МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Ардын нам гишүүд, дэмжигчдээ сонсож байн...

Ардын нам гишүүд, дэмжигчдээ сонсож байна

МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаныхан иргэд, сонгог­чидтой уулзаж, байр суурь, санал хүсэлтийг нь бодлого шийдвэртээ тусгах зорилгоор “Ардын нам–Ард түмэндээ” аяныг эхлүүлсэн билээ.

Үнэн
Админ

МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаныхан иргэд, сонгог­чидтой уулзаж, байр суурь, санал хүсэлтийг нь бодлого шийдвэртээ тусгах зорилгоор “Ардын нам–Ард түмэндээ” аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар ахлуулсан ажлын хэсгүүд зургадугаар сарын 10-30-ны хооронд 21 аймагт ажиллаж, намын анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, иргэдийн дуу хоолойг сонсож, орон нутгийн тулгамдсан асуудалтай танилцаж байна. Ерөнхий сайд Н.Учрал МАН-ын XXXI Их хурлаар намын даргаар сонгогдохдоо “Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдийнхээ үгийг сонсдог, харилцаа холбоогоо идэвхжүүлдэг нам байна” хэмээн онцолж байсан бол энэхүү зорилго орон даяар өрнөж буй аянаар дамжин бодит ажил хэрэг болж эхлэв.

Товчхон дурдахад, Дорнод аймагт МАН-ын Нарийн  бичгийн дарга Н.Энхбаатар, МАН-ын даргын зөвлөх Н.Жавхлан нар ажилласан бол Өмнөговь аймагт МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Завхан аймагт МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Архангай аймагт УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаа, Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун, Төв аймагт УИХ-ын гишүүн Д.Рэгдэл нараар ахлуулсан багууд 21 аймагт хүрч ажиллаж, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, “Гишүүн төвтэй E4 стратеги”, намын гишүүдийн бүртгэл, харилцааны “Enam 3.0” платформын талаар мэдээлэл өгөв. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, шинэчлэлийн зорилтуудын талаар нээлттэй хэлэлцэж байна.

Уулзалтын үеэр ажлын хэсгийнхэн 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, иргэдийн орлого, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон реформуудын талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсоод ирлээ. Орон нутгийн иргэд татварын шинэчлэл, тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах, үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэх бодлогын талаар сонирхон асууж, санал бодлоо илэрхийллээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг танилцуулаад удаагүй байна. Ерөнхий сайдын хувьд олон жил яригдсан ч бодит шийдэлд хүрч чадаагүй тэтгэврийн асуудлыг тогтолцооны түвшинд шинэчлэхээр зорьж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлдэж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийг нэг удаагийн нэмэгдлээр бус тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэхэд чиглэж буй юм. Тухайлбал, ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаарсан 100-300 мянган төгрөгийн баталгаат нэмэгдлийг ахмадуудад олгох, нийт 504 мянган ахмадын тэтгэврийг дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилах боломж бүрдэнэ. Мөн тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажилласан иргэдийн сарын тэтгэврийг жил бүр дөрвөн хувиар нэмэгдүүлэх, 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг 1.5 хувиас хоёр хувь болгон өсгөх, тэтгэвэр авагч ажил эрхэлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

“Ардын нам–Ард түмэндээ” аяны хүрээнд 21 аймагт ажилласан ажлын хэсгүүд энэхүү шинэчлэлийн тухай мэдээллийг иргэд, ахмад настнуудад танилцуулсан юм. Уулзалтад оролцсон ахмадууд олон жилийн турш тэтгэврийн тогтолцоог сууриар нь шинэчлэх шаардлагатайг хөндөж ирснийг онцлоод, хөдөлмөрлөсөн жил, төлсөн шимтгэлийг бодитоор үнэлэх чиглэлээр дэвшүүлсэн Ерөнхий сайдын өөрчлөлтүүдийг эергээр хүлээн авч байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа тэтгэврийн зөрүүг арилгах, олон жил шимтгэл төлсөн иргэдэд илүү өндөр үнэлгээ өгөх, ажиллаж буй ахмадуудад нэмэлт боломж олгох зэрэг зохицуулалтыг иргэд дэмжиж байгаагаа хэлж, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг түлхүү илэрхийлжээ.

Мөн иргэд хөдөө орон нутагт ажлын байр хомс байгааг онцолж, хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой болох боломжийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Ялангуяа залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн амын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой тухай хөнджээ.

