Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлдөггүй болно
Манай улс 2024 оны зургадугаар сарын 5-нд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байдаг. Ингэхдээ ахмад настнуудын хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ хууль эрх зүйн орчны хүрээнд ч нээлттэй болгосон байдаг. Ингэхдээ тус хуулийн "9.9-д Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно" гэдэг заалтыг шинээр нэмж оруулсан юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулна" гэх заалт ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй.
Манай улс 2024 оны зургадугаар сарын 5-нд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байдаг. Ингэхдээ ахмад настнуудын хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ хууль эрх зүйн орчны хүрээнд ч нээлттэй болгосон байдаг. Ингэхдээ тус хуулийн "9.9-д Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно" гэдэг заалтыг шинээр нэмж оруулсан юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулна" гэх заалт ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй.
Дээр дурдсанчлан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүн ажил эрхэлбэл өөрийн хүсэлтээр тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох боломж нь хуулиар нээлттэй. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий хуульд “20 жил ажилласан, 65 нас хүрсэн" гэж хязгаарласан нь хуулийн хэрэгжилтэд тээг саад болж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дээрх нөхцөл байдлыг засахын тулд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ. Ингэснээр хуулийн зөрүүтэй ойлголтыг нэг мөр болгохын зэрэгцээ цэргийн тэтгэвэр, малчин, олон хүүхэдтэй, хортой, хүнд нөхцөл зэрэг өөр олон насны, олон төрлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгааг адил хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

СДАХ-ноос нийслэлийн есөн дүүргийн ахмад настнуудын төлөөллийг байлцуулан, улс төрөөс авахуулаад цаг үеийн нөхцөл байдал төдийгүй ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмж, цалин хөлстэй холбоотой хуулийн зохицуулалт, төр засгаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудыг урьж авчран бодит мэдээллийг хүргэх зорилго бүхий уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. СДАХ-ноос зохион байгуулж буй 29 дэх удаагийн уулзалт дээрх сэдвийн хүрээнд өрнөлөө. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ахмадуудад танилцуулга хийсэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, шаардлагатай хуулийн төсөл санаачлах ажлын хэсгийн хүрээнд хийсэн ажлаа товч танилцууллаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд ахмадуудын талаар хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээ сайжирсан ч гэлээ ахмадын сан байгуулах, гэрээр асрах, сувилах үйлчилгээ үзүүлэх, соёл спортын үйлчилгээ, боловсрол олгох үйлчилгээ, тэтгэврийн зөрүүг арилгах, зээл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох зэрэг асуудал хангалтгүй байгаа талаар ажлын хэсэг үзэж хуулийн хэрэгжилтийг нарийвчлан дүгнэхээр болсноо дуулгасан юм. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн хувьд тэтгэвэрт гараад ажил хийж байгаа хүмүүс тэтгэврийн шимтгэлийг өөрийн хүсэлтээр төлөхгүй байж болох эрхийг нээхээр хуулийн төсөлд тусгаж өргөн барихад бэлэн болсон байна. Хоёр гишүүний хувьд дээрх сэдэвт баригдалгүйгээр ахмадуудын тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, тусламж үйлчилгээний тухай болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх УИХ ын ажлын хэсгийн санал дүгнэлтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэх, хэт ялгаатай зөрүүг арилгах шаардлагатай тухайд олноороо байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн эмнэлэг, рашаан сувиллын хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмадуудын сувилуулах хоногийг хасах биш нэмэх саналыг ч хэлж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооны дарга Б.Төмөрбат “Тэтгэврийн нэмэгдэл нэг их буруу яваагүй, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхдээ хувь тэнцүүлсэн тэтгэврийг 20.3 хувиар нэмсэн.

Суурь нь бага болохоор өсөлт нь мэдэгдэхгүй байж болох юм. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 11.6 хувиар нэмсэн. Бидний тэтгэвэр долоон хувиар нэмэгдсэн. Ингээд бодохоор төр бүх л зүйлийг буруу нэмээд эсвэл болохгүй тал руу нь явуулчихсан зүйл байхгүй гэж би хувьдаа хардаг. Одоо хамгийн чухал нь тайлбар, мэдээлэл хэрэгтэй байна. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг гэнэтхэн үсрээд 1.5 сая болгох боломжгүй гэдгийг хэлж, ярьж тайлбар, мэдээлэл хүргэх нь чухал байгаа юм. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг ч ингэж нэмэгдүүлэх боломжгүй шүү дээ. Манай ахмадууд доод хэмжээг 1.5 сая болгоно гээд жагсаад байгаа хүртэл харагддаг. Гэтэл энд мэдээлэл дутагдаад байна уу гэж хараад байгаа юм. Холбогдох албаныхан үүнд анхаараасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, хуулийн цоорхойг арилгах шаардлагатай. Таван жил буюу 60 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлөөд тэр төлсөн хэмжээгээрээ өндөр тэтгэвэр тогтоолгосныг засаж залруулах шаардлагатай гэж боддог. Тэтгэврийн сан гэж байхгүй болсон учраас үүнд анхаараасай. Гуравдугаарт, эмнэлэг, сувиллын асуудлыг анхаарах шаардлага үүсжээ. Тухайлбал, ахмадууд бид эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлдэг байсан бол зургаа болж буурсан байна. Цаашдаа цөөрөөд, бүр боломжгүй болохыг ч үгүйсгэхгүй учраас УИХ, Засгийн газрын гишүүд маань анхаарах хэрэгтэй” хэмээн санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн ахмад настан “Инфляцын өсөлтийг хязгаарлах, төр засаг үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай” хэмээн хатуухан хэлсэн. “Тэтгэврийн хэдэн төгрөг маань үнийн өсөлтийг гүйцэхээ больсон. Энэ бол бидний мэдэх, шийдэх асуудал биш. Тиймээс төр засаг үүнд бодлогоор анхаарахгүй бол ард түмний амьдрал тэр дундаа зөвхөн тэтгэврээс хараат амьдардаг ахмадуудын амьдрал хүнд байна” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Уулзалтад ирсэн ахмадуудаас 20 гаруй нь үг хэлж, саналаа илэрхийлсэн бөгөөд тэдний олонх нь инфляцын өсөлтөд төрийн бодлого шаардлагатай талаар хэлж байлаа. Түүнчлэн ипотекийн зээлд өндөр настнууд хамрагдах боломжгүй байдаг нь хүний эрхийн зөрчил гэдгийг хэлэх хүн ч байв.
Улмаар ахмад настнуудад аж ахуй эрхлэх, амьжиргаандаа нэмэр болох тухайд зээл олгох боломжийг бий болгох нь зүйтэй гэдгийг ч илэрхийлж байв.
М.Өнөржаргал
Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар