягаас элдэв янзаар хэлдэг явдлыг цэгцлэх хэрэгтэй гэлээ. Бодитой шүүмжлэл гаргах, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй, гагцхүү ил тодоор, хуурамч, нууц хаяг хэрэглэлгүй, чиг шударгаар хэлж байх ёстой гэдгийг тэрбээр онцолж, ийм хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил их байгааг анхаарч ажиллахыг зөвлөлөө. Эрүүгийн хуулийн гүтгэлгийн тухай заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосонтой холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсны дагуу хуулийн төслийг Улсын Их Хуралд яаралтай өргөн барихыг тэрбээр Засгийн газарт даалгав.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.