МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Булганчимэг: Ерөнхий сайд Н.Учралын үл...

Б.Булганчимэг: Ерөнхий сайд Н.Учралын үлдээх легаси нь эрчим хүчний реформ байх болно

Монгол Улс анх 2012 онд Байгаль орчны яамны нэршилд Ногоон хөгжил гэдэг үгийг нэмснээр энэ чиглэлийн бодлогыг гаргаж байсан юм. Тухайн үед миний бие С.Оюун сайдын багт хамтран ажиллаж байлаа. Ингэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бодлогыг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөлтөд гар бие оролцож байв. Тэр цагаас хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хувийн хэвшлийнхэн ногоон хөгжлийнхөө хэрэгцээ, шаардлагад үндэслээд хөгжил нь түрүүлээд явчихсан. Харин Засгийн газраас “Ногоон шилжилт”-ийг бодлого болгон тодорхойлоход цогц зүйлгүй явж ирсэн нь нууц биш. Энэ удаад Н.Учралын Засгийн газар 14 жилийн дараа бодитой тогтоолыг гаргалаа. “Ногоон тогтоол”-ын ач холбогдлыг би хувьдаа эдийн засгийн шинэ хуудас гэж дүгнэнэ. Бусад улс орнуудын хувьд энэ шилжилтийг хийхдээ “Манай улсын эдийн засгийн суурь, бүтэц өөрчлөгдлөө” гэж ярьдаг. Хүн төрөлхтөн ерөөсөө л юугаар халаалт, дулаанаа шийдэж, тээврийн хэрэгслээ хэрхэн хөдөлгөж байна вэ гэдгээрээ түүх нь хуваагддаг. Манай улс өмнө нь малтмал түлшин дээр суурилсан эдийн засаг

Үнэн
Админ

Ерөнхий сайдын Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Булганчимэгтэй ярилцлаа.

 -Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар Засгийн газар “Ногоон тогтоол”-ыг баталлаа. Та салбарын хүний хувьд энэ тогтоолын ач холбогдол, үр дүнг хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол Улс анх 2012 онд Байгаль орчны яамны нэршилд Ногоон хөгжил гэдэг үгийг нэмснээр энэ чиглэлийн бодлогыг гаргаж байсан юм. Тухайн үед миний бие С.Оюун сайдын багт хамтран ажиллаж байлаа. Ингэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бодлогыг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөлтөд гар бие оролцож байв. Тэр цагаас хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хувийн хэвшлийнхэн ногоон хөгжлийнхөө хэрэгцээ, шаардлагад үндэслээд хөгжил нь түрүүлээд явчихсан.

Харин Засгийн газраас “Ногоон шилжилт”-ийг бодлого болгон тодорхойлоход цогц зүйлгүй явж ирсэн нь нууц биш. Энэ удаад Н.Учралын Засгийн газар 14 жилийн дараа бодитой тогтоолыг гаргалаа. “Ногоон тогтоол”-ын ач холбогдлыг би хувьдаа эдийн засгийн шинэ хуудас гэж дүгнэнэ. Бусад улс орнуудын хувьд энэ шилжилтийг хийхдээ “Манай улсын эдийн засгийн суурь, бүтэц өөрчлөгдлөө” гэж ярьдаг. Хүн төрөлхтөн ерөөсөө л юугаар халаалт, дулаанаа шийдэж, тээврийн хэрэгслээ хэрхэн хөдөлгөж байна вэ гэдгээрээ түүх нь хуваагддаг. Манай улс өмнө нь малтмал түлшин дээр суурилсан эдийн засагтай байсан бол одоо нар, салхины эс үүсвэр нэмэгдэж байна. Ингэснээр эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж байгаа юм. 

Хоёрдугаарт, энэ бол эдийн засгийг боомиос салгах оролдлого гэж тодорхойлмоор байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтцийг харахад нэг талдаа худалдаа, хөрөнгө оруулалт гээд мөнгө олдог цорго байгаа. Үүнийг нээж чадахаараа нээж, олон крант болгохын төлөө хичээнэ. Нөгөө талдаа бид юунд мөнгөө урсгаад байна вэ гэдгээ харах хэрэгтэй.

Манай улс шатахуун, эрчим хүчинд хамаг мөнгөө урсгадаг. Тиймээс үүнийг хэрхэн бууруулах, улмаар өөрсдөө үйлдвэрлэдэг болох вэ гэдэг л асуудал байгаа юм. Дэлхийд ямар нэг зэвсэгт мөргөлдөөн, өвчин зовлон гарлаа гэхэд Монголд эффект нь давхар орж ирдэг. Ард иргэдийн амьдралын чанар ахихгүй байгаагийн цаана ерөөсөө  бүгдийг гаднаас оруулж ирдэг, хараат болчихсонд хамаг учир байгаа юм. Ганцхан жишээ татахад, Замын үүдээс нийслэл рүү ирдэг ачааны машины тээвэрлэлтийн үнэ гурван сая байсан бол ойрын үед таван сая болтлоо өсчихлөө. Гэтэл үүний дарамт нь эцсийн хэрэглэгч дээр л ирнэ шүү дээ. Энэ утгаараа “Ногоон тогтоол” бол эдийн засгийн шилжилт бөгөөд шинэ хуудас гэж харж болно. “Ногоон шилжилт”-ийг өнгөрсөн хугацаанд аливаа төсөл хөтөлбөр зэргээр жижиг жижгээр оролдоод байсан. Гэтэл үүнийг цогцоор харах нь хамгийн чухал. Хууль бол ердөө л нэг хэсэг нь. Яг хэрэгжүүлье гэхэд хувь хэрэглэгч дээр санхүүжилтийн асуудал гарч ирдэг.

Тэгвэл үүнийг ямар зээлээр гаргах юм, энэ нь эргээд хүндээ үнэхээр хүрч чадаж байна уу гэдэг чухал. Адаглаад яндантай айл “Ногоон шилжилт” хийе гэхэд нүүрснээс бага өртөгтэй байвал сонголт хийнэ биз дээ. Гуравдугаарт, техник технологийн хувьд боломжтой байх шаардлага үүснэ. Нар, салхины эрчим хүчний хэрэглээнд шилжье гэхэд явдал чирэгдэлгүйгээр холбоод өгчих боломжтой баймаар байгаа юм. Дөрөвдүгээрт, энэ ажлыг хариуцаж буй институт нь өөрөө  чадвартай байх ёстой. Тиймээс Засгийн газар энэ бүх хэрэгцээг бүх талаас нь цогцоор нь харж байж шийдвэр гаргасан. “Ногоон тогтоол”-ын ач холбогдлын хувьд  ойрын хугацаанд 10 мянган айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлнэ. Ингэснээр 50 орчим мВт-ын эх үүсвэр эндээс гарна.

Нүүрснээс хямд шийдлээр сэргээгдэх эрчим хүчинд холбогдохоос гадна эргээд төвийн дулаанд нийлүүлдэг зарчим үүснэ. Яваандаа бид яг л юнивишний холболт шиг тусгай зөвшөөрөлтэй компаниуд руу утасдаж, сонголтоо хийснээр холболтоо хийлгэдэг боломжтой болох юм. Ингэхдээ төлбөрөө сараар төлдөг лизингийн үйлчилгээ нь хүртэл багтчихсан шинэчлэл рүү шилжинэ. Хоёрдугаар үндсэн асуудал нь 2026-2027 оны өвөл Сэлэнгийн 70 мВт-ын нүүрсний цахилгаан станц орж ирнэ, Хятадаас 80 мВт-ыг авах импортын технологийн шугамын ажил хангагдсан. Гэсэн хэдий ч 150-200 мВт-ын бодитой дутагдал бий. Ямар нэгэн гэнэтийн осол аваараас үүдэлтэй тасалдал үүсэх ч эрсдэл бий. Тиймээс үүнийг хамгийн ойрын хугацаанд бодитоор шийдье гэвэл зургаан сарын дотор барилга угсралт нь гүйцдэг гэдэг утгаараа тархмал эх үүсвэрүүдийн шийдэл байгаа юм. Эрчим хүчний яамнаас өмнө нь зарлагдчихсан зургаан төсөл бий. Энэ ажил хэвийн үргэлжилнэ. Үүн дээр нэмээд Н.Учралын Засгийн газрын таван төсөл гэж орж ирж байна. Энэ бол 30 мВт-ын таван эх үүсвэр буюу  нийлээд 150 мВт, Батарей хуримтлуурын 400 мВт-ын эх үүсвэрүүдийг зургаан сарын дотор ашиглалтад оруулахаар шийдлээ.