Үүнээс гадна малчид Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хөтөлбөрт туссан зорилтуудыг бодит ажил хэрэг болгож, холбогдох хууль эрх зүйн орчинд тусгахыг хүсжээ. Тухайлбал, малчдын эрх ашгийг бодлогын төвд тавих, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулж байгаль хамгаалалтай уялдуулан малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн залуу малчдыг дэмжих бодлого дутагдаж байгааг иргэд онцолжээ. Хөдөө орон нутагт залуу малчдын тоо цөөрч, мал маллах залгамж халаа алдагдах эрсдэл үүсэж байгааг дурдан, залуу үеийг мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах тусгайлсан бодлого хэрэгтэй байгааг санал болгожээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн асуудал ч иргэдийн анхаарлын төвд байна. Орон нутгийнхан жилээс жилд байгаль орчин, бэлчээрийн даац, усны нөөцийн асуудал тулгамдсан сэдэв болж буйг онцлоод асуудлыг урт хугацааны бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлжээ. Мөн иргэд, намын гишүүд, дэмжигчдийн зүгээс улс орны хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтөд улс төрийн тогтвортой байдал чухал болохыг онцолж, аль ч нам засгийн эрх барьж байсан төрийн бодлого залгамж чанартай, тогтвортой хэрэгжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Үүнээс гадна орон нутгийн иргэд нийгэм, эдийн засагт чухал байр суурь эзлэх салбаруудад ч анхаарлаа хандуулж, байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал,

Эрчим хүчний хүртээмж, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг онцлов:

Уулзалтад оролцсон иргэд орон нутгийн хөгжлийн суурь нөхцөл болох эрчим хүчний найдвартай хангамжийг сайжруулах асуудлыг хөндөн ярьж байв. Тэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цахилгаан тасалдалгүй, тогтвортой хангамж бүрдүүлэх нь бүс нутгийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ, иргэдийн амьдралын чанарт чухал нөлөөтэйг онцоллоо.

Хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчны шинэчлэл:

Мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал мөн иргэдийн анхаарлын төвд байлаа. “Ардын нам–Ард түмэндээ” аяны хүрээнд Сүхбаатар аймагт ажилласан УИХ-ын гишүүн М.Мандхай малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, эцсийн хэлэлцүүлгийн шатанд хүрснийг онцолсон юм. Иргэдийн зүгээс малын гаралтай чанартай түүхий эдийг үнэд хүргэх, зах зээлтэй холбох, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Боловсрол, хүний нөөцийн бодлогод онцгой анхаарахыг хүслээ:

Боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай байгааг хэлж байв. Ялангуяа орон нутагт мэргэжлийн боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, залуучуудыг нутаг орондоо ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх бодлого чухал байгааг онцоллоо.

Жижиг үйлдвэрлэл, өрхийн бизнесийг бодлогоор дэмжих шаард­лагатай:

Өрхийн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүжилт, зах зээл, татварын орчны бодит дэмжлэг шаардлагатай байгааг хөндөн ярив. Иргэд орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгтэй байгааг илэрхийлсэн юм.

Цалин, тэтгэвэр, татварын асуудал иргэдийн анхаарлын төвд байна:

Уулзалтуудын үеэр иргэд цалин хөлсний өсөлт, тэтгэврийн хэмжээ, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, зарим шийдвэрийн хэрэгжилтэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн хөгжлийн бодлогыг иргэдийн хэрэгцээтэй илүү уялдуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Аяны хүрээнд онцлох мэдээллийг сонирхуулахад, МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Өмнөговь аймгийн сумдад ажиллахдаа сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад гарсан эдийн засаг, бүтээн байгуулалтын өөрчлөлтийг статистик үзүүлэлтэд тулгуурлан танилцуулсан юм. Тэрбээр 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 3900 ам.доллар байсан бол 2025 онд 7200 ам.долларт хүрч, нийт эдийн засгийн хэмжээ 23 их наядаас 90 их наяд төгрөг болж гурав дахин өссөн талаар онцлов. Мөн экспорт 4.7 тэрбум ам.доллароос 16.8 тэрбум ам.доллар болж дөрөв дахин нэмэгдсэн байна.

Дэд бүтцийн салбарт 2015 онд 6500 км байсан хатуу хучилттай авто зам 11 мянган км болж, эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 МВт-аас 1900 МВт хүртэл өсжээ. Мөн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, хамрагдалт 60 хувиас 85 хувь болж өссөн тухай мэдээллийг өгчээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон төслүүдийг хөдөлгөж, гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийж байгааг дурдаад, стратегийн ордуудын өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 16 ордоос наймд төрийн эзэмшлийн хувийг тогтоож, улсын өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг онцолжээ.

Д.Жаргалан

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.