МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Өнгөрсөн үеийн гавьяа, өнөө цагийн ухаар...

Өнгөрсөн үеийн гавьяа, өнөө цагийн ухаарал

МАН үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулан БЗД-ийн МАН-ын хороо гишүүд, дэмжигчдийнхээ дунд “МАН ба түүхэн хүмүүс” эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд БЗД-ийн 23 хорооноос 44 бүтээл ирсэн юм. БЗД-ийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбоо “Монголын үнэн” сониноор дамжуулан тус уралдааны Тэргүүн байрын шагналыг хүртсэн Т.Дэмбэрэл, дэд байрт шалгарсан Н.Намжилмаа нарын бүтээлийг уншигчдадаа хүргэж байна.

Үнэн
Админ

МАН үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулан БЗД-ийн МАН-ын хороо гишүүд, дэмжигчдийнхээ дунд “МАН ба түүхэн хүмүүс” эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд БЗД-ийн 23 хорооноос 44 бүтээл ирсэн юм. БЗД-ийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбоо “Монголын үнэн” сониноор дамжуулан тус уралдааны Тэргүүн байрын шагналыг хүртсэн Т.Дэмбэрэл, дэд байрт шалгарсан Н.Намжилмаа нарын бүтээлийг уншигчдадаа хүргэж байна.

 XX зууны эхэн үед манай орны гадаад дотоод байдал нэн төвөгтэй болж урд хөршийн гамин цэрэг, хойд хөршөөс дүрвэн гарсан цагаан цэргийн үймээн самуунд нэрвэгдэж, тухайн үеийн төр, засаг улс орноо авч явах аргаа олоход төвөгтэй байдал бий болсон байв. Энэ цаг үед улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бий болгох арга замыг эрэлхийлсэн тухайн үеийн мэдлэг боловсролтой, Монгол Улс үндэстнээ гадаадын цэргийн үймээн самуунаас ангижруулах чин сэтгэлтэй хэсэг хүмүүс хүрээлэгдэн, бүлэг байгуулж улмаар 1920 оны зургадугаар сарын 25-нд бүлгүүд нэгдэж 26 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх цуглаан зохион байгуулжээ. Үүнийгээ МАН гэж нэрлэн намын хүмүүсийн дагаж мөрдөх тангаргийн бичгийг хэлэлцэн баталжээ.

Тангаргийн бичигт Монгол үндэстний эрх ашигт харшлах аливаа үзэл санааны эсрэг тэмцэж, харийн дайсныг устгаж, ард нийтийн эрх чөлөөг олох зорилтыг тавихын зэрэгцээ ард түмнээ дотоодын бурангуй нийгмээс ангижруулах дэвшилт хувьсгалт зорилтуудыг дэвшүүлжээ. Мөн МАН-ын хүмүүс нь намынхаа үйл хэргийн төлөө амь бие, эд хөрөнгийг үл хайхран зүтгэж намын зорилгоо илүү дутуугүй үнэнчээр биелүүлж ард түмний тусын тулд үнэнчээр зүтгэж намынхаа эгнээг өргөтгөхөд хүчин зүтгэхийг үүрэг болгосон байна. Дээрх үйл явдлын дараа МАН гэсэн үгтэй тамга, гишүүдийг нууцаар харилцах түлхүүр бичиг гэгчийг баталсан байна.

МАН-ыг үүсгэн байгуулсан анхны хүмүүс нь бидний сайн мэдэх Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Бодоо, Д.Догсом, Д.Лосол, С.Данзан, Д.Чагдаржав бусад дэвшилт үзэлтэй энгийн хүмүүсийн дэмжлэг туслалцаанд тулгуурласан манай улсын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсан түүхтэй билээ. Монгол оронд улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт хийж чадах МАН бий болсон нь ХХ зуунд манай улс орон сэргэн мандах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