-Цахилгаан станц барих таван аймгийг хэрхэн, ямар үндэслэлээр сонгосон байдаг юм бэ. Станц барих ажил хэрхэн өрнөх вэ. Жишээлбэл, одоогоор сонгон шалгаруулалт зарлагдсан уу?

-Шугамын алдагдал гэж манай улсад байдаг. Тог тасалдах магадлал хамгийн өндөр, түүнчлэн аймгийн төвүүдийн зангилаан дээр оршдог буюу тог тасарч, гэмтэл осол гарлаа гэхэд хөлдөх магадлал хамгийн өндөртэй цэгүүдийг сонгосон. Цахилгаан станц барих сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан зарлахаар чиглэл өгсөн, хүлээгдэж байна. Эдгээр төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгоно гэж заасан. Учир нь зөвхөн хуулиа бариад хамгийн хямд өртөгтэйд нь өгчихөөр манай дотоодын компаниуд эргээд нэг хятад компанийн туслан гүйцэтгэгчид болж хувирчихаад байна л даа. Энэ үүднээс дотоодын компаниуд маань энэ эрхээ эдэлчихвэл эдийн засгийн сэргэлтэд нэмэртэй гэж үзээд байгаа юм.

 Үүнд бидний баримтлах хамгийн гол зарчим бол ил тод, шилэн байх явдал. Бүх үйл ажиллагаа бүх талаар нээлттэй байхад анхаарч ажиллана. Урд өмнөх Засгийн газруудаас  илүүтэйгээр Н.Учралын Засгийн газар эрчим хүчний асуудлыг цогцоор нь авч үзэж, анхаарч ажиллаж байгаа. Эрчим хүчний үнэ тарифыг нэмье, гэхдээ ард иргэддээ ачаа болгохгүйгээр үе шаттайгаар энэ ажлыг хийе гэж байгаа юм.

Нөгөө талдаа ард иргэдийн итгэл алдарсан нэг зүйл нь ТӨХК-иудын засаглалын асуудал. Жишээ нь, IV цахилгаан станц 85 төгрөгөөр үйлдвэрлэж буй цахилгаанаа 117 төгрөгөөр гаргаад  дундах зардлууд нэмэгдээд 285 төгрөгөөр хэрэглэгчид очиж байна. Энэ тохиолдолд үнэ нэмэгдээд байгаа, хүний оролцоог багасгаад автомат горимд шилжүүлээд хиймэл оюунаар тооцоолол хийгээд зардлыг хаана танаж болох вэ, худалдан авах ажиллагаа ил тод, шударга болж чадаж байна уу гэдэг “цэвэрлэгээ”-г ТӨХК-иуд дээр хийхгүйгээр үнэ нэмэх боломж, үндэслэл үүсэхгүй. Тиймээс энэ хоёр ажил зэрэг явна. Эдгээр нь нийлээд эрчим хүчний цогц реформ болох учраас энэ таван төслийг маш ил тод, шударга, нээлттэйгээр явуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байгаа. Улстөрчийн хувьд Н.Учралын үлдээх легаси нь эрчим хүчний реформ байх болно гэж харж байгаа. Тиймээс дараа дараачийн эрчим хүчний эх үүсвэрүүдэд дээрх зарчмууд нэлээд өндрөөр тавигдаасай, сахилга бат, цэгцтэй, ухаалаг технологи нэвтрүүлсэн жишиг цаашид энэ салбарт зарчим, хэвшил болж үлдээсэй гэж зорьж байна.

-Ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд таван аймагт Цахилгаан станц барих ажил дуусаж амжих уу, ингэснээр өвлийн ид ачааллын үед үүсэх 150-200 мВт-ын чадлын дутагдлыг бүрэн нөхнө гэж ойлгож болох уу?

-Эрчим хүчний салбарт хамгийн хэцүү нь юу ч амлаж болохгүй байна. Яагаад гэвэл төсөөлөөгүй эрсдэл, хүндрэл үүсдэг. Жишээлбэл, өнгөрсөн жил         ямар ч төсөөлөлгүй байсан шинэ үйлдвэрийн нүүрсний дамжуулах хоолой хөлдөөд гэнэтийн эрсдэл үүсгэж байх жишээний.  V цахилгаан станц дээр томоохон гэмтэл ч гарсан.

Цахилгаан станцуудад ажиллахад тоног төхөөрөмж, турбинууд маш их хуучирч муудсан буюу хэзээ ч эрсдэл гарч болзошгүй нөхцөлд байгаа учраас дутагдах эрсдэлээ хаачихлаа гэж байтал технологийн өөр нэг асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ эхний ээлжид төлөвлөгөөт горимоор аливаа дутагдал гаргахгүй байх үүднээс тооцооллоо хийгээд ажиллаж байна. Ямар ч байсан  бид ингэж шилжихгүй бол эдийн засаг, тээврийн салбар энэ чигээрээ яваад байж болохгүй шүү дээ. Агаарын бохирдлын 20-30 хувь нь автомашинаас үүдэлтэй байна.

Нөгөө талдаа буруу хүрдтэй машины үүсгэж буй эрсдэл маш өндөр. одоогийн нөхцөлд олон хүнийг гомдоох шийдвэр байж болох ч зөв хүрдтэй, цэвэр технологитой машины хэрэглээнд хүчээр ч болов шилжиж байж бид ирээдүйд үүсэх олон талын эрсдэлээс хамгаалагдаж чадна. Дээр нь шатахууны хамаарлаа яривал бүр том эрсдэл бий. Тиймээс бид ногоон шилжилтийг зайлшгүй хийх ёстой. 

-Улсын хэмжээнд “Ногоон тогтоол”-ын шаардлага хангасан хэчнээн авто машин байна вэ. Цэнэглэх байгууламж барих ажил ямар байдлаар өрнөх вэ?

-Дараагийн “Ногоон шилжилт” тээврийн хэрэгсэл дээр өрнөнө. Манай улсын 1.3 сая автомашинаас цахилгаан тээврийн хэрэгсэл ердөө 1000 орчим л байна. Үүн дотроо холын зайн уртасгагчтай хөдөлгүүртэй, хосолмол, бүрэн цахилгаан гэх зэргээр 3-4 төрөл бий. Эдгээрээс эхний ээлжид бид бүрэн цахилгаан буюу хосолмол хөдөлгүүртэйг нь сонгож авсан. Үүнд улсын хэмжээнд 300 орчим авто машин хамаарна. Эдгээрт ногоон дугаар олгох, нэгдүгээр эгнээгээр, дугаарын хязгаарлалтгүйгээр зорчуулах зохицуулалтыг урамшуулал болгож оруулсан.

Цаашид санхүүжилтийнх нь эх үүсвэрийн нөхцөлийг бууруулж өгөхгүй бол энэ тоо нэмэгдэхгүй. Тиймээс санхүүжилтийн хувьд ББСБ дээр богино сараар олгодгийг 60 сар болгон нэмэгдүүлье, мөн тавигдах шалгуурыг нь багасгая гэж байгаа юм. Ингэснээр сарын төлөлт нь 40 хувиар буурах бодит үр дүн гарахаар байна.  Суурь дэд бүтэц нь бэлэн болоод зээлийнх нь хүүг хөнгөлөөд ирэхээр цахилгаан машин авах эрэлт нь аяндаа нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс цаг хугацаа шаардлагатай. Цаашлаад цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхгүй байгаагийн нэг  шалтгаан нь цэнэглэгчийн асуудал. Одоогоор цэнэглэх байгууламж нийслэлийн хэмжээнд 3-4 байгаа ч тэндээ маш их дараалалтай. Тиймээс Улаанбаатар хотод боломжит цэгүүдийг гаргах чиглэлийг Хотын даргад өгсөн. Орон нутагт бол 150 км тутамд цахилгаан цэнэглэх байгууламж барих нь зүйтэй гэж үзсэн. Энэ байгууламж нарны эх үүсвэрээр өөрийгөө тэжээдэг байх юм.

