МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг АВДОТЬЯ ДОМЧ

АВДОТЬЯ ДОМЧ

Эмээ, за алив, ороорой! – гэж хархүү чанга хашхираад, газраас том цүнх авч автобусны хаалгаар орууллаа. - Хүү минь, бурхан чамайг ивээг, - гээд эмгэн араас нь ойр ойрхон гишгэлсээр, - Жолоочийг хүлээе үү гэж бодож зогслоо. Би ч хөгширчээ. Үе мөч янгинах юм. Наад 23 дугаар суудал чинь мөн... Баярлалаа, хүү минь. Залуудаа намайг ямар тэнхээтэй явсан гэж санана? - гэв. - Харваас эргэлзэх юм алга, - гэж залуу нүд ирмээд, цүнхийг дээд тавиурт хийж, - Та чинь туйпуу чихчихсэн юм уу? Надад ч хүнддэхээр юм, - гэсэнд: - Яалаа гэж! Хоол хүнс зөөж явна. Манай Каясанд ганцхан дэлгүүр бий, дан хугацаа нь хэтэрсэн юмнууд зарна, тэгэхээр төв рүү явахаас өөр аргагүй. Зээ нар зуны амралтаараа манайд ирсэн, хооллож ундлах хэрэгтэй... Өвгөн маань өөд болоод 5 жил болж байна. Надад туслах хүн байхгүй ээ. Чи манай тэр хавийн хүн үү? Эсвэл өөр тосгонд очих уу? – гээд эмгэн суудалдаа тухалжээ.

Үнэн
Админ
📰
 
 
Эмээ, за алив, ороорой! – гэж хархүү чанга хашхираад, газраас том цүнх авч автобусны хаалгаар орууллаа.
- Хүү минь, бурхан чамайг ивээг, - гээд эмгэн араас нь ойр ойрхон гишгэлсээр, - Жолоочийг хүлээе үү гэж бодож зогслоо. Би ч хөгширчээ. Үе мөч янгинах юм. Наад 23 дугаар суудал чинь мөн... Баярлалаа, хүү минь. Залуудаа намайг ямар тэнхээтэй явсан гэж санана? - гэв.
- Харваас эргэлзэх юм алга, - гэж залуу нүд ирмээд, цүнхийг дээд тавиурт хийж, - Та чинь туйпуу чихчихсэн юм уу? Надад ч хүнддэхээр юм, - гэсэнд:
- Яалаа гэж! Хоол хүнс зөөж явна. Манай Каясанд ганцхан дэлгүүр бий, дан хугацаа нь хэтэрсэн юмнууд зарна, тэгэхээр төв рүү явахаас өөр аргагүй. Зээ нар зуны амралтаараа манайд ирсэн, хооллож ундлах хэрэгтэй... Өвгөн маань өөд болоод 5 жил болж байна. Надад туслах хүн байхгүй ээ. Чи манай тэр хавийн хүн үү? Эсвэл өөр тосгонд очих уу? – гээд эмгэн суудалдаа тухалжээ.
- Танай нутгийг үзэхээр явна аа, эмээ минь. Сонсохоороо нэг боллоо, - гэж хэлээд хархүү богцоо мултлан хөл доороо тавьж, эсрэг талын эгнээнд суулаа.
- Юу сонссон хүн бэ дээ? Орос орны бусад тосгод шиг ой мод, тал хөндийтэй, байдаг л нэг нутаг... 40 жилийн өмнө бол бид хөдөлмөрийн гавшгайч гэгдэж, наран цэцэг, эрдэнэ шиш тариалдаг байлаа. Одоо харин тариан талбай гэх юм үгүй, зэрлэг өвсөнд дарагдаад, жижиг хус мод хаа сайгүй ургасан. Залуу минь, чи яаж мэдэх вэ дээ... Энэ гараараа би чинь сая гаруй үнээ шувтарч явлаа, - гээд эмгэн эвэршсэн мойног хуруунуудаа харуулж, - Зарим жил 2000 толгой үхэр маллаж байв... Нэр алдар хэн бэ, хүүхээ? – гэв.