МАН үүсэж цагийн шалгуурыг давж 100 гаруй жил оршин тогтноход Монголын нийт ард түмэн түүний дотроос түүхэн үүрэг гүйцэтгэсэн намын гишүүд, эгэл жирийн хүмүүсийн гавьяа зүтгэлийг үнэлж баршгүй асар их. Ийм учраас МАН үүсэн бэхжиж ардын хувьсгалын ялалтад хүрэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн зарим хүмүүсийн тухай товч дурдах нь зүйтэй гэж үзэж байна.Үүнд:

Ардын хувьсгалын анхны зэвсэгт тэмцэл хийхэд Ардын журамт цэргийн анхны дөрвөн хорооны дарга Б.Пунцаг, О.Цэрэндорж, Ц.Хасбаатар, Ч.Базарсад нарыг нэрлэхээс аргагүй. Учир нь энэ үед Хиагтад тухайн үедээ хамгийн шилдэгт тооцож болох буу зэвсэгтэй хэдэн мянган гамин цэрэг хуарагнан бэхэжсэн байсан. Манай 400 морин цэрэг, хурдан буу, сум хэрэгсэл хангалттай биш ийм хүч тэнцвэргүй тулалдаанд амь бие хайхралгүй байлдаанд орно гэдэг үнэнхүү сэтгэлийн асар их тэмүүлэл, чин зориг гэж хэлэхээс өөр аргагүй. Ийм л хүмүүс бидний өнөөгийн зол жаргалын төлөө амь насаараа дэнчин тавьж байсныг мартахын аргагүй. Дээрх 400 журамт цэргийн бүрэлдэхүүнд багтаж тулалдаанд оролцсон бүгдийг нэрлэх гэвэл 400 гаруй хуудас, 800 гаруй нүүр бүхий бүхэл боть ном бичих учир зарим онцгой хүмүүсийн товч түүхийг бичлээ. Үүнд: 

Лаврын СУМЬЯА (1874-1935)

Зүүн гарын Монголчуудын нутаг болох Шинжаан мужийн Бор талд төрсөн хүн юм. 1909-1910 онд Манжийн Засгийн газрын дарангуйллыг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцож, хүчинд автан 300 гаруй айлыг дагуулан Оросын нутгаар дамжин 1912 онд Алтанбулаг боомтоор Монгол оронд орж ирж, Гялаан нуураар нутаглаж байгаад Богд Хаант Монгол Улсын Засгийн газар дагаар орохоор хүсэлт гаргажээ. Хүсэлтийг Богд хааны зарлигаар зөвшөөрч, Л.Сумьяад улсад туслах гүнгийн зэрэг олгожээ.

Тэрбээр 1913 онд Богд хааны зарлигаар зүүн өмнөд Монголын цэргийг ерөнхийлөн захирах түшмэлээр томилогдон ажиллаж байгаад Хужир булангийн цэргийн албанд шилжин 1915 онд гурван улсын гэрээ хэлэлцээгээр Хятадын цэргийн эсрэг байлдахгүй болсон тул цэргээс халагдаж, орон нутагтаа ирж, хилийн харуулын цэрэг хариуцан суух болсон байна. 1920 оны улс оронд өрнөж байгаа үйл явдлыг ашиглан энэ үйл явдалд оролцохыг хүсэмжилж байсан тул 1921 оны хоёрдугаар сарын эхээр Д.Сүхбаатартай холбоо тогтоож чаджээ. Ийнхүү 60 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хамт хоёрдугаар сарын 24-нд Д.Сүхбаатарын журамт цэрэгт нэгдэн орж, Журамт цэргийн дэд жанжнаар томилогдон ажиллажээ. Л.Сумьяа нь Ардын хувьсгалын ялалтыг бэхжүүлж, МАН-ын үйл ажиллагааг идэвхжүүлж, төр, засгийг тогтворжуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг юм. 