Тэнд хуримтлагдсан цахилгааныг хураагаад байж болохгүй шүү дээ. Тиймээс хуушуурын гуанз зэрэг зам дагуух бизнес эрхлэгчдэд боломж  олгоод зарим зай талбайгаа ашиглуулах нь зүйтэй гэж үзсэн. Жуулчдын хөл ихтэй газруудад шүршүүр зэргийг байршуулах талаар ч ярьж байна.  Түүнчлэн  үндэсний томоохон сүлжээ компаниудыг үндэсний бараа бүтээгдэхүүнээр хангахыг уриалахын зэрэгцээ тухайн бүсдээ нутгийн бизнесээ нийлүүлэхийг ч уриалж байгаа юм. Замын-Үүд рүү тавигдах маршрутыг тээвэр, логистикийн компаниуд нэлээд сонирхож байх шиг байна. Дизелийн үнэ өсөөд байгаа учраас “Цахилгаан ачааны авто машин руу шилжихэд бид бэлэн” гэдгээ илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн тээврийн хэрэгсэл цахилгаанд шилжчихвэл  бараа бүтээгдэхүүний суурь үнэд эерэг нөлөө үзүүлэх буюу өсөлтийг хазаарлах боломж бүрдэнэ.

Цаашлаад төрийн автомашинууд болон парк шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврийг  үе шаттайгайгаар цахилгаанд шилжүүлэх ажлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Уул уурхай дээр мөн автоматжуулалт, ногоон шилжилтийн асуудал, өөрсдийн сэргээгдэхийн эх үүсвэр сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаж байна. Тэгэхээр цаашдаа салбар яаман дээр  одоо ажиллаж буй болон шинээр үйл ажиллагаа эрхлэх уул уурхайд тодорхой хэмжээний “ногоон шилжилт” хийсэн байх шаардлага тавих тухайд журам гарна.

-Та яриандаа 10 мянган айлын яндан буулгах зорилтын талаар хөндлөө. Энэ зорилтод хэдий хугацаанд хүрэх боломжтой вэ. Н.Учралын Засгийн газрын хувьд Чингэлтэй дүүрэгт цөөнгүй айл өрхийг ногоон хэрэглээнд шилжүүлчихсэн учраас хүлээлт өндөр байна л даа?

 -Ер нь шинэ зүйлийг эхлүүлэх амаргүй юм байна. Миний хувьд энэ чиглэлээр НҮБ-ын бүсийн төвд 11 орны ногоон уур амьсгалын санхүүжилттэй төслүүдийг хариуцаж ажилладаг байсан. Ер нь аливаа улс орон ногоон шилжилт хийхэд анх авто машин, галт тэрэг нэвтрүүлэхэд тулгардаг шиг үл итгэл, эсэргүүцэл, дэмжлэг, хүлээлттэй тулдаг. Гагцхүү “Ногоон шилжилт”-ийг манайх шиг хүйтэн уур амьсгалтай Скандиновын орнууд шилжээд байхад манайх ч мөн болно гэж харж байгаа.