- Данил гэдэг ээ, эмээ.
- Данил, сайхан нэр... Манай дарга Данил Алексеевич Костылёв гэж хүн байсан. Шударга сайн хүн, даанч балгах дуртай, тэгээд ажлаасаа халагдсан, - гэж эмгэн санаа алдав. – Гашуун дарс толгойг нь залгисан даа... Тэнэг амьтан, халуун усны газарт хүйтэн ус гэж андуурч буцалсан ус бие дээрээ асгаад... Гурван өдөр өнхөрч байгаад, өвчнөө зүрх нь даалгүй талийсан. Гар хуруу түлэгдэхэд ямар бэрх өвддөг билээ дээ, гэтэл нөгөөх чинь толгойноос хөлөө хүртэл шалзарчихсан... Бурхан минь, аварч өршөө...
Эмгэн загалмайлж, цонхоор ширтэн, шүдгүй амаа хөдөлгөх боловч юу хэлээд байгаа нь дуулдахгүй юм. Данил суудлаа налж, чихэвч зүүгээд тухлав.
Автобусанд арваад хүн орж ирээд, бүгд л Данилтай мэнд ус мэдэлцэнэ. Харин залуу толгой дохисон болж суулаа. Тааралдсан хүн болгонтой мэндлэх ёс хотынхонд байхгүй, эдгээр хүмүүс хөдөөний улс гэдэг нь андашгүй. Тасалбар шалгагч ирж, хааш яйш шалгаж харсан болоод, автобус хөдөллөө.
- Хөөе, залуу... Данил! – гэж хөгжмийн хажуугаар эмгэний дуу гарав.
- Та намайг дуудсан уу? – гээд чихэвчээ авч эмгэн рүү харвал:
- Тэглээ, хүү минь. Чи манай тосгоны тухай юу сонссон болж таарав? Сүм үү? Тэр чинь ноднин нурчихсан. Суурь нь л үлдсэн. Мурий Костик гэгч эрээгээ алдсан нөхөр туйпуунаас нь үүрч зөөгөөд, сарын өмнө үхсэн. Зүрхээр... Бурхны ёсыг уландаа гишгэх хэрэггүй юм.
- Үгүй ээ, эмээ. Сүмийн тухай биш. Танайд домч Авдотья гэдэг авгай бий гэлцэнэ. Эмчилж эдгээж, зөвлөгөө өгч тусалдаг гэсэн. Тэр хүнтэй уулзах гэж явна. Найзууд маань хэлж өгсөн. Хүүхэдтэй болж чадахгүй аргаа барж яваад, тэр домч дээр очиж эдгэрцгээсэн юм билээ.
- Өө, хөөрхий хүү минь, өвчин зовлонтой хүн үү? Хүч тэнхээтэй хэр нь их цонхигор харагдсан юм аа.
- Үгүй ээ, эмээ. Өвчин байхгүй. Зөвлөгөө хэрэгтэй байгаа юм.
- Манай Каясаныхан бурхан шүтээн гэж мэддэггүй боловч сэтгэл сайтай улс... Харьж хэдэн зээдээ иштэй чихэр, хиам өгье. Өсөж яваа хүүхдүүд өлсөх гэж жигтэй... Авдотья чамд тусална, битгий санаа зов. Харин туслахгүй бол чи муу хүн гэсэн үг... Миний том зээ Сашка аравтай, биеэ даасан хүүхэд. Гол руу тосгоны жаалуудтай усанд сэлэх гээд надаас асуух ч үгүй гүйчихнэ. Хотын хүүхэд мөртлөө тэдэнтэй ана мана шүү дээ, ямар сайн сэлдэг гээч? Яг мэлхий шиг. Бага зээ Егорка долоотой, эхийнхээ өврөөс гараагүй шахуу. Багаас нь хэтэрхий нялзрай өсгөх дэмий. Том болоод хэцүүднэ. Ахад нь найдах юм, дүүгээ түшиж тулна биз... Данил минь, эр хүн болгон адал явдалд татагдаж байдаг бяцхан хүүхэд гэсэн үг. Энэ наймдугаар сард Хар тэнгис рүү битгий нисээрэй, лус чамайг хүлээж байна...