Цэрэндоржийн ЦЭДЭНДАМБА

Шинжааны Бор талд 1894 онд төрсөн. Дээр дурдагдсан Л.Сумьяа бэйсийн удирдлагаар Монголд ирж суурьшжээ. Хиагтын 100 цэрэгт алба хааж байгаад Ардын журамт цэрэгт элсэн Хиагтыг чөлөөлөх байлдаан болон гамин цагаан цэргийн үймээн самуунаас чөлөөлөх ажиллагаанд идэвхийлэн оролцож улмаар 1957 он хүртэл цэрэг, дотоод яам бусад үйлдвэр соёлын байгууллагад идэвхтэй ажиллаж, шинэ засаг төрийн зорилтыг биелүүлэх МАН-ыг бэхжүүлэн өргөтгөхөд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Пунцагийн ТОГТОХ

Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт, Хүйсийн голд төрсөн. 1912 онд Хужир булангийн цэргийн албанд татагдаж 1919 онд халагдсан. 1921 онд Ардын журамт цэрэгт элсэн орж хувьсгалын тэмцэлд идэвхтэй оролцож, хороон даргаар дэвшин ажилласан. 1924 онд цэргээс халагдан сумын захиргааны ажил хийж байгаад 1951-1972 он хүртэл нам төр, олон нийтийн байгууллагад ажиллаж, удаа дараа амжилт бүтээл гаргаж байсан учир МАН-ын XIII, XIV Их хуралд төлөөлөгчөөр, XV, XVI, XVII Их хурлаас Намын төв хорооны гишүүнээр Ардын их хурлын депутатаар зургаан удаа сонгогдож, Төрийн дээд шагнал олон одон медалиудаар шагнагдаж байжээ. 

Садуугийн АЖИКЕН

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 1908 онд төрсөн. МАН-д 1927 онд гишүүнээр элсэн орж, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, МАН-ын аймгийн намын хорооны даргын үүрэгт ажил гүйцэтгэж, казах ард иргэдийн дунд намын үзэл суртлыг дэлгэрүүлэх, мөн хувьсгалт үйл хэрэгт саад учруулж иргэдийн санаа бодлыг гадагш дүрвүүлэх явуулгыг таслан зогсоох, ухуулан сэнхрүүлэх ажлыг явуулж, орон нутгийн иргэдийг тогтвортой суурьшуулахад чухал хувь нэмэр оруулж байсан хүн юм.

С.Ажикен нь 1931 оны есдүгээр сард ятгалгад орж дүрвэсэн 49 өрх айлыг эргүүлэн авч ирж байжээ. 1931 оны намар хилийн цаанаас эргэн ирсэн 170, мөн аравдугаар сард Булган голын адгаар буцаж ирсэн 90 өрх айлыг БНМАУ-ын харьяат иргэнээр бүртгэн авах ажлыг бусад нөхдийн хамт зохион байгуулсан. БНМАУ-ын Бага хурлын тогтоолоор дээрх айл, өрх иргэдийг манай улсын харьяат болгож, засаг захиргааны зохион байгуулалтад оруулсан байна. МАН, ардын засаг төр манай улсаас дүрвэж гарсан ч эргэж ирсэн иргэдэд өргөн хэрэгцээний бараа, 800 гаруй өрхөд мөнгөн тэтгэмж буцалтгүй олгож, 1000 гаруй өрхөд удаан хугацааны мөнгөн зээллэг олгох зэргээр дэмжлэг үзүүлсэн юм. Энэ нь казах иргэд болон бусад хязгаар нутгийн ард түмэн нам, засаг төрдөө итгэх итгэлийг батжин дэлгэрүүлжээ. Дээрх орон нутагт зохион байгуулсан ажлыг С.Ажикен  болон түүний хамтран зүтгэгчид хийлцэж байсныг түүхэн үйл явдал гэж үзэхээс өөр аргагүй билээ.