 Чингэлтэй дүүрэгт айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хэрэгжүүлэхийн тулд нэлээд зам туулсан. Эхэндээ холболт болохгүйгээс авахуулаад лобби гэх мэтээр элдэв  зүйлтэй тулгарч байсан. Нөгөө талдаа  “ногоон шилжилт”  хийе гэхээр төслөөс цааш явдаггүй, туршилтын таван төслөөс илүү  гаралгүй олон жил явсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүрэгт 200-гаад айл  ногоон  хэрэглээнд шилжчихсэн байна. Энэ бол “Ногоон тогтоол”-ын эхлэл байсан. Тэгвэл энэ ажлын нөлөөгөөр дэлхийн хамгийн томд тооцогдох, Уур амьсгалын ногоон сангаас 50 сая ам.доллар орж ирэх боломж бүрдэж байна. Үр дүнд нь 5000 айл хөнгөлөлттэй эх үүсвэрээр “ногоон шилжилт” хийх боломж бүрдэнэ. Цаашдаа энэ мэтчилэн хөнгөлөлттэй эх үүсвэрүүд орж ирнэ. Үнийг Хөгжлийн банкан дээр авч явах бүрэн боломжтой. Том зургаараа жаахан цаг хугацаа орно. Ногоон шийдэл, ногоон технологи бидэнд хямд өртгөөр олдох, хэрэглээнд нэвтрүүлэх боломж, нөхцөл яг одоо бүрдчихээд байна.

Хэрэглээнд өргөн нэвтрээд ирэхээр хамаагүй хямд зардлаар “ногоон шилжилт” хийх боломжтой юм байна гэдгийг хэрэглэгчид мэдэрч эхлэх байх. Тиймээс дараа жилээс биднийг олон хүн ойлгож, талархах байх. Н.Учралын Засгийн газрын эхлүүлсэн эрчим хүчний “Ногоон шилжилт”-ээр эдийн засгийн шинэ хуудас эхлүүлсэн юм байна гэдгийг хувь хүний хэрэглээнээс авахуулаад авто машин, тээвэр, уул уурхайн салбарт ойлгож хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн “Ногоон тогтоол”-ын хүрээнд дулаалгыг албан ёсоор тооцож, хэмжиж үнэлэх системийг албан ёсоор нэвтрүүлж байна.

Дулаан алдагдалгүй болоод ирэхээр эрчим хүчний хэрэглээ ч дагаад буурч таарна. Тиймээс ингэж албажуулах нь зүйтэй гэж үзсэн. Эдийн засгийн бүтээгдэхүүн болгох үүднээс энэ шийдвэрийг гаргаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт орж ирвэл 5000 айл ногоон хэрэглээнд шилжинэ. Дээр нь ногоон зээлийн хүртээмжээс хамаарч банкаар дамжиж тоо гарч таарна. Төсөл хөтөлбөрүүд нийлээд 1000-аад айл холбогдоно гэж тооцож байна. Бидний төсөөлснөөр дээрх ажлууд өрнөж чадвал ойрын хоёр жилдээ энэ зорилтод хүрэх боломжтой. Мэдээж түүнээс цааш ажил энэ чигээрээ урагшилж чадахгүй бол саатахыг үгүйсгэхгүй. Мэдээж бид эхний хоёр жилдээ зорилтоо биелүүлэхийн төлөө бүх талаар ажиллана. 

-“Ногоон тогтоол”-ын хүрээнд олгох “Ногоон зээл”-ийг иргэд олон нийт хэзээнээс, хэрхэн авах боломж бүрдэх вэ?

-Засгийн газраас гаргасан “Ногоон тогтоол”-ын хүрээнд эхний ээлжид Монголбанкнаас “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүний журам албажиж гарна. Ингээд ногоон санхүүжилтийн үндсэн шалгуурыг тодорхой болгоод өгчихөөр арилжааны банкууд энэ бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах буюу иргэдэд энэ төрлийн зээл олгох боломж бүрдэх юм. Үүнд хугацааг 60 сар болгох, дулаалгыг бүтээгдэхүүн болгох, ногоон машины ангиллыг илүү нарийвчлан тодорхойлох, нарны хавтан дээр ямар чанар стандарт баримтлах вэ гэдгийг тусгаад өгчих юм. Үүн дээр мэдээж банкны үндсэн шалгуур байж таарна.

Ногоон санхүүжилтийн задаргааг эрүүлжүүлэх юм. Ингэж байж бидний илүү олон янданг буулгах зорилт  биеллээ олно. Гэхдээ энэ бол бидний эцсийн зогсоол биш. Цаашдаа хөнгөлөлттэй эх үүсвэрийг татаж оруулж ирэхийн хэрээр шалгуур, нөхцөлөө багасгаад улам хүртээмжтэй болгохыг зорьж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.