- Та юу яриад байна аа? – гэж эмгэний үгнээс айсан Данил асуулаа. Сарын дараа амралтаа аваад, хайртай бүсгүйтэйгээ Анапа явж амаръя гэж бодож байсан билээ.
- Би юу ярилаа? Мэдэхгүй юм... Амьдрал гэдэг нь асаасан лаа шүү дээ, салхинаас хамгаалж явах хэрэгтэй. Илья гэгээнтний өдрөөс хойш* 20 хоногийн дотор уснаас хол яв. Найз хүүхэн чинь элдэв юм бодохгүй хүүхдээ төрүүлэг. Хуримлахаас өмнө хүү хийцгээсэн улс байна, араа даацгаа.
- Аан? – гэж Данилын шар үс босоод, - Дөнгөж 2 сартай ургийг хүү гэв үү? Та яаж мэдэж байгаа юм бэ? – гэлээ.
- Замбараагүй хамжааргагүй улс шүү, та нар, - хэмээн эмгэн Данилын асуултад хариулалгүй инээмсэглэв. – Миний охин ч тийм байсан. Том хүү Сашагаа золтой авхуулж орхиогүй. Тэнэг юм, хөөрхий минь. Охиноо би 40 хүрч байж төрүүлсэн, бурхан тэгж шийдсэн хэрэг... Нүгэл хийх гэж байгааг нь мэдрээд, Миколад би мөнгө өгч хотын эмнэлэг рүү хүргүүлсэн. Яг үр хөндүүлэхийн даваан дээр нь явж ороод, олны нүдэн дээр “арьсыг нь хуулаад” чирж гаргасан юм. Эх хүн шүү дээ, надад тэгэх эрх нь байна...
Эмгэн эхэр татах шиг болж, буйлаа хэмлэн уртаас урт шүүрс алдлаа.
- Миний зээ хөвгүүд сайхан сэтгэлтэй, хэчнээн хөөрхөн жаалууд гээч? Цэв цэнхэр нүдтэй. Өсөж том болоод охидын зүрхийг ч шархлуулна даа... Данил, чи үйлдвэрээсээ гар. Тэнд хар муу хүчний төв байна. Чи тийм хүн биш, хатаж гундана шүү! Өөр юм чаддаг даа чи, яагаа вэ нөгөө... Юу гэдэг билээ, товчлуур дараад байдаг, тийм юмаа л хий.
- Програмчлал гэдэг юм, - гэж Данил хэллээ. Гайхмаар нь, одоо эмгэний үг болгонд итгэж суув.
- Параграмарачлал гэнэ үү, за бүү мэд. Ээ, Данил минь, хүн бүрийг би өрөвдөх юм. Чамайг, сүйт хүүхнийг чинь, өөрийн зээ, муу охиноо ч тэр, бүгдийг өрөвдөнө... Хөөрхий муу талийгаач эцэг чинь хэчнээн зовов доо...
Данил гайхсандаа хэлэх үггүй болж амаа ангайв. Сүүлийн гурван жил аав нь үнэхээр зовсон. Эхлээд цус харваж зүүн тал нь мэдээгүй болоод, арайхийн сэргэж байтал ахиж харваад нам хэвтсэн юм.
Их л зовж өнгөрсөн дөө. Хархүү тэр хэцүү үеийг санахгүй гэж хичээв. Ялангуяа эцгийнхээ өршөөл эрсэн харцыг... Арчилж цэвэрлэж байхад аав нь хүүгээсээ, эхнэрээсээ уучлал хүсэх шиг мэлтэртэл ширтээд, юм хэлж чадахгүй мөөрөх мэт дуугарч хэвтдэг сэн.