Цэвээний БАВУУ

Төв аймгийн Эрдэнэ суманд 1895 онд төржээ. 1922 онд МАН-ын гишүүнээр элсэж тухайн үеийн Түшээт хан аймгийн бичээч, хошуу тамгын газрын бичээч эрхэлсэн түшмэл, Дотоодыг хамгаалахын төлөөлөгч, Богд Хан аймгийн яамны эрхэлсэн түшмэл, Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг нам, төр захиргааны ажлыг эрхэлж, МАН-ын IV, V болон  улсын I, VI их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байжээ. Ц.Бавуу нь МАН-ын үзэл суртал, Ардын засгийн бодлого шийдвэрийг тухайн орон нутгийн ард иргэдэд ойлгуулан сэнхрүүлэх, урд нь оршиж байсан хуучирсан, ард олонд тааламжтай биш, нийгмийн тогтолцооны хор уршгийг тайлбарлан, шинэ цагийн уур амьсгалыг ард олон дунд бий болгохыг бүх талаар сурталчлан таниулж байжээ.

Дээрх ажиллагааны үр дүнд Дондог, Минжүүр гүн нарт зарц боол мэтээр амьдарч байсан 30 гаруй өрх айлыг нүүлгэж, 1924 онд Эрдэнэ сумын нутагт суурьшуулжээ. Ц.Бавуу нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хууль батлалцсан манай намын ахмад гишүүдийн нэг юм. Мөн нийслэл хотоос дөрвөн зүгт морин өртөө зохион байгуулж, унах унаа зэргийг бүрдүүлэх ажилд тэргүүлэн оролцжээ. Одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Сулинхээр, Улаанбадрах зэрэг олон сумыг хамарсан ган, зуд турхан болж, олон айл ядууран хоосорч, өлсгөлөн нүүрлэхэд төрөөс зохион байгуулсан ард олныг өлсгөлөнгөөс аврах ажлыг голлон удирдаж, хэрэгжүүлжээ. Мөн халдварт өвчин, гадаадын тагнуул хорлон сүйтгэх ажиллагаа, дотоодын төрийн эсэргүү илрүүлэх тэмцэлд багагүй хувь нэмэр оруулсан манай ахмад намын гишүүдийн нэг юм. 

Жамьянгийн ПУНЦАГ

Одоогийн Архангай аймгийн Хашаат суманд 1900 онд төржээ. 1921 онд Монгол Ардын журамт цэрэгт элсэн орж, Нийслэл хүрээ орчмын цагаантныг устгах байлдаанд идэвхийлэн оролцсон. Мөн ондоо МАН-д элсэж, намын нэгдүгээр үүрийн дэд дарга, МАН-ын Төв хорооны хэлтсийн туслах, Төв комиссын нарийн бичгийн дарга, аймгийн намын хорооны дарга, МАН-ын хэлтсийн зааварлагч зэрэг ажлыг эрхэлж, МАН-ын Их хурлуудад төлөөлөгчөөр сонгогдон, хурлын шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж байжээ.

Онцлон дурдахад Архангай аймгийн Хашаат сумын нутаг, мөн Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийн ард иргэдээс МАН-д гишүүн элсүүлж, намын үүрүүдийг бий болгох, гишүүдийн бүрэлдэхүүнийг нэмэх, намын үзэл суртлын ажлыг эрчимжүүлэх үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж, намд элсэхийг хүссэн 90 хүний өргөдлийг биечлэн гаргуулж, шинэ гишүүний батламж, бичгийг МАН-ын Төв хорооноос гаргуулж, тухайн орон нутгийн иргэдэд хүргүүлж байжээ. Мөн намын гишүүдийг бичиг үсэгтэй болгож, соён гэгээрүүлэх ажилд хувь нэмэр оруулж, МАН-ын эгнээг өргөтгөн чадваржуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

 Энэхүү бичвэрт 1921-1930 оны хооронд МАН үүсэн байгуулагдаж, Монгол оронд Ардын төр бий болж, улс оронд нийгэм улс төрийн шинэ тогтолцоо бэхжиж ирсэн үйл явцад үнэ цэнтэй хувь нэмэр оруулж ирсэн хүмүүс дундаас дээж төдий хэдхэн хүний тухай үлгэр жишээ болгон бичлээ. Учир нь улс төр, нийгэм, хүн, ардын ахуй амьдрал, оюун санаанд эрс гүнзгий өөрчлөлт авчирсан МАН, Ардын төрийн үүсэл хөгжил бэхжил нь зөвхөн хэдэн арван хүний хүчин чармайлт биш. Шинэ дэвшилт үзэл санааг бодит ажил хэрэг болгоход санал бодол, эд материалын бодит туслалцаа, дэмжлэг үзүүлсэн олон зуун хүмүүсийн хамтын үйл ажиллагааны үр дүн юм гэж үздэг.

МАН Монгол орны цаашдын хөгжил цэцэглэлтийг Ардын засгийн үйл ажиллагааны дор авч явах улс төрийн хүчин болж чадсаныг 1924 оны наймдугаар сарын 4-31 хүртэл хуралдсан намын III их хурлаараа батлан харуулж, улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх түүхэн зорилтоо дэвшүүлж үүнийгээ хэрэгжүүлсэн билээ.

МАН-ын түүхэн он жилүүдэд Ардын засаг, төр үйл ажиллагаа явуулж ирсэн үйл явц амар хялбар байсангүй. Товч дурдахад, 1922 оноос хуучин засаг, төрийн үед эрх ямба эдэлж байсан зарим хүмүүс шинэ засаг төрийн эрхийг гадаад, дотоод хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар булаан авах гэсэн үймээн самуун, бослого зохион байгуулж байжээ. 1922 оны зун Японоос цэргийн тусламж гуйж, түүний дэмжлэгээр Ардын засгийг устгаж, хуучин засаг төрийг байгуулахыг санаархсан Цэрэнпэлээр толгойлуулсан 30-аад хүний хуйвалдааныг илрүүлэн устгаж байсан түүх бий. Иймэрхүү маш нууц, эсэргүү хүмүүсийн үйл ажиллагаанаас хамаарч олон мянган лам, энгийн иргэд хэлмэгдсэнийг мартаж болохгүй харамсалтай үйл явдал болсон байна. Энэ хэрэг явдалд манай намын олон шилдэг гишүүд хүртэл хэлмэгдсэн билээ.

МАН-ын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, гавьяа зүтгэл нь олон түмэнд байнга дурсагдах хүндтэй гавьяа байгуулсан олон арван хүмүүсийн тухай энд тэмдэглэх нь илүүц биз ээ. Тэднээс гадна бид

-Хүн төрөлхтний түүхэн адармаатай он жилүүдэд тогтвортой байж, 100 гаруй жилийн турш улс орноо зөв зохистой удирдан чиглүүлж, сэргээн хөгжүүлэх бодлогоо тасралтгүй явуулж ирсэн МАН-ын ахмад үе, нам төрийн удирдлагууд;

-Улс орны аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан БНМАУ-ын баатрууд;

-Монгол Улсын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтад хүч хөдөлмөрөө бүрэн зориулсан хөдөлмөрийн баатрууд;

-Ард түмнийг соён гэгээрүүлэх урлаг, спорт биеийн тамир, боловсролыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн ахмад зүтгэлтнүүдийн гавьяа, түүхэнд гүйцэтгэсэн ажил үйлсийг бид үеийн үед хүндэтгэн бишрэн шүтэж даган дуурайж явах ёстой юм. Төгсгөлд нь хэлэхэд өнөө үед манай дунд, залуу үеийн хүмүүс Монгол орны XX зууны түүх, ахмад үеийн ололт амжилт, алдаа эндэгдэл гаргасан учир шалтгааны талаар түүхэн баримт материалыг уншиж, судалж түүнээс туршлага, сургамж авч, ажил төрөл амьдрал ахуйгаа хөтлөн явуулахдаа өнгөрсөн үетэйгээ харьцуулж, дүгнэлт хийж байгаасай гэж энэ бяцхан өгүүлэмжийг бичлээ.

БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн, МАН-ын 1966 оны гишүүн Таяын ДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.