- Аав маань... – гэж Данилын хоолой чичрэв. Цийлэлзэж ирсэн нулимсаа нуун цонх руу харлаа.
- Зарим үед дотроо хадгалж зовоод байлгүй гаргачих хэрэгтэй, хүү минь. За за, Данил, миний хэлснийг сайн санаж яваарай.
Цонхон цаана мод бут, зам дагуух цахилгааны шон, олон өнгийн машин тэрэг жирэлзэж өнгөрнө. Жаал хүү мэт арван минут уйлж аваад, Данил хачин их тайвширч, цээжин тушаа хөндөлдөх хүнд ачаа нь үгүй болоход нам унтаад өгөв. Эцгийгээ хэвтэрт ороход худалдаж орхисон зуслангийн хашаа нь зүүдэнд оржээ.
Бүгдээрээ эрүүл энх, жаргалтай инээлдэж байх юм. Алим, лийр хураан хайрцаглаж байна. Найз охин Олеся нь савлуур дээр нааш цааш ганхаж, гартаа нялх хүүхэд тэвэрчихсэн, юм шивнээд байна уу, эсвэл дуулаад ч байгаа юм уу гэмээр сууна.
- Залуу, хөөе залуу! Ирчихлээ, - гэж нэг хүн Данилыг мөрнөөс нь дугтчин, - Эцсийн буудал. Каясан, - гэлээ.
- Аан? Юу гэнэ ээ? – гээд Данил нүдээ нухлан өндийв. Урд нь тасалбар шалгагч хүүхэн хүзүүндээ цүнх тохчихсон зогсоно.
- Ирлээ, одоо буу.
- За, тэгье. Эмээ хаачив? 23 дугаарт сууж байсан эмээ, - гэж хоосон суудлыг заан асуугаад, бууж байгаа зорчигчдыг гүйлгэн харвал өнөөх хөгшин байсангүй.
- Ямар эмээ? 23 дугаар суудал хүнгүй ирсэн. Зүүдэлсэн юм байлгүй дээ, - гээд хүүхэн хөмсгөө зангидав.
Данил юм хэлэлгүй эмээг гүйцэж авахаар ухасхийнгээ тавиур луу харвал том цүнх алга.
- Ямар хачин залуу вэ, - гэх тасалбар шалгагчийн дуу ард нь гарчээ.
Ийш тийш харвал эмээ байдаггүй, хүмүүс тал тал руу тарж явав.
- Уучлаарай, - хэмээн Данил нэгэн эмэгтэйг татсанд цаадах нь айсан харцаар ширвэв. – Тантай би автобусанд хамт сууж ирсэн. Та хаалганы дэргэд сууж байсан шүү дээ.
- Тийм ээ. Харин та манай эндхийн хүн биш, - гээд эмэгтэйн харцнаас айдас арилж, сонжиж сонирхсон шинж тодроод, - Таныг тээврийн товчооноос эхлээд би анзаарсан, хотын хүн гэдэг нь илт, - гэв.
- Миний дэргэд нэг эмээ сууж явсан, намхан нуруутай, цэцгэн хээтэй алчуур зүүсэн, том цүнхтэй... Хаашаа явсан юм бол? Нэрийг нь ч асуусангүй.
- Та ганцаараа суугаа харагдсан даа. Гурван эгнээний цаана Андрюша Потапов байсан, та эндүүрээд байх шиг.
- Та нар чинь үгсчихээ юу? – гээд ходоод руу нь эвгүй оргисонд Данил хүндхэн амьсгалав. Зүүдэллээ гэж үү? – Тэгвэл сүм? Нурсан гэсэн үнэн үү?
- Аль эрт нурсан, суурь нь бий. Мурий Костик хашаандаа туйпууг нь зөөгөөд...
- Костик чинь зүрх нь хаагдаж үхсэн биз дээ? – гээд Данилын нуруугаар хүйт дааж, духны хөлс нь чийхарч ирлээ.
- Тэгсэн... Чи хамаатан нь уу? Бүтэн өнчин хүн байсан санагдах юм.
- Хамаатан биш ээ. Эмээ ярьж өгсөн юм, - гэснээ нэг л авцалдаагүй хэрэгт унах шиг санагдсанд, - За за, тэр эмээг мартъя. Надад танай шулам, за байз юу гэдэг билээ дээ, аан тийм, домч хөгшин Авдотья гуай тун яаралтай хэрэгтэй байна. Овгийг нь мэдэхгүй юм, өршөөгөөрэй, - гэлээ.
- Бурхан минь. Гурван долоо хоногийн өмнө хөгшин өөд болсон, - хэмээн эмэгтэй амаа дарж санаа алдав. - Хоёр зээгээ алдаад тэсээгүй юм, хөөрхий. Төв рүү явсан хойгуур нь жаалууд живчихсэн. Гудамжаар үсээ зулгааж орилж гүйгээд л, ямар өр өвдөм байсан гээч... Бид эмч дуудъя гэж байтал амжаагүй. Гадаа зам дээр унаад бурхан болсон шүү дээ. Хэчнээн олон хүнийг мэргэлж, эдгээж тус болсон хөгшин гэж санана? Тэгсэн байтал зээ нараа мэдээгүй. Ийм л байдаг байх нь. Хүүхдүүд эмээгээ явчихаар дураараа гол руу гүйхгүй юу... Эх нь гэж, түй чааваас, эх гэгдэхээс цаашгүй амьтан, хүүхдүүдээ оршуулах гэж ирээд ганц нулимс унагаагүй шүү... Бага нь живээд эхлэхээр Сашка аврах гэж араас нь ороод... Егорка нь сандраад ахынхаа үснээс зуурч, тэгээд хоёулаа доошоо яваад орчихсон гэдэг юм. Эрэг дээр байсан эрчүүд аварч амжаагүй. Ямар их зовлон гаслан бэ, та минь... Зөвлөлт засаг гэж байхад сүмд бүжиг зохиодог байсан, тэр нүглийнхээ хариуг бүгд амсана гэж Авдотья гуай ярьдаг сан. Бурхан хөгшнийг шийтгэж, биднийг ч зүгээр өнгөрөөхгүй...
Энэхүү эмгэнэлт түүхийг сонсохдоо Данил айж, гайхаж, тайвширч, автобусанд болсон явдлыг ухаарч зогслоо. Хоёр ертөнцийн хооронд гацаж орхисон жинхэнэ сүнстэй ярилцсан хэрэг байжээ. Эмгэний сүнс өөрөө хаачих учраа олохгүй явсан мөртлөө залууд зөвлөж тусалсан байна. Тэнгис далай гэж саналтгүй, маргааш халагдах өргөдлөө өгье. Тэгээд...
- Ийм л хэцүүхэн явдал болсон юм даа, залуу минь.
- Үнэхээр харамсалтай гэхээс өөр үг олдохгүй юм, гүнээ эмгэнэж байна, - гээд Данил буцах автобус руу эргэв. – Би хурдхан харья. Баярлалаа, баяртай.
- Баяртай, - гэж хэлээд эмэгтэй нулимсаа арчсаар замаа хөөж одов.
Автобусанд буцаж ороод, суудалдаа сууж, өөдөөс нь гайхсан нүдээр харах тасалбар түгээгчид мөнгө төллөө. Тэгээд утсаа гаргаж ирэв.
- Сайн уу, Данил? – гэх бүсгүйн гунигт дуу сонстож, - Чи яах гэж залгав? – гэсэнд:
- Олеська, нархан минь... Тэнэг үг хэлсэнд уучлаарай... Надтай гэрлээч! Чамтай, хүүтэйгээ хамт амьдармаар байна... Би чамд хайртай! – гэж чин зүрхний угаас уулга алдан хэллээ.
 
Денис Марков /Зохиолч/
 
Д.Оюунгэрэл
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.